| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2302006800040 |
| Дугаар | 2025/ДШМ/569 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/569
2025 05 14 2025/ДШМ/569
Э.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Чанцалдулам,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, Ш.Эрбол,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2302006800040 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.................. овгийн ..............-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ........ ажиллаж байсан, ам бүл .., ..-ийн хамт ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:............../;
Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөхөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэснийг,
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8-д заасан “хууль зөрчсөн ... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх ашиглахгүй байх.” гэснийг тус тус зөрчиж,
Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн 220503309 дугаартай хэргийн хохирогч Х.Б-оор Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Такара” зочид буудлын зоорины давхарт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газраар ..-.. ... улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засварлуулсан 1.500.000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлүүлэн өөртөө эдийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Э-гийнүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Э.Э-г “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... өөртөө ... давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ... гэмт хэрэгт тооцохоор тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон. Шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” мөн бөгөөд иргэн Х.Б-оос Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулах явцдаа өөрийн хувийн эзэмшлийн автомашиныг Х.Б-оор зуучлуулан "вьетнам" авто засварын газарт засвар хийлгүүлж, улмаар засварын ажлын хөлс болох 1.500.000 төгрөгийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргагч Х.Б-оор төлүүлсэн байгаа нь дээрх гэмт хэргийн шинжтэй бүрэн тохирч байна.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн мөрдөгч Э.Э өөрийн мөрдөн шалгаж буй хэргийн оролцогчоос өөртөө эдийн засгийн давуу байдлыг бий болгосон нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч Э.Э-н гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ... зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй болно. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг шүүх нэг удаа прокурорт буцаахдаа “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа зорилгыг шалгах, иргэн Х.Б тухайн цаг хугацаанд яагаад холбогдох хууль хяналтын байгууллагад хандалгүй бүтэн нэг жил өнгөрсний дараа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөл буюу бусад хүмүүсийн үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох ... өөр төрлийн гэмт хэрэг /залилах/ давхар үйлдэгдсэн эсэхийг шалгах...” гэсэн үндэслэлүүдийг заасан. Гэтэл мөрдөгчөөс “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт Х.Б гэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээс гадна, мөрдөн шалгах бусад ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн гэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь материаллаг, хохирол шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тухайн хэрэгт хохирогч гэсэн ойлголт байхгүй. Иймд Х.Б-ын энэ хэрэгт “хохирогч, иргэний нэхэмжлэгч” гэх асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй ... гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсныг буруу гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Э.Э нь өөрийн эзэмшлийн ..-.. ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам засварын газарт засварлуулж дуусаад, очиж авах үед гэрч буюу тус засварын газрын ажилтан И.А нь байхгүй байсан учир өөрийн автомашиныг Вьетнам Улсын иргэнтэй хэл нэвтрэлцээгүйн улмаас төлбөр тооцоог дараа нь орчуулагч буюу холбогдох хүмүүстэй нь тохиролцож байгаад өгөхөөр төлөвлөн явсан байдаг. Гэрч нарын мэдүүлгээр Х.Б, И.А нар нь тухайн засвар үйлчилгээний төлбөр тооцоо, үнийн талаар Э.Э-д нэг ч удаа утсаар болон цахимаар мэдэгдэх бусдын өмнөөс төлсөн төлбөрөө эргүүлэн нэхэж байгаагүй нь тогтоогдсон байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/Ш3/951 дүгээр шүүгчийн захирамжаар ...нөгөөтээгүүр тухайн “залилах” гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэн нэгэн мөрдөгчөөс шалтгаалж удаашраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Э.Э үйлдэлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин сайтар нягтлан шалгах, хэрвээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа гэж үзэж байгаа бол гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөл буюу бусад хүмүүсийн үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй. Яллагдагч Э.Э “залилах” гэмт хэргийн хохирогч Х.Б-оор зуучлуулан өөрийн тээврийн хэрэгслээ вьетнам авто засварын газраар засварлуулж, улмаар засварын төлбөр мөнгөө өгөлгүй явж байгаа үйлдэлд “залилах” гэмт хэргийн шинж байгаа эсэх, уг гэмт хэргийн хохирогч нь хэн болохыг зөв тодорхойлж тогтоовол зохино.
Эдгээр ажиллагаа нь “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлд хамаарах тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эрүүгийн 2302006800040 дугаартай 2 хавтас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ...” гэж дүгнэсэн.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад байх хугацаанд Х.Б гэгчээс 1 удаа хохирогчоор, 1 удаа иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан. Гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авахдаа Э.Э нь Х.Б-той өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засварын газарт засварлуулахдаа юу гэж ярьж, тохиролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьектив санаа зорилго Э.Э-д байсан эсэх, Х.Б-од аливаа нэгэн байдлаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон эсэх тал дээр ямар ч асуулт тавьж дахин тодруулаагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ямар идэвхтэй үйлдэл хийж иргэн Х.Б эсхүл вьетнам авто засварын газрын ажилтны эхнэр И.А-г залилсан тал дээр хууль зүйн ямар ч дүгнэлт өгөлгүй хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/Ш3/951 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан. ... “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэл ... арилаагүй байхад анхан шатны шүүх шийдвэр гаргасан.
Х.Б-оос яагаад, ямар санаа зорилгоор Э.Э машины засварын мөнгийг төлсөн талаар нэг ч асуулт асууж тодруулаагүйгээс гадна тухайн мөнгийг төлснөөр өөрт нь ямар давуу байдал бий болсныг ч шалгаж тогтоогоогүй. Өнөөдрийг хүртэл Э.Э үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг ямар байдлаар хангасныг тогтоогоогүй. Мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатад өмгөөлөгчийн зүгээс Х.Б гэгч нь хахууль өгөхийг завдсан, өөртөө давуу байдал бий болгох гэж Э.Э-д мэдэгдэлгүйгээр сайн дураараа машины засварын мөнгийг төлсөн нь өөрийнх нь мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа тул давхар шалгаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.
Хавтаст хэрэгт ... Авлигатай тэмцэх газарт Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга А-ийн О гэрчээр мэдүүлэхдээ: “...Х-гийн Б нь манай ээжийн талын хамаатны залуу байгаа юм. Тийм болохоор бид хоёр хүүхэд байхаасаа бие биеэ таньж мэднэ. Х.Б нь “бусдад машинаа залилуулсан” гэх өргөдөл, гомдол гаргасныхаа дараа дахин манай ажил дээр ирчихсэн явж байгаад надтай таарсан ба би тухайн үед өргөдөл гомдлыг нь шалгаж байсан мөрдөгч Э.Эн ажлын өрөөнд хамт орсон юм. Тухайн үед манай хамаатны залуу Х.Б мөрдөгч Э.Э-д хандаж "... миний гаргасан өргөдөл гомдлыг хурдан шуурхай шийдвэрлээд өгөөч, намайг хохироосон хүнээс машин залилсан хохирол мөнгийг гаргуулаад өгөөч, тэгвэл хохирлын мөнгөнөөс хувь өгье, мөн өөрийгөө Солонгосоос машин оруулж ирж Монголд зардаг талаар хэлж байсан. Миний хувьд тухайн үед хамаатны залуу болох Х.Б-од хандаж “...юу нь мөнгөний хувь өгөх вэ, тийм юм байдаггүй шүү...” гэж хэлж байсан. Мөн Х.Б нь мөрдөгч Э.Э бид хоёрт хандаж “...гурвуулаа гарч хоолонд орох уу...” гэж хүртэл хэлж байсан санагдаж байна. Тухайн үед мөрдөгч Э.Э бид хоёр ажил ихтэй завгүй байсан учраас хамт хоолонд орох боломжгүй байна гэдгээ хэлсэн. ...” /2 хх 32-33/,
иргэн И-гийн А гэрчээр мэдүүлэхдээ: “...Э гэх цагдаа байна. Х.Б танай засварын газрыг надад зааж өгсөн юм гэж утсаар ярихаар нь би засварын газраа зааж өгсөн. Удалгүй Э гэх цагдаа засуулах гэж байгаа машинаа өөрөө жолоодож манай засварын газар дээр ирсэн. Манай нөхөр засуулах гэж байгаа машиных нь эвдрэл гэмтлийг үзээд 1.500.000 төгрөгөөр засаж өгөхөөр засварын үнэ хөлсийг тохироод машинаа манайд үлдээгээд явсан. Тэр үед л анх удаа Э гэх хүнийг харсан. Эн манайд засуулахаар авч ирсэн машин нь нэлээд их засвар хийгдэх шаардлагатай байсан учраас 10 гаруй хоног зассан. Тэгээд машиныг нь засаж дууссаны дараа намайг засварын газар дээрээ байхгүй, эзгүй хойгуур Э гэх цагдаа гараж дээр ирээд засварын мөнгөө өгөхгүй машинаа аваад явсан байсан. Тухайн үед манай нөхөр гараж дээр байсан ба Э нь засварын хөлс мөнгөө өгөөгүй машинаа аваад явсан байсан. Тэгээд би гараж дээр ирээд Х.Б ах руу утсаар залгаад машин засуулсан төлбөр мөнгийг нь хэн төлөх талаар асуусан. Гэтэл Б ах “...өө, наад цагдаа чинь машин засуулсан мөнгөө өөрөө өгөөгүй юм уу, за ахдаа дансаа өгчих, ах нь мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлээд миний Хаан банкны 5023365528 тоот данс руу засварын мөнгө болох 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2 хх 21-22/ гэж ... тус тус мэдүүлсэн мэдүүлэг авагдсан байдаг. Э.Эн хувьд Х.Б бусдад залилуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад /Х.Б автомашины засварын менгө төлсний дараа/ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч буюу Х.Бтой хамтарч ажилладаг Д гэгчийг 2023 оны 06 дугаар сард Х.Б-оор дуудан ирүүлж, гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед Х.Б яагаад авто засварын үнэ болох 1.500.000 төгрөгийг нэхээгүй талаар өнөөдрийг хүртэл асууж байцаагаагүй, шалгаж тодруулаагүй. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Х.Б-ын хахууль өгөхөөр завдсан, өөртөө давуу байдал бий болгох, төрийн албан хаагчийг өөрийн хараат байдалд оруулахын тулд хийсэн үйлдэлд дүгнэлт өгөлгүй ял шийтгэл оногдуулсан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Х.Б нь тухайн засварын мөнгийг өөрөөсөө төлсөн талаар Э.Э огт мэдээгүй байж байгаад түүнд холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дараа мэдсэн болохоо анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ байдал нь миний үйлчлүүлэгч Э.Э гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго, шууд сэдэлтгүй байсныг нотолж байна. Х.Б-ын хувьд Э.Э-д тухайн засвар үйлчилгээний төлбөр тооцоог түүний өмнөөс төлсөн талаар мэдэгдэх боломж /утсаар, биеэр гэх мэт/ байсан хэдий ч мэдэгдэхгүй нуун дарагдуулж байсан нь эсрэгээрээ дээр дурдсан өөрт ашигтай нөхцөл байдлыг үүсгэхийн тулд санаатай хийсэн үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хэрэгт гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн Х.Б, И.А, А.О нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Э.Э нь анхнаасаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох санаа зорилго огт байгаагүй болох нь нотлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” хариуцлага хүлээлгэхээр заасан гэтэл Э.Э нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй гэх үйлдэл огт хийгээгүй нь нотлогдсоор байтал түүнд ял халдаасан нь үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр Э.Э нь эрүүгийн хэрэг мөрдөх явцдаа Х.Б-од ямар нэгэн байдлаар давуу байдал бий болгосон үйлдэл хийгээгүй байгааг анхан шатны шүүхээс тогтоосон. Автомашинаа засварлуулсны төлбөр тооцооны төлсөн эсэх асуудал нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах эрх зүйн маргаан болно. Э.Э-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан үйл баримтуудаар Э.Э нь бусдаар буюу өөрийн шалгаж байсан 220503309 дугаартай хэргийн хохирогч Х.Б-оор өөрийн эзэмшлийн ..-.. ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлуулж, түүгээр төлбөр тооцоо төлүүлэх санаа зорилго огт байгаагүй. Харин ипотек болон цалингийн зээлтэй төрийн албан хаагч, машин засварласан этгээдийн засварын мөнгөний тооцоог төлөлгүй удаасныг нь Х.Б нь санаатайгаар ашиглаж, Э.Э-д мэдэгдэлгүйгээр өөрөө сайн дураар төлбөр тооцоог төлсөн нөхцөл байдлууд тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл Э.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн гэх нотлох баримт огт байхгүй байна. Нөгөөтээгүүр “...хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэх шинжүүд ч бүрэн үгүйсгэгдэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлүүдийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний хамгийн гол шинж болох субьектив санаа зорилго байхгүй байхад түүнд ял шийтгэл халдаасан нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэн Э.Э-д холбогдуулан ял шийтгэл оногдуулсан Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давж заалдах шатны шүүх цагаатгах боломжгүй гэж үзсэн тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/Ш3/951 дүгээр шүүгчийн захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлд хамаарах тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эрүүгийн 2302006800040 дугаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж захирамжилсан захирамж биелэгдээгүй байгаа тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсний дараа гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Э-гийнөмгөөлөгч Ш.Эрбол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс иргэн Х.Б цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 49 минутад Х.Боос “завтай бол тээврийн хэрэгслээ засварын газарт өгч, амжих уу” гэж холбогдсон. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 33 минутад И.А-гаас Х.Б руу “Э.Э-гийн эвдэрсэн машин бүтэн будагт орох талаар” хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдийн хооронд тээврийн хэрэгслийг засаж дууссан. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Боос “засварын мөнгө хэн төлөх талаар” асуусан. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Б-оос 1.500.000 төгрөгийг И.А-гийн дансанд шилжүүлсэн байдаг, мөн тэр өдөр 3 үйл явдал болсон. Үүнд Э.Э “Х.Б-той утсаар холбогдсон” гэж мэдүүлсэн байдаг. “залгахад утсаа авахгүй байсан” дараа нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Э.Э Х.Б руу залгаж П-ийг дуудуулсан байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.Б-оос Э.Э руу “миний асуудал шийдэж чадахгүй бол хэлчихээрээ” гэх утгатай захидал явуулсан байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн дүгнэлтийг үзэхэд, шүүгдэгч Э.Э-гбүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хуульчилсан тайлбарт, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйл заалтад, эрдэмтэн судлаачдын бүтээл Монгол улсын эрүүгийн хуулийн тайлбар /2002 он/, Улсын дээд шүүхийн тогтоол 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эдгээр хууль тогтоомжуудад, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах шинжийг зааж тодорхойлсон байдаг. 1 дүгээрт субъект нийтийн албан тушаалтан, 2 дугаарт хууль тогтоомжоор тогтоосон хөрөнгө юм гэж заасан. Албаны эрх үүрэгтэй холбоотой дүрэм, журам зөрчиж хийсэн идэвхтэй үйлдэл эс үйлдэхүй байна. 3 дугаарт тухай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөртөө эсхүл бусдад, эсхүл өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон байна. 4 дүгээрт тухайн албан тушаалтны үйлдэл эс үйлдэхүй болон тухайн бий болгосон давуу байдалд хандаж байгаа хандлага гэмт хэргийг санаатай, тухайн албан тушаалтан өөрөө өөртөө эсхүл бусдад, эсхүл өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон санаа зорилгоороо хуулиар олгосон үүрэг, эрх хэмжээгээ зөрчиж санаатай хийсэн үйлдэл гэж дүгнэсэн байдаг. Хуулиар олгосон эрх хэмжээ хамаарахгүйгээр хууль тогтоомж зөрчсөн байх юм бол албан тушаал зөрчихгүй. Хэрвээ ийм тохиолдолд тухайн албан тушаалтны хэрэг биш байх юм бол өөрт тохирох гэмт хэрэг мөн үү, биш үү гэх дүгнэлт хийсэн бол бодит байдалд нийцэх байсан. Анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт нийтийн албан тушаалтан Э.Э нь албан тушаал бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байдаг. 1 дүгээрт албан тушаал бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулсан ямар үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн буюу гэмт хэргийн албан тушаалын даваа байх шинжийг хангасан эсэх талаар, мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг хууль заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл байхгүй байхад явуулсан юм уу, эсхүл тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад явуулахгүй байсан юм уу, эсхүл хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах журмаа зөрчсөн үү гэдгийг шүүхээс шийдвэрлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан ямар үйлдэл эс үйлдэхгүй гарсан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байна. Амин хувийн байдалд машин засварын үйлчилгээний төлбөр төлсөн эсхүл тодорхой шалтгааны улмаас төлөөгүй, үйлдэл эс үйлдэхүй нь өөрөө нийтийн албан тушаалтны албаны ажил үүрэгт огт хамаарахгүй. 2 дугаарт өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт санаа зорилго байсан эсэх нөхцөл байдлын талаарх дүгнэлт хэлье. Иргэн Х.Б-ой “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөгчтэй уулзах үед таньдаг засварын газар байгаа эсэх талаар асуусан” гэдэг. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Б-оос “машин засвар үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн” үйлдлийг мөрдөгч нь өөрийн машин засвар үйлчилгээний төлбөрийг шалгаж байгаа хэргийн хохирогчоор төлүүлсэн гэж таамгаар дүгнэсэн. Яагаад таамгаар дүгнэсэн талаарх 2 үндэслэл хэлье. Нийтийн албан тушаалтан засварын газрын талаар асуусан үйлдлийг тухайн иргэнээс засварын мөнгө төлүүлэх гэмт санаатай байсан уу гэж ойлгох боломжгүй. Таньдаг засварын газар байна уу гэдэг нь “би танир засвар үйлчилгээний зардлыг төлүүлэх гэж байгаа шүү” гэж үзэхгүй утга санааны алдаатай дүгнэлт хийсэн. Амьдралд иргэд худалдан авалт хийхдээ таньж мэдэх хүмүүсээс асуудаг. Тухайн засварын газар урьд үйлчилгээ авч байгаагүй хүмүүс ирэхэд үнэ өндөр хэлдэг, эсхүл чанаргүй хийж өгөөд өндөр хөлс авах гэх мэд зүйлүүд байдаг. Чанартай үйлчилгээ авах зорилгоор машин засварын газар асуусан байдаг. Үүнийг гэмт хэргийн санаа зорилготой гэж үзэх нь өрөөсгөл юм. 2 дугаар үндэслэл нь хэрэгт авагдсан Х.Б-ын гаргасан гомдол, гэрчээр өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэлээр өгсөн мэдүүлэг, иргэн И.А-гийн удаа дараа өгсөн гэрчийн мэдүүлэг, манай үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг, Х.Б-оос Х.А хооронд, Х.Б-оос Э.Э руу бичиж байсан захидлууд зэрэг нотлох баримтуудад харьцуулсан дүгнэлт хийхэд, анхан шатны шүүхийн дүгнэлтээс эсрэг үгүйсгэсэн анхнаасаа тухайн этгээд засварын төлбөр төлүүлэх санаа зорилго агуулаагүй болох, явцын дунд гэмт санаа төрөөгүй болох, мөн засвар үйлчилгээ дууссаны дараа тухайн үйлчилгээний төлбөр тооцоо төлүүлэх санаа зорилго байгаагүй болох нь тогтоогддог. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Х.Б-оос Э.Э руу явуулсан “завтай бол машинаа засварын газарт авчаад өгч амжих уу” гэх захидал явуулсан байдаг. Хэрвээ төлбөр мөнгө төлүүлэх талаар яриулсан бол энэ талаар хэлэх байсан. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж дүгнэх дээ хавтаст хэрэгт тухайн албан тушаалтан албан тушаалынхаа хуулиар олгосон эрх хэмжээг урвуулсан. Ямар нэг үйлдэл эс үйлдэхүйг хийсэн талаарх нотлох баримт байхгүй байна. Уг дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байна, эсрэгээрээ хавтаст хэрэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй нотлох баримт бүрдсэн байна. Манай үйлчлүүлэгчид анхнаас болон явцын дунд ч өөрийн машины засварын мөнгө төлүүлэх сэдэл санаа зорилго байгаагүй байхад таамгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл Х.Б-ын санаа зорилго юу байсан бэ гэвэл төрийг төлөөлж байгаа албан тушаалтын заналхийлсэн байдалтай, Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан. Хэргийг өөрт ашигтай байдлаар шийдүүлэх гээд явсан боловч тэр нь бүтээгүй учраас өөрийнхөө төлбөр төлсөн асуудлыг далимдуулаад дарамталсан. Өмгөөлөгч, Прокурор, Шүүгч бид нар бодит байдалд дүгнэлт хийх үүрэгтэй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт гарах ёстой. Иймд Э.Э-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хэргийн оролцогчид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд засвар хийлгэсэн үйлчилгээний төлбөр тооцоог төлүүлж өөртөө давуу байдал бий болгосон гэж гэм буруутайд тооцсон. Болж өнгөрсөн үйл баримтын бодит нөхцөл байдлын тухайд анх би өөрийн тээврийн хэрэгслийг засуулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Тухайн үед би “ажлынхаа хүмүүстэй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх талаар ярилцаж байх явцад” хэргийн оролцог “Б” “би урьдан машин засуулж байсан засварын газар түргэн шуурхай, найдвартай үйлчилдэг газар” гэх асуудлыг надад ярьсан. Би тухайн засварын газартай холбогдсон. Тухайн засварын газарт очихдоо хэргийн оролцогч “Б”-г ямар нэгэн байдлаар тулгаж шаардаж, зорьж, чиглэсэн үйлдэл анхнаасаа байгаагүй. Төлбөр мөнгийг тухай хүнээр төлүүлэх, засвар үйлчилгээний төлбөрийг хөнгөлүүлэх санаа зорилго огтоос байгаагүй. “Засварын газарт сул зай байгаа юу” гэж холбогдож би үйлчилгээ авсан. Тээврийн хэрэгслээ засвар үйлчилгээнд оруулаад авч явахад хэл ойлголцохгүй вьетнам хүн байсан тул тээврийн хэрэгслээ авч явсан. Тухайн үйл явдал болсноос хойш 2 сарын дараа тээврийн хэрэгслээ зарсан. Ажлын ачааллаас хамаарч хариуцлагагүй үйлдэл гаргаж төлбөрөө төлөөгүй. Хэн нэг хүнээр засварын төлбөрөө төлүүлэх санаа зорилго агуулсан үйлдэл байгаагүй. Х.Б Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө “Э.Э гэх хүнтэй холбогдож чадаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Би Х.Б-од мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоох үүднээс тухайн хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан н.Д гэх хүнийг 2023 оны 06 дугаар сард Х.Б-оор дамжуулж дуудан ирүүлж гэрчээр мэдүүлэг авхуулсан. Х.Б нь өөрийн дүү болох хамт ажиллаж байсан хүндээ “би танай ажилтны засвар мөнгийг төлсөн шүү, наад хүндээ хэлээрэй төлүүлээрэй” гэж хэлэх боломжтой байсан боловч хэлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч гэм буруугийн шүүх хуралдааны дараа маш тодорхой тайлбар өгсөн.“Та мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад танд удаа дараа ашиг хонжоо өгөх асуудлыг Х.Б гаргаж байсан байна. Мөн төрийн албан хаагчийг бүрэн эрхшээлдээ оруулах зорилгоор 1.500.000 төгрөгийг төлөөд, 1 жилийн дотор өөрт нь давуу байдал бий болохгүй болсон учраас Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нөхцөл байдал байна. Мөн ёс зүйн хувьд доголдолтой, тухайн засварын газарт таныг очсонд гэмт хэрэг үйлдсэнд тооцож байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Х.Б-ыг “заавал засварын газар олоод өг, засварын төлбөрийг төлөөд өг” гэх санаа зорилго надад байгаагүй. ...” гэв.
Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э-гийнөмгөөлөгч нараас гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогоогүй талаар дурдаж байна. Анхан шатны шүүх хуралд сэдэл, санаа зорилгын талаар ярьж байсан. Шүүгдэгч Э.Э-гийнхэргийн хувьд өөрийнхөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тогтоосон, хэргийн хохирогчоор тогтоогдсон Х.Б-оос “тээврийн хэрэгслийн засварын газар байна уу” гэж асууж, өөрийнхөө тээврийн хэрэгслийг засуулах санал тавьснаараа, тухайн газар очиж тээврийн хэрэгслийг засуулж төлбөрийг өгөхгүй явсан үйлдлээр гэм буруутайд тооцсон. 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 03 сар хүртэлх хугацаанд Э.Э-г“тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна уу, 1.500.000 төгрөгийн өгсөн” талаар Х.Б утсаар холбогдоход Э.Э зөрүүлээд “3.000.000 төгрөг зээлэх боломж байна уу” гэж хэлж байсан үйлдлээр гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг илэрхийлсэн. Шүүгдэгч Э.Э “холбогодох хууль тогтоомж зөрчөөгүй” талаар дурдаж байна. Шүүгдэгч Э.Э Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэж заасныг, мөн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дугаар зүйлийн 8 дахь заалтад “хууль зөрчсөн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэн ашигласан. Аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор биелүүлэхээр сүрдүүлсэн дарамт шахалтын талаар удирдах албан тушаалтан. Эсхүл эрх бүхий байгууллагын албан тушаалтанд мэдэгдэх” гэж заасан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тухайн иргэнтэй өөрийнхөө тээврийн хэрэгслийг засуулах харилцаанд орсон үйлдлээр Э.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго илэрч байна. Мөн “тээврийн хэрэгслийн засварын үнэ төлбөр төлсөн талаар нэг ч хүн холбогдож хэлээгүй” гэх зүйлийг дурдаж байна. Э.Э нийтийн албан тушаалтан, цагдаагийн байгууллагын албан хаагч энэ тохиолдолд засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэрч мэдүүлэгтээ “Э.Э-тай холбогдох гэсэн боловч Э.Э утсаа авахгүй байж байгаад, утсаа аваад ярихаараа зээлэх мөнгө байна уу”, гэж асуудаг гэх нөхцөл байдаг тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны шүүгчийн захирамжид нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай талаар удаа дараа гомдол гаргаж байсан. 2024 оны 02 дугаар сард хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг прокурорт буцаасан байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа талаар тодруулах талаар шүүгчийн захирамжид заасан. Энэ хэрэг Х.Б, И.А, Э.Э гэх 3 хүний хооронд болсон үйл явдал байдаг. Хэрэгт дутуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй. Гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан бүх ажиллагаа хийгдсэн. Мөн гэрч н.О-ийн мэдүүлэгт дурдагдсанаар Х.Б шүүгдэгчид хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар холбогдуулж шалгах үндэслэл болохгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол гаргасан түүнийг хүлээж авахаас татгалзсан нь оролцогчийн эрхийг хязгаарласан асуудал биш юм. Х.Б болон Э.Э нарын хооронд заналхийлэх гэмт хэргийн шинж байгаа нөхцөлд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж цагдаагийн байгууллагад гомдол гаргах боломжтой. Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгчөөс “хууль бус шинжтэй гэмт хэргийг шүүгдэгч Э.Э ухамсарлаагүй” талаар гомдолдоо дурдаж байна. Хууль бус шинжтэй болохыг нийтийн албан тушаалтан мөрдөгч хүний хувьд ямар нэгэн байдлаар хувийн харилцаанд оролцож болохгүй гэдгийг ухамсарлах ёстой. Иймд шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөхөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэснийг,
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8-д заасан “хууль зөрчсөн ... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх ашиглахгүй байх.” гэснийг тус тус зөрчиж,
Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн 220503309 дугаартай хэргийн хохирогч Х.Б-оор Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Такара” зочид буудлын зоорины давхарт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газраар ..-.. ...улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засварлуулсан 1.500.000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлүүлэн өөртөө эдийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон болох нь:
Х.Б-оос 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол /1 хх 2-3/,
гэрч Х.Б “...би 2022 оны 3 дугаар сард БНСУ-аас Монгол Улсад импортоор оруулж ирсэн Хьюндай маркийн 10 тонны ачааны тээврийн хэрэгслийг эхнэрийнхээ үеэл дүү болох Б-ийн надтай танилцуулсан Е гэх хүнд “худалдах, худалдан авах” гэрээ хийж нотариатчаар баталгаажуулж зээлээр худалдан борлуулсан юм. Тухайн үед Е нь надаас уг тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа “...манай компани барилгын тендер сонгон шалгаруулалтад орох гэж байгаа учраас техник хэрэгсэл шаардлагатай байна, тийм болохоор наад машинаа манай компанийн нэр дээр шилжүүлээд өгчих, төлбөрийг нь 3 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна...” гэж хэлж авсан. Уг тээврийн хэрэгслийг 67.000.000 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон. Тэгээд би 3 сарын хугацаанд Е-ийг надаас худалдаж авсан машины мөнгийг өгөхийг хүлээсэн боловч машин худалдан авсан мөнгөө өгөхгүй болохоор нь очиж уулзсан. Гэтэл Е нь манай эхнэрийн үеэл дүү Б-д надтай гэрээ хийж нотариатаар батлуулж худалдан авсан тээврийн хэрэгслийг дүүтэйгээ учраа ол гэсэн асуудал ярьсан. Би Е гэх хүнийг гэрээгээр халхавчилж барилгын тендерт оролцох гэж байгаа гэх зохиомол байдлыг зориуд бий болгож намайг залилсан байна гэж үзээд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичгээр өргөдөл гомдол гаргасан. Миний гаргасан өргөдөл гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Э хүлээн авч намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Мөрдөгч Э.Э нь намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч байх үедээ намайг хаана юу хийдэг талаар асуухаар нь би БНСУ-аас ачааны автомашин, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирж худалдан борлуулдаг гэж хэлсэн. Гэтэл “...тэгвэл танд машин гайгүй засдаг кузов засварын газартай таньдаг хүн байгаа юу...” гэж асуухаар нь надад таньдаг кузов засварын газар ажиллуулдаг монгол эхнэртэй вьетнам засварчин байгаа талаар хэлсэн. Тэгтэл мөрдөгч Э.Э нь “...дүүд нь нэг LEXUS RХ400 маркийн машин байгаа юм, тэрийг засуулаад зарах гэсэн юм, та тэр таньдаг засварын газрынхаа хүнд хэлээд миний машиныг засуулаад өгөөч...” гэсэн. Би тухайн үед нь засварын газрын хүнээсээ асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би мөрдөгч Эд мэдүүлэг өгчихөөд гарч явах замдаа таньдаг вьетнам кузов засварын газрын хүн болох Ану гэх эмэгтэйн гар утас руу залгаад “...танайх ажил ачаалал ихтэй байна уу, ахынх нь таньдаг цагдаагийн LEXUS RХ400 маркийн машин байгаа юм, танай янзлах уу...” гэж асуусан. Гэтэл “манайх ачаалал гайгүй байна, машин засна, машин янзлуулах хүнээ манай засварын газар руу явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөрдөгч Э.Э утас руу өөрийнхөө утсаар залгаад “...вьетнам засварын хүнтэй сая ярилаа, машин засуулах хүнээ манайх руу явуулчих гэж байна. Бын таньдаг хүн байна гэж хэлээд очоод машины янзлуулчих...” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа засварын газраас над руу утсаар яриад “...машиныг чинь засаад дуусчихлаа...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөрдөгч Э.Э утас руу залгаад “...засварын газраас сая ярилаа, машиныг чинь засаад болсон гэж байна...” гэдгийг хэлсэн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр засварын газраас над руу залгаад “...манайх түрээс төлөх гээд мөнгөний хэрэгцээ байна, та машин засуулсан мөнгөө өгөөч...” гэхээр нь би мөрдөгч Э.Э 86952910 дугаарын утас руу залгаад “...машин засуулсан мөнгөө өгөөч...” гэж хэлэхээр залгатал ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би засварын газрын хүний 5023365528 тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 5006257364 тоот данснаасаа мөрдөгч Э.Э машин засуулсан үнэ болох 1.500.000 төгрөгийг интернэт банк ашиглан гүйлгээний утга хэсэгт “цагдаагийн машин янзлуулсан” гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд би мөрдөгч Э.Э утас руу залгахаар ерөөсөө утсаа авахгүй байсан ба 2 хоногийн дараа Э нь өөрөө миний 9191607 дугаарын гар утас руу залгахаар нь утсаа аваад ярьтал “сайн уу ах, та надад 3.000.000 төгрөг өгөөч, яаралтай мөнгөний хэрэгцээ болчихлоо...” гэсэн. Тэгэхээр нь би “надад мөнгө өгөх боломжгүй байна” гэж хэлтэл утсаа тасалсан. Тэрнээс хойш мөрдөгч Э надаас зугтаад утсаа авахгүй, утсаа авахаараа “...хуралтай байна” гэж хэлээд утсаа таслаад байсан. Ажил дээр нь хайж очоод уулзахаар таны хэргийг асуудалгүй шийдэж өгнө, прокурор руу эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн гэдэг зүйл ярьдаг. Миний хувьд монгол, солонгос хоёрын хооронд явдаг ажилтай учраас сүүлдээ бүр мөрдөгч Э-тай уулзаж чадахаа больсон. Тэгээд мөрдөгч Э миний гаргасан өргөдөл гомдлын дагуу хэргийг шалгаж шийдэж өгөхгүй, мөн дээрээс нь хувийн ашиг сонирхлоор хандаж, хувийн машинаа засуулсан үйлдлийг шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан. Миний хувьд өөрийн гаргасан өргөдлийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд мөрдөгч Эн автомашиныг таньдаг засварын газраараа засуулж өгсөн асуудал байхгүй. Мөрдөгч Э.Э нь надаас “...таньдаг засварын газар байна уу...” гэж асуусан учраас би таньдаг засварын газар байгаа гэдгийг хэлсэн. Гэтэл мөрдөгч Э нь тэр засварын газраар машинаа засуулж авч явчихаад мөнгийг нь өгөхгүй, засварын газрын хүн нь надаас засварын мөнгийг нь нэхээд байхаар нь мөрдөгч Э руу “машин засварын мөнгөө өгөөч” гэж хэлэх гээд утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан учраас би машин засварын мөнгийг өөрөөсөө өгсөн юм. Мөрдөгч Э нь өөрийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй миний гаргасан өргөдөл гомдлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхгүй, мөн хувийн автомашинаа засварын газарт надаар дамжуулж өгч засуулчихаад төлбөр мөнгийг нь өгөөгүй улмаас би тухайн машин засварын төлбөрийг нь төлсөн. ...” /2 хх 18-19/,
гэрч И.А-гийн “...би Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Э.Э гэх хүнийг танихгүй. Харин өнгөрсөн 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Х.Б ах над руу утсаар залгаад “...танай засварын газар ажил их байна уу, ахынх нь таньдаг цагдаа машинаа засуулах хэрэгтэй байна гэнэ, танайх ажил гайгүй байвал машиныг нь гайгүй үнээр сайн засаад өгөөрэй...” гэж хэлсэн. Тухайн үед манай засварын газар ажил гайгүй байсан учраас Х.Б ахад хандаж “...та тэгвэл машин засуулах хүндээ миний утасны дугаарын өгөөд манай засварын газрын зааж өгөөд явуулчих...” гэж хэлсэн. Тэр өдрийн орой нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг Э гэх цагдаа байна, Х.Б танай засварын газрыг надад зааж өгсөн юм” гэж утсаар ярихаар би засварын газраа зааж өгсөн. Удалгүй Э гэх цагдаа засуулах гэж байгаа машинаа өөрөө жолоодож манай засварын газар дээр ирсэн. Тэгээд манай нөхөр засуулах гэж байгаа машиных нь эвдрэл гэмтлийг үзээд 1.500.000 төгрөгөөр засаж өгөхөөр засварын үнэ хөлсийг тохироод машинаа манайд үлдээгээд явсан. Тэр үед л анх удаа Э гэх хүнийг харсан. Эн манайд засуулахаар авч ирсэн машин нь нэлээд их засвар хийгдэх шаардлагатай байсан учраас 10 гаруй хоног зассан. Тэгээд машиныг нь засаж дууссаны дараа намайг засварын газар дээрээ байхгүй эзгүй хойгуур Э гэх цагдаа гарааш дээр ирээд засварын мөнгөө өгөхгүй машинаа аваад явсан байсан. Тухайн үед манай нөхөр гарааш дээр байсан ба Э нь засварын хөлс мөнгөө өгөлгүй машинаа аваад явсан байсан. Тэгээд би гарааш дээр ирээд Х.Б ахын утас руу залгаад машин засуулсан төлбөр мөнгийг нь хэн өгөх талаар асуусан. Гэтэл Б ах “...өө, наад цагдаа чинь машин засуулсан мөнгөө өөрөө өгөөгүй юм уу, за ахдаа дансаа өгчих, ах нь мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлээд миний Хаан банкны 5023365528 тоот данс руу засварын мөнгө болох 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2 хх 21-22, 148-149/,
гэрч А.О-ийн “...би цагдаагийн байгууллагад нийт 22 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, жижүүрийн офицер, чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2022 оноос одоог хүртэл тус цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн даргаар томилогдон ажиллаж байна. Хундагаагийн Б нь манай ээжийн талын хамаатны залуу байгаа юм. Тийм болохоор бид хоёр хүүхэд байхаасаа бие биеэ таньж мэднэ. Манай хамаатны залуу Х.Б нь өнгөрсөн 2022 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж бусдад машинаа залилуулсан гэх утга агуулгатай өргөдөл, гомдол гаргасан гээд надтай манай ажил дээр буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр тааралдсан. Түүний гаргасан өргөдөл, гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Э.Э нь удирдпагын цохолтоор хүлээн аваад шалгаж байсан санагдаж байна. Миний хувьд тухайн өргөдөл, гомдлыг мөрдөгч Э.Э нь хэрхэн шалгасан гэдгийг тодорхой мэдэхгүй байна. Миний хувьд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Э.Этай нэг цагдаагийн хэлтэст хамт ажилладаг учраас ажил хэргийн шугамаар бие биеэ таньж мэднэ. Өөрөөр бол Э.Этай ямар нэг харилцаа хамааралтай асуудал байхгүй. Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Э.Э нь одоо хувийн хэрэгцээндээ “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл унадаг. Өмнө нь ямар тээврийн хэрэгсэлтэй байсан талаар бол сайн санахгүй байна. Би Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч Э.Э нь манай хамаатны залуу Х.Б-оор хувийн эзэмшлийнхээ ..-.. дугаартай, lexus тоногтой Тоуоtа Наrriеr маркийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт кузов засвар хийлгэсэн гэдгийг би огт мэдээгүй. Миний хувьд хамаатны залуу Х.Б-ын Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл гомдпыг шалгасан ахлах мөрдөгч Э.Э-г албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад нь хөндлөнгөөс түүнд нөлөөлөх ямар ч үйлдэл үзүүлээгүй. Тийм ч болохоор Х.Б-ын бусдад машинаа залуулсан гэх хэрэг нь одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Хэрэв би хамаатныхаа залуу Х.Б-ын бусдад залилуулсан гэх хэрэг асуудлыг шийдүүлэх гэж хувийн ашиг сонирхлын үүднээс мөрдөгч Э.Э албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн бол тухайн хэрэг асуудал нь өдий нэг жил гаруйн хугацаанд шийдэгдэхгүй удаашрахгүй байсан байх. Миний хувьд манай хамаатны залуу Х.Б нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл, гомдлоо өөртөө ашигтай байдлаар шалгаж шийдүүлэх зорилгоор мөрдөгч Э.Э-д мөнгө, эд зүйл өгсөн, төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, тэдгээрийг амласан, санал болгосон гэдгийг бол мэдэхгүй. ...” /2 хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,
2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч, комиссар Б.Э-ны эрүүгийн 220503309 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 6-39/,
Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Э албан тушаалд томилсон, чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн алба хаагчийн хувийн хэргийн хуулбар /1 хх 40-89/,
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1 хх 107-108/,
Х.Б-ын Хаан банкны ............... тоот депозит дансны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга /1 хх 111-112/,
И.А-гийн Хаан банкны ................. тоот депозит дансны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга /1 хх 119/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 120-123/,
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 6-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Э нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Э нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Г.Баяржаргал “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэн Э.Э-д холбогдуулан ял шийтгэл оногдуулсан Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давж заалдах шатны шүүх цагаатгах боломжгүй гэж үзсэн тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/Ш3/951 дүгээр шүүгчийн захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлд хамаарах тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эрүүгийн 2302006800040 дугаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж захирамжилсан захирамж биелэгдээгүй байгаа тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсний дараа гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор хуулиар олгогдсон мөрдөгчийн бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөхөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэснийг,
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8-д заасан “хууль зөрчсөн ... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх ашиглахгүй байх.” гэснийг тус тус зөрчиж,
Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн 220503309 дугаартай хэргийн хохирогч Х.Б-оор Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Такара” зочид буудлын зоорины давхарт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газраар ..-.. ...улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засварлуулсан 1.500.000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлүүлэн өөртөө эдийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Эн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор хуулиар олгогдсон мөрдөгчийн бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.
Анхан шатны шүүхээс Э.Э-гийнгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэн цагаатгах, эсхүл өөрчлөх, буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнээд “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн цагаатгаж өгнө үү, цагаатгах боломжгүй гэж үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР