Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2020/02214

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02214

 

 

 

Ш.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02185 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Я-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ болон хоёрдах дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 31-ний өдрийн 102/Ш32017/00358 дугаар захирамжаар М- ХХК, Ү.У нараас 141 872 337 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор захирамжилсан. Хариуцагч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Я-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25-ын 2 дугаар байрны 000 тоот, 37,83 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 180/17281130 тоот тушаалаар хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчин томилсон, томилогдсон үнэлгээчин дээрх орон сууцны үнийг 68 145 200 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээчин томилох талаар болон үнэлгээний тайланг өмчлөгч Ш.Я-д огт мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.3, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг ноцтой зөрчсөн тул барьцаа хөрөнгийг 68 145 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн дээрх хууль бус үнэлгээгээ үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас миний сууцыг анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, дахин 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахад 48 000 000 төгрөгөөр борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 сарын 18-ны өдрийн 4/18235 дугаар албан мэдэгдлээр 2020 оны 5 сарын 29-ний өдөр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлнэ гэх мэдэгдлийг өгсөн. Иймд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн үнэлгээг үндэслэл болгон, мөн хууль зөрчиж барьцаа хөрөнгийг битүүмжпэх, хураах, үнийн санал авах ажиллагааг өмчлөгчид мэдэгдэлгүй явуулж, албадан дуудлага худалдаанд хөрөнгийг оруулсан байх тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-00- дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 000 тоот орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 157/02 дугаар тогтоолоор битүүмжпэн, 2020 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 180/17281130 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нар,төлбөр авагч болон өмчлөгч Ш.Я-д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/5343, 4/5866 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Ү.У 120 000 000 төгрөгөөр үнэлсэн, өмчлөгч Ш.Я- үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Хас банк ХХК үнийн санал ирүүлээгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан. Иймд 2020 оны 127 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд сууцыг 68 145 200 төгрөгөөр үнэлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нарт 2020 оны 4/7161, 4/7162 дугаар мэдэгдлийг биечлэн гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 4/11179, 4/1177, 4/02 дугаар тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 5/01 дугаар тогтоол, 4/16072, 4/16073 дугаар мэдэгдлийг талуудад баталгаат шуудангаар хүргүүлсэн, өмчлөгч Ш.Я- нь биеийн байдал муу гардан ирэх боломжгүй гэсэн тул тэмдэглэлээр баталгаажуулж мэдэгдэхэд хүргэн хүү Н.Бат-Эрдэнийг явуулж гардан авсан. Хоёрдахь албадан дуудлага худалдаагаар сууц нь 48 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5. дах хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0358 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хоёр дахь албадан дуудлага худалдаа зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Я-гийн өмчлөлийн БГД-ийн 8-р хороо, 4-р хороолол, 25/2-р байрны 000 тоот 1 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэхдээ талуудын тохиролцоог хийлгэлгүйгээр шууд үнэлгээ томилж дүгнэлт гаргуулсан ба нэхэмжлэлийн энэ хэсэгт хариуцагч үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаагүй хуулийн дээрх шаардлагуудыг зөрчсөн. Тохиролцоо хийсэн болон хийгдээгүй талаар албан ёсны баримт байхгүй, төлбөр төлөгч талаас байрыг 120.0 сая төгрөгөөр үнэлэх саналаа албан ёсоор хүргүүлсэн байхад төлбөр авагчийн тайлбар татгалзал болон хамтран төлбөр төлөгч талын саналыг албан ёсоор авч тохиролсон тохиролцоогүйг шийдвэрлэх хуулийн дээрх шаардлага зөрчигдсөн. Шүүгчийн захирамжид барьцааны эд зүйл болох БГД-ийн 8-р хороо, 4-р хороолол, 25/2-р байрны 000 тоот 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан заалт байхгүй бөгөөд жагсаалтаар 13 ш техник хэрэгслээр 141 872 337 төгрөгийн үүргийг хангахаар талууд эвлэрсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь зөвхөн дээрх 13 техник, машин механизмаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар явагдах ёстой. Хоёрдах дуудлага худалдааг яагаад хүчингүй гэж үзэж байгааг үндэслэл нь анхнаасаа үнэлгээ болон эвлэрэл баталсан захирамж /эвлэрлийн гэрээ/-д байрны үнэлгээг тохироогүй, оролцуулалгүй эвлэрсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь захирамжийн хүрээнээс хальж явагдаж байна гэж эс зөвшөөрч байна. ШШГТХ-ийн 55.7-д заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан эсэх нь тодорхойгүй. Үнэлгээний талаар тухайн үед шүүхэд хандах эрхийн талаар танилцуулаагүй зөрчил байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр эвлэрэл баталсан шүүгчийн захирамжид төлбөр төлөхөөр заасан, төлбөрт шилжүүлсэн болон байрнаас бусад төлбөрт тооцуулах эд хөрөнгийн талаарх баримтуудыг нотлох баримтуудаар гаргуулах, үүнээс одоо хэдэн төгрөг нь төлөгдсөн болон, эдгээр байрнаас бусад хөрөнгөтэй холбоотой ямар ажиллагаа явагдсан талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал ИХШШХТХ-ийн 38.6,38.9-д зааснаар гаргасан боловч шүүх хүлээн аваагүйд гомдолтой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр, буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Я- нь хариуцагч Н-т холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25/2 байрны 000 тоот 37,83 м.кв талбайтай сууцыг 68 145 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, хоёрдах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 19,20/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1032 дугаар захирамжаар төлбөр төлөгч М- ХХК, Ү.У нараас 141 872 337 төгрөгийг гаргуулж , Хас банк ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхээр, хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2 үл хөдлөх эд хөрөнгө, 7 ширхэг техник хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 22-23 /

 

Төлбөр төлөгч М- ХХК, Ү.У нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Y-00- дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 байр, 000 тоотын 37,83 м.кв, 1 өрөө сууцыг 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 127/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 180/17281130 тоот тогтоолоор хурааж, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 127 тоот тогтоолоор шинжээч томилон үнэлгээ хийлгэжээ. /хх 33,40, 49/

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь сууцны зах зээлийн үнийг 68 145 200 төгрөгөөр тогтоосон. /хх 51/ Шинжээчийн тогтоосон үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 4/7161 тоот бичгээр нэхэмжлэгчид гардуулсан байна./хх 69/

 

Төлбөр төлөгч Ү.Уаас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр худалдан борлуулах хүсэлтэй болохоо илэрхийлсэн, төлбөр төлөгч М- ХХК, өмчлөгч Ш.Я- нар үнийн саналаа ирүүлээгүй байна. /хх 46/ Төлбөр авагчаас 120 000 000 төгрөгийн үнийн саналыг зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгчээс сууцыг үнэлсэн үнэлгээний тайланг танилцуулаагүй, үнийн санал авах ажиллагааг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр явуулж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан гэх боловч энэ талаарх хариуцагчаас гаргасан баримтыг няцааж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолоогүй болно.

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 4/1179 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч М- ХХК-д, мөн өдрийн 4/1177 тоот мэдэгдэх хуудсыг Ү.У, өмчлөгч Ш.Я- нарын хаягаар шуудангаар хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан. /хх 73-77/

 

Анхны дуудлага худалдаагаар Ш.Я-гийн өмчлөлийн орон сууц худалдан борлогдоогүй учир хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож, иргэн Т.Ж 48 000 000 төгрөгөөр худалдан авсан байна./хх 80-85, 90-95/ Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг өмчлөгч, төлбөр төлөгчид мэдэгдэж, хоёр дах дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт ...Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно ...Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно... гэж заасантай нийцсэн.

 

Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно.

 

Өөрийн өмчлөлийн хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангасан өмчлөгч Ш.Я-гийн хохирлоо холбогдох этгээдээс шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ш.ОЮУНХАНД