| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2313002200317 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
Х.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/147 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Г-, Ж.Е-, Ж.М- нарт холбогдох эрүүгийн 2313002200317 дугаартай, 3 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч Х.Г-, Ж.Е-, яллагдагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, А.Серикжан, С.Нургайып, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Клара, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, *************** ажилтай, ам бүл **хүнтэй, ******** хамт ******************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овгийн Х.Г-, РД:**********.
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ************** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ******** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ************ тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялаар шийтгүүлж байсан, М овогт Ж.М-, РД: **********.
3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ******** ажилтай, ам бүл ** хүнтэй, *********** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Ж.Е-, РД:***********.
4.Холбогдсон хэргийн талаар:
4.2. Яллагдагч Ж.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г-тай бүлэглэн хамтран оролцож, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “номын фонт” утгаар 450,000 төгрөг, “нүүрсний үнэ” 418,800 төгрөг, 2022 оны 6 сарын 13-ны өдөр “нүүрс, модны үнэ” гэсэн утсаар 396,000 төгрөгийг “А” ХХК-ний эзэмшлийн Хаан банкин дахь ************ тоот дансанд шилжүүлэх гүйлгээнд гарын үсэг зурж улмаар цэцэрлэгийн төрийн сангийн данснаас “А” ХХК-ний эзэмшлийн Хаан банкин дахь ************ тоот дансанд шилжүүлсэн нийт 868,800 төгрөгийг тухайн өдрөө “А” ХХК-аас өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ************ тоот дансаар шилжүүлэн авч, үүнээс 425,000 төгрөгийг Х.Г-гийн данс руу, 420,000 төгрөгийг өөрийн төрөл садангийн хүн болох А.Д-ны данс руу тус тус шилжүүлснээр нягтлан бодогчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Х.Г-д 450,000 төгрөгийг хувьдаа ашиглах болон өөрийн төрөл, садангийн хүн болох А.Д-д тус цэцэрлэгт бараа материал нийлүүлэх давуу байдлыг бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
4.3. Яллагдагч Ж.Е- нь Өлгий сумын **цэцэрлэгт нярваар ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г-, нягтлан бодогч Ж.М- нар нь цэцэрлэгт номын фонд худалдаж аваагүй болохыг мэдсээр байж, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-д номын шүүгээ байсан мэтээр үйлдэж, уг баримтыг хууль сахиулагчид гарган өгснөөр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Х.Г-, Ж.М- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Е-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/147 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, Х.Г- нарт холбогдох эрүүгийн 2313002200317 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
5.1. Яллагдагч Ж.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгч “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдсон байх ба түүнд холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” саналаа Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт бичгээр гаргаж, улмаар прокуророос 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2313002200317 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдсэн нь хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хамаарахгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд нийцээгүй байна.
5.2. Мөн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Е-г эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь талд авагдсан, хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан тус аймгийн Өлгий сумын **хүүхдийн цэцэрлэгийн “Ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл” бүхий 3 хуудас баримт, түүний дотор мөн хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан “...бүртгэл”-ийн “дэс дугаар 4. Эд хөрөнгийн нэр Шкаф, чанар нь сайн, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 450,000, бүгд 450,000, он сар өдөр 2023” гэснийг яллагдагч Ж.Е- өөрөө бичиж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч тус үйл баримтыг нотлох баримтаар яллагдагч Ж.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: 8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан тул эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан “...бүртгэл”-ийн “дэс дугаар 4. Эд хөрөнгийн нэр Шкаф, чанар нь сайн, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 450,000, бүгд 450,000, он сар өдөр 2023” гэснийг яллагдагч Ж.Е- өөрөө бичсэн эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
6. Прокурорын эсэргүүцэлд:
6.1.Шүүгчийн захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
6.2. Яллагдагч Ж.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байх ба түүнд холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд нийцээгүй гэх боловч тус хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн яллагдагч Х.Г-, Ж.М-, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн яллагдагч Ж.Е- нарын үйлдэл нь өөр хоорондоо уялдаа холбоотой байсан тул тусгаарлах шаардлагагүй гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хөндөөгүй гэж дүгнэж байна. Учир нь тус хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Ц.Цэвэгмэд нь Өлгий сумын **цэцэрлэгийн эрхлэгч Х.Г-, тус цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.М- нарт холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад нярав Ж.Е- нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж мөрдөгч, комиссарт өгсөн үйл баримт тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл мөрдөгч, комиссар Ц.Цэвэгмэдийн хувьд яллагдагч Ж.Е-н дээрх үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрөө илрүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.Е-н хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн.
6.3. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зарим төрлийн хэргийг хамт шалгаж улмаар шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДШМ/1372 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаартай тогтоол гэх мэт/
6.4.Прокуророос яллагдагч Ж.Е-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ яллах талын дараах нотлох баримтуудыг дурдсан. Тодруулбал:
- Гэрч А.Е-ын дахин өгсөн “...Би “А” ХХК руу шилжүүлсэн 450,000 төгрөгөөр хийлгэсэн номын фонд хаана байгаа талаар нярав Ж.Е-аас асуухад тэр эхлээд “энэ талаар мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цахим мэдээллээс харахад энэ компани руу 450,000 төгрөг шилжүүлсэн байна. Хүлээн авсан номын фонд нь хаана, хэнд байгаа бэ Авлигатай тэмцэх газраас энэ талаар шаардаж байна” гэж хэлэхэд тэр надад “энэ компаниас авах ёстой номын тавиурыг манай нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М- нь одоо хүртэл өгөхгүй байгаа” гэж өнөөдөр өглөө 10-11 цагийн үед хэлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад Ж.Е- нь нягтлан бодогчийн эд хөрөнгийг бүртгэсэн талаарх гар бичмэлтэй, цэнхэр өнгийн балаар бичсэн эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг надад харуулсан. Тухайн үед харж байхад танд хэлсэн 450,000 төгрөгийн үнэтэй номын фонд байхгүй байсан. Ж.Е- нь хуучин нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М- рүү миний хажууд залгасан боловч тэр утсаа аваагүй, тэгэхээр нь би гэрт нь очоод энэ номын фондын талаар Авлигатай тэмцэх газраас асууж байна гээд энэ тавилга хаана байгааг асуугаарай гээд хэлээд явуулсан ба 12 цагийн үед Ж.Е-тай уулзсан. Түүнтэй уулзахын өмнө та надтай утсаар яриад нягтлан бодогчийн бүртгэлийг аваад ир гэж хэлсэн тул Ж.Е-г дуудаж нягтлан бодогчийн эд хөрөнгө бүртгэсэн бүртгэлийг танд өгөх гэж байгаа талаараа хэлээд авсан. Тэгэхэд тэр надад юу ч хэлэхгүйгээр өгөөд явсан. Харин та нягтлан бодогчийн эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн 3 дахь хуудас дээр 4 дугаарт Шкаф/, сайн/, ш/, 1/, 450,000/, 450,000/, 2023 онд/ гэсэн бүртгэлийг хэн бүртгэсэн талаар асууж, бүртгэлийн хуудсыг харуулах үед л өнөөдөр шинээр нэмж бичсэнийг харсан. Ж.Е- энэ бүртгэлийг надад үзүүлчхээд аваад Ж.М-ийн гэр лүү явах хугацаанд л шинээр бичсэн байх гэж бодож байна. Энэ бүртгэлийг нярав Ж.Е- нь надад өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн үед үзүүлж байхад энэ бүртгэл бичигдээгүй байсан. Мөн би энэ ажлыг аваад 2023 оны 6 дугаар сард бүртгэж байхад энэ номын тавиур байгаагүй. Мэдээж энэ баримтыг Ж.Е- авч явж байсан, тэр хариуцдаг тул өөрөө бичсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1 дүгээр ХХ-ийн 46-47 дугаар хуудас/, - Тус аймгийн Өлгий сумын **цэцэрлэгийн нярав ажилтай Ж.М-ийн хэрэглэж байсан эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл бүхий эд мөрийн баримт /1 дүгээр XX-ийн 94-96 дугаар хуудас/,
-Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл /1 дүгээр ХХ-ийн 136 дугаар хуудас/,
-Яллагдагч Ж.Е-н “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би нягтлан бодогч Ж.М- гэж нэр бичигдсэн “Ажилчин, албан хаагчийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл” нэртэй бүртгэлийн 3 дугаар хуудсанд ... бичигдсэн бүртгэлийг би 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гараар бичсэн. Уг бичиглэл минийх мөн. Тухайн өдөр уг тавиурыг Ж.М- нь надад өгсөн ба тэр уг тавиурыг өгөхгүй байж байгаад тэр өдөр танай Авлигатай тэмцэх газраас шалгаж байгааг мэдээд надад өгсөн. Тухайн номын тавиурыг сандарч байгаад шкаб гээд биччихсэн. Бичих болсон шалтгаан нь байгууллын төсвөөс мөнгө гарч уг номын тавиурыг авч байгаа тул бүртгэл дээр нөхөж бичсэн юм. Ингэж бичсэний хариуд хэн нэгнээс шан харамж аваагүй...” гэх мэдүүлэг 12 дугаар ХХ-ийн 196-197 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг яллах талын нотлох баримт болгон дурдсан.
6.5. Түүнчлэн яллагдагч Ж.Е-н бичгийн хэв загвар нь өвөрмөц, онцлог шинж тэмдэгтэй бөгөөд “Ажилтан албан хаагчдын эд хөрөнгө ашиглалтын бүртгэл”-д бичигдсэн бичвэрийг яллагдагч Ж.Е- бичсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон тул тухайн бичвэрт тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
6.6. Иймд яллагдагч Х.Г-, Ж.М-, Ж.Е- нарын гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
7. Яллагдагч Х.Г-гийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Яллагдагч Х.Г-, Ж.М- нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар С.Цэгмэд хянан шалгах явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Е- гэдэг хүн саад учруулж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг асуудал гарсан. Мөрдөгч, комиссоор С.Цэгмэдийн үйл ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал гарч ирлээ гээд тухайн саад учруулсан нөхцөл байдлыг комиссоор энэ хэрэг дээр нэмж шалгаж, нэгтгээд, хэрийг шүүх рүү шилжүүлэх санал гаргаж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал давхар үүсэж байна. С.Цэгмэдийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой тусдаа гэмт хэрэгт цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дугаар аваад, хэрэг нь тогтоогдвол, энэ асуудал дээр яллагдагчаар татаад, саад учруулсан нөхцөл байдал хуурамчаар нотлох баримт үйлдсэн асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл Ж.М-, Х.Г- нартай холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр мөрдөгч, комиссар С.Цэгмэдийн үйл ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал мөн эсэх асуудлыг тусдаа харьяаллын дагуу өөр субъект шалгаж, тогтоож эцсийн шийдвэр гарсны дараа Х.Г-, Ж.М- нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлэн явуулах ёстой байсан.
7.2. Шүүхийн зүгээс энийг урьдчилж харж байгаа гэж үзэж байгаа. Яллах талын нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шийдэхгүйгээр энэ маргааныг хамтад нь шалгаж байгаа асуудал дээр шүүхийн зүгээс зөв дүгнэлт хийсэн.
7.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хувьд өөр хөндлөнгийн Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага эсхүл Авлигатай тэмцэх газрын өөр мөрдөгч шалгах ёстой гэж үзэж байна. Нэгтгэж шалгаж байгаа асуудал нь үндэслэлгүй, хэргийг тусгаарлаж, харьяаллыг тогтоох ёстой. Тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой гэж үзэж байна.
7.4. Иймд Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулах харьяаллыг зөрчиж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.
8. Яллагдагч Ж.М-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Өмгөөлөгч С.Нургайыпын хэлсэнчлэн яллах дүгнэлтийн ар талд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга дээр Ж.Е-н үйлдэл дээр Х.Г-, Ж.М- нарын үйлдэл холбогдлыг шалгаад явж байх үед хэрэг шалган шийдвэрлэхэд ач холболдол бүхий нотлох баримтыг засварлан, өөрчилсөн, нэмж бичсэн гэдэг зүйл илэрдэг. Энэ тохиолдлыг хуулиар журамласан, бие даасан гэмт хэргийн шинж бий болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд дараах зохицуулалтыг баталж өгсөн.
8.2. Нэгдүгээрт, мөрдөгчөөс прокурорт санал гаргах ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж явж байх хугацаанд дундаас нь бие даасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүслээ, энэ асуудалд харьяалал тогтоож өгөх тухай санал гаргадаг. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харьяалал тогтооно гэж заасан. Энэ зохицуулалтыг би харьяалал тогтоох үүрэгтэй гэж ойлгоно.
8.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудыг дурдсан. 1.Тагнуулын байгууллага, 2.Авлигатай тэмцэх байгууллага, 3. Цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна гэж заасан. Тэгэхээр мөрдөгч санал гаргаагүй, прокурор харьяалал тогтоосон тогтоол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэдгийг зөрчсөн. Тийм учраас шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй.
8.4. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалт байдаг юм байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг нэмж гаргаж байна.
9. Яллагдагч Ж.Е-н өмгөөлөгч Х.Зулхашийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
9.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаар захирамж хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
9.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.11 зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд дурдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ”, мөн хуулийн 30.11 зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 24 цагийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ”. гэж заасан.
9.3. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.**зүйлд заасан холбогдох заалтуудыг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүгчид энэхүү ноцтой зөрчлийг илрүүлээд, шүүгчийн захирамжаар хэргийг буцааж байгаа. Прокурор ноцтой зөрчил биш гэх агуулгаар хандаж байна. Энийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг тогтоосон хуулийн заалтууд байна. Энэ зарчмын заалтуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэж заасан. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
9.4. Иймд хууль тогтоогч дээрх зүйл заалтын 2 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчил гэж хуульчилсан. Энэхүү үндэслэлээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчилд тооцож, хэргийг буцаасан гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан тул хэвээрээ үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
10. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.
11. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын “захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцэлд заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хянаж үзэхэд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчим, оролцогчийн эрхийг хангах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
12. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Цэвэгмид нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2313002200317 дугаартай хэрэгтэй мөрдөн байцаалт явуулаад, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Г-, тус **цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М- нарыг хувьдаа болон бусдад давуу байдлыг бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Ж.Е-г Өлгий сумын **цэцэрлэгт нярваар ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г-, нягтлан бодогч Ж.М- нар нь цэцэрлэгт номын фонд худалдаж аваагүй болохыг мэдсээр байж, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-д номын шүүгээ байсан мэтээр тэмдэглэл үйлдэж, уг баримтыг хууль сахиулагчид гаргаж өгснөөр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт гаргажээ.
13. Прокуророос 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 253 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн байна.
14. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Г-, Ж.М-, Ж.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийг хоёр үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
15. Прокурор уг захирамжийг эс зөвшөөрч 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянавал:
15.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Авлигатай тэмцэх байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан мөн хуулийн 22.1/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.3/Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах/, 22.4/Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5/Хахууль өгөх/, 22.6/Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах/, 22.7/Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх/, 22.8/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 22.9/Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 22.10/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.11/Дураараа аашлах/, 22.12/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 22.13/Хахууль авах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ба мөн зүйлийн 2.2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн Эрүүгийн хуулийн 18.6/Мөнгө угаах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг тус тус явуулахаар мөрдөн шалгах ажиллагааны харьяаллыг хуулиар тогтоосон.
15.2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Цэвэгмид нь яллагдагч Х.Г-, Ж.М- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан харьяаллын дагуу явуулах үед яллагдагч Ж.Е-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэх гэмт хэргийг илрүүлсэн ба тус хэрэгт мөн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан харьяаллыг зөрчин явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” саналаа Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт бичгээр гаргаж, улмаар прокуророос 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2313002200317 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдсэн байна.
15.3. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлөн тогтоолгох тухай ерөнхий журам хэрэгжих бөгөөд мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт даруй хүргүүлж, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоолгох саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэх байжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагууд нь прокурорын хяналтад хуулиар харьяалуулсан болон прокуророос харьяалал тогтоосон гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хэрэв шүүх, прокурор хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, шүүхэд шилжүүлэхээр хуульчилжээ.
15.4. Гэтэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед илрүүлсэн мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны харьяалал тогтоох саналыг прокурорт даруй гаргах хуульчилсан журмыг биелүүлээгүй, прокурор нь хуулийн уг шаардлага хангагдсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хяналт тавиагүй, мөрдөн шалгах ажиллагааны харьяаллыг өөрчлөн тогтоогоогүй байж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн мөрдөгч болон прокурорын үйл ажиллагааг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж тогтоосон боловч мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой төрлийн гэмт хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзахгүйгээр Авлигатай тэмцэх байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар хуульчилсан ба Цагдаагийн байгууллага нь дээрх нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар харьяалал тогтоосон бөгөөд хуулийн 2.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт даруй хүргүүлнэ”, харин 6 дахь хэсэгт зааснаар “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоолгох саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтаар прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох” эрхтэй бөгөөд хуулиар тогтоосон харьяаллыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, мөрдөгч мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг мэдмэгц харьяаллын дагуу шилжүүлэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны харьяалал тогтоолгох саналаа прокурорт гаргаагүй, энэ үйл явцад прокурор хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, харин прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.
16. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэл болох “...эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан “...бүртгэл”-ийн “дэс дугаар 4. Эд хөрөнгийн нэр Шкаф, чанар нь сайн, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 450,000, бүгд 450,000, он сар өдөр 2023” гэснийг яллагдагч Ж.Е- өөрөө бичсэн эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй.” гэж үзсэнийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүх талаас нь, эргэлзээгүй тогтоохоор заасан тул прокурорын “яллагдагч Ж.Е-н бичгийн хэв загвар нь өвөрмөц, онцлог шинж тэмдэгтэй бөгөөд “Ажилтан албан хаагчдын эд хөрөнгө ашиглалтын бүртгэл”-д бичигдсэн бичвэрийг яллагдагч Ж.Е- бичсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон тул тухайн бичвэрт тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн” тухай эсэргүүцлийн үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/147 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ