Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 82

 

   2018 оны 5 сарын 03 өдөр                       2018/ШЦТ/82                                Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0092/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                        Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Д.Баянжаргал, Ж.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, Г.Баярсайхан, Б.Болортунгалаг

Шүүгдэгч                          Н.М, Я.Б, А.Н нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мядаг овогт Ядамын Б, Чавга овогт Алтанхуягийн Н, Боржигон овогт Насантогтохын М нарт холбогдох 1839001050057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 12-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 4 жил 11 сарын хорих ял, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр 09-ны 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан   Боржигон овогт Насантогтохын М /РД:/

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1982 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Банкны байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 05 дугаар сарын 14-ны Сум дундын 19 дүгээр шүүхийн 26А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан Мядаг овогт Ядамын Б /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээ багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Чавга овогт Алтанхуягийн Н, /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч  Н.М, Я.Б нар нь хамтран 2018 оны 02 дугаар  сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Б.Баяржаргалын үнээг хулгайлж 2.300.000 төгрөгний хохирол, шүүгдэгч А.Н, Н.М нар хамтран 2018 оны 02 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хэсэг” гэх газраас иргэн Ж.Энхболдын хул морь, иргэн Д.Ганцогтын ногоон морийг хулгайлж 2.500.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 10 цагт бэлчээрт гэрийнхээ баруун зүгт гараад орой 18 цагийн үед орчим баруун талаас ирэхэд ногоон халзан зүсмийн 5 настай үнээ алга болсон байхаар нь ингэж байгаад ирэх байлгүйдээ гээд маргааш өглөө 10 цагийн үед үхэртээ өвс тавьж өгөөд ирэхгүй байхаар нь ойр хавиар хайгаад олоогүй юм. Би 2018 оны 02 сарын 27-ны өдөр 15 цагийн орчим алдсан үнээгээ хайгаад Хэрлэн сумын 1-р баг банкны байрны урд талын хогийн цэг дээр очтол алдсан ногоон халзан зүсмийн үнээг цохиж унагаагаад өвчөөд арьсыг авч шар махтай нь үлдээгээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 хуудас/

Хохирогч Ж.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү Энхбат утасдаж морь алга болсон байнаа гэж хэлсэн. Тэгээд би адуу алга болсон талаар мэдсэн. Миний адуу манай дүү болох Энхцогийн адуунд байдаг ...Миний алдсан адуу зүс нь хар голтой хул зүсмийн морь зөв талдаа гуяндаа ланзан тамгатай ахар засмал дэлтэй адуу байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-16 хуудас/

Хохирогч Д.Ганцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг Зүүн хашаат гэх газар амьдардаг. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр адуугаа бүртгээд үзэхэд манай нэг тооны азарга үзэхэд бүрэн байсан. Адуугаа бүртгэчихээд аймаг орсон. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өглөө адуун дээрээ очиход манай адуунаас ногоон морь алга байхаар нь би гэр рүүгээ харьж аавд хэлэх гээд очиход манай цагдаа нар ирчихсэн танайх ногоон морио хулгайд алдсан уу гэсэн. Баянхутаг сумын Хавцал гэх газарт айлын адуунд явж байхаар нь хашиж байгаад барьж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/

Гэрч А.Галхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....М гэх залуу надад хандан зүүн тийшээгээ 30 км байрлах өөрийн дүүгийнхээ гэрт очих гэсэн юм хүргэж өгөөч гэхээр нь би тэгье гээд өөрийн эхнэр хүүхдийн хамт 27-63 ХЭҮ улсын дугаартай бензин хийгээд саравчин хашаатай айлд орой 17 цагийн орчим очсон. Би тэндээ хоноод маргааш 14 цагийн орчим аймаг руу явсан .....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 хуудас/

Гэрч Г.Мөнхзаяагийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Хэрлэн сум 1-р баг банкны байрны 58-02  тоотод оршин суудаг. Би 2018 оны 02 сарын 25-ны орой 18 цагийн орчим гэртээ нөхөр болох Я.Б, 2 хүүхдийн хамт байж байхад гаднаас М нь эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Манай гэрт М нь эхнэр хүүхэдтэйгээ хамт хоносон .....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26 хуудас/

Гэрч Р.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Би адуугаа бүрсгэж үзээгүй байж байхад 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр цагдаа нар ирж адуу сурсан. Тэгэхээр нь бүрсгэж үзэхэд саарал азаргатай адуунд байсан хул зүсмийн хар голтой ланзан тамгатай адуу байхгүй байсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 хуудас/

Гэрч Ч.Оюунмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Намайг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байхад миний утас руу М утасдаж 1 тооны адуу авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би мах авнаа 10 цаг гээд зах дээр очино тэр үеэр хүрээд ир гэсэн. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг нэлээн өнгөрч байхад баруун зах дээр очиход М ирсэн зогсож байсан. Тэгээд би Мий авчирсан адууны махыг харж байгаад 1 кг-ыг нь 3600 төгрөгөөр бодож авсан....Надад хул өнгөтэй адууны шир авчирч өгсөн.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 хуудас/

Гэрч Я.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....М нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад манайд ирээд манай ах зүүнтэйнээс адуу авчирсан. Би тэр адууг нь гүүрний зүүн талд замын урд талд тушчихаад ирлээ. Хоёулаа очоод манайх руу тэр адууг аваачъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тушаатай адууг нь Мөнх-Эрдэний хашаанд нь аваачсан. Тэгээд М одоо энэ адууг нядална гэсэн тэгэхээр нь би өглөө нядалж болохгүй юм уу гэж асуусан. Тэгэхэд М болохгүй одоо нядална гээд гэрээсээ сүх авчирч нөгөө авчирсан адууг цохиж унагаагаад....нядалж дуусгаад бид хоёр манайд ирж хоносон....Хонь ямаа авчраагүй нэг тооны морь авчирсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 хуудас/

Гэрч А.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр малдаа явж байхад Дуламжамц гэдэг хүний ойролцоо байсан адуунаас хул зүсмийн морь уургалж бариад Мтэй утсаар ярьж би морь барьчихлаа чи хүрээд ир гэж хэлсэн....Тэгээд М за гэж хэлээд замын машинаар ирсэн....тэгээд М хул морийг зайдан унаад явах гэсэн мордуулаагүй. Тэгээд М бид хоёр Дуламжамц гэдэг хүний адуунаас ногоон зүсмийн морь уургалж бариад М ногоон морио зайдан унаад хул морио хөтлөөд Хэнтий аймаг явсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 хуудас/

Шүүгдэгч  Н.М, Я.Б нар нь хамтран 2018 оны 02 дугаар  сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Б.Баяржаргалын үнээг хулгайлж 2.300.000 төгрөгний хохирол, шүүгдэгч А.Н, Н.М нар хамтран 2018 оны 02 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хэсэг” гэх газраас иргэн Ж.Энхболдын хул морь, иргэн Д.Ганцогтын ногоон морийг хулгайлж 2.500.000 төгрөгийн учруулсан болох нь хохирогч Б.Баяржаргал, Ж.Энхболд, Д.Ганцогт нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Галхүү, Г.Мөнхзаяа, Р.Энхбат, Ч.Оюунмаа, Я.Б, А.Н нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.   

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баяржаргалд 2.500.000 төгрөгийн, хохирогч Ж.Энхболдод 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Ганцогтод 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Д.Ганцогт нь алдсан адуугаа зүсээр нь олж авсан тул хохиролгүй гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч Ж.Энхболдын хохирлын тал хувийг шүүгдэгч А.Н төлсөн тул үлдэх 750.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Мэс гаргуулах,  хохирогч Б.Баяржаргал өөрт учирсан хохирлын хэмжээг багасгаж 1.580.000 төгрөг болгосныг шүүгдэгч Н.М төлөхийг зөвшөөрсөн тул түүнээс уг хохирлыг тус тус гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Н.М нь нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХнь:

1. Шүүгдэгч Мядаг овогт Ядамын Б, Боржигон овогт Насантогтохын М, Чавга овогт Алтанхуягийн Н нарыг хамтран бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, хэсэт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Быг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч А.Нийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг 1 жилийн хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бт оногдуулсан 480 цаг, А.Нид оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мэс 1.580.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баянжаргалд, 750.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Энхболдод тус тус олгосугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх, шар алаг иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Б, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ