Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01416

 

 

 

 

 

 

Б.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01144 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ш ХХК -д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэгт 3 ширхэг орон сууцыг гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК -ийн Б.Баянзултай байгуулсан 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний дагуу төлөгдсөн нийт 24 895 000 төгрөгийг Б.Баянзулд буцаан төлж Шинэ гэр хотхоны С блокийн 36 тоот, 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баянзул, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2017 оны 10 сарын 02-ны өдөр 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр 2018 оны 07 сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх Шинэ гэр хотхоны Б блокийн 14 давхрын 116 тоот, 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын 1 050 000 төгрөгөөр, нийт 48 720 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр 28 720 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг бартераар буюу Ньюкон ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгахаар тохиролцсон. Дээрх хаягт байрлах орон сууцыг 1 м.кв-ын 1 450 000 төгрөг, нийт 67 280 000 төгрөгөөр Ш ХХК -д худалдсан даруйдаа 2018 оны 08 сарын 10-ны өдөр тус компанийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2019 оны 06 сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх Шинэ гэр хотхоны С блокийн орон сууцнаас 3 ширхгийг худалдан авахаар 19/08/189 дугаар, 19/08/149, 19/08/36 гэрээ байгуулсан.

2018 оны 08 сарын 10-ны өдрийн 19/08/189 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ээр Шинэ гэр хотхоны С блокийн 14 давхар, 189 тоот, 49.16 м.кв талбайтай орон сууцыг, 1 м.кв-ын 1 050 000 төгрөг, нийт 51 618 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 13 450 500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 38 167 500 төгрөгийг Ш ХХК -д худалдсан дээрх 46.4 м.кв талбайтай орон сууцны үнэ 67 280 000 төгрөгөөс тооцуулж төлбөр төлөх үүргээ биелүүлсэн.

Мөн өдрийн 19/08/149 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ээр тус хотхон, блокийн 11 давхар, 149 тоот, 48.4 м.кв талбайтай орон сууцыг, 1 м.кв-ын 1 050 000 төгрөг, нийт 50 820 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөн өдрөө 21 707 500 төгрөгийг дээр дурдсан Ньюкон ХХК, Ш ХХК -ийн хооронд гүйцэтгэсэн ажлын тооцооны төлбөрөөс өөрт авах ажлын нэмэлт цалин, мөн түүнчлэн барилгын зургийн макетын ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцуулан төлсөн ба үлдэгдэл 29 112 500 төгрөгийг өмнө дурдсан 46.4 м.кв талбайтай орон сууцны үнэ 67 280 000 төгрөгөөс тус тус тооцохоор гэрээнийхээ 3.2-т тохиролцсон.

2018 оны 08 сарын 10-ны өдрийн 19/08/36 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ээр мөн тус хотхон, блокийн 3 давхарт байрлах, 36 тоот, 44.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 10.9 м.кв талбайг нь 1 м.кв-ын 1 050 000 төгрөгөөр, 33.34 м.кв талбайг нь 1 м.кв-ын 1 500 000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 61 455 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээ байгуулсан өдрөө 11 445 000 төгрөгийг бэлнээр төлж, 50 010 000 төгрөгийг 2017 онд гүйцэтгэсэн ажлын хөлс 80 000 000 төгрөгөөс төлөхөөр тус тус тохиролцсон.

Дээр дурдсан 3 гэрээний бусад нөхцөлүүд нь адил бөгөөд гэрээ тус бүрийг байгуулахдаа бид харилцан тохиролцож, гэрээний нөхцөлүүдийг чөлөөтэй, тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож байгуулсан. Тус орон сууцны барилгын ажлыг Ш ХХК нь 2019 оны 06 сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох талаар гэрээнүүдийн 1.1-д тохиролцсон боловч 2019 оны 10 сард хүлээлгэн өгсөн. Мөн гэрээнүүдийн 6.2-т захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, барилгыг ашиглалтад оруулахыг Улсын комисс зөвшөөрсөн нөхцөлд захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгнө гэж тохиролцсоны дагуу, мөн түүнчлэн хуулийн хүрээнд тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүдийн дагуу 3 орон сууцаа өмчлөлдөө авахыг хүсэхэд Ш ХХК -ийн захирал Д.Энхбаяр татгалзсан. Гэрээний 3.5-д орон сууцны нийтэд санал болгох үнэ 1 м.кв нь 950 000 төгрөг бөгөөд захиалагчийн гэрээний 3.2-д заасан хуваариар төлбөрөө хийх саналыг үндэслэн 1 м.кв үнийг 1 050 000 төгрөг болгон хямдруулах талаар заасан. Мөн хугацаанд төлбөрийг төлөөгүй бол захиалагчид үзүүлэх хөнгөлөлт үгүй болж 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн орон сууцны м.кв-ийн үнийг 1 950 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс бүхэлд нь шаардах эрх гүйцэтгэгчид үүснэ гэж тохиролцсон зэргээс үзэхэд захиалагчийн хувьд гэрээний үүрэг зөрчсөн үйлдэл байхгүйг илтгэж байна. Түүнчлэн 3 орон сууцыг 2019 оны 06 сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч бэлэн болгох, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 9.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам орон сууцны үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон. Иймд 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ тус бүрд заасан орон сууцуудыг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Б.Баянзул нь хариуцагч компанид ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдээлэлд тулгуурлан 1002 дугаартай реалтор Г.Хангайтай 19/08/36, 19/08/149, 19/08/189 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулж, түүний дардсыг даруулсан байна. Өөрөөр хэлбэл Б.Баянзул нь ажилтныхаа хувьд мэдэж байсан мэдээлэл дээрээ тулгуурлан, гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй хуйвалдан, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хууль ёсны ашиг сонирхлын эсрэг гэрээг хууль зөрчин байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хуульд болон шударга ёсонд нийцэхгүй юм. Хариуцагч компанийн архитекторын хувьд зураг зурсан ажлын хөлсийг авч байсан тул 19/08/36 дугаар гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтад захирал Д.Энхбаяр, архитектор Б.Баянзул гэдгийн ард талууд гарын үсэг зурсан байх бөгөөд уг баримт бичиг нь Ш ХХК -ийн өмчид хамаарна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул гүйцэтгэх захирал Д.Энхбаяр Ш ХХК -ийг төлөөлдөг. Иймд бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан гэрээ байгуулж байгаа Б.Б үйлдэл нь хуульд нийцэхгүй тул шаардлага нь хууль бус юм. Хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгуулсан уг гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцсоноор Шинэ гэр хотхоны С блокийн 36 тоот, С блокийн 149 тоот, С блокийн 189 тоот орон сууц нь хариуцагчийн өмчлөлд үлдэж, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхээр хамгаалагдана.

Иймд хүчин төгөлдөр бус гэрээнүүдийг үндэслэн компаниас эд зүйл шаардах эрх Б.Баянзулд байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 11 445 000 төгрөг, 19/08/189 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 13 450 500 төгрөг тус бүрийг буцаан төлж, 3 ширхэг орон сууцыг өөрийн өмчлөлдөө авах сөрөг шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Баянзул Ш ХХК -д ажилладаг байсан буюу архитектораар томилогдсон тушаал болон тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Зургийн ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн мөнгийг цалин гэж ойлгуулах гээд байгаа нь үндэслэлгүй.

Гэрээнд гарын үсэг зурсан, Шинэ гэр хотхоны төслийн менежер ажилтай Г.Хангай нь Ш ХХК -ийг төлөөлөн тус хотхоны А, В, С блокийн бүх орон сууцны захиалагчидтай, Б.Баянзултай байгуулсан гэрээний нэгэн адил, жишгээр гэрээг байгуулсан. Шинэ гэр хотхоны орон сууцны барилга 15 давхар, давхар бүртээ 13 айл амьдрах зориулалттай, нийт 195 айлын орон сууц юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны төлбөрөө 100 хувь барагдуулсан захиалагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ баталгаажуулсан гэж бодож байна. Захиалагчид үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, улсын бүртгэлд өмчлөх эрхээ баталгаажуулах асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад хандахад компанийг төлөөлөн харилцдаг ганц албан тушаалтан юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасан зохицуулалт нь олон үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй компанийн удирдлагын эрх хэмжээтэй холбогдох бөгөөд Ш ХХК -ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь иргэн Б.Энхбаяр юм. Б.Энхбаяр нь өөрийн шийдвэрээр Г.Хангайг Ш ХХК -ийн Шинэ гэр хотхоны төслийн менежерийн ажилд томилж, 1002 дугаар бүхий реалтор гэдэг тэмдгийг эзэмшүүлсэн. Түүний бусадтай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ хэрэгжиж, орон сууц захиалагчид нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эзэмшигч болж баталгаажсаар ирсэн зэргээс үзэхэд Г.Хангай нь Ш ХХК -ийг төлөөлж байсан нь нотлогдоно. Б.Энхбаяр нь өөрийн өмнөөс гэрээ байгуулах, компанийг төлөөлөх эрхийг төслийн менежер Г.Хангайд олгосныг дээрх бодит үйлдлүүд батална. Хариуцагч Д.Энхбаяр нь Г.Хангайд уг тэмдгийг өгч ашиглуулан бусадтай гэрээ хэлцэл хийлгээд дараа нь компанийг төлөөлөхгүй этгээдтэй гэрээ хэлцэл хийсэн гэж зарим орон сууц захиалагчдыг дарамтлан урьдаас төлөвлөн үгсэн хуйвалдаж залилж, дээрэмддэг бүлэг байж магадгүй гэсэн сэжиглэл байна. Дээрх хоёр гэмт хэргийн сэжиглэл үгүйсгэгдвэл иргэн Г.Хангайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн бас нэг сэжиглэл гарч ирнэ. Намайг гэрээ хийхээс өмнө, хойно олон хүн Г.Хангайг тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж итгэн олон тооны Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г хийж, тэр нь хэрэгжиж орон сууц захиалагч иргэд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эзэмшигч болсон болохоор 19/08/36, 19/08/149, 19/08/189 тоот 3 ширхэг гэрээ нь хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсных гэж үзэж байна. Хариуцагч нь Зураг төслийн ажлын жишиг үнэ /БД-81-16-12/-ээр тооцоход 160 000 000 төгрөгөөр үнэлэгдэх Баянзүрх дүүргийн Шинэ гэр хотхоны 3-р ээлжийн С блокийн барилгын ажлын зураг төслийн ажлын хөлсийг өгөхгүй гэх үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ш ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Баянзулыг Шинэ гэр хотхоны С блокийн 14 давхрын 189 тоот орон сууц, 11 давхрын 149 тоот орон сууц, 3 давхрын 36 тоот орон сууцууд буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 55б байрны 36, 149, 189 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.Баянзулд бүрдүүлж өгөхийг хариуцагч Ш ХХК -д даалгаж,

хариуцагч Ш ХХК -ийн нэхэмжлэгч Б.Баянзулд холбогдуулан гаргасан Б.Баянзултай байгуулсан гэх 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 11 445 000 төгрөгийг Б.Баянзулд буцаан төлж Шинэ гэр хотхоны С блокийн 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, С блокийн 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр гэрээний дагуу төлөгдсөн 13,450,500 төгрөгийг Б.Баянзулд буцаан төлж, С блокийн 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 12 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 977 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК -аас 977 415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баянзулд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 977 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Нэхэмжлэгч нь Ш ХХК -д ажиллаж байхдаа олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан 1002 дугаартай реалтор Г.Хангайтай 19/08/36, 19/08/149, 19/08/189 дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан байх бөгөөд тэдгээрт үндэслэн шүүхэд шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй юм. Түүнчлэн тэрээр зураг зурсан ажлын хөлсийг Ш ХХК -ийн архитекторын хувьд авч байсан тул 19/08/36 дугаар гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул Ш ХХК -ийг гүйцэтгэх захирал Д.Энхбаяр төлөөлдөг. Тэгэхээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан гэрээ байгуулж байгаа Б.Б үйлдэл нь хуульд нийцэхгүй. Ш ХХК болон Б.Баянзул нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа байсан нь нотлогдохгүй байна гэжээ. Гэтэл Ш ХХК -ийн архитекторын албан тушаал нь байнгын ажлын байр биш бөгөөд Б.Баянзул нь өөр газар архитектор хийдэг байсан тул түүний хүсэлтийн дагуу түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд зураг зуруулсны ажлын хөлсийг түүнд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Баянзул нь хариуцагч Ш ХХК -д холбогдуулан талуудын хооронд 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулагдсан 19/08/189 тоот, 19/08/149 тоот, 19/08/36 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэгт 3 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч /хх 1-6, 123/ марган нэхэмжлэгчид холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түүний дагуу төлөгдсөн нийт 24 895 500 төгрөгийг буцаан төлж, орон сууцуудыг өөрийн өмчлөлд авах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 142, 170-172/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 08 сарын 10-ны өдөр 19/08/189 тоот, 19/08/149 тоот, 19/08/36 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г нэг талаас гүйцэтгэгч Ш ХХК , нөгөө талаас захиалагч Б.Баянзул нар байгуулж, уг гэрээгээр Ш ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Шинэ гэр хотхоны С блокийн 14 давхарт байрлах 49.16 м.кв талбай бүхий 189 тоот, 11 давхарт байрлах 48.4 м.кв талбайтай 149 тоот, 3 давхарт байрлах 44.24 м.кв талбайтай 36 тоот орон сууцуудыг 2019 оны 06 сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, захиалагч нь гэрээний 3.1, 3.2-д заасан үнэ болон хуваарийн дагуу төлбөрийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 13-21/

 

Талуудын байгуулсан дээрх гэрээ тус бүрийн 3.1, 3.2-д орон сууцны үнэ болон түүнийг төлөх хуваарь, нөхцөлийг тодорхой тусгасан байна. Үүнээс үзвэл, захиалагч нь гүйцэтгэгч талд 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 19/08/189, 19/08/149, 19/08/36 тоот гэрээний дагуу нийт 163 893 000 төгрөг /хх 13, 16, 19-арын нүүр/ төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээ байгуулсан өдөр нийт 24 895 000 төгрөгийг бэлнээр төлсөн /хх 23-доод тал/, мөн 19/08/189, 19/08/149 тоот гэрээний үүрэгт хариуцагчид худалдсан гэх Б-125 тоот орон сууцны үнэ 67 280 000 төгрөг болон Ш ХХК -аас Ньюкон ХХК-д төлөх ёстой өглөгт өөрийн Ньюкон ХХК-аас авах авлагын 21 707 500 төгрөг зэргийг дүйцүүлэн тооцсон /хх 13-арын нүүр, 16-арын нүүр/ байна. Хэргийн 24 дэх талд Ньюкон ХХК-аас хариуцагч Ш ХХК -д хандан гаргасан Үнийн зөрүү төлбөрийг олгох тухай албан бичиг авагдсан. 19/08/36 тоот гэрээний үлдэгдэл 50 010 000 төгрөгийг барилгын зураг төслийн ажил хийж гүйцэтгэсэн хөлснөөс тооцуулснаар /хх 19-арын нүүр/, /хх 16-арын нүүр/ тус тус төлж барагдуулсан тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар нэхэмжлэгчээр барилгын зургийн ажил гүйцэтгүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээний үнийг хүлээн авсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь дээрх 3 орон сууцны үнийг төлөх үүргээ гүйцэтгэж дуусгавар болгосон байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгч хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан тул уг гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /хх 178-179/, итгэмжлэл /хх 188/, Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх 196-198, 199-201/ зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл, Ш ХХК нь өөрийн ажилтан Г.Хангайд компанийг төлөөлж Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулах бүрэн эрхийг олгож, Г.Хангай нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу бусад этгээдүүдтэй компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө төлөөлөх эрхтэй гэсэн ойлголт өгөх нөхцөл бүрдүүлсний улмаас уг этгээд нь түүнийг төлөөлж гуравдагч этгээдтэй шударгаар төлөөлөн хэлцэл хийснийг ашиглахыг хориглосон. Ш ХХК нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг Г.Хангайд өгөх нөхцөлийг бүрдүүлснээр Г.Хангай нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг төлөөлөн бусадтай, түүний дотор Б.Баянзултай хэлцэл хийсэн байх тул өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн Ш ХХК нь Г.Хангайг бүрэн эрхгүй байсныг ашиглаж, компанийн нэрийн өмнөөс хийгдсэн 19/08/189 тоот, 19/08/149 тоот, 19/08/36 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Баянзул нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 19/08/189 тоот, 19/08/149 тоот, 19/08/36 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу хүлээсэн орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх үүргээ биелүүлэхийг хариуцагч компаниас шаардах эрхтэй. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс үнийг нь төлж дуусгасан 49.16 м.кв талбай бүхий 189 тоот, 48.4 м.кв талбай бүхий 149 тоот, 44.24 м.кв талбай бүхий 36 тоот орон сууцуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрхээс гадна хариуцагч тал Б.Б зургийн ажлын үлдэгдэл хөлс нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцогдсон гэх тайлбарыг няцааж, түүнийг өөрийн компанийн ажилтны хувиар ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч энэхүү нөхцөл байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01144 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511458030 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977 415 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР