Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч Л.Э,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1806 0319 61170 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн Өргөөний уулзварын орчим иргэн Л.Э маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед гэр бүлийн хүнтэйгээ Багшийн дээдээс Бөхийн өргөөний чиглэлд явж байхад хойноос машин сигналдаад байсан. Бөхийн өргөөний уулзвар дээр ирээд зогсоход хойноос сигналдаад байсан машин шахаж орж ирээд цонхоо онгойлгоод хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед манай эхнэр хажууд сууж явж байсан. Би цонхоо онгойлгоход манай эхнэр рүү нулимсан. Тэгэхээр нь манай эхнэр салфеткаа шидэхэд хохирогч Л.Э манай эхнэр рүү тосолны сав шидэж нүүр рүү нь оноход эхнэрийн нүдний шил хугарсан. Тэгээд би автобусны буудал дээр зогсоод бууж очиход Л.Э машиныг автобус хаагаад зогссон байсан. Би Л.Э машины цонхыг тогшиход Л.Э нь ухрахдаа миний хөлийг дайраад гарсан. Замын цагдаа ирэхэд би шидсэн тосолны савыг замын цагдаагийн хажууд Л.Энхбодын нүүр рүү шидсэн. Л.Э машин дотроосоо намайг нэг цохисон би зөрүүлээд нэг алгадсан. Замын цагдаа бид хоёрыг салгаад Бөхийн өргөөний зогсоол руу зогсоосон. Би замын цагдаад болсон явдлын талаар тайлбарласан. Тухайн үед манай гэр бүлийн хүн эмчилгээ хийлгэж байсан тэрнээс болоод би жаахан бухимдсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон. Тухайн үед хохирогчийн биед гэмтэл учирсан гэж бодоогүй. Манай эхнэрийн бие гайгүй болохоор нь би хохирогчоос уучлалт гуйсан. Шүүх эмнэлэг дээр очоод үзүүлэхэд манай эхнэр зүгээр байна гэсэн. Би өөрөө үзүүлж чадаагүй. Би нимгэн пүүзтэй байсан болохоор миний хөл дараа нь идээлээд халуурсан. Шүүх эмнэлэгт үзүүлж автын хэрэг гэж дүгнэлт гарсан. Би хохирогчоос олон удаа уучлалт гуйсан. Баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг өгье гэхэд надад эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж өгөөгүй. Бид хоёр өнөөдөр ойлголцоогүй учир энд ингээд зогсож байна гэв.

Хохирогч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18-19 цагийн хооронд нэгдүгээр төрхийн уулзвараас төв замруу орох чиглэлд миний урдуур нэг машин хурдтай орж ирэхэд би урдуураа оруулсан. Миний ард автобус болон суудлын машинууд байсан. Батдоржийн урд машин байхгүй байсан. Батдорж нь миний урд орчихоод удаан яваад байхад би 2 удаа сигнал дарахад санаатайгаар хурдаа хасаж удаан яваад байхад нь би 2 дугаар эгнээнд ороод зэрэгцэж очоод чи зам дээр явахгүй бол машинаа тавиад явж болон шдээ ард чинь зөндөө машинууд явж байна гэж хэлээд урагшаа явсан. Замын түгжрэл дунд явж байхад Батдорж зэрэгцэж ирээд шүлсээ хаясан. Би юу ярих нь уу гээд цонхоо буулгахад намайг хэл амаар доромжилоод над руу юм шидэхэд нь би зөрүүлээд хажууд байсан тосолны савыг шидсэн. Зам дээр бид хоёрын хооронд яриа өрнөсөн зүйл байхгүй. Миний зогсож байсан эгнээ явсан би урагшаа явсан. Нэгдүгээр эгнээ чөлөөтэй байсан Батдорж нь заавал надтай маргалдаад яваад байх шаардлага байхгүй, эгнээ нь чөлөөтэй байсан учир яваад өгөх боломжтой байсан. Би Бөхийн өргөөний гэрлэн дохион дээр түгжрэл дунд автобусны буудлын харалдаа зогсож байхад Батдорж зэрэгцэж ирээд буугаад миний хойд талын цонх цохихоор нь би машинаа унтраагаад зогссон. Урд зогсож байсан замын цагдааг ирэхийг хүлээсэн. Замын цагдаа хүрч ирээд намайг “та яагаад замын хөдөлгөөнд саад учруулаад байгаа юм бэ” гэхэд нь би “Батдоржийг явуул, машины цонх цохиод намайг явуулахгүй байна” гэж хэлсэн. Замын цагдаа намайг бичиг баримтаа шалгуул гэхэд нь бичиг баримтаа гаргаж өгөх гээд тонгойгоод эргээд харахад Батдорж намайг цохисон. Манай дүү хажуунаас машины цонхыг хаасан. Замын цагдаа “та хоёр цагдаа дуудаж, асуудлаа шийдвэрлүүл” гэхэд нь би “утсаар ярьж чадахгүй, би яаж цохиулсан гэж ярих юм цагдаагаа дууд” гэж Батдоржид хэлсэн. Батдорж цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд замын голд 20-30 минут зогссон. Батдорж цагдаа дуудаагүй байсан. Би замын цагдаагаар машинаа Нүүдэлчин зочид буудлын авто зогсоол дээр тавиулсан. Тухайн үед миний толгой өвдөөд 4 шөрмөс татаад байсан учир би дүүгээрээ цагдаад дуудлага өгүүлсэн. Хөдөлгөөнт эргүүл 5 минут орчмын дараа ирсэн. Тэгээд бичиг баримтаа шалгуулаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон. Надад Батдоржийг элдвээр доромжилсон зүйл байхгүй. Батдоржтой удаан ярилцсан зүйл байхгүй. Батдорж над руу хоёр удаа залгаад эмнэлгээр явъя гэж хэлсэн. Тухайн үед би хөдөө орон нутагт ажилтай байсан болохоор цаг зав багатай байна гэж Батдоржид хэлсэн. Дараа нь Батдорж над руу яриагүй дохидог байсан. Өглөө ажил дээр ирэхэд эсвэл цайны цагаар Батдоржоос эмнэлгээр явъя гэсэн мессеж ирдэг байсан. Би ажил ихтэй байна ажлаа зохицуулж байгаад болъё гэж хэлж байсан. Батдорж нь намайг цохисоныхоо дараа нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед миний ард явж байсан машин 2 дугаар эгнээ рүү орж ирээд миний машинтай зэрэгцэж ирсэн. Би 2 дугаар эгнээ рүү орох гэхэд шахаад намайг оруулахгүй байсан. Шахаж байснаа машины жолооч цонхоо онгойлгоод надад хандаж намайг хэл амаар доромжлоод миний машин руу нулимсан. Миний эхнэр Дарханцэцэг цонхоо онгойлгоод салфетка өөдөөс нь шидсэн. Тэр үед машины жолооч миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Би буцаагаад гараараа нэг удаа нүүр рүү нь алгадсан. Шүүх эмнэлэгт очих хооронд миний хөл өвдөөд байхаар нь би шүүх эмнэлэгт хөлөө үзүүлсэн. Эхний шинжээчийн дүгнэлт гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гарахаар нь гомдол гаргаад дахин шинжээч томилуулсан. Дараагийн эмч миний хөлийг хараад гэмтлийн зэрэг гаргасан. Миний биед учирсан гэмтэл удах тусмаа цэврүү үсрээд улааж өрвөссөн. Тухайн үед миний эхнэрийг цохисон болохоор маш бухимдаж уурласан. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд би тайвширсан гомдол саналгүй гэж хэлэхэд бэлэн байсан боловч эсрэг тал гомдолтой гээд байхаар нь би адилхан шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 74-75 дугаар хуудас/,

Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр багшийн дээдийн 1 дүгээр төрхийн замын 1 дүгээр эгнээгээр явж байхад Королла загварын машин байх шиг байсан надтай маргалдсан залуу 1 дүгээр төрхийн уулзвараас шууд шахаж орж ирээд миний урд гараад маш удаан яваад миний ард явсан автобус болон машинууд сигналдаад байхаар нь би 2 дугаар эгнээнд ороод хажууд нь зэрэгцэж ирээд би тэр залууг яаж яваад байгаа юм гэж хэлтэл тэр залуу шүлсээ хаяад машинаасаа цагаан өнгийн юм аваад над руу шидсэн. Тэгэхээр нь би хоосон тосолны сав аваад шидсэн миний явж байсан 2 дугаар эгнээ явахаар нь би хөдлөөд явсан. Би Бөхийн өргөөний автобусны буудлын гэрлэн дохион дээр ирээд зогсоход тэр залуу машинаасаа бууж ирээд машины цонх цохихоор нь би машинаа зогсоогоод буусан чинь замын цагдаа ирээд миний бичиг баримтыг шалгасан. Тэр хооронд зүүн шанаан тус газар гараараа цохисон. Миний эрүү, толгой, нүд, хүзүү, хуруу өвдөж бас миний нүүрний зүүн тал хэсэг өвдөж байна. Би одоо зүүн талын дээд болон доод бүх араа шүднүүдээ авахуулж, эрүүгээ хадуулан, шанаа нөхөх мэс засалд орох шаардлагатай гэж 1 дүгээр эмнэлгийн ойролцоо байдаг хувийн эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамаатны ах Энхболдтой хамт машинтай нь явж 1 дүгээр эгнээгээр явж байхад бид хоёрын урд нэг машин шууд 2 дугаар эгнээ рүү орох гээд зам таглаад зогссон. Манай машины араас сигналдаад байсан. Энхболд ах бас урд талын машин руу сигналдсан. Тэгж байгаад бид хоёрын урд талын машин 2 дугаар эгнээ рүү орж чадалгүй ,нэгдүгээр эгнээгээр явсан. Тэр үед Энхболд ах 2 дугаар эгнээгээр гүйцэж түрүүлээд хажууд нь зогсоод цонхоо онгойлгоод машин барьж чаддаггүй юм уу, наад машинаа тавиач гэж хэлсэн. Тэгж хэлээд Энхболд ах урагшаагаа хөдлөөд явсан. Тэгсэн араас нөгөө машин гүйцэж түрүүлж ирээд юу гээд байгаа юм гээд хараалын үг хэлсэн. Нөгөө машины жолооч Эхнхболд ах руу цагаан хоолны нэг удаагийн сав шидсэн. Тэгсэн манай машины цонхоор шидсэн сав нь ороод ирсэн. Тэр үед Энхболд ах зөрүүлээд тосолны сав шидсэн. Ингээд маргалдаж байтал замын цагдаа өөдөөс дохиод хүрээд ирсэн. Хүрч ирээд шууд Энхболд ахын нүүр рүү шидсэн. Энхболд ах буцаагаад нөгөө залуугийн нүүр рүү шидсэн. Тэр үед замын цагдаа дундуур ороод салгаж байхад нөгөө машины жолооч Энхболд ахын нүүр рүү гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 09ий өдрийн шинжээчийн ¹4718 дүгнэлтэд “Э биед тархи доргилт, зүүн талд хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд хана, түүшин хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, ар ханын хугарал, зүүн хацар, эрүү орчмын зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. ...хүндэвтэр зэрэг болно” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 05ы өдрийн шинжээчийн ¹676 дүгнэлтэд “Өмнө гаргасан 2018.04.12-ны өдрийн 4718 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн дүгнэлт нь 2018.04.12-ны өдөр гарсан байх ба тухайн хүний биед 2018.04.09-ний өдөр үзлэг хийсэн байна. Дүгнэлтийн дээд хэсэгт 2018.04.09 гэсэн нь бичлэгийн алдаа байна. Л.Э биед учирсан тархи доргилт, зүүн талд хоншоор яс буюу гайморын хөндийн урд, ар ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар, эрүү орчмын зөөлөн эдийн гэмтэл нь нэг сараас дээш хугацаанд эдгэрэх бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийг авах үед хамар, амнаас цус гарахгүй байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 60-61 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн Өргөөний уулзварын орчим иргэн Л.Э маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацааг дуустал уг хэрэгт хавсаргаж, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт 140.000 төгрөгний баримтыг гаргаж өгсөн, хэргийн 31 дүгээр хуудсанд 22.000 төгрөгний, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 8000 төгрөг нийт 170.000 төгрөгний хохирлын баримтыг ирүүлсэн байх тул Иргэний хуульд зааснаар Б.Б 170.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Э олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Л.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхилоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.