| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/05041/И |
| Дугаар | 192/ШШ2025/07571 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07571
2025 09 25 192/ШШ2025/07571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** байрлах, Х ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Г.Э /РД:**/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 33 292 779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х нь харилцагч Г.Э-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2010115363 дугаартай зээлийн гэрээ байгуулан 37 500 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 6 250 000 төгрөг, зээлийн хүүд төгрөг 2 916 082.19, нэмэгдүүлсэн хүүд 19 017.81 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010115363 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд, зээлийн үндсэн төлбөр 31 250 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 013 452.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 327.40 төгрөг, нийт 33 292 779.46 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2010115363 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 33 292 779 төгрөгийг хариуцагч Г.Э-ээс гаргуулж өгнө үү...” гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.08.28-ны өдрийн 2010115363 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар, дансны хуулга, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х ХК хариуцагч Г.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 292 779 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “... Г.Э нь Х-тай 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2010115363 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 37 500 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 6 250 000 төгрөг, зээлийн хүүд төгрөг 2 916 082.19, нэмэгдүүлсэн хүүд 19 017.81 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул гэрээг цуцалж, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 31 250 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 013 452.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 327.40 төгрөг, нийт 33 292 779 төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2010115363 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 37 500 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгох, зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус тохиролцжээ.
5. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
6. Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусах хэдий ч зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-д тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2010115363 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч хариуцагч Г.Э-д холбогдуулан гаргасан 33 292 799 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
9. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.09.16-ны өдөр хариуцагчийн ** дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Э-ээс 33 292 779 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 324 414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ