Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 

М.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  М.А-, Б.У- нарт холбогдох эрүүгийн 2213001570085 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.У- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч М.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Н.Оюунчимэг /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

  

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ****оны **дүгээр сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, аймгийн ********** ажилладаг, ам бүл ** хүнтэй, ********* хамт *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт М.А- /РД: **********/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ******** мэргэжилтэй, “*************** ажилтан, ам бүл ** хүнтэй, ******* хамт **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай М овогт Б.У- /РД: ************/;

 

3. Холбогдсон хэргийн талаар:                    

3.1. Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.К-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж, тэдгээрт давуу байдал бий болгож, 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хамаарах гэмт хэрэгт,

3.2. мөн шүүгдэгч М.А- нь Б.У-тай бүлэглэж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У-аар дамжуулан сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000  төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

3.3. Шүүгдэгч Б.У- нь М.А-тай бүлэглэж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл  “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

4. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 21 дүгээр яллах дүгнэлтээр М.А-, Б.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн  2024/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Х овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М овогт Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/  жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

5.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 4,000 /дөрвөн мянга/ нэгж буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

5.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг, шүүгдэгч Б.У-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,

5.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.А-аас 56.053.659 /тавин зургаан сая тавин гурван мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулж “Р-" өрхийн Эрүүл мэндийн төвд олгож,

5.10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-аас 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            6. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн давж заалдах гомдолд:

            6.1. Холбогдсон хэргийн товч шийдвэрлэсэн байдал: Миний үйлчлүүлэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршин үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байхдаа тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж хариуцсан их эмчээр, 2021 оны 7 сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.К-г сувилагчаар, 2021 оны 11 сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хариуцсан их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал олгосон, мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршин үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У-аар дамжуулан сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдож, Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил, 2 сарын хугацаагаар тогтоож ял шийтгэсэн.

            6.2. Хууль, Эрх зүйн хэрэглээний үндэслэл: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл, хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн обьектив талын заавал байх үндсэн шинж нь гэм буруутай этгээдээс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, зориуд хэрэгжүүлээгүй идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байхыг хуульчлан заасан ба субьектив шинжийн заавал тогтоогдох шинж нь дээрх үйлдлийг “зориуд” буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар заажээ. Мөн дээрх обьектив талын шинжид заасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн үйлдлийн эцэст “өөрт нь болон бусдад давуу байдал” бий болсноор гэмт хэрэг бүрэн төгсдөг. Мөн зүйл хэсэгт заасан “албан тушаалын байдал” гэдэгт албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралтай нөхцөл, нэр нөлөөг “албаны эрх мэдэл" гэдэгт хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг.."албан үүрэг, бүрэн эрх" гэдэгт тухайн нийтийн тушаалтанд хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулиар олгогдсон эрх, зайлшгүй биелүүлэх шаардлагыг ойлгодог.

            6.3. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдлийг тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод” ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх” гэж хуульчлан заажээ. Мөн зүйлийн 3.1.4 “Давуу байдал” гэдэгт энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах“ гэмт хэргийн заавал тогтоогдох үндсэн шинжүүд, хууль, эрх зүйн хэрэглээ мөн хуульчлан тогтоосон тайлбаруудаас дүгнэхэд энэ гэмт хэрэгт заавал тогтоогдох субьектив шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гэмт үйлдэл, эс үйлдэхүйн эцэст хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн буюу субьектив талын нэмэгдэл шинж болох “гэмт хэрэг үйлдсэн зорилго" энэ гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж байна. Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд буюу нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах үйлдлийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.13 -д зааснаар зөвхөн “хувийн ашиг сонирхлоо” гүйцэлдүүлэх гэмт хэрэг үйлдсэн зорилго заавал тогтоогдсон байх шаардлагатай болох нь тодорхой байна. Нийтийн албан тушаалтнаас “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэмт хэрэг үйлдсэн “зорилго" тогтоогдвол энэ зүйл хэсгээр тухайн гэмт хэрэгт холбогдсон нийтийн албан тушаалтны хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь субьектив шинжийн хувьд “хувийн ашиг сонирхол”-оор гэмт хэрэг үйлдсэн зорилго тогтоогдохгүй бол эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй болох хуулийн хэрэглээний үндэслэл бүхий байна.

            6.4. Мөн Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба тус зүйлийн 1-д “Өөртөө бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон үйлдэл, эс үйлдэхүйг энэ хэргийн үндсэн шинж болгон тус гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хуульчлан тогтоожээ. Тус хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д "хахууль өгөх” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан бол хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон байна.

            6.5. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "авлига" гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу, байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно” гэж, мөн хуулийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчлан заажээ.

            6.6. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтад: төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн тус тус хамаарна.

            6.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1- д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ....гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” мөн хуулийн 1.7-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж тус тус хуульчилсан байна.

            6.8. Өмгөөлөгчийн дүгнэлт: Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд миний үйлчлүүлэгч С.А-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хэрэг болон 25.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн субьектын шинжийг хангахгүй гэж дүгнэж байна.

6.9. Нотлох баримт: “Р-” БГБХН-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 46-50 дахь тал/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 52-53 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/782 дугаартай албан бичиг, хавсралт /1хх-ийн 55-56 дахь тал/, Баян-Өлгий аймгийн “Р-" БГБХН-ийн /эрүүл мэндийн төв/ даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/16, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай тушаалууд /1хх-ийн 74-75 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаартай тушаал /1хх-ийн 152 дахь тал/, Баян-Өлгийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 339, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай албан бичгүүд, хавсралт /1хх-ийн 173-176, 223- 226 дахь тал/, "Р-" БГБХН-ийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны гэрээ / 2хх-ийн 63-66 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газрын дарга нартай байгуулсан гуравласан гэрээ /2хх-ийн 67-69 дэх тал/

6.10. Хууль, Эрх зүйн хэрэглээний үндэслэлийг нотлох баримттай харьцуулан шалгасан байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг болон 25.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг тусгай субъект байхаар хуульчлан заажээ. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон Авлигын эсрэг хууль болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох зохицуулалтыг үндэслэл болгосон хэдий ч ямар шинжээр нь гэмт хэргийн субъектэд хамаарч байгаад хангалттай дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын шинж нь хавтаст хэрэгт авагдсан нотлогдоогүй зэрэг эрүүгийн хуулийн хэрэглээний үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх үндэслэлтэй байна.

6.11. Өмгөөлөгчийн санал: Иймд хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр хянаж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон хэргийг цагаатгаж өгнө үү.

 

            7. Шүүгдэгч Б.У-ын давж заалдах гомдолд:

            7.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/269 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.У- намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

            7.2. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У- би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан.

            7.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар: Прокурорын яллах дүгнэлтэд Б.У- миний гэм буруутай холбогдуулан гэрч С.Н, Х.С, Ж.Б-, Т.К, К.Е, Т.С, Х.Г, Х.З, Ш.С нарын гэрчийн гэрчийн мэдүүлэг, Р- БГБХН-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Төвийн даргыг томилж чөлөөлөх тухай” тогтоол, мөн өдрийн хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн УБХ-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/782 дугаартай албан бичиг, хавсралт, “Р-” хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг дурдаж прокурор гэм буруугийн шүүх хуралдаан дээр эдгээр нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцсэн.

            7.4. Эдгээр гэрч нараас Ж.Б- л мөнгө өгсөн талаар мэдүүлдэг. Ингэхдээ эхлээд 2 дугаар сарын 15-ны өдөр Б.У- надад цаасанд боосон мөнгийг миний халаасанд хийгээд чи “А- эмчид санал өгөөрэй” гэж хэлсэн, маргааш нь хуралдаан болохоос 5 минутын өмнө У- миний өрөөнд орж ирээд 100,000 төгрөг бэлнээр миний халаас руу хийгээд чи заавал “А- эмчид санал өгөөрэй” гэж хэлсэн, тэгээд хуралдаан болоод дууссаны дараа би өрөөндөө ороод сууж байтал А- эмч миний өрөөнд орж ирээд чи миний мөнгийг өг гэж хэлээд У-ын надад өгсөн байсан мөнгийг М.А-т буцааж өгсөн, тухайн үед М.А- мөнгө авч байхыг миний дэргэд Н- эмч харж байсан гэж мэдүүлсэн.

Харин гэрч Н- нь мөн хуралдаан дуусаад би өрөөндөө орж ирэхэд надтай хамт Б- сууж байтал А- шууд миний өрөөнд орж ирээд мөнгө өг гээд Б-аас мөнгө аваад гарсан. Би Б-аас асуухад энэ өчигдөр надад У- өгсөн мөнгө,          У- надад өгөхдөө чи А- эмчид санал өгөөрэй гэж хэлж өгсөн мөнгө байгаа юм гэж тайлбарласан гэж мэдүүлсэн. Энэ хоёр гэрчийн мэдүүлэг бас хоорондоо зөрүүтэй. Н- болохоор өөрийнхөө өрөөнд байсан гэдэг. Б- болохоор мөн өөрийн өрөөнд сууж байсан гэдэг. Тэр мөнгө хаана байсан, хаанаас, яаж гаргаж өгсөн талаар аль алины мэдүүлэгт огт байдаггүй. Гэрч Ш.С, Х.С, Т.К, К.Е, Т.С, Х.Г, X.З нарын мэдүүлгүүдийн аль алинд миний Ж.Б-д мөнгө дамжуулж өгсөн талаар огт дурдагдаагүй, эдгээр гэрч нараас мөнгө өгч байсныг харсан гэрч байхгүй, зарим гэрч нарын мэдүүлэгт л Б-, С нарт мөнгө өгсөн гэж сонссон гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл анхдагч нотлох баримт биш дамжмал нотлох баримт байгаа. Дараагийн нотлох баримт нь цаасанд боосон мөнгөний зураг байгаа. Гэхдээ энэ зургийг хэзээ, хэн, хэрхэн авсан, тухайн зурагт        байгаа мөнгө  нь миний Ж.Б-д өгсөн            гэх мөнгө гэдгийг нотолсон ямар нэгэн      нотолгоо байхгүй. Хаанаас, яаж олж авсан нь тодорхой бус, мөрдөгч хэзээ, хэнээс хэрхэн гаргуулж авсан талаарх нотолгоо бас байхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэрэл зурагт байгаа мөнгөний зураг миний У.Б-д дамжуулж өгсөн гэх мөнгө мөн гэдгийг баталсан ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа. Тэгээд ч тухайн мөнгөний зургийг хэн, хэзээ, ямар техник хэрэгслээр хэрхэн авсан талаар, түүнийг гэрч С.Н- хаанаас хэрхэн гаргуулж авч шүүхэд гаргаж өгсөн талаарх ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тодруулж хэлбэл зургийн эх сурвалж нь тодорхой бус байдаг.

            7.5. Мөнгө өгсөн гэх үйл баримт 2022 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болсон.Тухайн үед дээрх хүмүүсээс хэн ч цагдаагийн байгууллагад ч юм уу холбогдох ямар нэгэн байгууллагад гомдол гаргаагүй. Харин С.Н- нарын 7 хүн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу 87 хоногийн дараа АТГ-т гомдол гаргасан. Тухайн гомдолд ямар нэгэн мөнгөний зураг хавсаргаж өгөөгүй. С.Н- 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн Б- нь тухайн мөнгөний зураг болон У- мөнгө өгсөн гэх үед войс бичлэг хийсэн гэж надад хэлээд тэр бичлэг болон зургийг надад өгөхөөр нь би түүнийг шүүхэд гаргаад өгчихсөн байгаа, танд шаардлагатай бол хуулбарлаж авч ирж өгч болно гэж мэдүүлсэн. Шүүхээс энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасны дараа мөрдөгчөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр утасны фейсбүүк мессенжерт хийсэн үзлэгээр Б-аас ирсэн чат байхгүй устгасан, харин Б-аас над руу ирсэн зургийг С- руу явуулж гомдол гаргахдаа буцааж С-гаас авсан байгаа тул С-, Н- нарын хооронд харьцсан чатаас хэрэгт ач холбогдолтой хэсгийг хайж үзэхэд Sveta гэсэн хаягаас 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн мөнгөний зураг байх ба дарж ороход нийт 6 ширхэг зураг байсныг гар утсаар бэхжүүлж авав гэж тэмдэглэсэн. Дээрх үзлэгийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Энэ нь мөн С.Н-ийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлснээс зөрж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр С-гаас тухайн зургийг чатаар авсан бол шүүхээс хуулбарлан авч ирж өгөх шаардлага байхгүй байсан.

            7.6. Эдгээр үйл баримтуудаас дүгнэж үзэхэд хэрэгт нотлох баримтаар авагдсан гэх мөнгөний зураг нь миний өгсөн гэх мөнгөний зураг гэдгийг нотлох ямар нэгэн нотолгоо байхгүй, ямар шүүхэд хэн хэзээ, ямар учир шалтгаанаар гаргаж өгсөн, хэрэгт гаргаж өгсөн зураг нь эх хувь, эсхүл хуулбар хувь эсэх нь бас тодорхойгүй байгаа. Шүүхээс зөвхөн эдгээр хоёр хүний зөрүүтэй мэдүүлгээр хахууль өгөх гэмт хэргийг бүрэн нотлогдсон гэж үзэж шүүгдэгч Б.У- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай.

            7.7. Шүүхээс  хэрэг мөрдөн байцаалтад буцсаны дараа шүүгчийн захирамжийн дагуу мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор СД-д бичигдсэн дууг тодруулах боломжтой эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр болсон байдаг. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 13/3513 дугаартай албан бичгээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч дуу авианы шинжилгээ хийж байна, шинжилгээний объектын тоо хэмжээ, цар хүрээ, онцлогоос шалтгаалж тогтоолд дурдсан хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй байна.Хуульд заасны дагуу хугацааг 14 хоногоор сунгасныг хүлээн авч танилцана уу гэж хариу өгсөн. Дараа нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1731 дугаартай дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтээр СД шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийг боломжит байдлаар тодруулж СД-нд хуулбарлан хүргүүлэв гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дараа тухайн СД бичлэгт орчуулагч томилж, Цагдаагийн газрын оочуулагч, цагдаагийн ахлах ахлагч Х.Арайбек орчуулга хийсэн. Дээрх орчуулгаар хахуулийн мөнгө өгсөн талаар нэг ч үг, яриа байхгүй, харин дөрвөн хүн хашаанд сууж байгаа талаарх бичлэг л байгаа. Тэгэхээр мөнгө өгснийг гэрчлэх 2 дахь нотлох баримт болох войс бичлэг нь нотлох баримтын шинжээ алдаж байгаа. Өөрөөр хэлбэл нотлох баримт биш болсон.

            7.8. Гэрч Ж.Б-ы мэдүүлгээс харахад би түүнд эхлээд 200,000 төгрөг, маргааш нь 100,000 төгрөг, нийтдээ 2 удаагийн үйлдлээр 300,000 төгрөг өгсөн гэж ойлгохоор байгаа.

Ж.Б-д эхний 200,000 төгрөгийг бүх гишүүдийн хуралдаан болохоос нэг хоногийн өмнө өгсөн гэж байгаа.Түүний мэдүүлэг үнэн юм бол тухайн үед Ж.Б- нь 200,000 төгрөгийг ямар нэгэн татгалзалгүй авсан, мөн өөр дээрээ нэг хоног хадгалсан, энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хэн нэгэн хүнд мэдэгдээгүй гэж үзэхээр байгаа. Ийм тохиолдолд түүний гэм буруугийн асуудлыг мөн адил шалгаж тогтоох ёстой. Нөгөө талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Х.Са-ийн мэдүүлэгт сувилагч Ш.К- түүнд энэ мөнгийг ав, 200,000 төгрөг байгаа гээд надад бэлэн мөнгө өгөх гэсэн, тэгэхэд нь би наад мөнгийг чинь авахгүй, би М.А- эмчид санал өгөхгүй гээд аваагүй, тэгээд маргааш нь буюу 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдаан болохын өмнө үйлчлэгч Зайдан намайг тусгаарлах өрөөнд дуудахаар нь би явж ороход үйлчлэгч Зайдан надад мөнгө өгөх гээд та өнөөдөр хуралдаан дээр М.А- эмчийг дэмжээд өг гэсэн, тэгэхэд нь би тэр мөнгийг аваагүй, хэдэн төгрөг байсныг мэдээгүй гэж мэдүүлсэн. Ш.К-, А.Зайдан нар Х.Са-т мөнгө өгөхөөр завдсан бол энэ хүмүүсийн үйлдлийг яагаад шалгаж тогтоогоогүй юм вэ гэдэг асуудал байгаа Х.Са-ын өгсөн мэдүүлэг үнэн бол Ш.К-, А.Зайдан нар түүнд мөнгө өгөхөөр завдсан асуудал миний үйлдлийн нэгэн адил шалгагдах ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтаар эдгээр хүмүүс нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Ш.К-, А.Зайдан нар нь тухайн үед мөнгө өгөхөөр завдсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээх ёстой.

            7.9. Гэм буруу нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх гол нөхцөл нь тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхой зааж өгсөн. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болдог учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж заасан байна. Энэ зорилгыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөтөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдах ёстой. Энэ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.У- миний үйлдсэн гэх хэрэг нь бүрэн нотлогдсон, тухайн хэрэгт нотолбол зохих байдлуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй шалгаж тогтоож нотолсон гэж үзэх үндэслэлгүй байна.  Энэ тохиолдолд шүүх хэргийг надад ашигтай байдлаар шийдвэрлэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой.

            7.10. Шүүгдэгч Б.У- миний үйлдлийг шүүхээр хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж үзэхээр байгаа. Энэ нь дараах байдлаар нотлогдоно. Р- БГБХН-ийн өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газартай гуравласан гэрээ байгуулах үндсэн дээр төрөөс санхүүжилт авч харьяа нутаг дэвсгэрийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байдаг. Түүний үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг Нөхөрлөлийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ээр зохицуулсан байдаг. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.3-т “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх өрхийн эрүүл мэндийн төвийн баг нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна”, 3.3-д “Нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан төв нь дараах зохион байгуулалттай байна”, 3.3.1-д “Тухайн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний 70-аас доошгүй хувь нь нөхөрлөлийн гишүүн байна”, 3.3.4-д “Нөхөрлөлд гишүүнээр элсэх, гишүүнээс татгалзах асуудлыг Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулна” гэж тус тус зааж өгсөн.

            7.11. Миний хахууль дамжуулж өгсөн гэх Ж.Б- нь гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдсан биеийн байцаалтаар Р- өрхийн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг, хэрэгт нотлох баримтаар авагдсан Р- бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны тогтоол, тэмдэглэлээс харахад дээрх нөхөрлөлийн гишүүн байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах байдлаар илрэн гардаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санаг, болгосон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тодруулж хэлбэл өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгдгөөрөө онцлогтой.Энд онцгойлон анхаарах зүйл бол хахууль авч байгаа хүн нь тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтан байх, өгч байгаа хахууль нь түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь салшгүй холбоотой байх явдал юм. Хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь хахууль өгөгч нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл хүрэлцэхгүй, түүнд шударгаар хүрэх боломжгүй гэдгийг мэдэж байгаа атлаа түүнд хялбар дөт аргаар хүрэхийн тулд эрх мэдэл бүхий албан тушаалтанд хээл хахууль өгснөөр тухайн албан тушаалтан түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ онцлогтой.

            7.12. Өөр нэг онцлог нь хахуулийг зөвхөн эрх мэдэл бүхий албан тушаалтанд өгдөг Үүнээс дүгнэж үзэхэд Ж.Б- нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй. Хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ж Б- нь ямар албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй албан тушаалтан вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Өрхийн эмнэлгийн сувилагчийн хувьд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг учир энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Харин нөхөрлөлийн гишүүний хувьд ямар албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй албан тушаалтан вэ гэдэг асуудал яригдана. Хэрэгт нөхөрлөлийн гишүүний албан чиг үүрэг, бүрэн эрхийг зохицуулсан ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна. Ж.Б- нь нөхөрлөлийн гишүүний хувьд Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг сонгоход санал өгч оролцож болно.Үүнийг түүний албаны чиг үүрэг бүрэн эрхтэй адилхан үзэхэд учир дутагдалтай.

            7.13. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг шүүхээс хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтыг практик үйл ажиллагаанд хэрхэн хэрэглэх талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор дэлгэрэнгүй тайлбарласан. Дээрх тайлбарын 1.1-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ. 1.2-т “... гэм буруутай эсэхэд ..." гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна гэж зааж өгсөн.

            7.14. Иймд дээр дурсан хоёр үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.У- надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй.

            7.15. Иймд надад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/269 дугаартай шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

            8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

            8.1. Миний бие энэхүү хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд прокурорын чиг үүргийг хэрэгжүүлж яллах талаар оролцсон.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч,  шийтгэх тогтоолтой танилцсан.  Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн. Тухайн нотлох баримтуудын хүрээнд, мөн талуудын мэтгэлцсэний үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг гаргахдаа шүүгдэгч нарын төрд учруулсан хохирол, хор уршиг зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзээд, шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэх байр сууринаас оролцож,  дүгнэлт гаргана.

8.2. Өмгөөлөгч нарын гомдолтой танилцсан. Уг гэмт хэргийн цаг хугацааны томьёоллыг авч үзэх хэрэгтэй. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондын хугацааны асуудал яригддаг. Нэг нь бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, хоёр дахь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн гэмт хэргийн хувьд  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд асуудал яригддаг. Энэ хэрэг дээр “Ковид-19” цар тахлын асуудлыг анхаарсан. Яагаад гэвэл урьд нь иймэрхүү төрлийн гэмт хэрэг буюу Өмиргүлд холбогдох хэрэгт уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс онцгойлон анхаарч үзэж байсан. Монгол Улсад бүх нийтээр хөл хорио 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн анхны үйлдэл гарсан өдрөөс хойш тогтоосон. Анх давуу байдал олгосон огноо нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байна. Эхний асуудал энэ үндэслэлээр үгүйсгэгдэнэ.

8.3. К-гийн асуудлыг авч үзвэл гэрч Е-ы мэдүүлэг байна. 1 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр хуудаст Е-ы мэдүүлэгт “К- миний төрсөн дүүгийн эхнэр нь байна” гэж мэдүүлсэн. Е- нь шүүгдэгч М.А-ын нөхөр.  Мөн 2 дугаар хавтаст хэргийн 24-27 дугаар хуудаст яллагдагч М.А-ын өгсөн мэдүүлэгт “К- манай бэргэн байна” гэж мэдүүлсэн. Өөрөөр  хэлбэл, К-д давуу байдал хэрхэн, яаж үүссэн асуудал дээрх хоёр мэдүүлгээр тогтоогдож байна. 

8.4. Т-ийн асуудал үгүйсгэгдэх болов уу гэж бодсон. Гэтэл өмгөөлөгч нарын өнөөдрийн шүүх хуралдаанд яриад байгаа “Ковид-19” цар тахлын үе байсан, тухайн үед хууль тогтоомжийн үйлчлэлүүд зогссон гэдэг асуудал яриад байна. Тэгэхээр эрх бүхий албан байгууллагаас тухайн шийдвэр гаргасан уу гэхэд тийм шийдвэр олдохгүй байгаа. Тухайн үед цахимаар шүүх хуралдаан хийгдээд байсан, цахимаар хуралдаан хийх боломжтой байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан бусад  хуралдааны тэмдэглэлүүд байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын хооронд  зарим нэг тохиолдолд хуралдаан хийгээд байсан. Тухайн хуралдаануудыг хийгээгүй асуудал нь Нөхөрлөлийн тухай хууль, үлгэрчилсэн дүрэм стандартад заасан хамтын шийдвэр гаргах журам, хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчсөн асуудал байна. Уг асуудалд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэдэг асуудлыг миний бие няцааж байна. Анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан.

8.5. Нийтийн албан тушаалтны асуудлыг миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ конвенцыг хэрэглэх хууль тогтоомжийн зохицуулалт,  Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэг зохицуулалтын хүрээнд нөхөрлөлийн дарга нийтийн албан тушаалтанд хамаарах юм байна гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс тухайн дүгнэлтийг хүлээж авч, шийдвэр гаргасан байсан. Тийм учраас би нийтийн албан тушаалтан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг дэмжиж байна.

8.6. Нотлох баримтын зөрүүтэй асуудлыг хөндөж байна. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулаад, тухайн хугацаанд хийж гүйцэтгэсэн нотлох баримтуудыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Б-ы гар утас эвдэрсэн, тухайн зураг өөрт нь байхгүй байсан. Б- тухайн гар утсыг ашиглаж байх хугацаанд тэр зургийг өөр хүмүүст явуулж байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн нотлох  баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Б-ы үйлдлийн талаар зарим асуудлыг өмгөөлөгч Х.Бакены зүгээс ярьж байна. Б-ы үйлдэл холбогдолтой холбоотой яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийсэн. Б- тухайн мөнгийг аваад, маргааш нь гаргаж өгч байгаа сэдэл санаа зорилго, хууль хяналтын байгууллагад гаргаж өгнө гэсэн тайлбар, мөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг харвал үгүйсгэгдэж байгаа нөхцөл байдал байна. Учирсан хохирлын талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэж, М.А-аас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл хуульд зааснаар хамтын шийдвэр гаргасан бол нөхөрлөлийн гишүүд бүгд хамтдаа хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлийн гишүүд намайг дэмждэггүй, хэн ямар нэгэн асуудал оруулбал нөхөрлөлийн гишүүд миний асуудлыг үргэлж няцаадаг гэдэг байр сууринаас огт хурал хийхгүйгээр, бие даасан шийдвэр гаргасан М.А-аас тухайн хохирлыг гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

8.7. Мөн иргэний хариуцагчдаас тухайн хохирлыг гаргуулах үндэслэлгүй. Иймд хохирлыг зөвхөн М.А-аас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн прокурорын зүгээс М.А-ыг зөвхөн хууль тогтоомжид заасан хамтын шийдвэр гаргахгүйгээр өөрөө бие дааж шийдвэр гаргасан нь албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа болохоос биш илүү орон тоонд хүн авсан гэж яллаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймд өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр няцаагдахгүй, үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.У- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

10. Шүүгдэгч М.А-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

11. Шүүгдэгч  М.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаанд тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаар тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаар тушаалаар Б.К-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаар тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,   

түүнчлэн “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У-аар дамжуулан сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт, 

шүүгдэгч Б.У- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

12. Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж түүнийг мөн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2  жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;

мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтны хувьд үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1  жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;

шүүгдэгч  Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000  нэгж буюу 4,000,000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

 

13. Шүүгдэгч М.А-ын холбогдсон, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлын талаар хэрэгт ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

- Шүүгдэгч М.А- нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүдийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар олонхын санал авч, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус төвийн даргаар томилогдсон /2 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /КОВИД-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр М.М-ыг түр хугацаагаар ажилд авч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/, 

- Баян-Өлгий аймгийн “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч нарын ажлын ачаалал ихэссэн тул Б.К-г сувилагчаар түр хугацаагаар ажилд авч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар /КОВИД-19/ халдвар ихсэж, ачаалал ихэссэн үед 5 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул дуусгавар болгож Б.К-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр томилсон /1 дэх хавтаст хэргийн 74 дэх  тал/ зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдов.

 

14. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А-ыг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй”, 3 дахь хэсэгт “Удирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна” гэж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.3 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна” гэж, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.2 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна” гэж, 3.3.3 дахь заалтад “Хурлын шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МNS 5232:2017 дугаартай стандартын 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсэгт “Төв нь багаар ажиллах зарчимтай ба багийн хамт олны саналыг нэн тэргүүнд сонсож, гишүүдийн хурлаар өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна”, “Р-” БГБХН-ийн гишүүдийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд “Бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах байтал “нөхөрлөлийн гишүүд дандаа сөрөг санал өгдөг, хэзээ ч намайг дэмждэггүй” гэдэг байдлаар зарим асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, тэдний саналыг авалгүйгээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх эрх зүйн хэм хэмжээ болох хууль, заавар, стандартын хүрээнд бус, зохих хэсгүүдийг зөрчиж тушаал гарган нэр бүхий хүмүүсийг ажилд томилсон нь хууль бус гэж дүгнэж, шүүгдэгчийг энэ үндэслэлээр гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

 

15. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх М.А-ын эрхэлдэг ажил, албан тушаал нь нийтийн албан тушаалтан бус тул гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж үгүйсгэгдэн гэж давж заалдах гомдол гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үндсэн эрхийг хангахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24, 13 дугаар зүйлийн 13.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм” зааснаар хот суурин газрын хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан төрөөс үзүүлэхээр тогтоосон ба мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сангийн эх үүсвэрээр санхүүжиж байгаа тул “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан” гэдэгт хамааруулах тул нийтийн албан тушаалтан мөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан шүүгдэгч М.А-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Төрөөс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг үүргийг улсын төсвөөс санхүүжилт авч, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан шийдвэр буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмээр, нөхөрлөлийн бүтэц, зохион байгуулалтын хэлбэрээр төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус буюу “Р-” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц зохион байгуулалтын онцлог, нөхөрлөлийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг хэлбэр нь түүний даргыг нийтийн албан тушаалтан биш гэж үзэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

16. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж сэргээн тогтоох учиртай.

Шүүгдэгч М.А- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.К-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилогдсон үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

            Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй” гэж, 3 дахь хэсэгт “Удирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.3 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна”, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.2 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна” гэж, 3.3.3 дахь заалтад “Хурлын шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МИS 5232:2017 дугаартай стандартын 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсэгт “Төв нь багаар ажиллах зарчимтай ба багийн хамт олны саналыг нэн тэргүүнд сонсож, гишүүдийн хурлаар өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна”, “Р-” БГБХН-ийн гишүүдийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд “Бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь тухайн өрхийн эмнэлгийн бүтэц, орон тоог “Р-” БГБХНөхөрлөлийн хурлын тэмдэглэл, тус төвийн даргын баталсан дээд хязгаарын дотор оновчтой, үр ашигтай, хэмнэлттэй удирдаж, төсвийн шууд захирагчийн чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ тухайн нийтийн албан тушаалтан батлагдсан орон тоонд зохих сонгон шалгаруулалтгүйгээр ажилтан авч ажиллуулсан, эсхүл батлагдсан орон тооны дээд хязгаараас хэтрүүлж буюу батлагдаагүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан, эсхүл огт байхгүй буюу нийтлэг жишгээр тогтоогоогүй орон тоонд ажилтан авч ажиллуулах зэргээр албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн /төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, зохистой удирдах/ эсрэг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах юм.

 

17. Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаанд М.А-ыг тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.К-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлуудыг, тухайлбал: (1) нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж,  үйлчилгээний байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох эрх зүйн орчин, онцлог;  (2) “Р-” БГБХНөхөрлөлийн хурлаас төвийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, мөрдүүлсэн эсэх; (3) тус байгууллагын төсвийн шууд захирагч буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийг батлагдсан санхүүгийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй, оновчтой захиран зарцуулсан, эсхүл хэтрүүлсэн талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт, шаардлага гарсан эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үнэлэлт өгөлгүйгээр яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэвэл, “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А-ын “нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй” гэх үйлдэл холбогдолд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүд дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

 

18. Прокуророос “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 3 ажилтныг “нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй” авч ажиллуулан байгууллагын төсөвт тэдгээрт олгосон цалин хөлсөөр их хэмжээний хохирол учруулсан гэх “нийтлэг үндэслэл”-ээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэ тохиолдолд “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг урьдчилан баталж, мөрдүүлсэн, энэ үед нөхөрлөлийн бүх гишүүдийн саналыг тусгасан эсэх нь яллах дүгнэлтийн гол үндэслэл болох учиртай. Гэвч тухайн байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг нөхөрлөлийн гишүүдийн хурлаар батлуулалгүйгээр, хууль болон эрүүл мэндийн салбарын стандартад нийцүүлэн эрх бүхий байгууллагаас урьдчилж тогтоон, мөрдүүлсэн гэх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал нотлогдоогүй бөгөөд харин хэрэгт авагдсан нотлох баримтаар “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас тухай бүр зохих тушаал шийдвэрүүдийг гаргаж тухайн үед улс орон даяар үүссэн коронавируст халдварын тархалттай холбоотойгоор, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 520 дугаартай “Коронавирус халдвар /СOVID-19/-ын цар тахал аймгийн хэмжээнд өндөр тархалттай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авч ажиллах хүн хүч дутагдаж байгаатай холбоотой батлагдсан төсөв болон эрүүл мэндийн даатгалаас олгох санхүүжилтэд багтаан ажилгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллуулах тухай” албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал/, 3 дугаар хавтаст хэргийн 213 дугаар талын арын нүүрэнд авагдсан “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилчдын хурлын тэмдэглэлийн 2 дугаарт “Эрүүл мэндийн даатгал хариуцсан эмчийг 2020 оны 10 дугаар сарын 19-өөс эхлэн ажилд авахаар болж байгаад нөхөрлөл санал хэлэх хэрэгтэй”  гэснийг  үндэслэн, хуваарилагдсан төсөвтөө багтааж яллах дүгнэлтэд дурдсан Б.К-, М.М- нарыг тухай бүрд нь хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр, Н.Алтангүлийг хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр тухайн байгууллагад тодорхой ажил, үүргийн хуваариар авч ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна.

19. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтаар “Р-” өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын хувьд чиг үүргээ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу, мөн эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээс баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн дагуу зохион байгуулах ба хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

“Р-” өрхийн эрүүл мэндийн төв  нь сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болохын хувьд түүний удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Нөхөрлөлийн тухай хууль болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмээр  зохицуулсан бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, мөн хуулийн 21.2 дахь хэсэг, дүрмийн 3.3.5 дахь хэсэгт зааснаар Өрхийн эрүүл мэндийн төвийг  удирдах төлөөлөх эрх бүхий гишүүнийг /дарга/ нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас томилж, чөлөөлөхөөр заасан ба Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө” гэж зааснаас үзэхэд төвийг удирдах төлөөлөх эрх бүхий гишүүн /дарга/ нь нөхөрлөлийн үйл ажиллагааны талаар бусад гишүүдэд байнга мэдээлэх, эмч, эмнэлгийн ажилтныг ажилд авах, чөлөөлөхдөө мэдэгдэхээр байгаа бөгөөд энэ журмын дагуу Н.Алтангүлийг эрүүл мэндийн даатгал хариуцсан их эмчээр ажилд томилохдоо нөхөрлөлийн гишүүдэд мэдэгдсэн нь 3 дугаар хавтаст хэргийн 213-214 дахь талд авагдсан “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Коронавируст халдвар /СOVID-19/-ын цар тахалтай холбоотойгоор ажлын зайлшгүй шаардлагаар Б.К-г сувилагчаар, М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр түр хугацаагаар авч ажиллуулахдаа нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд танилцуулаагүй байдлыг, нийтэд илэрхий үйл баримт болох коронавируст цар тахлын үед нөхөрлөлийн бүх гишүүдийг хуралдуулж тэдгээрт мэдэгдэлгүйгээр авч ажиллуулсан цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл, Эрүүл мэндийн төвийн дарга М.А- нь Б.К-, М.М- нарыг түр хугацаагаар авч ажиллуулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, түүний уг үйлдэлд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжгүй учраас тухайн үеийн хүн хүчний нөөц дутмаг, хүнд нөхцөл байдал үүссэн нь Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 520 дугаартай “Коронавирус халдвар /СOVID-19/-ын цар тахал аймгийн хэмжээнд өндөр тархалттай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авч ажиллах хүн хүч дутагдаж байгаатай холбоотой батлагдсан төсөв болон эрүүл мэндийн даатгалаас олгох санхүүжилтэд багтаан ажилгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллуулах тухай” албан бичиг, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/480, А/606, А/324 дугаар, 2020 оны  А/139, А/179, дугаар захирамжууд, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/47, А/11 2021 оны А/29 тушаалуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар тухайн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            20. Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, мөн хуулийн 21.2-д гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно.”,  21.3-д “yдирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.” дүрмийн 3.3.5 дахь хэсэгт зааснаар Өрхийн эрүүл мэндийн төвийг  удирдах төлөөлөх эрх бүхий гишүүнийг /дарга/ нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас томилж, чөлөөлөхөөр заасан ба Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө”, Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын хоёр дугаар хэсгийн 2-д төвийг эмнэлгийн дарга удирдана гэж тус тус зааснаас үзэхэд төвийг удирдах төлөөлөх эрх бүхий гишүүн /дарга/ нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд танилцуулснаар эмч, эмнэлгийн ажилтныг ажилд авах, чөлөөлөх эрхтэй байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн  удирдлага, зохион байгуулалтыг тогтоосон Эрүүл мэндийн тухай, Нөхөрлөлийн тухай хуулиуд болон өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм, “Р-” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дүрмийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг бүх гишүүдийн хурлаас томилох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Төвийн даргыг томилох тухай” тогтоолоор М.А-ыг , “Р-” өрхийн эрүүл мэндийн даргаар томилогдсоноос хойш бүх гишүүдийн хурлаас “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн орон тооны хязгаарыг тогтоогоогүй байх тул өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS5292:2017 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор төвийн даргын 2021 оны А/01 дугаар тушаалаар “Р-” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн “доод хязгаар”-ыг  12 хүнээр тогтоож байсан ба энэ нь Эрүүл мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмд зааснаар эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа нь стандартад заасан бүтэцтэй байна гэсэнтэй холбоотой байна.

 

21. Өөрөөр хэлбэл, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан “нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.Т-ийг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.К-г сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М-ыг гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгосон” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, М.А-ын дээрх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдоогүй болно.

 

22. Иймд “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А-  нь тус төвийн  бүх гишүүдийн хурлаас тухайн байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлээгүй тул батлагдсан санхүү, төсөвтөө багтааж 2021 оны А/01 тушаалаар 12 хүнээр тус тус тогтоон төсөвтөө багтаан цалинжуулж, нэр бүхий 2 иргэний цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж түр хугацаагаар, 1 иргэнийг өрхийн эрүүл мэндийн төвийн хурлын протоколд тэмдэглүүлж тухай бүр зохих тушаал, шийдвэрүүдийг гаргаж хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, прокуророос шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

23.Шүүгдэгч М.А-, Б.У- нарын холбогдсон Хахууль өгөх гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.А- нь Б.У-тай бүлэглэж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У-аар дамжуулан сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.У- нь М.А-тай бүлэглэж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл  болох “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  тус тус үйлдсэн нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

- Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2015 оноос хойш Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Р-” нэртэй өрхийн эмнэлэгт эмчээр тасралтгүй ажиллаж байна. Тус “Р-” нэртэй өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн дүрмээр үйл ажиллагаа явуулдаг, ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ хуралдаанаар дийлэнх олонхын саналаар шийдвэрлэдэг. 4 жилд 1 удаа даргаа хуралдаанаар сонгодог байж байгаад сүүлдээ дүрэмд өөрчлөлт орж хэзээ ч хамаагүй хуралдаанаар сольж явах заалт оруулсан байсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн даргыг сонгох хуралдааныг 02 дугаар сарын 14-ний өдөр зарлаж 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаан болж 100 хувийн ирцтэйгээр хуралдаан явагдаж дийлэнх олонхын саналаар намайг даргаар сонгох шийдвэр гарсан..., ...Тухайн хурал болохын өмнөх өдөр нь М.А- нь сувилагч Б-, С нарт санал өгөөч гэж авлига өгсөн байсан. Мөн хуралдаан дуусаад би өрөөндөө орж ирэхэд надтай цуг Б- сувилагч сууж байтал А- шууд миний өрөөнд орж ирээд мөнгө өг гээд Б-аас мөнгө аваад гараад явсан. Би Б-аас асуухад энэ өчигдөр надад У- өгсөн мөнгө, У- надад өгөхдөө чи А- эмчид санал өгөөрэй гэж хэлж өгсөн мөнгө байгаа юм гэж тайлбарласан. Мөн Б- нь тухайн мөнгөний зураг болон У- мөнгө өгөх үед войс бичлэг хийсэн гэж надад хэлээд тэр бичлэг болон зургийг надад өгөхөөр нь би түүнийг шүүхэд гаргаад өгчихсөн байгаа, танд шаардлагатай бол хуулбарлаж авч ирж  өгөх болно...”, “...А-т ганцаараа дур мэдэн орон тоо батлах эрх байхгүй. “Р-” өрхийн эрүүл мэндийн төв нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл учраас бүх гишүүдээр хуралдаж байж шийдвэр гарах ёстой. М.А- дур мэдэн өөрөө Алтангүл, М-, К- гэсэн хүмүүсийг хурал зохион байгуулахгүйгээр ажилд томилсон байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15, 2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,

- Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2007 оноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Р-” нэртэй өрхийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна. Өрхийн эмнэлэг дарга эмчтэй бөгөөд дарга эмчийг 4 жилд нэг удаа солих журамтай. Үүний дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Р-” нэртэй өрхийн эмнэлгийн дарга эмчийг сонгон шалгаруулах хуралдаан болохоор төлөвлөгдсөн. Энэ хуралдааны мэдээлэл 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд одоогоор өрхийн эмнэлгийн даргаар ажилладаг М.А- нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг К- гэдэг сувилагч үзлэгийн өрөөнд дуудсан. Би явж ороход К- нь надад та маргааш болох хуралдаанд М.А- эмчийг дэмжээд санал өгчих, энэ мөнгийг ав, 200,000 төгрөг байгаа юм гээд надад бэлэн мөнгө өгөх гэхэд нь би наад мөнгийг чинь авахгүй, би М.А- эмчид санал өгөхгүй гээд аваагүй. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаан болохын өмнө үйлчлэгч Зайдан тусгаарлах өрөөнд намайг дуудахаар нь би явж ороход үйлчлэгч Зайдан надад мөнгө өгөөд та өнөөдөр хуралдаан дээр М.А- эмчийг дэмжээд өг гэсэн. Тэгэхэд нь би тэр мөнгийг аваагүй хэдэн төгрөг байсныг нь ч мэдээгүй. Ингээд хурал болоод олонхын саналаар Н- эмчийг сонгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Р-” өрхийн эмнэлгийн даргыг сонгох хуралдаан болохоор зарлагдсан. Ингээд хуралдаан болохын өмнөх өдөр буюу 02 дугаар сарын 15-ны өдөр нийгмийн ажилтан У- намайг өрөөндөө дуудсан. Яваад ороход У- надаас нэр дэвшиж байгаа А-, Н-, Е гэсэн 3 эмчийн хэнд нь санал өгөх гэж байна гэж асуусан. Тэгэхэд нь би өөрөө мэднэ, М.А- эмчид лав өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд У- чи яагаад А-т санал өгөхгүй гээд байгаа юм бэ, тэр хүн сайн ажиллаж байгаа, хэдүүлээ цааш нь дэмжээд явъя гэж хэлээд надад цаасанд боосон мөнгийг миний халаасанд хийгээд чи А- эмчид санал өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед би У-ын өрөөнд орохдоо утсаа войс дээр нь тавиад орсон.  Яагаад гэвэл ийм асуудал ярих гэж байгааг би мэдсэн. Ингээд миний халаасанд хийсэн мөнгийг нь авч гараад өрөөндөө ороод тоолоход 200,000 төгрөг байсныг гаргаж зургийг нь дарж авчхаад баримтжуулаад хурал дээр юм уу, хурлын дараа өгнө гэхдээ цагдаад өгнө гэж бодож байсан. Ингээд би тэр өдөр ажлаа дуусаж хариад маргааш нь ажил дээрээ ирээд хуралдаан болохоос 5 минутын өмнө У- миний өрөөнд орж ирээд 100,000 төгрөг бэлнээр миний халаас руу хийгээд чи заавал А- эмчид санал өгөөрэй гэж хэлсэн. Ингээд хурал болж хуралдаан болоход хурал дээр би Н- эмчид санал өгсөн. Тэгээд хуралдаан болоод дууссаны дараа би өрөөнд ороод сууж байтал А- эмч миний өрөөнд орж ирээд чи миний мөнгө өг гэж хэлэхэд У-ын надад өгсөн байсан мөнгийг М.А-т өгсөн. Тухайн үед М.А- мөнгө авч байхыг миний дэргэд Н- эмч харж байсан. Надад тухайн баримтууд байгаа түүнийг би хуулаад Н- эмчид өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21, 142 дахь тал/,

 -Гэрч Т.К, К.Е, Т.С-, Х.З, Ш.К- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23, 25, 27, 29, 34-35, 39-40, 208 дахь тал/,

- “Р-” БГБХН-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 46-50 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/782 дугаартай албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

   24. Шүүгдэгч М.А- нь “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У-аар дамжуулан, тус өрхийн эрүүл мэндийн төв буюу нөхөрлөлийн гишүүн болох сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Б.У- нь “Р-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдох зорилготой байсан М.А-ын сувилагч Ж.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар М.А-ыг дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон өгсөн 300,000 төгрөгийн хахуулийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтаар зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцжээ.

М.А- нь Р- өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар, тухайн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас дахин сонгогдох хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өрсөлдөгчид нь санал өгөхгүй байх, өөртөө санал авч сонгогдох зэргээр давуу байдал үүсгэхийн тулд тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралд саналын эрхтэй оролцох сувилагч Ж.Балжанд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У-аар дамжуулан 300,000 төгрөгийн хээл хахууль өгч, өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг бүрэн ухамсарлан зориуд, хүсэж үйлдэж, санаатайгаар төгсгөсөн учраас нийтийн албан тушаалтны хувьд түүний уг хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

харин нийтийн албан тушаалтан бус этгээд буюу тухайн Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.У- нь М.А-ын дээрх хууль бус үйлдэлд дэмжлэг үзүүлж, хээл хахуулийг зуучилсан байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  шүүгдэгч М.А-ыг мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1  жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.У-ыг  нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгж буюу 4,000,000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

25. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг болон 25.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг тусгай субъект байхаар хуульчлан заажээ. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон Авлигын эсрэг хууль болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох зохицуулалтыг үндэслэл болгосон хэдий ч ямар шинжээр нь гэмт хэргийн субъектэд хамаарч байгаад хангалттай дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын шинж нь хавтаст хэрэгт авагдсан нотлогдоогүй зэрэг эрүүгийн хуулийн хэрэглээний үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх үндэслэлтэй байна. ... Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд миний үйлчлүүлэгч С.А-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хэрэг болон 25.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн субьектын шинжийг хангахгүй гэж дүгнэж байна. ... Иймд хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр хянаж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг, 

            Шүүгдэгч Б.У-  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг шүүхээс хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтыг практик үйл ажиллагаанд хэрхэн хэрэглэх талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор дэлгэрэнгүй тайлбарласан. Дээрх тайлбарын 1.1-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ. 1.2-т “... гэм буруутай эсэхэд ..." гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна гэж зааж өгсөн. Иймд дээр дурсан хоёр үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.У- надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

26. Шүүгдэгч М.А-т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.А-ын дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гомдлын “зарим үйлдэл холбогдол гэмт хэргийн шинжгүй” гэсэн агуулгатай хэсгийг хүлээн авах үндэслэлтэй.

Шүүгдэгч М.А-ын албан тушаалын байдалтай нь холбогдуулж бусдад хахууль өгөх гэмт хэрэгт шүүгдэгч Б.У- нь хамжигчаар хамтран оролцсон нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын дээрх үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч Б.У-ын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.У-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,

 

1 дэх заалтаас шүүгдэгч М.А-т холбогдох “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулах” гэснийг,

 

2 дахь заалтаас “мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар” гэснийг,

 

3, 9 дэх заалтыг бүхэлд нь  тус тус хүчингүй болгож,

 

4 дэх заалтын “3 /гурван/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар” гэснийг “1 /нэг/ жил, 1 /нэг/  сарын хугацаагаар” гэж,

 

8 дахь заалтын “шүүгдэгч М.А-т оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар” гэснийг “шүүгдэгч М.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэж,

 

12 дахь заалтыг “Шүүгдэгч М.А-т холбогдох хэргээс “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тул хохирол төлбөрийг барагдуулах зорилгоор түүний ****БӨА улсын дугаартай, Toyota prius-30 загварын, 13,500,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн  03 дугаартай /эд хөрөнгө битүүмжлэх тухай/ тогтоолыг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилж,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.У-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ