Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2019/04206/И |
Дугаар | 210/МА2020/01415 |
Огноо | 2020-06-29 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2020/01415
О.А, Н.С нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00845 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А, Н.С нарын хариуцагч Н холбогдуулан гаргасан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 14- ний өдрийн 00570 дугаар шийдвэр, 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 2759 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг ажиллагааны хүрээнд БГД, 8 хороо, 4 хороолол, 31/1 байр, 21 тоот 77.79 м.кв талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хурааж, битүүмжилж уг хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Төлбөр төлөгч нар уг хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн дүгнэлтээр 141,577,800 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Уг үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх, үнэлгээний зүйлийн шинж онцлогт үндэслэсэн байх зэргийг зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Дүгнэлтийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр танилцуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 809 дугаар тогтоолоор Н.С , О.А нараас 51,584,866 төгрөг гаргуулж Газар капитал партнерс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч О.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025968 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 31/1 байр, 21 тоотод байрлах 77,71 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон. Шинжээч нь 141,577,800 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Шинжээчийн үнэлгээг талуудад 2019 оны 12 сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу биечлэн гардуулж мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н холбогдох, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Н.С , О.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Нэхэмжлэгч нарын хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Анхан шатны шүүх уг үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хяналгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00570 дугаар шийдвэрээр хариуцагч О.А, Н.С нараас 51 584 866 төгрөг болон 415 874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 31/1, 21 тоот хаягт байршилтай 77.71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх 27-30, 31-34, 35-37/
Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг төлбөр төлөгч Н.С , О.А нар эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ. /хх 1-2/
Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргадаг. /хх 1-2, 24/
Төлбөр төлөгч О.А, Н.С нар үл хөдлөх эд хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр үнэлснийг /хх 48, 51/ төлбөр авагч Газар капитал партнерс ХХК эс зөвшөөрсөн /хх 52/ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 53/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад нийцжээ.
Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 74/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурджээ. /хх 56-73/
Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.4, 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600223626 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР