| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/08729/И |
| Дугаар | 192/ШШ2025/09352 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09352
2025 11 12 192/ШШ2025/09352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х** тоот хаягт оршин суух, Б овогт Д.Г /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Б.Х-д холбогдох,
Гэрээнээс татгалзсаны үр дагавар 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Б.Х-тай 2022 онд 6-8 харьцаатай дүнзэн байшинг материалыг өөрөөс гарган түлхүүр гаргуулах нөхцөлтэйгөөр барьж өгөхөөр амаар тохирч урьдчилгаанд 30 000 000 төгрөг төлсөн болно. Төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.Х-ийн эзэмшлийн ** тоот дансанд 5 000 000 төгрөгөөр нийт 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч өнгөрсөн 3 жилийн хугацаанд хариуцагч нь огт байшингийн ажлыг эхлүүлээгүй тул талууд тохирсны дагуу төлбөрийг буцаан олгохоор тохиролцсон болно. Үүний дагуу нэхэмжлэгч талаас эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч нь төлбөрийг төлөхгүй, уулзалтад ирэхгүй гэх болсон тул ажиллагааг дуусгавар болгож шүүхэд хандсан болно. Хариуцагч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэв.
2. Хариуцагч Б.Х шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, банкны гүйлгээний баримт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, итгэмжлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Х-д холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.Х-тай түлхүүр гардуулах нөхцөлөөр дүнзэн байшин бариулахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг төлсөн боловч байшингийн ажлыг огт эхлүүлээгүй тул гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
3. Хариуцагч Б.Х нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтаар нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Х-д 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 10 000 000 төгрөгийг “байшин урьдчилгаа” гэх утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дөрвөн удаагийн гүйлгээгээр 20 000 00 төгрөгийг “байшин дүнз урьдчилгаа 60 хувь” гэх утгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийдэг.
6. Зохигчийн тайлбар, мөнгөн шилжүүлгийн утгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй байна.
7. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч Б.Х нь хэлэлцэн тохиролцсон ёсоор нэхэмжлэгч Д.Г-т дүнзэн байшин барьж хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
10. Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.
11. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг хариуцагч Б.Х-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгох нь зүйтэй.
12. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.11.05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын ** дугаарын утсаар мэдэгдсэнбөгөөд тэрээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ч холбогдох баримтыг хавсаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд ирээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х-аас 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307 985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас улсын тэмдгийн хураамжид 307 985 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ