| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/08871/И |
| Дугаар | 192/ШШ2025/09926 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09926
2025 11 27 192/ШШ2025/09926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, Б.Б /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, Х ХХК /РД:**/-д холбогдох,
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №23/18 дугаар гэрээний дагуу **дугаар давхрын урд талын 30.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрх, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №23/19 дугаар бүхий гэрээний дагуу ** дугаар давхрын урд талын 43.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б нь Х ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №23/18 дугаар гэрээг байгуулж, ** дугаар давхрын урд талын 30.1 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууц, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №23/19 дугаар бүхий гэрээг байгуулж, ** дугаар давхрын урд талын 43.8 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг тус тус худалдаж авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэтэл Х ХХК-ийн зүгээс дээрх 2 гэрээтэй холбоотойгоор 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25102 тоот мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдэлдээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №23/18 дугаар гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №23/19 дугаар бүхий гэрээнүүдийг нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр цуцалж гэрээний үүргээ биелүүлэхгүй болохоо дурдсан нь нь миний хууль, ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу ** дугаар давхрын урд талын 30.1 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцны өмчлөх эрх, ** дугаар давхрын урд талын 43.8 м.кв 2 өрөө бүхий орон сууцны өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Компани нь Э ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулан ** дугаар блокийн барилгын ажлыг хамтран гүйцэтгэхээр болсон билээ. Харин Э ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК (Ерөнхий төсөл хэрэгжүүлэгч)-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Хөх сувд хорооллын 805 дугара блокийн барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон байдаг. Хамтран ажиллах гэрэээд заасан ажлыг гүйцэтгэхээр компани нь Ю ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 04-ний Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй Хөх сувд хотхоны 805 дугаар блокийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр Ю нь 805 дугаар блокийн 8-16-р давхрын угсралтын ажил болон сан, салхивчны ажлыг гүйцэтгэх, Компани нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг тус барилгын орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч Ю ХХК нь 2023 онд огт ажил гүйцэтгээгүй, 2024 онд нэг давхрын буюу 8 дугаар давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, 2025 онд ажлаа хаян зугтаасан тул Компани нь Ю ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Компани нь Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.У-д Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэх шаардлага, Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдэл, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр тооцоо нийлэх тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр хүргүүлж байсан бөгөөд Компани дээр ирж уулзахыг утсаар болон мессежээр удаа дараа шаардсан боловч уг этгээд нь одоог хүртэл зугтаасаар байгаа билээ. Ийнхүү Компани нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ болон Ю ХХК-д Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон байсан бартерын байрны гэрээнүүдийг цуцлан Ю ХХК болон холбогдох хүмүүс рүү нь мэдэгдэл хүргүүлсэн. Компани нь барилга угсралтын ажлыг Д ХХК-аар гүйцэтгүүлсэн бөгөөд тус компанитай төлбөр тооцоогоо хийсэн болно. Б.Б нь Компанитай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 23/18, 23/19 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулан ** давхрын 30.1 м.кв талбайтай 75 250 000 төгрөгийн 36 тоот, 43.8 мк.в талбайтай 109 500 000 төгрөгийн 37 тоот, нийт 184 750 000 төгрөгийн орон сууцуудыг захиалсан. Тус гэрээг Ю ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.У-ийн хүсэлтийн дагуу байгуулсан бөгөөд захиалгын хөлсийг Ю ХХК болон Компани нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэсэн төлбөрөөс 100 хувь суутган тооцохоор тохиролцсон. Энэ талаар гэрээний 1.5 дахь заалт болон Хавсралтад тодорхой тусгасан. Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул Ю ХХК-д Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон байсан бартерын байрны гэрээнүүдийг цуцлан Б.Б-д мэдэгдэл хүргүүлсэн. Б.Б-ийн аав нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Компани дээр ирж уулзсан. Тухайн үед үүссэн нөхцөл байдал, энэ хариу тайлбарт дурдсан асуудлыг тайлбарлан, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан. Гэвч ярилцаж дуусаагүй байхад гараад явсан. ** давхрын 36, 37 тоот орон сууцуудыг барилга угсралтын ажлын төлбөрт Д ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Т-д орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан шилжүүлж өгөхөөр болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/19 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Орон сууцны тодорхойлолт, хөрөнгө оруулах журам, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/18 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Орон сууцны тодорхойлолт, хөрөнгө оруулах журам, Х ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Г ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 25/094 дугаар албан бичиг, Г ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 25/114 дугаар албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25/25 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй Хөх сувд төслийн 805 дугаар блокын Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ** давхар, урд талын 30.1 м.кв талбайтай 2 өрөө, 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмлөх эрхийг тус тус шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Х ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 23/18, 23/19 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, 75 250 000 төгрөгийн үнэ бүхий 30.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 109 500 000 төгрөгийн үнэ бүхий 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг U ХХК-аас авах авлагадаа тооцохоор тохирсон. ХаХХК зөвшөөрч гэрээ байгуулсан атлаа нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөнийг зөвшөөрөхгүй. Тухай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч U ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон орон сууцыг тухай компанийн хүсэлтээр иргэн Б.Б-тэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч U ХХК нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Уг гэрээг дагалдан хийгдсэн орон сууц захиалгын гэрээ мөн цуцлагдана гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Х ХХК болон Б.Б нарын хороонд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 23/18 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Х ХХК нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох 75 250 000 төгрөгийн үнэ бүхий ** дугаар давхрын урд талын 30.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн өдрийн 23/19 дугаар гэрээгээр 109 500 000 төгрөгийн үнэ бүхий мөн давхрын урд талын 43.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус худалдан авагч Б.Б-д хүлээлгэн өгөх, төлбөрийг U ХХК бартер 100 хувь гэж тодорхойлж, U ХХК-тай байгуулсан бартерын гэрээнд тусгагдсан байр бөгөөд захирал Н.У-ийн зөвшөөрлөөр хийсэн болно гэж тусгасан байна.
5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэрээ хүчин төгөлдөр байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.3. Зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д “энэхүү гэрээн U ХХК-тай байгуулсан бартерын гэрээнд тусгагдсан байр бөгөөд захирал Н.У-ийн зөвшөөрлөөр уг гэрээг хийсэн болно” гэснээс үзэхэд U ХХК-ийн хүсэлтээр иргэн Б.Б-тэй Х ХХК нь маргааны эрх зүйн баримт бичиг болох орон сууц захиалгын гэрээг байгуулж, уг гэрээнд төлбөр төлөх нөхцөлийг “100 хувь бартер”, үлдэгдэл төлбөр “0” гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасанд нийцэх бөгөөд нэхэмжлэгч Б.Б хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
5.4. Хариуцагчийн “U ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдана” гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагч Х ХХК болон U ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа тусдаа бөгөөд уг гэрээ цуцлагдсан явдал нь нэхэмжлэгчийг гэрээний үнийг төлсөн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй юм.
5.5. Түүнчлэн, хариуцагч Х ХХК нь гэрээг цуцлах мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ийнхүү хариуцагч Х ХХК гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах журамд нийцээгүй байх тул тэрээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй.
5.6. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар **дугаар давхрын урд талын 30.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн давхрын урд талын 43.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болно.
5.6. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч Х ХХК-д дээрх хоёр ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлэхийг даалгах нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасанд нийцнэ.
5.7. Хариуцагч нь маргааны зүйл болох хоёр ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцсон” гэж тайлбарлан, холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.8. Энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан атлаа давхардуулан бусдад шилжүүлэхээр тохиролцсон явдал нь гэрээ заавал хэрэгжих зарчимд нийцэхгүй юм.
5.9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-д *** дугаар давхрын урд талын 30.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн давхрын урд талын 43.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 081 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 081 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ