2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/10314

 

2025               12                01                                              192/ШШ2025/10314                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух, П-ийн А /РД:АБ******6/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** өөрийн байранд байрлах, Ир /РД:2********/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие 2001 онд МУИС-ын харьяа ХЗС-ыг эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш төрийн байгууллагад нийтдээ 20 орчим жил үүнээс И-т 8 орчим жил ажиллаж байна. Гэтэл И-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Ингээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж И-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурал, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцүүлсэн боловч маргаан шийдвэрлэгдээгүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. И-т 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай А/224 дүгээр тушаалаар И-ын ХЭЗДБГазар нь хэлтэс болон өөрчлөгдсөнөөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орж Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Дээр дурьдсан ЗТХСайдын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн "Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай А/224 дүгээр тушаалаар И-т бүтцийн өөрчлөлт хийсэн хэрнээ 3 сарын дараа дахин ЗТХСайдын 2023-11-24-ний өдрийн Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай А/299 дүгээр тушаалаар И-ын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж ХЭЗДБХ-ийн үндсэн чиг үүрэг нь Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын алба, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс гэсэн 2 нэгжид шилжсэн бөгөөд Захиргаа удирдлагын хэлтэс нь Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болон өөрчлөгдсөн юм. Өөрөөр хэлбэл тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн байх бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм. Тухайлбал: Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн иргэний нисэхийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, иргэний нисэхийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн холбоотой бусад баримт бичигт санал өгөх, салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, удирдлага, ажилтнуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Даргын тушаал, шийдвэр, албан бичгийн төсөл, эрх зүйн баримт бичгийн үндэслэлийг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шүүхийн маргаантай асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагад байгууллагыг төлөөлж оролцох чиг үүргийг хэрэгжүүлнэ. гэсэн чиг үүргийг Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэст, Чикагогийн конвенцийн Хавсралтад заасан стандартын минимум суурь түвшинг хангасан, Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд тохирсон, хэрэгжүүлэх боломжтой, иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зохицуулалтын дүрэм, зөвлөмжийн цуврал, маягт болон бүртгэлийн дэвтрийг жишиг дүрмийн дагуу боловсруулах, тогтмол шинэчлэх болон дүрмийн шаардлагаас чөлөөлсөн бүртгэлийг зарлахтай холбоотой ажлуудыг хийх, салбарын хэрэглэгчдийг үнэн зөв эрх зүйн мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. гэсэн чиг үүргийг Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албанд шилжүүлсэн болохоос биш ХЭЗДБХэлтсийн чиг үүрэг огт хасагдаагүй. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Б нь өргөдөл өгч тэтгэмжээ аван, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр чөлөөлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; гэж заасан. Мөн И-ын Хөдөлмөрийн дотоод журамд 3.15 И, түүний харьяа салбар, нэгжид сул орон тоо гарсан тохиолдолд доор дурдсаны дагуу орон тоог нөхнө, 3.15.1-т Харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас; 3.15.2-т энэ журмын 3.15.1-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс, 3.15.3-т энэ журмын 3.15.1, 3.15.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана хэмээн тус тус заасан байдаг. Гэтэл холбогдох хууль, журам зөрчин 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр И нь Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн дарга болон Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Хамгийн хоржоонтой нь дээрх ажлын байранд тавигдах шаардлага нь тодорхой нэг хүнд тааруулсан байсан. Тухайлбал; Өмнө нь ХЭЗДБГ-ын даргын ажлын байрны шаардлага нь Төрийн албанд болон иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, ЗУГ-ын даргын ажлын байрны шаардлага нь Төрийн албанд болон иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил, үүнээс захиргаа, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хэмээн тус тус заасан байсан. Дээрхи ажлын байрны шаардлага нь газрын даргын шаардлага байсан гэтэл одоо хэлтсийн даргын ажлын байрны шаардлага хэрнээ өмнөхөөсөө улам чангаруулан төрийн албанд ажилласан хүн тэнцэхгүй зөвхөн иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил ажилласан хүн байхаар шаардлага тавьсан байх юм. Төрийн албаны тухай хуулийн 18.2 Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна, 18.3-т эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна, 18.4-т ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. Мөн хуулийн 23.2.1-д Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; 23.2.3.ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. хэмээн тус тус заасан байна. Гэтэл И нь Засгийн газрын агентлаг хэрнээ хэлтсийн даргын ажлын байрны шаардлага нь яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шаардлагатай дүйцэж байх юм. Ийнхүү сонгон шалгаруулалт нэрийн доор өөрийн дотны найзаа Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3-т Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно. хэмээн заасан байдаг. Дээрх бүтцийн өөрчлөлтүүдийг Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдаж чиг үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан хийсэн гэж тайлбарладаг хэдий ч Иргэний нисэхийн тухай хууль 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх байсан боловч ЗТХЯам хуульд өөрчлөлт оруулж, хууль мөрдөгдөж эхлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгохоор хуулийн төсөлд яамдаас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/5146 тоот албан бичгээр санал авч, Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг И-ын орон тоог 106 орон тоотой баталсан бөгөөд энэ тогтоолд огт өөрчлөлт ороогүй бөгөөд орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй болно. Ийнхүү И-ын даргаар түр томилогдсон Ч.М нь хууль зөрчин баталсан ЗТХСайдын тушаалыг үндэслэл болгон, эрх мэдэл албан тушаалаа ашиглан, сонгон шалгаруулалт нэрийн доор хууль, журам зөрчин, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэн иргэн миний эрхэд халдаж, миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, байгаад гомдолтой байна. Дахин хэлэхэд ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч миний эрхэлж байсан мэргэжлийн чиг үүрэг И-т байгаа бөгөөд орон тоо хассан нь бодитой бус юм. Иймд намайг урьд эрхэлж байсан хууль эрх зүйн нэгжийг удирдан зохион байгуулж байсан ажилд буюу Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би хууль зүй, дүрмийн газрын дарга байсан, Зам тээврийн яамнаас зохион байгуулалтын өөрчлөлт гарсан гээд шинэчлээд газрыг хэлтэс болгочихсон. 8 дугаар сард бүтцийн өөрчлөлт гээд чиг үүрэг нэгтгээд захиргаа удирдлага хууль зүйн хэлтэс болгоод тэгээд намайг ажлаас чөлөөлчихсөн. Орон тоо хасагдсан гээд цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Намайг халаагүй байхдаа буюу 12-14 ний өдөр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад хуучин журамд өөрчлөлт оруулж, ажлын байрны тодорхойлолтыг явцуу байдлаар томилох гэж байгаа хүндээ тааруулж иргэний нисэхийн салбарт 12 жил гээд тэрийг нь үлдээгээд төрийн албанд гэдэг сонголтыг авчихсан. Гэтэл ингээд найз Туяагаас нь өөр хүн томилогдох боломжгүй болсон. И нь 2016 оны тогтоолоор бол 106 орон тоотой, үүнд 2 ч удаа Засгийн газрын тогтоолоор хэвээрээ гэсэн үг. Надад 11-29 нд мэдэгдэл өгч 2 нд нь хална гэчихээд байлгаж байгаад халах тушаал өгсөн, ер нь энэ хугацаанд намайг ИТ-д хуульчаар ор гэсэн эсхүл гар гээд тулгалт явагдсан, тэр газарт очихоор миний цалин буурна, эхний 6 сар хэвээр хадгална гэж хэлдэг, намайг тэгээд ч Мөнхтуяа энэ ажилд томилох эрхгүй шүү дээ, миний хувьд нэршил өөрчлөгдсөн болохоос бүтэц орон тоо буураагүй учраас одоо захиргаа, хуулийн хэлтэст даргаар буцаж томилуулах хүсэлтэй, энэн дээр ажиллаж байгаа хүнийг ямар ч сонгон шалгарууулалтгүйгээр авсан байхаас гадна дотоод журамд заасан хүний нөөцийн бодлого алдагдсан гэдгийг хэлмээр байна, ажилгүй байсан цалингаа авмаар байна “гэв.

2. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч П.А-ын “ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

"Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, хариуцсан ажил, үүрэг хэвээр байгаа..." гэх үндэслэлийн тухайд: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай” А/224 дугаартай тушаалаар И зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталсан. Дээрх тушаалыг үндэслэн И-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/253 дугаартай тушаалаар тус газрын орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Мөн тус газрын бүтцэд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, Захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүргийг нэгтгэн Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл уг өөрчлөлт нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай” А/224 дугаартай тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 3.1-д заасан зарчмуудтай нийцэж байна. Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын орон тоо хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр П.А-той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.А-д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 119 дугаар мэдэгдэх хуудсаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 126 дугаартай мэдэгдэх хуудсаар “Иргэний нисэхийн үндэсний төвд шинээр бий болж байгаа Хүний нөөцийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын ажлын байраар хангаж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар таны өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулах боломжтой. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний дотор ИТ-ийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулах” талаар мэдэгдсэн боловч П.А нь өмнөх албан тушаалын цалинг хугацаагүйгээр хадгалан цалинжуулах, санал болгосон ажлын байрнаас өөр менежерийн буюу тухайн ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа эзэнтэй ажпын байранд томилуулах зэрэг хууль бус, биелүүлэх боломжгүй нөхцөл тавьж байсан.

Нэхэмжлэгчийн “...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан гэх тухайд: И-ын албан хаагчид нь төрийн албаны ангилал зэрэглэлд хамрагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах тусгай шаардлага тавигдахгүй бөгөөд тус агентлагийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын тодорхойлолтыг батлан мөрдөж ажилласан нь ямар нэг хууль тогтоомж зөрчигдөөгүй, өмнө тавигдаж байсан шаардлагыг бууруулж, бусдад давуу байдал олгоогүй.

“...Холбогдох хууль, журам зөрчин 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр И нь Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн дарга болон Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Хамгийн хоржоонтой нь дээрх ажлын байранд тавигдах шаардлага нь тодорхой нэг хүнд тааруулсан байсан” гэх тухайд: Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/22 дугаар тушаалаар баталсан “Сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын сул ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд холбогдох дүрэм, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн явагдсан. Уг сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл гараагүй ба нэхэмжлэгч П.А дээрх сул ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байсан. Харин дээрх өөрчлөлтийн өмнө мөрдөгдөж байсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар тухайн ажлын байранд "Иргэний нисэхийн үндсэн мэргэжил" болон "Төрийн захиргааны удирдлага" мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдан мэргэшсэн, төрийн албанд болон иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил, үүнээс захиргаа, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх, мөн өдөр батлагдсан Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар тухайн ажлын байранд "Эрх зүйч" мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэн мэргэшсэн, төрийн албанд болон иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлага тавигдаж байсан. Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр дээрх 2 ажлын байр хасагдаж, шинээр Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс бий болоход тус хэлтсийн даргын албан тушаалд дээрх 2 ажлын байранд тавигдах шаардлагыг нэгтгэн аль нэг мэргэжил, мэргэшлийн шаардлага хангагдсан байх шаардлага хангагдахаар боловсруулан баталгаажуулсан бөгөөд туршлагын хувьд ажилласан жилийг өөрчлөөгүй, тухайн ажлын байрны чиг үүрэг, ажлын шаардлагыг харгалзан шатлан дэвших зарчмыг баримтлах үүднээс өмнө тавигдаж байсан иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг үлдээсэн болно. Ингэснээр иргэний нисэхийн салбарт мэргэжлийн хяналт, зохицуулалт хийх, аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий тус агентлагийн захиргаа удирдлага, хүний нөөц, хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн даргын албан тушаалд иргэний нисэхийн салбарт 12-оос доошгүй жил, үүнээс мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан иргэний нисэхийн аль нэг мэргэжил, эсвэл төрийн захиргааны удирдлага, эрх зүйч /эрх зүйн мэргэжлийн хувьд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэшсэн/ мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагаар сургалтад хамрагдсан, тус салбарт мэргэшсэн ажилтныг сонгон шалгаруулж, томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь : 1. Сайдын тушаалаар Захиргаа, хууль хоёрын нэгтгээд нэг ажлын байр бий болгосон учир нэг л даргатай байх ёстой, ингээд ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөд А-ыг түүнд оруулах боломжгүй, ингээд ажлын байрны санал тавьсан ч энэ хүн зөвшөөрөөгүй. 2 т гэвэл Бүтэц өөрчлөгдсний дагуу ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөд тэгээд сонгон шалгаруулалт зарласан, ажлын хэсэг ч байгуулагдсан. Т гэж хүн ажиллаж байгаад дэвшээд явсан, одоо өөр хүн ажиллаж байгаа . 3 рт Энэ хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан  4 рт бид нар дордуулаагүй 6 сар цалин хэвээр хадгална 5рт энэ хүний тухайд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байгаа “ гэв.

 

  3. Нэхэмжлэгч талаас, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.05.13-ны өдрийн 24/24 дугаартай шийдвэр, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024.02.13-ны өдрийн Б/40 дугаартай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, 01/36 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, И-ын даргын 2023.04.26-ны өдрийн 78 дугаартай мэдэгдэх хуудас зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн. 

 

  4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.08.18-ны өдрийн А/224 дугаартай тушаал, 1,2 дугаар хавсралт, Зам тээврийн хөгжлийн сайдын 2023.11.24-ний өдрийн А/299 дугаартай тушаал, 1, 2 дугаар хавсралт, Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загвар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024.02.13-ны өдрийн Б/40 дугаартай тушаал, П.А-ын 2023.12.01-ний өдрийн хүсэлт, 2024.01.10-ны өдрийн тайлбар, 2024.02.06-ны өдрийн гомдол, Монголын хуульчдын холбооны 2024.02.05-ны өдрийн 2/120 дугаартай албан бичиг, хуульчийн эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.12.14-ний өдрийн А/397 дугаартай тушаал, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын зар, албан тушаалын тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.02.16-ны өдрийн А/22 дугаартай тушаал, хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/390 дүгээр тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолт, 2023.10.03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024.02.09-ний өдрийн 06 дугаартай хариу өгөх хуудас, 2023.11.29-ний өдрийн 119 дугаартай мэдэгдэх хуудас, 2024.01.03-ны өдрийн 126 дугаартай мэдэгдэх хуудас, 2024.02.01-ний өдрийн сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024.01.22-ны өдрийн 05 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.  

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас 2024.02.13-ны өдөр ажлаас халагдах үед мөрдөгдөж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ, Халахаас өмнөх Аюулгүй ажиллагааны дотоод хяналт, боловсруулалтын алба, захиргаа удирдлага хуулийн хэлтсийн даргын 2023.12.14-ний өдрийн ажлын байрны сонгон шалгаруулалттай холбоотой материалууд, сонгон шалгаруулалтын ажлын байрны тодорхойлолт болон миний ажиллаж байх үеэс өмнөх байсан хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга болон захиргаа удирдлагын газрын ажлын байрны тодорхойлолт, Зам тээвэр, хөгжлийн яамнаас И-ын даргад ирүүлсэн чиглэл хүргүүлэх тухай 2023.09.21-ний өдрийн 03/4410 тоот албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газраас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ахлах хянан шалгагч Т.Н-хад ирүүлсэн тайлбар баримт хүргүүлэх тухай 2024.03.07-ны өдрийн 01/430 тоот албан бичгийг хавсралтын хамт, Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын ажиллаж байх үеийн болон одоо мөрдөгдөж байгаа Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн захиргааны ажилтнуудын цалингийн сүлжээ, Монголын хуульчдын холбооны Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн 2024.01.30-ны 2/81 тоот албан бичиг, 8. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023.12.27-ны өдөр болсон жилийн эцсийн тайлангийн хурлын тэмдэглэл болон дуу хураагуурт хадгалсан бичлэг, Зам тээврийн сайдын 2024 оны 12-р сарын 27-ны өдрийн А/289 тоот тушаалтай холбогдуулан гарсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын бүтэц, орон тооны тушаал, ИН-ын даргын 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, И болон түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, И-ын ажилтнуудын 2024 оны жилийн эцсийн урамшуулал олгосон шийдвэр, Захиргаа, удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024  оны А/248 тоот тушаалаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсний сүлжээг шинэчлэн баталсан эсэх, баталсан бол  шинэчлэн баталсан тушаалуудыг,

Зам тээврийн яамнаас Зам тээврийн сайдын 2024 оны 12-р сарын 27-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг шинэчлэн батлах тухай А/289 тоот тушаалыг тус тус гаргуулж,

И-ын 2023 оны 12-р сарын 27-ны өдөр болсон тайлангийн хурлын дуу хураагуурын бичлэг /СD/, болон нэхэмжлэгч П.А-ын тэмдэглэлийн дэвтэр /хар/-ийн 1. 2023.11.07-ны өдрийн Ч.М даргатай уулзсан тэмдэглэл /дэвтрийн дугаарласан хэсгийн 1-р нүүр/, 2. 2023.11.29-ний өдрийн Ч.М даргатай уулзсан тэмдэглэл /дэвтрийн 2-р тал/, 3. 2023.12.13-ны өдрийн Ч.М даргатай уулзсан /дэвтрийн 3,4-р тал/, 4. 2023.12.15-ны өдрийн Ч.М даргатай уулзсан /дэвтрийн 4,5-р тал/, 5. 2023.12.27-ны өдрийн тайлангийн хурлын тэмдэглэл /дэвтрийн 10-р тал/, 6. 2024.01.26-ны өдрийн Ч.М даргатай уулзсан /дэвтрийн 12-р тал/, 7. 2024.01.29-ний өдрийн н.Х санхүүгийн хэлтсийн даргатай уулзсан /дэвтрийн 12-р тал/, 8. 2024.02.02-ны өдрийн Ч.М даргатай уулзсан /дэвтрийн 13-р тал/, 9. 2024.02.06-ны өдрийн н.Х даргатай уулзсан /дэвтрийн 13,14-р тал/, 10. 2024.05.16-ны өдрийн н.Т-тай уулзсан /дэвтрийн 15-р тал/-д үзлэг хийж баталгаажуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...И-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Гэвч ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч миний эрхэлж байсан мэргэжлийн чиг үүрэг тус байгууллагад байгаа бөгөөд орон тоо хасагдаагүй байгаа. Иймд намайг урьд эрхэлж байсан хууль эрх зүйн нэгжийг удирдан зохион байгуулж байсан ажилд буюу Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү...” гэв.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “... бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын орон тоо хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр П.А-той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.А-од 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 119 дугаар мэдэгдэх хуудсаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн...ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ...сонгон шалгаруулалтад материалаа ирүүлээгүй...” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.А нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Зам,тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай А/224 дүгээр тушаалаар газар нь хэлтэс болж, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн "Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай А/224 дүгээр тушаалаар И-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус шинэчлэн баталсан байна./1 хх 32 хуу/

Дээрх тушаалыг үндэслэн И-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/253 дугаартай тушаалаар тус газрын орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан.

            Үүний дараа тус газрын бүтцэд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/299 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, Захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүргийг нэгтгэн Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болгон өөрчилсөн байна./ 1 хх 224 хуу/

 Улмаар П.А-од 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 119 дүгээр мэдэгдэх хуудсаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцлах мэдэгдлийг хүргүүлж,  И-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын орон тоо хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр П.А-той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 126 дугаартай мэдэгдэх хуудсаар “И-ний төвд шинээр бий болж байгаа Хүний нөөцийн удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын ажлын байраар хангаж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар таны өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулах боломжтой талаар мэдэгдсэн гэх ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгэдэггүй.

          Ингээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24/24 дугаартай хуралдааны шийдвэр хэрэгт байна. / 1 хх 6 хуу/

             5. Нэхэмжлэгч П.А нь хариуцагч И-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа байгууллагын зохион байгуулалт, бүтцийн нэгжийг өөрчилсөн гэх боловч ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан, орон тоо хасагдаагүй, нэрийг өөрчилсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж дэмждэг. Харин хариуцагч үгүйсгэж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж, орон тоо хасагдсан учраас хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлтэй гэдэг.

            Шүүх нэхэмжлэгч П.А-ыг Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. Учир нь:

            Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлах тухай “ А/224 дугаартай тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж,  уг тушаалд үндэслэн хариуцагч байгууллагын даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “ Орон тоо, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан байна.  Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зам, тээврийн хөгжлийн сайдын А/299 дугаартай тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэс болон хууль эрх зүй , дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүргийг нэгтгэн Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн хэлтэс болгон өөрчилсөн байна.

            Тодруулбал 1 р хавтаст хэргийн 192 дугаар талд Зам, тээврийн хөгжлийн яамны И-ын дарга Ч.М-д хаягласан “ Чиглэл хүргүүлэх тухай” 2023-09-21 ний 03/4410 тоот  албан бичигт “...Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу И нь Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай ажиллах болсноор дээрх тушаалыг батлан гаргасан хэдий ч  И-ын нэгжүүдийн чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, ажлын байр хасагдаагүй, зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн ...иймд одоогийн ажиллаж байгаа ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах замаар баталгаажуулах арга хэмжээ авч ажиллах...Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “ Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулна “ гэж заасны дагуу агентлагийн бүтцэд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн байдаг.

     Мөн  шинээр батлагдсан гэх 2023-12-12-ний өдрийн Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны “  төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, иргэний нисэхийн салбар эрх зүйн орчныг  боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах , эрх зүйн зөвлөгөө үзүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэлийн  үр дүнг газрын даргын өмнө хариуцна ” гэсэн үндсэн зорилго нь /хх1-83-89/ 2019 оны 03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “ хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын”-ын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан /хх1-97-101/ үндсэн зорилготой агуулгын хувьд зөрүүгүй, ажлын байрны зорилго, гол үйл ажиллагаа ч мөн өөрчлөгдөөгүй буюу “ ...И-ын үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх...” хэвээр байна.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

   “Ажлын байр хасагдсан” гэдэг нь  тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын даргын ажлын байр хасагдсан  буюу тухайн ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй ба харин өмнөх бүтцийн Захиргаа удирдлагын газартай  нэгтгэж, ажлын байрны нэршлийг өөрчилж даргын орон тоог 1 болгон багасгасан нь орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарахаар байна.

          Монгол Улсын засгийн газрын Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг И-ын орон тоог 106 орон тоотой баталсан байх бөгөөд 2024-12-31-ний өдрийн И-ын даргын А/631 дугаартай “Орон тоо, ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан байх ба Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн газрыг нэг дарга, 11 мэргэжилтэнтэйгээр, нийт 106 хүн байна. / 3 хх 115-118/ Одоо уг бүтэц нь газар биш буцаад хэлтэс болж өөрчлөгдсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь үлдээж ажиллуулах ажилтныг сонгох тодорхой шалгуур, шаардлагыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэгт тусгах замаар зохицуулах боломжтой юм.

          Хэдийгээр Захиргаа удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүй дүрмийн боловсруулалтын хэлтсийн чиг үүргийг нэгтгэн Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтэс болгон өөрчилж, 1 даргатай байхаар болсон ч Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Б нь 2023-12-08 -ний өдрийн Б/238 дугаартай Ерөнхий газрын даргын тушаалаар ажлын байр хасагдсан...өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн байдаг. /2 хх 109 хуу/. Энэ тохиолдолд тус байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн  3.15 т “Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжид сул орон тоо гарсан тохиолдолд доор дурдсаны дагуу орон тоог нөхнө”,... 3.15.1-т “Харьяа салбар, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас”; 3.15.2-т “энэ журмын 3.15.1-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нөөцөд байгаа иргэдээс”, 3.15.3-т “энэ журмын 3.15.1, 3.15.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлана” хэмээн тус тус заасан байдгийг дурдах нь зүйтэй байна.

            Дээрхээс дүгнэвэл хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах “орон тоо хасагдсан” үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Хууль эрх зүйн газрын дарга П.А-ыг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т  заасантай нийцэхгүй байна.

          Дээрх байдлаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд буцаан тогтоох нь зүйтэй. Тодруулбал нэхэмжэгчийн урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг  Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн хэлтэс болж өөрчлөгдсөн байна.

       6. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүнд ажлаас халсан тушаал гарсан 2024 оны 02 дугаар  сарын 13-ний өдрөөс  шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дунджаар тооцон хариуцагч И-аас 110,761,696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.А-од олгоно. Тодруулбал нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын цалин 4,827,675 өгрөг , 11 дүгээр сарын цалин 4,812,675  төгрөг, 12 дугаар сарын цалин 5,797,675 төгрөг, дундаж цалин 5,146,008 төгрөг, нэг хоногийн дундаж цалин 245,048 төгрөг ба шүүх ажилгүй байсан ажлын 452 өдрийн цалинг гаргуулж шийдвэрлэсэн болно./ 3 х х ийн 162 хуу/. Хамгийн сүүлийн гэх 1,2 дугаар сарын цалингууд нь тогтмол бус байх тул 2023 оны 10 дугаар сараас 12 сарыг дуусталх цалингаар дундажаа гаргасан болно.

           Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

       7. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооноос гомдлыг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон. Уг шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

           8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А-ыг И-ын Захиргаа, удирдлага хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас олговорт 110,761,696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А-од олгосугай.

           2Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч П.А-ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл  тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч И-т  даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч И-аас 711,758 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЧИМЭГ