2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/07319

 

2025              09             17                                                 192/ШШ2025/07319                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **тоотод байрлах, Т ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоотод оршин суух, Ө овогт Г.С /РД:**/-д холбогдох

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2 717 942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Т ХХК 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №NC06/19/0028 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээг NCD групп ХХК болон Гарден сити-1 хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Энэ гэрээгээр манай байгууллага нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсоноос гадна Гарден сити-1 СӨХ-ны үйл ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон бөгөөд ба дээрх үйл үйлчилгээтэй төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах төлүүлэн авах эрхийг мөн гэрээгээр бидэнд олгосон. Гарден сити хотхоны 1065 дугаар байрны 505 тоот орон сууцны оршин суугч хариуцагч Г.С нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байр хүлээлгэн өгөх комиссын актаар байрыг хүлээн авсан байдаг. Хариуцагч нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний СӨХ-ны төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс төлбөрөө төлөхийг сануулж амаар болон бичгээр нэхэмжилж, байсан боловч үр дүнд хүрээгүй болно. Энэхүү хариуцагчаас нэхэмжилж буй СӨХ-ны төлбөрийг цаг хугацааны байдал үнийн дүнг дараах байдлаар харуулав. 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 2 717 942 төгрөг, дээрх орон сууцны оршин суугч Г.С-оос СӨХ-ны төлбөрт нийт 2 717 942 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Т ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлтийн дагуу үзүүлсээн үйлчилгээ болох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлын төлбөрт 2 717 942 төгрөгийг орон сууцны өмчлөгч Г.С-оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Төлбөрийн хамрах хугацаа буюу анх үүссэн хугацаа 2019 оны 03 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. ” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад иргэн Г.С миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй хэмээн үзэж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Манай гэр бүл 2019 оноос одоог хүртэл Гарден Сити Хотхонд оршин сууж байгаа бөгөөд Т ХХК гэх байгууллага анх контор буюу ус дулаан хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж гарден сити хотхонд байралдаг байсан бөгөөд албан ёсны нэр нь ашиглалтын өмнөх захиргаа гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч тус газар нь оршин суугчдын ямар нэг төлөөлөл шийдвэргүйгээр СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр конторын төлбөр дээр нэмж өөрсдийн дураар төлбөр нэхэмжилдэг болсон. СӨХ-ны үйл ажиллагаа, харуул хамгаалалт, цэвэрлэгээ зэрэг үйл ажиллагааг хийдэггүй мөртөө төлбөр нэхэмжилж байгаа шалтгааныг оршин суугчид удаа дараа асуухад ямар ч тодорхой хариу тайлбар хэлдэггүй байсан (хавсралтаар facebook page-ийн зургыг оруулав). Тухайн үед оршин суугчид удаа дараа асууж шаардлага хүргүүлдэг байсан ч хүлээж авахгүйн дээр контороос ярьж байна хэмээн цөөн удаа холбогдож ус дулааны төлбөр нэхэмжилж байгаа нэрээр нэг л тоот дансанд төлбөр хийлгүүлэхээр нэмэлтээр СӨХ-ын төлбөр нэхэмжилсэн байдлаар ирүүлж байсан. Зөвхөн ус дулааны төлбөрөө төлөе, СӨХ гэж нэхэмжилж байгаа төлбөрт чинь тайлбар авая гэхэд шаардлага хүлээн авахгүйгээр оршин суугчдын төлсөн төлбөрийн талыг нь СӨХ гээд дур мэдэн хурааж авчихдаг байсан. Бид дараах шалтгаанаас үүдэн Т ХХК-ийн ямарч зөвшилцөлгүй дураар нэмэлт төлбөр нэхэмжилж оршин суугчдыг хохироон, контор нэрээр халхавчилж оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус Т ХХК гэж нэхэмжлээд байгаа дүн нь зөвхөн конторын ус, дулааны төлбөр биш бөгөөд энэ дүнд мөн СӨХ-ны үйл ажиллагаа гэсэн төлбөр байгаа юм. Т ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Гарден Сити хотхоны оршин суугчдын бүх нийтийн хурлаар байгуулагдаагүй болно. Бидэнтэй ямар нэг СӨХ-тэй холбоотой гэрээ байгуулаагүй болно. СӨХ хэмээн нэхэмжилж байгаа төлбөрийг оршин суугчдын хурлаар батлаагүй болно. Үүнийг сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд, 7.2. Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 7.2.4. удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; гэж заасан байдаг. Гэвч Т ХХК нь ямарч хурал хийгээгүй байж СӨХ-ны үйл ажиллагаа явуулж буй мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан. Оршин суугчид эдний хууль бус үйл ажиллагааг нь эсэргүүцэж удаа дараа бүх нийтийн хурал хий гэж шаардлага тавьсан ч үл оошоож явсан. Оршин суугчид хууль бус байгуулагдсан, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй СӨХ-г эсэргүүцэж өөрсдийн санаачлагаар бүх нийтийн хурлаа зарлаж Гарденсити СӨХ-г албан ёсоор байгуулах хурал зарлан албан ёсны СӨХ байгуулах шийдвэр гарсан ч Т конторын Б гэх хүн тамга тэмдэгээ шилжүүлэхгүй бүх нийтийн ажил хаяж алга болж байсан баримт байдаг. 5 дугаар зүйл. Сууц өмчлөгчдийн холбоо, 5.1. Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно, 5.3. Холбоог зохион байгуулах хурлыг сүүц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна, 5.4. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно, 5.5. Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна гэж заасан. Гэвч Т ХХК нь бүх нийтийн хуралаар сонгогдоогүй 5.5 зааснаар СӨХ-ны тамга тэмдэг байхгүй, хэвлэмэл хуудас албан бланк байгүй тэр тусмаа банкинд СӨХ-ны харилцах данс байхгүй мөртөө өөрийн Т ХХК гэсэн конторын дансаар төлбөр авахаар нэхэмжилж хууль бусаар ажилладаг байсан. Энэ мэт хууль бус үйл ажиллагааг бид дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж СӨХ гэх нэрээр нэмхэмжилж буй конторын төлбөрөөс бусад хууль бус төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж байна. Бид удаа дараа СӨХ биш конторын төлбөрөө тусад нь нэхэмжил, хэрэглээний заалтаар гарсан ус дулааны төлбөрөө төлнө. Харин тэр конторын төлбөрийг СӨХ-ны төлбөрөөс хасалт хийж конторын төлбөр дутуу хийсэн юм шиг харагдахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгддэг байсан. Гэвч хүсэлтийг хүлээн авахгүй байсаар сүүлд Т ХХК-ийн орлогын байцаагч Д.Б гэх хүнтэй ойлголцож конторын төлбөрийг тусад нь нэхэмжлүүлсэнээр манайх ус дулааны төлбөрийг барагдууж байсан болно (хавсралтаар тухайн үед тохиролцож гарын үсэг зурсан баримтыг хавсаргав). Манайх Т ХХК-ийн үндсэн үйл ажил болох ус дулааны төлбөр төлөх дээр ямар нэгэн маргаан эсэргүүцэл байхгүй болно. Гэвч ус дулаан нэрээр халхавчилж оршин суугчдаас илүү төлбөр авч ашиг хонжоо харсан хууль бус үйлдлийг нь эсэргүүцэж байгаагаа олон удаа илэрхийлсэн болно. Т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцахад конторын төлбөр мэтээр буруу ойлгогдож төөрөгдөлд оруулахаар материал бүрдүүлж нэхэмжилсэн байна. Иймд та бүхэн дээрх тайлбаруудтай болон хавсаргасан баритуудтай танилцан үнэн мөнийг тунгааж иргэд оршин суугчдыг хохироосон хууль бус үйлдлийг таслан зогсоож цаашид энэ байгууллагын хууль бусаар иргэд, оршин суугчдыг хохироодог гаршсан үйлдлийг нь нэмж гаргахгүй байх дээр арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.01.15-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019.01.16-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлт, 2019.09.19-ний өдрийн №2175, 3841, 4235, 5224 дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, 2019.09.15-ны өдрийн 5224 тоот гэрээний дугаартай Т ХХК-ийн 2019-2020 оны дулааны гэрээний хавсралт, 2019 оны Лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.04.29-ний өдрийн 26084600 Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Т ХХК-ийн зааг эзэмшлийн зураг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.31-ний өдрийн Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, 2020.01.05-ны өдрийн Т ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан Гэрээт Харуул хамгаалтын ажил гүйцэтгэх гэрээ, 2017.12.27-ны өдрийн Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ, 2019.03.01-2024.02.14-н өдрийн харилцагчийн гүйлгээ, 2024.02.14-ний өдрийн итгэмжлэл, 2024.10.14-ний өдрийн итгэмжлэл, Гарден сити хотхоны 2019 оны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, гарашийн ашиглалтын зардлын задаргаа, СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт шаардсан байна. Б.Г-ийг гэрчээр асуусан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2 717 942 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлтийн дагуу үзүүлсэн үйлчилгээ болох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой 2019 оны 03 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны зардал 2 717 942 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байдаг.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар N ХХК болон Т ХХК нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний зорилгыг “Гарден сити хотхоны дулаан, усан хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, түүний байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн найдвартай ажиллагааг хангах үйл ажиллагаатай холбогдох талуудын эрх үүргийг тодорхойлж тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах...” гэж тодорхойлжээ.

 

6. Дээрх гэрээний талууд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр талууд Үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлт гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр “Гарден сити СӨХ-г байгуулагдах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон холбогдох бусад төлбөрийг хураах эрх болон СӨХ-ны үйл ажиллагааг өмнөөс нь хэрэгжүүлэх эрхийг мэргэжлийн байгууллага болох Т ХХК-д олгосон болно.” гэжээ.

 

7. Хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангаагүй Гарден сити СӨХ-ны 20/42 дугаар гэрчилгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нотлох баримт болох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гарден сити СӨХ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

8. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож буй N ХХК болон Т ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлт гэх нэртэй гэрээний үйлчлэх хугацааг “Гарден сити СӨХ-г байгуулагдах хүртэлх гэж тодорхойлсон тул сууц өмчлөгчид холбоогоо байгуулан, бүртгэлд бүртгүүлснээр нэхэмжлэгч Т ХХК нь СӨХ-ны үйл ажиллагааг хариуцах, гишүүдээс зардал шаардах эрх дуусгавар болсон байна.

 

9. Тодруулбал,  Гарден сити СӨХ байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээний хэрэгжилт дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь 2021 оноос 2024 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны дундын эзэмшлийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

10. Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрхгүй тул хуулиар шаардах эрхгүй боловч сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцаж, үйл ажиллагаа явуулсан болох нь Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

11. Өөрөөр хэлбэл 2019 оны 03 дугаар сараас СӨХ байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны үүргийг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байсан ч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй байна.

 

12. Тайлбарлавал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

 

13. Хэрэгт хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Г.С-д холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2 717 942 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Г.С-д холбогдуулан гаргасан 2 717 942 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 437  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ