2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09922

 

2025              11             27                                                 192/ШШ2025/09922                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, М.Т /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Г.М /РД:**/-т холбогдох,

 

Борлуулж солилцсон автомашин буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Т миний бие 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн аав Б.М-ын ** ХЭҮ, ** арлын дугаартай БОНГО З машиныг Г.М-ын санал тавьсны дагуу түүний эзэмшлийн ** арлын дугаартай **УБЦ, Субару Форестор мөнгөлөг өнгөтэй суудлын машинаар солихоор тохиролцсон болно. Уг өдөр Субару машины эзэн М нь машинаа солъё 14 хоног хөдөө явах ажил байна ирээд гэрээгээ хийе гэж гуйж солилцох машин субаругаа үлдээж, миний машин бонгог унаад явсан болно. Миний бие зөвшөөрсөн шалтгаан нь аавын нэр дээрх машиныг энэ хугацаанд итгэмжлэх хийлгээд бэлдэж байя гэж бодоод зөвшөөрсөн ингээд аман наймаа хийгдсэн. Өгч явуулахын өмнө Субару машинд ямар эд анги солих шаардлага байгаа тухай тодруулахад Холимогын хаалт гэдэг зүйлийг солиод л өөр асуудал байхгүй хэмээн хэлсэн. Ингээд миний ажлын байдлаас болж уг машиныг анх байрлуулсан байрнаас хөдөлгөөгүй болно. Батлах боломжтой. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нотариат орж гэрээ хийсэн. Уг машин субаруг хөдөлгөөгүй байж байгаад гэрээ хийснээс хэд хоногын дараа асаатал асаад унтарсан болно ингээд үзүүлтэл мотор нь шатсан буюу түр аргалсан машин болж таарсан. Энэ хүртэл уг машиныг байрнаас нь хөдөлгөөгүй оролдоогүйг батлах гэрч байгаа. Ингээд субаругын эзэн М-т холбогдож зарж сольсон машины эвдэрлийг үнэн хэлээгүй намайг хуурч хохироосон тухай хэлж уулзахыг удаа дараа хүссэн боловч энэ хүртэл тодорхой шийдэлд хүрсэнгүй. Иймд М.Т миний бие өөрийн БОНГО 3 машинаа буцаан авч Субару форестор машиныг нь эргүүлэн өгөх хүсэлтэй байна. Субару машины эзэн наймаа хийхдээ машины эвдрэлийг үнэнээр хэлээгүй эвдэрсэн машин борлуулсанд гомдолтой байна. Энэ асуудлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.М миний бие 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ** УБЦ улсын дугаартай Субару Форестер /арлын дугаар **/ монголог өнгөтэй суудлын машинаа "HULEGU MOTORS" субару автомашины засварын газар очиж үзүүлсэн бөгөөд тухайн үед машинаа тэвштэй машинаар солих бодолтой байгаа тухайгаа ярихад засварын газрын залуу манай найз М.Т-жийн ** ХЭН улсын дугаартай БОНГО 3 /арлын дугаар **/ маркийн автомашин байгаа та үзээч болохоор бол сольё гэж санал тавьсан. Тэгээд манай машиныг засварчин залуу унаж шалгаж үзээд боломжийн байна гээд М.Т руу утсаар яриад машинаа солих уу гэж ярьж асуухад зөвшөөрсөн бөгөөд тухайн үед хоёр тал аль аль нь солилцож буй автомашинууд засвар шаардлагатай гэмтэлтэй гэдгийг мэдэж байсан учир эвдрэл гэмтэл гарвал өөрсдөө хариуцаж засах талаар тохиролцсон. М.Т надад "би засаад зарна" тиймээс Улаанбаатарын дугаартай нь авмаар байна гэсэн. Иймд би тухайн үед автомашинаа харилцан солилцож байгаа учир улсын дугаарыг тус машинд хамтатган тооцож ярьж тохирсноороо сольё оо гэж зөвшөөрсөн. Субару Форестер автомашин миний нэр дээр байдаг ч төрсөн эгч Г.Ө, хүргэн ах З.Г нарын машин учир сольсон машинаа унаад Архангай аймгийн Хайрхан сум руу явсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хөдөөнөөс ирж М.Т-ийн зав М-тай холбогдоход Хэнтий аймагт нотариат орж, хүү М. Т-доо итгэмжлэл хийж gmail хаягаар явуулсан. Тэгээд Т надад итгэмжлэл хийж өгөн наймаа хийсэн тул 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүргэн ах 3. Г-д тус автомашиныг шилжүүлж өгсөн. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдөр М.Т-оос авсан "Бонго 3" машины мотор эвдэрч Улаанбаатар хотын Өгөөмөр захаас тус автомашины моторыг 5.800.000  төгрөгөөр худалдан авч солиулсан. Өөрөөр хэлбэл, анх хоёр автомашинаа солилцохоор тохиролцох үедээ ярьж байсны дагуу сольж авсан "Бонго 3" автомашинд эвдрэл гарахад бид өөрийн зардлаар тухайн машины эвдрэлийг засуулж авсан. Нэхэмжлэгч талаас миний сольсон автомашины мотор эвдэрсэн гэх үндэслэлээр автомашины буцаан солих нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн автомашин ч мөн эвдрэл гэмтэлтэй байсан бөгөөд анх гэрээ байгуулахаасаа өмнө эвдрэл гэмтэл гарч болохыг хоёр тал хоёулаа мэдэж байсан. Тиймээс эвдрэл гарсан тохиолдолд өөрсдөө хариуцан засуулж авна гэж тохирсон учраас "Бонго 3" автомашины мотор эвдрэхэд бид өөрсдийн мөнгөөр тус машины моторыг солиулж тавьсан. Хэрэв нэхэмжлэгч талаас солилцсон автомашинаа буцаан авах хүсэлтэй байгаа бол тухайн шаардлагыг биелүүлэн солилцсон автомашинаа солилцоход бэлэн байгаа хэдий ч нэхэмжлэгчтэй солилцсон "Бонго 3" автомашины мотор эвдэрч, түүнийг худалдан авч солиулсан 5.800.000 гаргуулан авах хүсэлтэй байна...” гэв.

 

3. Хариуцагч нь дээрх үндэслэлээр 5 800 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...авто машиныг хүлээлгэн өгсний дараа үүссэн гэмтэл...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Авто тээврийн хэрэгслийн техник хяналтын дүгнэлтийн хуудас гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Г.М-т холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр солилцсон машинаа буцааж, хариуцагчийн Субару форестор машиныг буцаан өгч, өөрийн Бонго3 машиныг эрүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...өөрийн аав Б.М-ын нэр дээр байсан Бонго3 машиныг итгэмжлэлийн дагуу хариуцагч Г.М-т шилжүүлж, хариуцагчаас Субару форестор машиныг авсан боловч хариуцагчийн машин эвдрэлтэй байгаа тул наймаагаа буцаана...” гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг солилцох үед хэн алиных нь тээврийн хэрэгсэл гэмтэлтэй, засвар шаардлагатайг мэдэж байсан. Нэхэмжлэгчээс авсан Бонго3 маркийн тээврийн хэрэгсэлд шинээр 5 800 000 төгрөгөөр моторт авч суурилуулсан байгаа тул моторын үнийг буцаан өгвөл, машиныг харилцан буцаахад татгалзахгүй гэж тайлбар гаргаж, улмаар дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс 5 800 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан.

 

5. Хэргийн баримтаар хариуцагч Г.М нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч М.Т-д ** УБЦ улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг 6 сарын хугацаатай олгосон байна.

 

6. Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч М.Т-ийн эцэг Б.М-ын эзэмшилд бүртгэлтэй ** ХЭҮ улсын дугаартай KIA маркийн тэвштэй авто машиныг нэхэмжлэгч М.Т нь итгэмжлэлийн дагуу хариуцагч Г.М-т шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

 

7. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

 

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Т нь өөрийн нэрийн өмнөөс бус, харин эцэг Б.М-аас олгосон итгэмжлэлийн дагуу түүний нэрийн өмнөөс хариуцагч Г.М-тай Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээг байгуулсан байна. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. 

 

9. Гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг талууд харилцан өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар маргаагүй. Харин гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа харилцан буцаахаар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон болно.

 

10. Дээрх гэрээнээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгч Б.М-т бий болох бөгөөд уг хэлцлээс татгалзах, шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Б.М-аас нэхэмжлэгч М.Т-д олгоогүй тул тэрээр хариуцагч Г.М-т холбогдуулан энэ талаар шаардлага гаргах эрхгүй болно.

 

11. Түүнчлэн, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан ба мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан.

 

12. Хариуцагч Г.М-ын “...хоёр тал аль аль нь солилцож буй автомашинуудыг засвар шаардлагатай гэмтэлтэй гэдгийг мэдэж байсан учир эвдрэл гэмтэл гарвал өөрсдөө хариуцаж засах талаар тохирсон...” гэх тайлбарыг нэхэмжлэгч М.Т няцаагаагүй.

 

13. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан дээрх тохиолдолд гэрээний талуудын хэн аль нь доголдлын талаар шаардлага гаргах эрхгүй болно.

 

14. Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Т-ийн хариуцагч Г.М-т холбогдуулан гаргасан солилцсон машинаа буцааж, Бонго3 машиныг эрүүлэн авах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.М-ын нэхэмжлэгч М.Т-д холбогдуулан гаргасан 5 800 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ