| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04602/И |
| Дугаар | 192/ШШ2025/08782 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08782
2025 10 30 192/ШШ2025/08782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоотод оршин суух, Ч.Г /РД:**/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоотод оршин суух, Т овогт Б.А /РД:**/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 398 406 780 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 300 490 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.А нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр надаас 170 000 ам.доллар буюу 485 180 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй бэлнээр зээлдэж авсан юм. Б.А зээлийн хүүг 2022 оны 06 дугаар сар хүртэл төлөөд 2022 оны 06 дугаар сараас эхлэн хүүгээ төлөхөө зогсоосон. Энэ үед Б.А нь ноолуур авсан байгаа, цар тахлаас хамаарч хил хаагдсан тул ноолуураа борлуулж чадахгүй байна гэсэн тайлбар өгч байсан. Ингээд хил нээгдэхээр ноолуураа зараад мөнгөө хүүтэй нь төлнө гэдэг байсан боловч одоо болохоор зээлээ төлөхөөс зугтаж, утсаа авахаа байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.А нь уг зээлийн гэрээг мөнгө тоолж аваад өөрийн гараар бичиж надаар гарын үсэг зуруулж надад хадгалуулсан. Энэхүү 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулна, 282.1-д заасан зээлийн гэрээний хүүг харилцан тохиролцоно гэж заасны дагуу сарын 3 хувийн хүү тохирч зээлдүүлсэн. Энд нэг зүйлийн алдаа гарсан зээлийн гэрээг хийхдээ 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн боловч оныг нь андуурч 2020 гэж бичсэнийг тухайн үедээ анзаараагүй болно. Гэвч А нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 170 000 доллар буюу тухайн өдрийн ханшаар тооцож 485 180 0000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан ба гэрээний дагуу дараа саруудын 9-ний өдөр 3 хувиар тооцож хүүгээ төлж байсан баримтуудаар нотлогдоно. Мөн 170 000 долларыг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн банкны ханшаар тооцоход 485 180 000 төгрөг болж байгаа зэргээс харахад оноо андуурч бичсэн нь нотлогдоно. Хариуцагч гэрээний хугацаанд зээлийн хүүд 115 861 597 төгрөг, үндсэн зээлд 234 615 259 төгрөг, нийт 350 476 856 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 280 568 164 төгрөг, зээлийн хүү 117 838 616 төгрөг, нийт 398 406 780 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэлцэлд 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэсэн огноо байхад нэхэмжлэлд 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэж худал огноо тавьсан байна. Энэ утгаараа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шаардах эрхгүй болсон. Хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан байна. Б.А миний бие сэтгэцийн түр зуурын сааталд ороод эмнэлэгт хэвтэж байх үедээ хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг зурсан хэлцэл байгаа юм. Ч.Г ах ирээд гарын үсэг зуруулсан, ямар бичиг, юун хэлцэл, хэдийн тоо байсныг нь би одоо хүртэл санадаггүй юм. Аль эмнэлэгт хэвтэж байснаа ч би санадаггүй юм. Тархин дотор 2 ширхэг уйланхай үүссэн. Авто ослын уршиг хожим илэрсэн. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн /56.1.8/, гэрээний 1 хувийг надад өгөөгүй /42.7/, нотариатаар батлуулаагүй /42.11/, хугацаа тавиагүй /281.1/, тохироогүй. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уг хэлцлийг яг энэ өдрөө биш хожим 2022 оны 7,8 сард Б.А миний биеийн эрүүл мэнд муудсан артерийн даралт 220 хүрч үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадамжгүй эмнэлэгт дэнтэй дунтай хэвтэж байх үед Ч.Г ах ирж гарын үсэг зуруулсан. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан бол хуулиараа /281.1/ мөнгө нь шилжиж орж ирсэн байх ёстой тэгэхэд мөнгө орж ирээгүй байна. Бид 2 бие биеийнхээ нэг нэг дансаар л харьцдаг байсан. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргана. Биеийн байдал муудахаас өмнө би Ч.Г ахаас мөнгө зээлж мөнгийг нь өсгөөд өгдөг байсан. Ах дүү 2 шиг л байсан. Би Ч.Г ахаас 120 орчим сая төгрөг зээлж аваад 350 000 000 болгоод өсгөөд өгсөн. Энэ тухай банкны баримт байгаа. Ч.Г нэхэмжлэлдээ 485 180 000 төгрөг гэсэн тоог яаж гаргаж ирснийг ойлгохгүй байна. "сар болгон төлөх ёстой хүүг 14 сараар үржиж” гэх шиг. Хүүнээс хүү тооцоод байгаа юм уу хаашаа юм бэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анзын гэрээг бичгээр хийнэ, үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна. 120 000 000 төгрөг зээлж аваад 350 000 000 болгоод төлсөн байгаа гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А би хариуцагч Ч.Г-аас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд цувуулж нийт 136 310 000 төгрөгийг аман хэлцлээр зээлдэж аваад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 436 800 000 төгрөг болгож төлөөд дуусгавар болсон. Илүү төлсөн 300 490 000 төгрөгөө буцаан авах нэхэмжлэл гаргаж байна. Ч.Г надаас энэ дуусгавар болсон хэлцлээр дахин зээлийн үлдэгдэл 280 568 164 төгрөг, түүний хүү 117 838 616 төгрөг, нийт 398 406 780 төгрөг нэхэмжилсэн байна. Миний зээлдсэн мөнгө 136 310 000 төгрөг байхад өсөөд үндсэн зээл 280 568 164 төгрөг болчихсон байгаа. Бичгээр гэрээ хийгээгүй байхад хүү гэж 117 838 616 төгрөг нэхээд байгаагаас үзэхэд Ч.Г үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 300 490 000 төгрөгийг надаас илүү авсан. Би түүнд үүрэггүй атлаа 300 490 000 төгрөгийг илүү төлсөн байна гэж ойлгож түүнийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний сөрөг нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдож байгаа. Нэг л багц мөнгөний асуудал яригдаж байгаа. Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэж үзнэ. Надад үүрэг үүсээгүй, аман хэлцэл байсан. Хожим намайг эмнэлэгт бие сэтгэцийн түр зуурын сааталд орсон үед Ч.Г ирж бичүүлж гарын үсэг зуруулсан. Уг хэлцэл нь хийсэн үеэсээ л хүчин төгөлдөр бус байсан. Мөнгө аваад буцааж төлөөд дуусгавар болсоны дараа хийсэн хэлцэл. Учир нь уг хэлцлийг хэлцэл дээр тавьсан өдөр буюу 2020 оны 05д угаар сарын 09-ний өдөр байгуулаагүй. Ч.Г-ын нэхэмжлэлд дурьдсан 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ч байгуулаагүй. Энэ өдрүүдэд зээлдэгч Ч.Г мөнгө өгөөгүй, шилжүүлээгүй. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ч бай гэрээ байгуулсан бол хуулиараа /281.1/ мөнгө нь шилжиж орж ирсэн байх ёстой тэгэхэд мөнгө орж ирээгүй байна. Гэрээний 1 хувийг надад өгөөгүй /42.7/, нотариатоор батлуулаагүй /42.11/, хугацаа тохироогүй /281.1/. Хүү бичгээр шаардаагүй /283.1/. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн /56.1.8/ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ч бай уг хэлцлийг яг энэ өдрөө биш хожим 2022 оны 08 дугаар сард 3 дугаар эмнэлэгт хэвтэж байхад, эсхүл 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед Ч.Г ax ирж Б.А миний бие сэтгэцийн түр зуурын сааталд орсон, хүсэл зоригоо илэрхийлэх чадамжгүй болсон, юм санахгүй, мэдэхгүй үед ирээд гарын үсэг зуруулсан. Ямар бичиг, юун хэлцэл, хэдийн тоо байсныг нь би одоо хүртэл санадаггүй юм. Би 2022 оны 08 дугаар сард Улсын гуравдугаар төв эмнэлэгт вирусын шалтгаант энцефалит оношоор, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдрэлийн мэс заслын эмч нарын зөвлөгөөнөөр ороод вируст энцефалит, тархмал зүүн чамархайн меотемпорал хэсгийн энцефалит оношоор, 2022 оны 10дугаар сарын 18-ны орой 16 цагийн үед ухаан алдаж унаж татсан, унаснаа өөрөө мэдээгүй, унах үед хэлээ хазсан байсан, булчин чангарсан татсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн хэвтэж байсан. Авто ослын уршиг хожим илэрсэн. Намайг учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон, сэтгэцийн түр зуурын сааталд орсон үед гарын үсэг зуруулсан хүчин төгөлдөр бус хэлцэл /56.1.7/ гэж үзнэ. Ч.Г ахаас 170 000 ам.доллар буюу 485 180 000 төгрөгийг би бэлнээр авч байгаагүй. Ах надад тэр их мөнгийг баримтгүй, банкны шилжүүлгээр бус, гэрчгүй өгнө гэж байхгүй. Ч.Г ах Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Газар тариалангийн Буудай санд хариуцлагатай ажил алба хашиж явсан хүн. Б.А би өвдөхөөсөө өмнө анх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 28 310 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 02дугаар сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 8 000 000 төгрөг 6 удаагийн Ч.Г-ын Хаан банкны ** тоот дансаар өөрийн ** тоот дансанд нийт 136 310 000 төгрөг авч байсан. Миний дансны хуулгаас харагдаж байгаа. Ч.Г-аас авсан 136 310 000 төгрөгийг 436 800 000 төгрөг болгож 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 11 удаагийн шилжүүлгээр буцаан төлсөн. Дансны хуулга байгаа. Ч.Г нэхэмжлэлдээ 398 406 780 гэсэн тоог яаж гаргаж ирснийг ойлгохгүй байна. "сар болгон төлөх ёстой хүүг 14 сараар үржиж" гэх шиг. Хүүнээс хүү тооцоод байгаа юм уу хаашаа юм бэ. Миний буцаан төлсөн мөнгийг хүүнд төлсөн гэж тооцсон байна. Ямар банк биш дээ. Ч.Г миний өгсөн мөнгөнөөс 77 000 000 төгрөгийг ор тооцолгүй орхигдуулсан байна. Заримыг нь хасч хуваагаад хүү гэж буруу тооцжээ. Хүснэгтэнд "үгүй" гэж тэмдэглэсэн болно. Дансны хуулгаар бол миний авсан мөнгө 136 310 000 төгрөг, төлсөн мөнгө 436 800 000 төгрөг, би 300 490 000 төгрөг илүү төлсөн. Түүнийгээ л авах нэхэмжлэл гаргаж байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр эрхэлнэ гэж заасан байхад Ч.Г нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа надаас мөнгө илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ. Ч.Г 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 485 180 000 төгрөгийг бэлнээр Б.А-д хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Ч.Г-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжиж надаас авсан 300 490 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. 492.1.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нь сөрөг шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие шүүхэд зээлийн гэрээг эх хувиар нь нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар гаргаж өгсөн. Уг зээлийн гэрээг зээлдэгч А нь мөнгө тоолж аваад өөрийн гараар бичиж надаар гарын үсэг зуруулж надад хадгалуулсан. Энэхүү 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулна, 282.1-д заасан зээлийн гэрээний хүүг харилцан тохиролцоно гэж заасны дагуу сарын 3 хувийн хүү тохирч зээлдүүлсэн. Энд нэг зүйлийн алдаа гарсан зээлийн гэрээг хийхдээ 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн боловч оныг нь андуурч 2020 гэж бичсэнийг тухайн үедээ анзаараагүй болно. Гэвч А нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 170 000 доллар буюу тухайн өдрийн ханшаар тооцож 485 180 0000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан ба гэрээний дагуу дараа саруудын 9-ний өдөр 3 хувиар тооцож хүүгээ төлж байсан баримтуудаар нотлогдоно. Мөн 170 000 долларыг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн банкны ханшаар тооцоход 485 180 000 төгрөг болж байгаа зэргээс харахад оноо андуурч бичсэн нь нотлогдоно. Иймд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 39-40 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн, дууссан зээлийн гэрээг үндэслэн илүү мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах мөн илүү төлсөн 300 490 000 төгрөгийг надаас буцаан гаргуулахаар нэхэмжилжээ. Энд өмнөх жилүүдэд А нь надаас удаа дараа мөнгө зээлээр авч наймаа арилжаа хийж байсан ба буцаан төлж барагдуулж байсан энэ үед ямар ч бичиг баримт үйлдээгүй бөгөөд амаар тохирсон хугацаандаа эргүүлэн төлдөг байсан нь миний итгэлийг төрүүлсэн тул 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр их дүнтэй мөнгө зээлсэн болно. Ихээхэн дүнтэй мөнгө тул Б.А-аас бичгээр баримт хийлгэж авсан. Урьд өмнө зээлж байсан мөнгө болон буцаан төлөлтийг банкны хуулгаар баримтжуулан хавсаргав. Б.А нь урьд өмнийн зээлээ төлж байсан байсан баримтуудаа хавсарган илүү их мөнгө төлсөн мэтээр зальт арга хэрэглэж байгааг баримтаар баталгаажуулан хавсаргав. Үүнд, Эхний удаа 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн давтамжтайгаар 145 357 000 төгрөг зээлж, буцаагаад 9 удаагийн давтамжтайгаар 159 535 000 төгрөгийг /хүүнд 14 178 000 төгрөг/ төлж хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж Б.А-аас 690 000 төгрөгийг төлж зээл дуусгав гэсэн утга бичүүлж тооцоо дууссан байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд 61 000 000 төгрөг зээлж өгөлцөж авалцсан байдаг. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Би яаралтай мөнгөний хэрэг болоод Б.А-аас 50 000 000 төгрөг ээлж аваад өдөрт нь буцаан төлсөн байдаг юм. Харин энэ шүүхээр нэхэмжилж байгаа мөнгө бол 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийж бэлнээр зээлсэн мөнгөний тухай болохоос урьд өмнөх зээлтэй хольж хутгах шаардлагагүй ба А нь өмнөх зээлийн төлбөрөө холиод бичсэн байсныг хавсралт баримтуудаар нотолж харуулсан болно. Миний хувьд хууль зөрчөөгүй, иргэд хоорондын хүчин төгөлдөр хэлцэл бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу л нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.А-тай байгуулсан гэрээ дуусгавар болоогүй ба гэрээг дуусгавар болгох талаар талуудын хэн нэгнээс санал гараагүй. Гагцхүү Б.А нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хуульд гэрээ гэдэг нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, заавал нотариатаар батлуулах шаардлагагүй, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Б.А нь Иргэний хуулийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бүс хэлцэл гэж дурдсан байна. Иргэний хуулийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хэлнэ гэж заасан байна. Энд ямар ч хэлбэр хууль тогтоомж зөрчөөгүй, халхавчлаагүй, хэн нэгний зөвшөөрөлгүйгээр гэрээ хийгээгүй, гэрээ хийх үед хоёулаа хэрэг хариуцах чадвартай байсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хэлцэл, Б.А-ийн зээл төлөх график ба зээлийг төлсөн тооцоо, Ч.Г-ын Х-ны дансны хуулга, Б.А-ийн тээврийн хэрэгслийн лавлагаа, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, итгэмжлэл, хариу тайлбар, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Прокурорын газарт гаргасан гомдол, Б.А-ийн Х-ны дансны хуулга, Амбулаториор эмчлүүлэгчийн карт, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.
Шүүхээс, нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банк ХК-аас хариуцагч Б.А-ийн ** тоот данс, ** тоот данс болон хаалгасан дансуудын 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 398 406 780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.А-д 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 170 000 ам.долларыг тухайн үеийн ханш 2 854 төгрөгөөр тооцон, 485 180 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлүүлсэн. Хариуцагч гэрээний хугацаанд зээлийн хүүд 115 861 597 төгрөг, үндсэн зээлд 234 615 259 төгрөг, нийт 350 476 856 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 280 568 164 төгрөг, зээлийн хүү 117 838 616 төгрөг, нийт 398 406 780 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас шаардах эрхтэй гэж...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч Б.А нь “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хэлцэл байгуулагдаагүй, нэхэмжлэлд дурдсан 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ч байгуулагдаагүй. 2022 оны 7, 8 сард миний эрүү мэнд муудсан, эмнэлэгт хэвтэж байхад Ч.Г ах ирж гарын үсэг зуруулсан. Тухайн үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, илүү төлсөн 300 490 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч, талууд харилцан маргав.
5. Хэрэгт “2020.5.9-ны өдөр би Б овогтой А Ч.Г-аас 170 000 доллар буюу 2 854 төгрөгөөр 485 180 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлэв. Хүүг сар бүрийн 9-нд төлнө зээлдүүлсэн Ч.Г, зээлдэгч Б.А **, ** УБ хот” гэх бичгийн баримт авагдсан. Уг баримтад зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.1 Нэхэмжлэгч нь дээрх баримтыг “...Б.А өөрийн гараар бичсэн. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн баримт” гэж, хариуцагч нь “2022 оны биеийн эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлэгт сэтгэцийн түр зуурын сааталд орсон үед Ч.Г ирж гарын үсэг зуруулсан баримт” гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
5.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан.
5.3. Хариуцагч Б.А-ийн Х дахь ** тоот данс, нэхэмжлэгч Ч.Г-ын Хаан банк дахь ** тоот дансны хуулгыг харьцуулан судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
5.3.а. Тодруулбал, хариуцагчийн дансанд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “долларын үнэ” гэх утгаар ** тоот данснаас 484 840 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд хариуцагч нь 2021.06.08-ны өдөр “А хүү” гэх утгаар 18 900 000 төгрөг, 2021.07.09-ний өдөр “А хүү” гэх утгаар 15 900 000 төгрөг, 2021.08.10-ны өдөр “а хүү” гэх утгаар 15 000 000 төгрөг, 2021.09.10-ны өдөр “зээлийн төлбөр” гэх утгаар 14 000 000 төгрөг, 2021.10.09-ны өдөр “зээлийн хүү” гэх утгаар 15 000 000 төгрөг, 2021.11.09-ны өдөр “зээлийн хүү А” гэх утгаар 14 000 000 төгрөг, 2021.12.13-ны өдөр “зээл” гэх утгаар 14 000 000 төгрөг, 2022.01.12-ны өдөр “зээл А” гэх утгаар 213 000 000 төгрөг, 2022.06.08-ны өдөр “зээл А” гэх утгаар 20 000 000 төгрөг, 2022.06.29-ны өдөр “зээл А” гэх утгаар 20 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн дансанд шилжүүлжээ.
5.3.б. Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ** тоот данснаас “долларын үнэ” гэх утгаар хийгдсэн 484 840 000 төгрөгийн орлогын гүйлгээг нэхэмжлэгч Ч.Г-аас бэлнээс хүлээлгэн өгсөн гэх 170 000 ам.доллартай хамааралгүй гэж маргаагүй, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
5.3.в. Хариуцагчийн дансанд “долларын үнэ” гэх утгатайгаар 484 840 000 төгрөг орсноос хойших хугацаанд сар бүрийн 9, 10-ны өдрүүдэд “зээлийн хүү” гэх утгаар нэхэмжлэгчийн дансанд төлбөр шилжүүлж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “2021 оны 05 дугаар сарын 09-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 170 000 ам.доллар бэлнээр Б.А-д өгсөн” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн.
5.3.г. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ч.Г нь зээлдэгч Б.А-д 170 000 ам.долларыг 2 845 төгрөгөөр тооцон, 485 180 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэхээр хүсэл зоригоо илэрхийлж, улмаар дээрх нөхцлөөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
5.4. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.
5.4.а. Хариуцагч Б.А нь сэтгэцийн түр зуурын сааталд орсон, эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байхад ирж бичүүлсэн баримт гэж тайлбарлан, амбулаториор эмчлүүлэгчийн карт, хэвтэн эмчлүүлсэн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтаар хариуцагч Б.А нь маргааны эрх зүйн баримт бичиг болох 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг байгуулагдах үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, сэтгэцийн түр зуурын сааталд орсон гэх үндэслэл тогтоогдоогүй.
5.4.б. Өөрөөр хэлбэл, маргааны эрх зүйн баримт бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.
5.5. Талууд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.
5.6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
5.7. Дээр дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч Ч.Г нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 170 000 ам.долларыг хариуцагч Б.А-д шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
5.8. Харин нэхэмжлэгчийн гэрээг жилийн хугацаатай байгуулсан гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн.
5.9. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээнд хугацаа заагаагүй, 3 хувийн хүүтэй гэж тохирсон тул хариуцагч Б.А нь үндсэн 485 180 000 төгрөг болон 3 хувийн хүү 14 555 400 төгрөг, нийт 499 735 400 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Г-д төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.
5.10. Талуудын дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 409 800 000 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “х” гэх утгаар хариуцагчаас шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг өмнөх зээлийн төлбөрт хамаарна гэж тайлбарлах боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
6.1. Хариуцагчийн сөрөг шаардлагын үндэслэл болох “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэх тайлбар дээр дүгнэсэнчлэн үгүйсгэгдсэн бөгөөд хэргийг баримтаар нэхэмжлэгч Ч.Г-аас 300 490 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Г-д 300 490 000 төгрөгийг илүү төлсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.7, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А-аас 89 935 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 308 471 380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 300 490 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 149 984 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 523 850 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 607 627 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ