Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 84

 

    2018 оны 5 сарын 03 өдөр                           2018/ШЦТ/84                               Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0098/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                Т.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрсайханы Бад холбогдох 1839000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Төмөрсайханы Б /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-36 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Осгончимэгтэй хэрүүл маргаан үүсгэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Д.Осгончимэгийн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед ажлаа тараад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-36 тоотод гэртээ ирэхэд манай нөхөр Б гэрээс түлхэж гаргаад гэрийн гадаа намайг гараараа чих, чамархай орчимд 2-3 удаа, шүд рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зугтаагаад гэртээ орж ирээд гэрийнхээ хойд талд газраар хэвтэж байхад толгой руу цохих гээд байхаар нь гараараа хаасан чинь миний зүүн гарын бугалга, зүүн гарын шууны ар хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэгт гараараа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,

Т.Бын яллагдагчаар болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би Осгончимэгтэй маргалдаж, муудаад надаас сална гээд 15-нд гэрээсээ өөрөө яваад өгсөн юм. ...Би тухайн үед архи уучихсан нилээн халамцуу байсан. Тэгээд байж байтал манай эхнэр Осгончимэг гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би хүүхдийн хажууд юм яриад яахав гэж бодоод гадаа гараад учраа олж эвлэрэх санаатай гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад чи хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлээд гэрийн гадаа нэг удаа зүүн шанаанд нь алгадсан. ...Тэгээд ороод гэрийн хойд талд хэвтэж байхаар нь гараараа 2-3 удаа цохьсон. Би зүүн гарын бугалга, зүүн гарын шуу, гарын сарвуунд нь гараараа цохисон нь үнэн. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 19 тал/,

Гэрч Д.Сүхбаатарын: “...Осгончимэгийг гэртээ орж ирэхээр нь Б гэрээс түлхээд гаргасан. Тэгэхээр нь би араас нь гартал эхнэрээ заамдаад зогсож байхаар нь би уурлаад Осгончимэгийг гэрт оруулсан юм. Гэтэл гэр дотор гэрийн хойно Осгончимэгийг Б шанаа толгой, цээж рүү 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 173 тоот: “...Д.Осгончимэгийн биед дээд үүдэн зүүн 1, 2-р шүд, 1-р шүдний сулрал, зүүн чихний хэнхэргэн хальсны цоорол, дээд уруулын дотор салстад шархтай, дээд, доод уруулын салст, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн хацар, шанаа, эрүү, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-36 тоотод эхнэр Д.Осгончимэгтэй хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийг өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн  173 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Хохирогч Д.Осгончимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрсайханы Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Бад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ