Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

С.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/145 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч С.Г-д холбогдох эрүүгийн 2413000620344 дугаартай, 3 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** төрсөн, **настай, эрэгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, *********** ажилладаг, ам бүл ** хүнтэй, ******* хамт ************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт С.Г- /РД:************/.

 

2. Яллагдагч С.Г- нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа тус сумын 1 дүгээр /Хаш/ багийн нутаг дэвсгэрт газар эзэмших зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус багийн Иргэдийн нийтийн хурал болсон мэтээр Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.М-ны албан бланкыг ашиглан багийн Засаг дарга Д.Ж-оор 02 дугаартай “2023 онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг хавсралтын хамт үйлдүүлж, тухайн тогтоолыг ашиглан Алтанцөгц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар өөрийн эзэмшилд авахыг хүссэн газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж улмаар тус сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар тухайн газрыг авч, өөртөө давуу байдлыг бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч С.Г-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  2025/ШЗ/145 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийг  тус тус удирдлага болгож, С.Г-д холбогдох эрүүгийн 2413000620344 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

4.1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл байгаа эсэх, байгаа бол хэрэгт хавсаргах, уг тэмдэглэлийг хэн үйлдсэн эсэхийг тогтоох,

4.2. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр хавсралтуудыг хэрэгт хавсаргах,

4.3. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Бакены “Д.Ж-ын үйлдсэн тогтоол хуурамч гэдэг нь тогтоогдсон. Яагаад гэвэл тухайн үед М- байгаагүй. М-ы бланкыг ашиглаж тогтоол гаргаж Ж- гарын үсэг зурж өгсөн. Д.Ж-ын оролцооны асуудлыг шалгах ёстой” гэх хүсэлтийг хүлээн авч иргэн Д.Ж- нь уг хэрэгт хуурамч бичиг баримт үйлдсэн болон бусдад давуу байдал олгосон эсэхийг шалгаж тогтоох,

4.4. Газрын даамал Б.К-ээс дахин гэрчээр мэдүүлэг авч, тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэх, тухайн газрыг хуралд оруулсан эсэхийг тодруулах,

 

5. Прокурорын эсэргүүцэлд: 

5.1. Хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаагүй болох нь тогтоогддог. Үүнд:

- Гэрч Б.К- /Алтанцөгц сумын газрын даамал/-ын “...С.Г- нь Алтанцөгц сумын 1 дүгээр баг “Өргөн дугуй ам” гэх газарт 0,7 га өвөлжөөг 30 жилээр эзэмших гэрчилгээ гарсан байгаа. Анх тус газрыг олгохдоо тухайн жилийн төлөвлөгөөгөөр батлагдсан учраас хуулийн дагуу олгогдсон гэж ойлгож байсан. Гэтэл энэ асуудлын цаад асуудал нь багийн иргэдийн нийтийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нь өвчтэй байх хугацаанд багийн даргаар нь гарын үсэг зуруулж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж батлуулсан гэдгийг саяхан энэ асуудал шалгагдсаны дараа мэдсэн. Гэвч тус өвөлжөөг С.Г- авсны дараа иргэдээс гомдол гаргасан ингээд юу болсон гэхэд тухайн үед багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан байна гэж яриад байгаа юм.” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 125-126 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ж- /тус сумын 1-р багийн дарга/-ын “...тухайн үед Ж.М- байгаагүй гэдэг нь үнэн, Иргэдийн нийтийн хурал болоогүй, хуралдаан даргалдаг Ж.М- ч байгаагүй. Гэтэл манай сумын 1-р багаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон С.Г- нь над дээр ирээд “чи танай багаас газар олгох тухай Иргэдийн нийтийн хурлын тогтоол үйлдээд өг” гэсэн би эхлээд “энэ болохгүй манайх хуралдаан хийгээгүй байж болохгүй шүү дээ төлөөлөгчөө” гэхэд “чамтай би эвээр ярьж байна хэрэв эвээр яриад болдоггүй юм бол би хүчээр авна шүү” гээд намайг дарамтлаад байсан. Тэгээд би 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргын бланк дээр тогтоол үйлдэж гаргаад Ж.М- гэсэн гарын үсгийн урд би өөрөө Ж.М- гээд бичиж өгөөд явуулсан. Тухайн үед намайг дарамтлаад байж бичүүлж авсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар арай ч батлагдахгүй байх гэж бодож байтал өөрөө төлөөлөгч болоод батлуулсан юм байлгүй сумын тухайн жилийн төлөвлөгөөнд оруулсан. Би бол үүнийг үйлдэхдээ С.Г-ий дарамт шахалтад орж үйлдсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 134-135 дугаар хуудас/,

- Гэрч Ш.А-ийн “...иргэн М.Т, Ж.А, А.Е нараас надад хандаж С.Г-ий авсан газар нь багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр тогтоол үйлдэж мөн багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ж.М- нь байхгүй байхад багийн дарга Д.Ж-ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Г- нь дарамталж Ж.М-ы нэрийн урд Д.Ж-оор гарын үсэг зуруулж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулж шийдвэрлүүлсэн байдаг юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ-ийн 137-138 дугаар хуудас/,

- Гэрч А.Е-ын “...С.Г- нь Алтанцөгц сумын 1-р багийн Иргэдийн нийтийн хурлаар тус газарт газар олгох талаар хэлэлцээгүй байхад тус сумын 1-р багийн даргыг дарамталж байгаад Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гаргуулж багийн иргэдийн нийтийн хурлын дарга байхгүй байхад түүний нэрээр тогтоол гаргаад багийн даргаар нь зуруулаад сумын Газрын даамалд хүргэж өгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж тухайн жилийн төлөвлөгөөнд оруулж батлуулсан байсан. Энэ асуудлын дараа Д.Ж-ыг чи үнэнээ хэлээд яваад байна гээд өрөөнд нь очиж зодож цагдаад хүртэл шалгагдсан тэгээд торгуулийн арга хэмжээ авхуулсан байдаг.” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 140 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.А-ийн “...С.Г- нь Алтанцөгц сумын 1-р багийн иргэдийн Нийтийн хурал болоогүй байхад болсон мэтээр багийн дарга Д.Ж-оор тогтоол үйлдүүлж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оруулж батлуулсан байдаг. Д.Ж- өөрөө багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гаргах эрхгүй бөгөөд тухайн үед Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ж.М- нь Улаанбаатар хотод байхад түүний нэрээр гаргуулж багийн дарга Ж-оор гарын үсэг зуруулаад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан байсан. Энэ талаар бид 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр багийн иргэдийн нийтийн хурал болох үед хөндөж тавьсан тэгээд дээрх асуултыг тавьсан юм. Тэгэхэд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар багийн дарга Д.Ж- хуурамч баримт үйлдсэн ингэхдээ С.Г-ий дарамтанд орж үйлдсэн, багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ж.М- нь байхгүй байсан гэдгээ мөн хэлдэг юм...” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 142-143 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл /2 дугаар ХХ-ийн 234-245 дугаар хуудас/,

- Гэрч Н.Е-ны “... би Иргэдийн нийтийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлсэн үгийг нь тэмдэглэлд тусгасан. Нэмж бичсэн зүйл байхгүй. Тухайн үеийн хурлыг би өөрийнхөө гар утсан дээрээ яриаг нь хураан авч тэмдэглэл бичсэн..” гэх мэдүүлэг /2 дугаар ХХ-ийн 145 дугаар хуудас/,

- Иргэн Х.Е-ны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар ХХ-ийн 145 дугаар хуудас/,

-Иргэн Х.Е-ны гар утсанд үзлэг хийх явцад сидинд хуулбарлан авсан дуу бичлэгт орчуулга хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар ХХ-ийн 150-155 дугаар хуудас/ зэрэг болно.

5.2. Гэтэл шүүх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг хэн үйлдсэн, тухайн тэмдэглэлийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн учир дутагталтай байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 27-ны багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаагүй, тэмдэглэл үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон тул хэргийг прокурорт буцаасан тохиолдолд дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх боломжгүй юм.

5.3. “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр хавсралтуудыг хэрэгт хавсаргах” гэх асуудлын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Г- нь дээрх тогтоолын 1 дэх хавсралтаар зөвхөн өөртөө давуу байдал бий болгож газар авсан үйл баримт тогтоогддог.

5.4. Харин тухайн тогтоолын 2,3,4 дэх хавсаралттай холбоотой асуудлын хувьд С.Г-ээс бусад хүмүүсийг холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.

5.5. Хэрэв шүүх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр хавсралтууд нь С.Г-ий гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл прокурорын зүгээс тухайн хавсралтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөх боломжтой тул дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм.

5.6. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг дурдах нь зүйтэй.

5.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн дарга Д.Ж-ын хувьд тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын бланкыг ашиглан тогтоол үйлдэж улмаар тухайн тогтоолд Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.М-ы нэрийн өмнөөс гарын үсэг зурсан үйл баримт тогтоогддог.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Ж-ын хувьд өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгоогүй харин С.Г-ы шахалт, дарамтан дор, аргагүйн эрхэнд тухайн тогтоолыг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Харин Д.Ж-ын хувьд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 02 дугаартай тогтоол үйлдэн, тухайн тогтоолд хурлын дарга Ж.М-ы нэрийн өмнөөс гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг үгүйсгэхгүй боловч Д.Ж-ын дээрх үйлдлийн хувьд тухайн тогтоолыг үйлдэж, гарын үсэг зурснаар гэмт хэрэг төгссөн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хөнгөн” ангиллын гэмт хэрэг бөгөөд хэрэг үйлдэгдсэнээс хойш мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...1 жил өнгөрсөн” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

5.8. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын газрын даамал Б.К-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авч байсан тул шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлыг тодруулах зорилгоор Б.К-ийг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр мэдүүлэг авах боломжтой тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм.

5.9. Иймд яллагдагч С.Г-ы гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            6. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр захирамжийн Тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно.

Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.

 

8. Гэтэл С.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгасан зарим үндэслэл хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдэд тохироогүй. Тухайлбал, шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 5 дахь заалтад “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022.11.17-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2, 3, 4 дүгээр хавсралтуудыг хэрэгт хавсаргах” гэж заасан нь хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

С.Г-д холбогдох хэргийн материалын 2 дугаар хавтасны 249 дүгээр талд прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022.11.17-ны өдрийн “2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02 дугаартай тогтоол, 250 дахь талд уг тогтоолын “1-р багийн нутаг дэвсгэрээс эзэмшүүлэх өвөлжөөний газрын байршил”-ыг заасан 1 дэх хавсралт, хэргийн 3 дахь хавтасны 01 дэх талд “Төрийн байгууллагад эзэмшүүлэх газрын байршил”-ыг тогтоосон 2 дахь хавсралт, 02 дахь талд “ЦДАШ-ын трансформатор байрлуулах газар” гэх 3 дахь хавсралт, 03 дахь талд “Хадлангийн зориулалтаар олгох газар” гэх 4 дэх хавсралтыг тус тус Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Д.Алтангэрэлийн 2024.10.07-ны өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл”-ээр хэрэгт хавсаргасан байхад тухайн баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй.

 

Шүүгчийн захирамжид дурдсан дээрх баримтуудыг мөрдөгчийн тэмдэглэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргасан байхад прокурор энэ талаар “прокурорын зүгээс тухайн хавсралтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжтой тул энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй учир түүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. С.Г-д холбогдох 3 хавтастай хэргийн материалд хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, яллах дүгнэлтийн үндэслэл болсон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудаас гаргасан эрх зүйн баримт бичгүүд, тухайлбал Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022.11.17-ны өдрийн “2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02 дугаартай тогтоол, түүний хавсралтууд, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020.11.04-ний өдрийн 02 дугаар “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоол хавсралтын хамт, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022.12.16-ны өдрийн “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 50 дугаар тогтоол, хавсралтуудын хамт тус тус мөрдөгчийн тэмдэглэлээр хэрэгт авагджээ.

 

Алтанцөгц сумын Засаг даргын 2023.06.06-ны өдрийн А/78 дугаар захирамжийн хавсралтаар С.Г-д эзэмшүүлсэн тус сумын 01 дүгээр баг, “Өргөн дугуйн ам” гэх хаягт байршилтай, өвөлжөөний зориулалттай, 700 м.кв талбайтай, төлөвлөлтийн нэгжийн талбарын ******* тоот дугаар бүхий газрын эдгээр мэдээлэл нь дээр дурдсан Алтанцөгц сумын 01 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022.11.17-ны өдрийн “2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02 дугаартай тогтоолын эхний хавсралтын хүснэгт дэх 7 дахь мөр, мөн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.16-ны өдрийн хуралдааны “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт дахь хүснэгтийн 7 дахь мөрөнд тусгагдсан мэдээллүүдтэй тус тус таарч, тохирсон нөхцөл байдал тогтоогджээ. Прокуророос яллагдагч С.Г-ийг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар эзэмших эрхийг олж авч өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн учраас тэрээр сумын иргэдийн Төлөөлөгчийн хувьд Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.16-ны өдрийн хуралдаанд оролцсон эсэх, тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тогтоох зорилгоор “мөн өдрийн хуралдааны тэмдэглэл байгаа эсэх, байгаа бол хэрэгт хавсаргах, уг тэмдэглэлийг хэн үйлдсэн эсэх”-ийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 4 дэх заалтад “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл” гэж бичихийг “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл” гэж өдрийг буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

10. Шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн дээрх 4 дэх заалтын талаар гаргасан прокурорын “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаагүй, ... шүүх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг хэн үйлдсэн, тухайн тэмдэглэлийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай” гэсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.  

 

Захирамжид Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хавсаргах талаар заахдаа өдрийг буруу ташаа бичсэн алдаа гаргасан боловч хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдолтой дээрх тэмдэглэлийг нотлох баримтаар цуглуулах шаардлагатай талаар тусгасан нь үндэслэлтэй бөгөөд прокурорын эсэргүүцэлд “багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй” талаарх гэрч Б.К-, Д.Ж-, Ш.А, А.Е, Ж.А нарын мэдүүлгийг ишилж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын нэр болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны огноог буруу ташаа бичиж, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаагүй учраас тэмдэглэл байхгүй” гэсэн агуулгаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй. Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлийн талаар тусгасан байхад прокурорын эсэргүүцэлд багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй талаарх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж, тухайн заалтыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Дээрх гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан баримтат мэдээлэл, хэргийн 2 дугаар хавтасны 249, 250 дахь тал, хэргийн 3 дахь хавтасны 1-3 дахь талд авагдсан баримтуудыг үндэслэвэл, прокурорын яллах дүгнэлтийн Удиртгал болон Тогтоох хэсэгт Алтанцөгц сумын 01 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны огноог 2022.11.27-ны өдөр гэж  өдрийг буруу ташаа тусгасныг залруулах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

 

12. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 6, 7 дахь заалтаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэж Д.Ж-ын үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн бодитойгоор шалгах, энэхүү нөхцөл байдал нь яллагдагч С.Г-ийн холбогдсон хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг тодруулах, мөн газрын даамал Б.К-ээс С.Г-д олгосон гэх газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан үйл явц, энэ талаар багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус зохих журмын дагуу оруулж, хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн эсэх, шаардлагатай бусад асуудлыг тодруулах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцжээ. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Дүгнэвэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.14-ний өдрийн 2025/ШЗ/145 дугаар шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 4 дэх заалтын “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн” гэж залруулж, 5 дахь заалтыг бүхэлд нь хүчингүйд тооцож, шүүгчийн захирамжийн бусад заалт, хэсгийг буюу хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шийдлийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/145 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК