2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/08044

 

 

 

 

 

 

 

 

2025 10 07 192/ШШ2025/08044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, * тоотод оршин суух, * овогт Ч-ийн Э,

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, * тоотод оршин суух, * овогт О-ын А,

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, *, * дугаар гудамж, * тоотод оршин суух, * овогт С-ийн Л,

Хариуцагч: * дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол,  * гудамж, * дүгээр байр, * тоотод оршин суух, * овогт П-ын Б-т холбогдох,

Үндсэн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх

Сөрөг шаардлага: Д.Г болон Ч.Э нарын 2017.12.04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У.З хариуцагч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э, Д.Г нар 2017.12.04-ний өдөр * дүүрэг, * дугаар хороо * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байр, * тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 50,000,000 төгрөгөөр Ч.Э нь худалдаж авсан. Тухайн үед Э, А нар нь эх нялхаст байр авахаар мөнгө цуглуулж байсан. Энэ үед Э жирэмсэн байсан. Байр авах хугацаандаа Э нь жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. А нь том тэрэгний жолоочоор ажилладаг байсан. Г нь тухайн үед ...та 2 байр авахаар мөнгө цуглуулж байгаа бол ахынхаа байрыг авчих, удахгүй төрөх гэж байгаа юм байна.. Ах нь Нүхтэд шинэ байр авч байгаа... гэх саналыг тавьсан байдаг. Тэгээд хоорондоо тохиролцоод 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж үүнээс 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүний дараа байрыг нэр дээрээ шилжүүлж авсан байдаг. Үлдэх төлбөрөө сүүлд нь авна гэх нөхцөлтэйгөөр тохиролцсон. Хэсэг хугацааны дараа Г нь нэхэмжлэгчийн утас руу ...Хүүхэд Хятад улсад сурч байгаа сургалтын төлбөрийг нь төлөх болоод байна байрны үлдэх төлбөрөө өгчих...гэж ярьсан байдаг. Тэгээд * ББСБ ХХК-ийн барьцаанд тухайн байрыг 30,000,000 төгрөгөөр тавьсан. Уг зээлийн төлбөрөөс 19,500,000 төгрөгийг Ганболдод бэлнээр өгч, үлдэх 50,000,000 төгрөгийг дансаар баг багаар өгсөн байдаг. Үүний дараа байрыг суллаж өгнө гээд 2022 оны 7 сарын сард байрны түлхүүрийг авчирч өгөөд бид хэд удахгүй Нүхт рүү явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд нүхт рүү Ганболд нь нүүгээгүй байх үедээ 2022 оны 8 сарын сүүлээр Г цус харваж өвчний улмаас хэвтэрт орон 2022 оны 9 сарын 05-ны өдөр нас барсан. Үүнээс хойш * рүү залгаж тус байрыг суллаж өгөхийг шаардаж байсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Г-ын ажил явдал дууссаны дараа өөрийн төрсөн том ахаараа Б рүү залгуулж байрыг хэзээ суллаж өгөх талаар яриулсан. Гэтэл Б нь ...байрыг суллаж өгөхгүй. 50,000,000 төгрөгийг буцааж өгөөд гал голомтоо авч үлдмээр байна... гэдэг зүйлийг бол ярьсан байдаг. Энэ талаар өмнөх хуралдаан дээр ч гэрчүүд мэдүүлсэн байдаг. Ийм байдлаас болоод 2022 оны 4 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед А, Э нарт мөнгөний яаралтай хэрэг гарч тухайн байрыг Л гэдэг хүнд 80,000,000 төгрөгт зарахаар 2022 оны 5 сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг 80,000,000 төгрөгийн 40,000,0000 төгрөгийг авч үлдэх 40,000,000 төгрөгийг төлөх хүртэл хугацаанд А, Л нар нь байрны өмчлөгчөөр хамт бүртгүүлсэн байдаг. Үлдсэн төлбөрийг авсны дараагаар А нь байрны өмчлөлөөс нэрээ салгах талаар санал гаргасан байдаг. Харин одоогоор тухайн байрны төлбөрийг бүрэн барагдуулж авсан. А нь нэрээ салгах байдалтай байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн байрыг Б нь Э-д байрыг суллаж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Л, А нарт шаардах эрх үүсэж байгаа. Э нь өөрийгөө нэхэмжлэгчээр сольж үзсэн. Хариуцагч хүсэлт гаргаж Э-г хуралд оролцуулъя гэж байсан. Мөн сөрөг нэхэмжлэлд хариуцагч байхгүй болохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдчих вэ гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээгээд авчихсан байж байдаг. Эрдэнэчимэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрх байхгүй ч гэлээ нэхэмжлэгчээр орж ирэхээс өөр аргагүй болсон. А, Л нар нь өмчлөгчөөр тогтоогдсон. 2022 оны 4 сараас эхлэн Б-г байрнаас гаргах шаардлагыг шүүхээр тавьж явсан. Үүнээс ч өмнө нь Б-д шаардлага тавьсаар ирсэн. Иймд Б-г хууль бус эзэмшигч гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 онд нөхөр болох Г-тэй анх танилцсан. Бидний дундаас 2 хүүхэд маань төрж Эрдэнэт хотод анх амьдралаа эхлүүлж бид сайхан амьдарч байсан. Манай нөхөр Эрдэнэт хотын захиргаанд ажилладаг байсан. Тухайн байгууллагаас нь манай нөхөрт байр өгсөн. Манай нөхөр хувийн бизнес эрхэлдэг байсан учир Улаанбаатар хот руу шилжих болоод уг байраа Э-ийн төрсөн ах Ч-ийн Т /тухайн үед Эрдэнэтэд амьдардаг байсан/ гэх дүүдээ нь өгсөн. Тэгээд бид 2 Улаанбаатар хотод ирээд бизнесээ үргэлжлүүлэн явсаар 2009 онд маргаан бүхий байрыг худалдаж авсан. Байр авахаасаа өмнө түрээсийн байраар амьдарч байсан. Нэхэмжлэгч нар бүгд үүнийг мэднэ. Ингээд манай нөхрийн бизнес амжилттай байсан. 2009 онд манай охин урд сурдаг байсан ба хүргэж өгөөд эзгүй байхад нөхөр маань байрыг авсан ба татвар төлөхгүй гээд бэлэглэлийн гэрээгээр авсан. Хүн ерөөсөө энэ талаараа санадаггүй юм байна. Би байрны хамтран өмчлөгч болъё гэж мэддэггүй байсан. Манай нөхөр бизнес хийдэг болохоор зээл болон лавлагаа авахад амар байдаг гээд бүх юмаа өөрийнхөө нэр дээр байлгадаг байсан. Бизнесийн зээл болон байрыг барьцаанд тавьж зээл авахад нь би хамтран эзэмшигчээр явж байсан. Тэгээд 2017.12.09-нд байр худалдаж авах гэрээ хийчихсэн байсныг би мэдээгүй. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр манай нөхөр 2021 оны 9 сард нас барсан. Тэгээд нэхэмжлэгч нартай холбоогүй байж байгаад 4 сард надад шүүхийн мэдэгдэх хуудас ирэхээр нь Баянгол дүүргийн шүүх дээр очиж уулзсан. Очиж уулзахад энэ байрны асуудлыг ярьж байсан. Тэгээд би энэ чинь манай байр шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн шүүхээс өмгөөлөгчөөс зөвлөгөө аваарай гэж тайлбарлаж байсан. Тэгээд А, Э нарын анхны шүүх хуралдаанд орохдоо ...Амгалан эгч ээ та бид 2 гаднын хүн шүү дээ. Би энд ямар учиртай ирснийг мэдэхгүй байна... гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр энэ байрыг эзэмшээд, мөнгө төгрөг өгсөн гэж ярьж байгаад гайхаж байна. Нэг ч удаа намайг байраа чөлөөлж өг гэж яваагүй. Манай нөхөр би амьдралынхаа ихэнх хугацааг дүү нартайгаа өнгөрүүлсэн гэж ярьдаг байсан. Айлын том хүүхэд байсан. Нэхэмжлэгч нар өнөөдөр биечлэн ирсэн бол гэр бүлийн дотоод асуудлаа ярих байлаа. Гэхдээ ирээгүй учир энэ асуудлаа ярихгүй. Хэрвээ шударга шүүх гэж байдаг бол үнэнээр шийдвэрлэх байх. 2015 онд манай нөхөр хүнд зодуулаад хагалгаанд ороод эмчилгээнд явсан. Үүнээс хойш ухаан санаа нь орж, гардаг болсон байсан. Мөн үе үе ухаан алдаж эмнэлгээр явдаг байсан. Нэхэмжлэгч нар энэ үед ирж байгаагүй. Гэтэл байрны ордерыг авчхаад надаас шаарддаггүй байсан байж ямар учраас ингэж байгааг ойлгохгүй байна. Тэгээд 2022 онд манай нөхөр өнгөрөөд удалгүй 6 сарын дараа намайг шүүхэд өгсөн байдаг. Хэрвээ хүн чанар байдаг бол жилийн дараа надад өв залгамжлал нээгдсэн үед авахад яадаг юм. 2017 онд авчихсан байраа 2018, 2019 онд ирээд авахгүй. 2021 онд байрны түлхүүрээ өгсөн гэж яриад байгаа зүйл огт болоогүй. 2021.07.11-нд манай нөхрийн найзууд баруун салаа руу ангийн уулзалттай гээд явсан. Тухайн үед манай нөхөр гэрийн түлхүүрээ нэхэмжлэгчийн дэлгүүр лүү орж архи, тамхи авахдаа түлхүүрээ хаячих байх гээд үлдээсэн байдаг. Энэ талаар дэлгүүрийн камерийн бичлэг хүртэл харагдана. Тэгээд дараа нь нэхэмжлэгчийн утас руу залгаад байрны түлхүүрээ авъя гэхэд өгөөгүй. Сарын дараа манай нөхрийн бие нь муудаад 30 хоног эмнэлэгт ухаангүй хэвтсэн. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж надад байрыг буцааж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжин, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар тухайн байрыг Г бусдад худалдахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр Бямбацэцэгийн нэр ороогүй ч гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө юм. Энэхүү иргэний хэрэг үүссэнээс хойш маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх талаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангахгүй байсаар байгаад Э хөрөнгийг бусдад зарсан. Д.Г болон Ч.Э нарын хооронд 2017.12.04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг хүчин төгөлдөр бус хэлцэл, Ч.Э болон О.А, С.Л нарын хооронд 2022.05.12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгуулах буюу талийгаач Ганболдын эхнэр Бямбацэцэгийг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж чадахгүй байснаас шүүх хүлээн хүлээн авахгүй 2-3 удаа буцаасан. Тэгээд шүүхээс сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор нь хангаж шүүх хуралдааныг 2-3 удаа хойшлуулсан. Хариуцагч 2 өмгөөлөгчтэй байж хэргээр процессын зөрчил гаргах гэж тэгдэг юм уу, мэддэггүй юм уу, эсвэл мэдэн будилдаг юм уу? сөрөг нэхэмжлэл дээрээ Эрдэнэчимэгийг нэхэмжлэгч биш байхад сөрөг нэхэмжлэлд хариуцагчаар татаж оруулж ирдэг. Хүүхдүүдээ сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчээр оруулж ирдэг процессын зөрчлүүд гаргадаг. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг зөвтгүүлэх гээд олон удаа хойшилсон. Одоо бид нар давж заалдах шатны шүүхээс дахиад буцаах вий гэдэг зүйлээс айж байна. Манай талаас хэргийг нэг мөр шийдвэрлүүлье гэдэг байдлаар Э-г оруулж ирсэн. Тэгээд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан хэлэлцэж байгаа гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэлийг зааж байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авах ёстой гэж ярьж байна. Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн тогтоол 5.1 дүгээр зүйлд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан зөвшөөрлийг зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэсэн тохиолдолд авна гэж заасан. Хэрвээ өмчлөгчөөр бүртгэгдээгүй гэр бүлийн гишүүд хэлцлийн хүчин төгөлдөр бус талаар маргах эрхгүй гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Маргаан бүхий байрыг гэр бүлийн хамтын өмчлөх дундын хөрөнгө гэж тайлбарлаж байна. Анх 2009.06.09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Ганболдын нэр дээр шилжиж ирсэн байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 127.1.2-т бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байдаг. Тиймээс маргаан бүхий байр нь Ганболдын хуваарьт эд хөрөнгө байна гэж хэрэгт баримт авагдсан байгаа. Хуваарьт хөрөнгөө бусдад зарахын тулд зохих этгээдийн зөвшөөрлийг авах ёсгүй. Гэхдээ Э, А, Ц нар нь гэрчээр мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлэгтээ Б эгч мэдэж байсан. Үлдсэн төлбөрөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Тэгэхээр энэ байрыг Г нь Э, А нарт хэдэн төгрөг зарж хэдэн төгрөг авсан гэдгээ мэдэхгүй байх боломжгүй, энэ талаар мэдэж байгаа гэдэг тайлбарыг хэлдэг. Хариуцагчийн мэдээгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Иймд Г, Э нарын 2017 онд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас үр дагавар шаардах шаардлагагүй байна. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн үр дагаврыг өмчлөгчөөр Б-г тогтоолгоно гэж тайлбарлаж байна. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар яагаад өмчлөгчөөр Б-г тогтоогдох ёстой гэдэг хууль зүйн үндэслэлийг ойлгосонгүй. Энэ талаараа хариуцагч тал тодорхой тайлбарлахгүй байна. Мөн өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэх чадваргүй байсан гэж ярьж байна. Энэ баримтууд бол авагдсан гэж байна. Г нь 2015 онд буюу гэрээ хийхээс 3 жилийн өмнө хүнд зодуулаад гэмтэл согог үндэсний төвд 2018 онд эмчлүүлсэн. Мөн * гэх эмнэлэгт 22 хоног бол эмчлүүлсэн талаар баримт авагдсан байдаг. Эдгээр баримтуудаар Ганболд 2017 онд гэрээ хийхдээ өөрийн үйлдэл, учрах асуудлыг мэдэхгүй байсан гэдэг үйл баримт тогтоогдохгүй. 2017 оны гэрээг бол нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлийн газарт нэрээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Ийм учраас өөрийн үйлдлийн учир явдлыг ойлгоогүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагчаас 2022 оны 5 сарын 12-ны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор биш. Тухайн хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж хуульчилсан. Гэтэл өнөөдөр хэлцэл хийсэн 2 тал хоёулаа хэргийн нэхэмжлэгчээр орсон. А, Л нарт мөнгө төгрөгт хэрэгтэй байсан учраас худалдсан. Л өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж өмгөөлөгч авч хууль ёсны шаардлагаа тавиад явж байгаа. Хариуцагч талыг яагаад дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд байгааг нь ойлгомжгүй. Худалдах, худалдан авах санаа зорилгоор хоёулаа нэг үр дүнд хүрч зарсан. Тэгээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: Баянгол дүүргийн 17-р хорооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Очир ундраа ОМЗ ББСБ, Ч.Э, О.А нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга, * банк, Ч.Э, О.А нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, * банк, Ч.Э, О.А нарын хооронд байгуулсан Жижиг, бичил бизнесийн зээлийн болон ипотекийн гэрээ, дансны хуулга,

4. Хариуцагчаас: Д.Г-ын нас барсны гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, * дүүргийн *-р хорооны тодорхойлолт, Д.Г-ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Платин капитал ББСБ, Д.Г, П.Б нарын зээлийн болон барьцааны гэрээ, БСБ Мегастор дэлгүүр болон Д.Г, П.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Г.Б, Г.Г нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Г, Ч.Э нарын хооронд хийсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Монголын олон улсын арбитрын шийдвэр, Р.Б, Д.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, * ХХК-ний зээлийн гэрээ, баримтууд, Д.Г-ын өвчний байдалд хамаарах баримтуудыг тус тус гаргасан.

5. Шүүх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа, баримтууд /хх 49-70/, Шинжээчийн дүгнэлт /хх-160-178 зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ч.Э, О.А, С.Л нар хариуцагч П.Б холбогдуулан хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байрны * тоот орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч Ч.Э нь Д.Г-ээс 2017.12.04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлсөн, улмаар Ч.Э 2022.05.12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг О.А, С.Л нарт худалдсан тул өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй гэжээ.

3. Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, * дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байрны * тоот орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул гэр бүлийн гишүүн хөрөнгийг захиран зарцуулахдаа түүнээс зөвшөөрөл авах байсан гэжээ.

4. Хариуцагч П.Б сөрөг нэхэмжлэлээр Д.Г болон Ч.Э-г нарын 2017.12.04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулахаар шаарджээ. Үндэслэлийг орон сууц нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө ба нөхөр Д.Г өөрөөс нь зөвшөөрөл авалгүй бусдад худалдсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, улмаар орон сууцыг дамжуулан худалдсан нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гээд хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу өмчлөгчөөр П.Б-г тогтоолгоно гэжээ.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэгдүгээрт, тухайн орон сууцыг Д.Г бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан тул хуваарьт хөрөнгө, хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн тайлбараар гэр бүлийн дундын хөрөнгийг захиран зарцуулахдаа орон сууцны өмчлөлд бүртгэлтэй этгээдээс зөвшөөрөл авахаар тайлбарласан, гуравдугаарт, орон сууцыг Д.Г худалдсан явдлыг П.Б мэдэж байсан, үнийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулахаар авсан хэмээн маргажээ.

6. Хэргийг өмнө нь шийдвэрлэсэн байдлын талаар

6.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.04.13-ны өдөр нэхэмжлэгч Ч.Э-ээс хариуцагч П.Б-т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. /1-р хх-ийн 1-5 дугаар тал/

6.2. Хариуцагч П.Б, Г.Г, Г.Б нараас нэхэмжлэгч Ч.Э-т холбогдуулан * дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байрны * тоот орон сууц /цаашид орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, маргаан бүхий орон сууц гэх/-ыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, 2017.12.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.*, Г.Г, Г.Б нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2022.05.18-ны өдөр шүүхэд гаргажээ. /1-р хх-ийн 22-42 дугаар тал/

6.3. Мөн хариуцагч П.Б, Г.Г, Г.Б нараас Ч.Э, О.А нарт холбогдуулан Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн боловч тус шүүхийн 2022.05.26-ны өдрийн 102/ШЗ2022/09554 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. /1-р хх-ийн 75-77, 81-82 дугаар тал/

6.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.07-ны өдрийн 102/ШШ2022/02572 дугаар шийдвэрээр хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэн үндсэн, 2017.12.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.Б, Г.Г, Г.Б нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. /2-р хх-ийн 71-76 дугаар тал/

6.5. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.09-ний өдрийн 210/МА2022/01684 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй Г.Г, Г.Б нар хамтран сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн алдааг залруулах боломжгүй, хариуцагч П.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг зөрчсөн, нэмэгдүүлсэн шаардлага нь уг маргаантай хамт шийдвэрлэх боломжтой, О.А, С.Л нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй, гэрчээр оролцуулсан нь буруу гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. /2-р хх-ийн 98-103 дугаар тал/

6.6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 102/ШЗ2023/02945 дугаар захирамжаар хариуцагчийн 2022.05.18-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. /2-р хх-ийн 119-120 дугаар тал/

6.7. Хариуцагч П.Б Г.Г, Г.Б нараас Ч.Э, О.А, С.Л нарт холбогдуулан 1) Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2) Ч.Эрдэнэчимэг болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах 3) орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, 4) орон сууцны өмчлөгчөөр П.Б Г.Г, Г.Б болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2023.03.23-ны өдрийн 102/ШЗ2023/05465 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. /2-р хх-ийн 125-135 дугаар тал/

6.8. Хариуцагч П.Б-ээс нэхэмжлэгч Ч.Э О.А С.Л нарт холбогдуулан Д.Г болон Ч.Э нарын хооронд 2017.12.04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2023.04.07-ны өдрийн 102/ШЗ2023/06530 дугаар захирамжаар хүлээн авч, мөн гуравдагч этгээдээр О.А С.Л нарыг оролцуулахаар болжээ. /2-р хх-ийн 143-149 дүгээр тал/

6.9. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.25-ны өдрийн 102/ШЗ2024/02217 дугаар захирамжаар хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх гуравдагч этгээд О.А-аас гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. /2-р хх-ийн 194 дүгээр тал/

6.10. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 102/ШШ2024/01666 дугаар шийдвэрээр хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх үндсэн, 2017.12.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. /3-р хх-ийн 73-76 дугаар тал/

6.11. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 210/МА2024/01030 дугаар магадлалаар анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй буюу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоны үр дагаврыг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. /3-р хх-ийн 91-96 дугаар тал/

6.12. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.05-ны өдрийн 102/ШЗ2024/16910 дугаар захирамжаар О.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Б-т холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг Ч.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Б-т холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хэрэгт нэгтгэсэн байна. /3-р хх-ийн 149 дүгээр тал/

6.13. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.19-ний өдрийн 102/ШЗ2024/17890 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Э-г жинхэнэ нэхэмжлэгч С.Лувсандолгороор сольж, харин нэхэмжлэгч О.А, С.Л нарт холбогдох Ч.Э болон О.А, С.Лнарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П.Б Г.Г, Г.Бнарыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /3-р хх-ийн 171-172 дугаар тал/

6.14. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.24-ний өдрийн 102/ШЗ2024/20010 дугаар захирамжаар хариуцагч П.Б-ээс нэхэмжлэгч О.А, С.Л Ч.Э нарт холбогдуулан 1) Д.Г болон Ч.Э нарын 2017.12.04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2) Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах 3) орон сууцны өмчлөгчөөр П.Б-г тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзжээ. /3-р хх-ийн 189-191 дүгээр тал/

6.15. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.30-ны өдрийн 192/ШЗ2025/19879 дүгээр захирамжаар хариуцагч П.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулсныг хүлээн авч, нэхэмжлэгч нарт гардуулж, хариу тайлбар авах боломжоор ханган, шүүх хуралдааныг хойшлуулжээ. /4-р хх-ийн 2-3 дугаар тал/

6.16. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.07-ны өдрийн 192/ШЗ2025/21074 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.А-ийн хүсэлтээр хамтран нэхэмжлэгчээр Ч.Э-г оролцуулжээ. /4-р хх-ийн 8-9 дүгээр тал/

6.17. Хариуцагч П.Б нэхэмжлэгч О.А, С.Л нарт холбогдуулан Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүхээс нэхэмжлэгч нарт гардуулжээ. /4-р хх-ийн 11-13, 16-19 дүгээр тал/

7. Зохигчдын маргаагүй бөгөөд тогтоогдсон үйл баримт

7.1. Хариуцагч П.Б Д.Г-тэй 1991 оноос хамт амьдарч, 1998.11.23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 1992.09.13-ны өдөр охин Г.Б 2001.03.08-ны өдөр хүү Г.Гар төрсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 36-40 дүгээр тал/

7.2. Д.Гболон Д.А 2009.06.08-ны өдрийн 0098200 дугаартай Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, * дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байрны * тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Гбүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 45-66 дугаар тал/

7.3. Д.Г болон Ч.Энар 2017.12.04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр * дүүргийн *дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, * дүгээр байрны * тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу өмчлөх эрхийг Ч.Э-д шилжүүлэн өгчээ. /1-р хх-ийн 66-67 дугаар тал/

7.4. Улмаар Ч.Э болон О.А, С.Л нар 2022.05.12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг О.А, С.Л нарт шилжүүлжээ. /1-р хх-ийн 68-70 дугаар тал/

7.5. Д.Г 2021.09.07-ны өдөр нас баржээ. /1-р хх-ийн 41 дүгээр тал/

7.6. Д.Г-ын төрсөн дүү Ч.Э бөгөөд Ч.Э болон О.Анар хамтран амьдагч байна. /2-р хх-ийн 69 дүгээр тал/

8. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Маргаан бүхий орон сууцны 2017 оны байдлаарх зах зээлийн үнэлгээ 101,600,000 төгрөг байна. /2-р хх-ийн 160-178 дугаар тал/

8.2. Д.Г, П.Б нар 2015.11.19-ний өдөр * ББСБ ХХК-аас 55,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг тавьсан болох нь Д.Г, П.Б болон * ББСБ ХХК-ийн 2015.11.19-ний өдрийн Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний гэрээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 27-32 дугаар тал/

8.3. Ч.Э О.А нар 2017.12.19-ний өдөр *  ББСБ-аас 30,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг тавьсан болох нь Ч.Э О.А болон * ББСБ нарын 2017.12.19-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний гэрээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 99-108 дугаар тал/

9. Талуудын тайлбар, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь маргааны зүйл болжээ.

10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заажээ. Энэхүү шаардах эрх нь нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөлд хэрэгжинэ.

11. Нэхэмжлэгч Ч.Э орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар

11.1. Маргаан бүхий орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх талаар

-Нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцыг Д.Гнь Д.Ж-ээс 2009.06.08-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсныг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө хэмээн маргажээ.

-Хариуцагч П.Б маргаан бүхий орон сууц бол гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө болохын хувьд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гээд 2009.06.08-ны өдөр Д.Гнь хариуцагч П.Б-г гадаад улс руу явсан хойгуур үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээг хэлбэрийн хувьд хийсэн боловч үнийг төлж худалдан авсан гэж тайлбарлаж байна.

-Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг, 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж зохицуулснаас үзвэл гэрлэлт бол амины болон эд хөрөнгийн эрхийг үүсгэдэг онцгой харилцаа болохын хувьд гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр байгаагаас үл хамааран дундын хөрөнгө болохыг заажээ.

-Хариуцагчийн дээрх тайлбараа аливаа баримтаар тогтоогдоогүй. Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэх урьдчилсан нөхцөлийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байх гэж томьёолжээ. Д.Г нь 2015.11.19-ний өдөр * ХХК-аас 55,000,000 төгрөгийг зээлж, маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавихдаа эхнэр П.Б-г хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан үйл баримт нь Д.Г уг хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

-Иймээс маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн байна.

11.2. П.Б-ээс зөвшөөрөл авах шаардлагатай эсэх талаар

-Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн эхний Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128 дугаар зүйлийн 128.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэснийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

-Нэхэмжлэгч тал Улсын дээд шүүхийн 2009 оны 20 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т заасан "гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг" зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авна. Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй гэж тайлбарласан тул П.Б-с зөвшөөрөл авах шаардлагагүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

-Энэ хэргийн тохиолдолд өмчлөх эрх олж авах үеийн итгэл үнэмшил шударга байсан эсэхээс хэний эрх ашиг хамгаалагдах нь шийдэгдэнэ.

-Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмчлөгч гэж үзэх бөгөөд уг бүртгэлд бүртгэгдээгүй боловч хамтран өмчлөх эрхтэй бусад хүмүүсийн талаар мэдэх боломжгүй, улмаар энэ байдлыг шалгах шаардлагагүй юм.

-Харин Ч.Э-ийн хувьд өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэж байгаа боловч хэлцэл хийх үед Д.Г эхнэр, хүүхдийн хамт тухайн орон сууцанд амьдарч байсан, тэдний хамтын амьдралын хугацаа, төрүүлсэн хүүхдүүд зэрэг нөхцөл байдалтай харьцуулан дүгнэвэл тэрээр Д.Г-ын төрсөн дүү болохын хувьд уг орон сууц тэдний гэр бүлийн хөрөнгө болохыг мэддэг байсан гэж үзнэ.

-Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ийн эрх, ашиг сонирхол энэ тохиолдолд хамгаалагдахгүй.

-Д.Г болон Ч.Э нар 2017.12.04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Д.Г нь эхнэр П.Б-с зөвшөөрөл аваагүйн хувьд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд Д.Б энэ талаар шаардлага гаргах эрхтэй.

11.3. Гэрээний үнийг төлсөн эсэх тухай

-Нэхэмжлэгч Ч.Эмаргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг бэлнээр, * ББСБ-аас байрыг барьцаанд тавьж зээл аван 19,500,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 5,500,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн гэжээ.

-Нэхэмжлэгчийн энэхүү тайлбарын 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх хэсэг гэрч О.Ц-ийн 2022.07.07-ны өдөр гаргасан мэдүүлэгт дурдагдах хэдий ч ч гэрчийн мэдүүлгийг өөр нотолгооны хэрэгслээр дэмжээгүй тохиолдолд үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй.

-Түүнчлэн Ч.Э, О.А нар 2017.12.19-ний өдөр *  ББСБ-аас 30,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг тавьсан болох нь Ч.Э, О.А болон * ББСБ нарын 2017.12.19-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний гэрээгээр тогтоогдох хэдий ч авсан зээлээс 19,500,000 төгрөгийг Д.Г-д бэлнээр өгсөн гэх үйл баримтыг гэрчлэхгүй.

-Иймд нэхэмжлэгч Ч.Э маргаан бүхий орон сууцны үнийг Д.Г-д төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.

12. Нэхэмжлэгч О.А, С.Л нар орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар

12.1.Нэхэмжлэгч Ч.Э, О.А нар орон сууцыг С.Л-т 80,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, 40,000,000 төгрөгийг авч, үлдэх төлбөрийг төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр амаар тохирч, О.А-г хамтран өмчлөгчөөр бүртгэлд оруулсан хэмээн тайлбарлаж байна.

12.2. Хариуцагч тал нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг, О.А нар гэр бүлийн хамааралтай хүмүүс болохын хувьд хоорондоо гэрээ хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Л эрх, ашиг сонирхлоо хамгаалан оролцдоггүй байдлаас тэдний байгуулсан гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргажээ.

12.3. Нэхэмжлэгч Ч.Э-ийн шүүхэд 2022.04.13-ны өдөр гаргасан нэхэмжлэлд хариуцагч П.Б 2022.05.10-ны өдөр хариу тайлбар гаргасан байх ба үүнээс хойш өдрөөс 2 өдрийн дараа буюу 2022.05.12-ны өдөр Ч.Э-с маргаан бүхий орон сууцыг худалдах гэрээг О.А, С.Л нартай байгуулсан, өөрийн хамтран амьдрагчид шилжүүлэхээр тохирсон, 40,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргээс үзэхэд дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог ба 2022.05.12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ эдгээр шинжийг агуулжээ.

12.4. Түүнчлэн өмнө дурдсанчлан Ч.Э-ийн өмчлөх эрх олж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учир түүний үндсэн дээр байгуулсан 2022.05.12-ны өдрийн гэрээ Иргэний хуулийн 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна.

12.5. Иймд Ч.Э болон О.А, С.Л нарын хооронд 2022.05.12-ны өдөр байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул О.А, С.Л нар маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх боломжгүй.

13. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаврын тухай

13.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр П.Б-г тогтоох гэсэн агуулгаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж байна.

13.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр, 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорондын үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байхаар заасан.

13.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12 дахь хэсэгт дүгнэснээр маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн бөгөөд хариуцагч П.Бямбацэцэг хөрөнгийн өмчлөгчийн нэг болохын хувьд өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг шаардах эрхтэй.

13.4. Нөгөө талаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан Д.Г нас барсан учир Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар түүний иргэний эрх зүйн чадвар буюу хөрөнгийн өмчлөгчийн хувиар эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар дуусгавар болсон. Харин Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар уг орон сууц нь П.Г-ын өвийн зүйл болж, улмаар хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар П.Б нь өвийн зүйлээс хууль ёсны өвлөх эрхтэй болох юм.

13.5. Хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагын хүрээнд хариуцагч П.Бнь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч, мөн Д.Г-д ногдох хэсгээс өвлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй.

14. Дээрх дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Э, О.А, С.Л нараас хариуцагч П.Б-т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Д.Гболон Ч.Э нарын 2017.12.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч П.Б-г маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд хууль ёсны өвлөгч болохыг тогтоох нь зүйтэй.

15. Хэрэгт авагдсан 2019.12.18-ны өдрийн Арбитрын шийдвэр, 2016.01.05-ны Зээлийн гэрээ, 2014, 2017 оны зээлийн гэрээ, * ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, * ХХК-ийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, Д.Г-ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй болохыг дурдав.

16. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Э-с 2022.04.14-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч О.А-с 2024.04.24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-с 2022.05.20-ны өдөр төлсөн 478,200 төгрөг, 2025.05.19-ний өдөр төлсөн 357,950 төгрөгөөс нийт 765,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос, 765,900 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагч П.Б-д олгон шийдвэрлэв.

Нөхөн төлүүлэх шүүхийн зардалд шинжээчид төлбөл зохих 250,000 төгрөг байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нараас гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч П.Б-ийн эзэмшлээс *дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, *гудамж, 41 дүгээр байрны 32 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Э, О.А, С.Л нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56.5, 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан Д.Г болон Ч.Э нарын 2017.12.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Ч.Э болон О.А, С.Л нарын 2022.05.12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч П.Б-г *дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, * гудамж, *дүгээр байрны *тоот орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд хууль ёсны өвлөгч болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 836,150 төгрөгийн 765,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос, 765,900 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагчид олгож, шинжээчийн зардал 250,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан * ХХК-ийн * банк 100************* тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН