Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00521

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00521

 

 

 

НСТ- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/00090 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч НСТ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11 653 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч С.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч НСТ- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр НСТ- ХХК-тай №18054 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Соната-7 маркын, 07-61 УББ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Ингээд зээл авсан өдрөө буюу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус автомашины эзэмшигчийн нэрийг НСТ- ХХК-ийн нэрээр бүртгүүлж, автомашинаа өөрөө аваад явсан. Үүнээс хойш С.О- 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эхний төлөлтөд үндсэн зээл 1.100.000 төгрөг, сарын хүү 110.000 төгрөг, нийтдээ 1.210.000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс хойш төлбөрөө хийхгүй байсан учир бид дараах нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан. Үндсэн зээл 9.900.000 төгрөг, 3 сарын хүү 330.000 төгрөг, 122 хоногийн алданги 3.623.400 төгрөг, нийт 13.853.400 төгрөг болж, үүнээс хариуцагч С.О- нь 2.200.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч С.О-иас 11.653.400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу бид тээврийн хэрэгслийг манай байгууллагад авчирч өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлсээр автомашиныг авчирч өгөөгүй. Сүүлд нь С.О- уг автомашиныг бусдад залилуулж алдсан болохыг мэдсэн. Бид энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж холбогдох баримтуудыг нь гарган өгч, тайлбараа өгсөн байгаа. Нэгэнт С.О- манай байгууллагаас зээл авсан учир тэрээр өөрөө гэрээний үүргээ хариуцах ёстой. Хариуцагч биднийг даатгалын байгууллагаас мөнгөө олж авах ёстой мэтээр тайлбарлаж байна. Бид эрүүгийн хэргээр уг барьцааны зүйл болох автомашины асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд даатгалаас мөнгийг нь аваад С.О-д өгөх болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.   

Хариуцагч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч НСТ- ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №18054 дугаартай барьцаат зээлийн гэрээ /фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр 11.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан нь үнэн. Манай нөхрийн найз н.Мэндбаярын Софт гэх нэртэй бааранд дуудлагаар хоол хүргэж өгөх үйлчилгээ явуулах, хамтран ажиллах зорилгоор уг зээлийг авсан. н.Мэндбаяр нэг автомашин, миний бие нэг автомашиныг тус тус худалдан авахаар болж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд өөрсдийн худалдан авсан 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Соната-7 маркын, 07-61 УББ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Зээл аваад уг автомашины өмчлөгчийн нэрийг зээлдүүлэгч НСТ- ХХК-д шилжүүлсэн. Ингээд автомашинаа өөрсдөө аваад явсан. Нэхэмжлэгчээс нийтдээ 11.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Гэхдээ хүлээж авсны дараа 2.200.000 төгрөгийг зээлийн эрсдлийн дундын санд байршуулсан. Мөн барьцаат зээлийг авахдаа урьдчилгаанд 3.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Зээл, зээлийн хүүнд нь  нийтдээ 1.210.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сард төлж байсан. Үүнээс хойш ямар нэг төлбөр төлөөгүй. Учир нь өөрийн авсан автомашинаа бусдад залилуулан алдсан бөгөөд энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Зээлийн төлбөрөөс эдгээр мөнгийг хасах ёстой гэж бодож байна. Би гэрээ байгуулсан, мөнгийг авсан боловч автомашиныг би авч унаагүй учир нэхэмжлэлийг хариуцах ёсгүй. Гэрээ байгуулах үед даатгалын гэрээ бас байгуулсан учраас даатгалын байгууллагаасаа мөнгөө буцаан авах боломжтой гэж бодож байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2.200.000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад миний өмнөөс хэн төлснийг би мэдэхгүй, манай нөхрийн найз н.Мэндбаяр төлсөн байх боломжтой гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6  дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.О-иас 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НСТ- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.653.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-иас 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НСТ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хууль сайн мэдэхгүй учраас энэ хэрэгт нотлох баримтаа хожимдуулж өгсөн. Нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг төлөх боломжгүй, өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг дахин хэлэлцэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч НСТ- ХХК хариуцагч С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 653 400 гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч НСТ- ХХК нь 11 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй зээлдэгч С.О-д зээлдүүлэх, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсоноос гадна 0761УББ улсын дугаартай, соната-7 маркийн автомашиныг барьцаалсан ба нэхэмжлэгч барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй байна. /хх-5-7/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар талуудаас өөр өөр тайлбар гаргасан байгааг анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу 11 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж, 11 000 000 төгрөгийг хүлээн авсан гэх хариуцагчийн гарын үсэг бүхий зарлагын ордерийг нотлох баримтаар гаргаж өгсөн /хх-ийн 69/ бол хариуцагч нь ...урьдчилгаанд 3 000 000 төгрөг байсан, 2 200 000 төгрөгийг эрсдлийн санд байршуулсан бөгөөд уг төлбөрийг хасах ёстой... гэж тайлбарлаж, өөрийн ХААН банкин дах депозит дансны хуулгыг нотлох баримтаар гарган мэтгэлцжээ. /хх-ийн 74/

 

Барьцаат зээлийн гэрээний 1.18-д Зээлдүүлэгч зээлдэгч бид Иргэний хуулийн 157.3 дах заалтыг үндэслэн харилцан тохиролцож даатгалд хамрагдахгүй зүйл болон зээл, зээлийн эргэн төлөлт, хүү алдангийг тооцоолон үндсэн зээлийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх мөнгийг зээлийн эргэн төлөлтөд оруулах мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход буцаан авах нөхцөлтэйгээр суутгуулан үлдээхийг тохиров гэж заасан байх бөгөөд хариуцагчийн дансанд 8 450 000 төгрөг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шилжиж орсон, зээлээс хариуцагчийн оролцоогүйгээр 2 200 000 төгрөг төлөгдсөн байсан /хх-ийн 71/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд зааснаар 11 000 000 төгрөг шилжүүлээгүй харин 8 450 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчийн зээлдэн авсан 8 450 000 төгрөгт сарын 1 хувиар хүү тооцохоор тохиролцсон нь 84 500 төгрөг болох ба 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл 5 сарын хүү тооцоход 422 500 төгрөг, үндсэн зээл 8 872 500 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 1 210 000 төгрөгийг хасч 7 662 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг гаргуулах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.О-иас 7 662 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НСТ- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 990 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/00090 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 10 000 000 гэснийг 7 662 500 гэж, 1 653 400 гэснийг 3 990 900 гэж, 2 дах заалтын 174 950 гэснийг 137 550 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ