| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403000000851 |
| Дугаар | 2025/ДШМ/574 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/574
2025 05 14 2025/ДШМ/574
Г.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч М.Н, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр,
шүүгдэгч Г.С,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Сд холбогдох 2403000000851 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаарын 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Г.С нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Цэнгэлдэх хотхоны баруун талын замд “Ниссан X Триал” загварын 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно”, 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мопедтой мөргөлдөж зорчигч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Сг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сгаас нийт 23.215.056 /хорин гурван сая хоёр зуун арван таван мянга тавин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Н-д олгож, хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар олох ёстой байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял болон 01 жил 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Наранбаяр тус шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч М.Н нь анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “Б Б” ХК-д холбогдуулан дараах нэхэмжпэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд:
1. Иргэний хариуцагч “Б Б” ХК-иас хохирогч М.Нын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд нийт 2.005.000 төгрөгийг гаргуулах.
2. Иргэний хариуцагч “Б Б” ХК-иас хохирогч М.Нын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах болон эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэх зэрэгт гарсан зайлшгүй бүх зардалд нийт 45.230.056 төгрөгийг гаргуулах.
Хохирогч М.Н нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Сд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Сгаас гэмт хэргийн улмаас хохирогч М.Нын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэн тооцож нийт 8.573.400 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сгаас нийт 23.215.056 төгрөгийг гаргуулж хохирогч М.Над олгож, хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар олох ёстой байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхийг нь нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжпэлийг хэсэгчлэн хангаж, үлдсэнийг нь хэлэлцэхгүй орхисон үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан шаардлагыг тус тус хангаагүй байх тул энэ нь мөн хуулийн 39.8 дугаар 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд хохирогчийн өмгөөлөгч бид давж заалдах журмаар гаргасан гомдлынхоо үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нийт 47.235.056 төгрөгийг шүүгдэгч Г.Сгаас бус харин иргэний хариуцагч “Б Б” ХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хохирогч М.Н нь анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “Б Б” ХК-д холбогдуулан:
-Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн өөрийн өмчлөлийн цахилгаан дугуйны засвар үйлчилгээний хөлс 1.800.000 төгрөг, үнэлгээний хөлс 125.000 төгрөг, цахилгаан дугуйны ачилтын хөлс 80.000 төгрөг, бүгд 2.005.000 төгрөгийг гаргуулах,
-Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах болон эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэх зэрэгт гарсан зайлшгүй бүх зардалд бүгд 45.230.056 төгрөгийг гаргуулах буюу нийт 47.235.056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Учир нь, шүүгдэгч Г.Сгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэх үедээ жолоодож байсан 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Б Б” ХК-ийн өмчлөлийнх болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 67- 69 дүгээр хуудсанд авагдсан Фидуцийн гэрээ /Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/, 71 дүгээр хуудсанд авагдсан 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогддог.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч М.Нын иргэний хариуцагч “Б Б” ХК-иас нэхэмжилсэн нийт 47.235.056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.935.056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 29.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, улмаар 17.935.056 төгрөгийг шүүгдэгч Г.Сгаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”
-мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын нөхөн төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс гадна уг гэм хор учрах үед нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, мөн ашиглах боломж олгосон этгээдийн хэнд нь ч холбогдуулан гаргах боломжтой байна.
Тодруулбал гэм хорын хохирол шаардаж буй этгээд нь шаардлагаа тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигчийн алинд ч холбогдуулан гаргаж болно гэсэн үг юм.
Энэ хэргийн тухайд хохирогч М.Н нь шүүгдэгч Г.Сгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм хор учруулсан этгээд буюу 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.С, эсхүл “Б Б” ХК-тай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшилд шилжүүлж авсан буюу уг тээврийн хэрэгслийг шууд эзэмшигч Г.М, Б.Б, эсхүл 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу шууд бус эзэмшигч “Б Б” ХК-ийн чухам алинаас нэхэмжлэх нь хохирогчийн эрх буюу түүний сонголт юм.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч гэм хор учирсан этгээдийн өмнө хариуцлага хүлээх боловч тэрээр өөрт учирсан хохирлоо уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд болох шүүгдэгч Г.Сгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг нь хязгаарлахгүй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан “өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэдгийг гэм хор учирсан этгээд буюу хохирогч М.Нын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж байгаа гэж ойлгоно.
Нөгөөтээгүүр гэм хор шууд учруулаагүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй тул тухайн этгээд гэм буруугүйгээ нотлох үүрэггүй юм. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр шаардахгүй гэж ойлгох ёстой.
Тиймээс шүүгдэгч Г.Сгийн үйлдсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нийт 47.235.056 төгрөгийг хохирогч М.Н нь шүүгдэгч Г.Сгаас бус харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч “Б Б” ХК-иас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Сгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг ийнхүү иргэний хариуцагч “Б Б” ХК-иас гаргуулах нь шүүгдэгч Г.Сг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн үүргээс чөлөөлж байгаа хэрэг огт биш бөгөөд харин ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт буюу “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-д бүрэн нийцэж байгааг дурдах нь зүйтэй болов уу.
2.2. Хохирогч М.Наас иргэний хариуцагч “Б Б” ХК-д холбогдуулан гаргасан нийт 47.235.056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно”,
-36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно”,
-36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана”,
- 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй”,
-36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”,
-36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана:
...З.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүп хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл;...”
-36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана:
...1.7.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчпэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл;...” гэж тус тус заажээ.
Тэгвэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Нын эрүүл мэндэд зүүн сүүжний тогооны үе дайрсан далд хугарал, зүүн зовхи, ташаанд цус хуралт, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн зүгээс эмчилгээний зардал болох эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, зардал бусад эд зүйлс, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримтуудыг шүүхийн шатанд гаргасан байх ба шүүгдэгч нь хохирогчид 950.000 төгрөгийг өгсөн. Баримтаар гарсан зардлаас 17.935.056 төгрөгийг нөхөн төлөөгүй баримттай байна.
...Мөрдөн шалгах ажиллагаанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч М.Нын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон байх тул ...тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван найм аравны нэг дахин нэмэгдүүлсэн тооцож /660,000x8=5,280,000/ нийт 5.280.000 төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, нийт 23.215.056 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Над олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох ёстой байсан орлого болон асаргаа сувилгаа үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хохирогч нь эмчилгээ үйлчилгээ авсан болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв...” гэсэн дүгнэлт хийж хохирогч М.Нын иргэний хариуцагч “Б Б” ХК-иас нэхэмжилсэн нийт 47.235.056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.935.056 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, үлдэх 29.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, улмаар 17.935.056 төгрөгийг шүүгдэгч Г.Сгаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтээс харахад шүүхэд хохирогч М.Н нь хэнд холбогдуулж нийт хэдэн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнээс хэдэн төгрөгийн ямар нэхэмжпэлийн шаардлагыг нь хангаж, хэдэн төгрөгийн ямар нэхэмжлэлийн шаардлагыг нь хэлэлцэхгүй орхисон нь тодорхойгүй, ойлгомжгүй, мөн тийнхүү шийдвэрлэх болсон хууль зүйн үндэслэлийг огт бичээгүй байна.
Зүй нь анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хохирогч М.Нын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2.005.000 төгрөгийг гаргуулах тухай болон хохирогч М.Нын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах болон эрүүл мэндийн үзлэг. оношилгоо, эмчилгээ хийлгэх зэрэгт гарсан зайлшгүй бүх зардалд 45.230.056 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл тус бүрийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан ба хэрэв хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд анхан шатны шүүх иргэний нэхэмжпэгч нь нэхэмжпэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх ёстой.
Дээр дурдсан 2 төрлийн нэхэмжлэлийн хувьд хохирогч М.Нын зүгээс анхан шатны шүүхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгсөн бөгөөд шүүхээс тэдгээр нэхэмжпэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдол үүсээгүй байхад нийт 29.300.000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь олох ёстой байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаанд хохирогч М.Наас “Б Б” ХК-д холбогдуулан гаргасан нийт нэхэмжлэлийн шаардлага болох 47.235.056 төгрөгөөс:
-2 дугаар хавтаст хэргийн 115-117 дугаар хуудсанд байгаа хохирлын хүснэгтийн 21 дүгээр мөрөнд байгаа 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд асрагчид өгвөл зохих цалин бүгд 7.790.000 төгрөг,
-хохирлын хүснэгтийн 22 дугаар мөрөнд байгаа 2024 оны 09, 10, 11 дүгээ сард хохирогч М.Нын аваагүй цалин бүгд 1.980.000 төгрөг,
-хохирлын хүснэгтийн 25 дугаар мөрөнд байгаа 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг дуусталх 06 сарын хугацаанд хохирогч М.Нын олох ёстой байсан орлого бүгд 19.530.000 төгрөг буюу нийт 29.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж байна гэж тайлбарласан боловч тэдгээрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй бөгөөд шийтгэх тогтоолд ч тийнхүү хэлэлцэхгүй орхисон үндэслэлээ огт бичээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангахгүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиплын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
-510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байдаг.
Тиймээс хохирогч М.Н нь дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжпэлээ гаргасан бөгөөд нэхэмжпэлийнхээ шаардлагыг нотолсон нийт 108 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
Тэдгээрээс зөвхөн шүүхээс хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нэхэмжпэлийн шаардлагуудын талаар хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс дараах тайлбарыг хийж байна. Үүнд:
1. Асрагч ажиллуулах гэрээний дагуу хохирогч М.Наас өөрийн асрагч Э.Ундраад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих ажлын хөлс нийт 7.790.000 төгрөгийн тухайд:
Хохирогч М.Н нь тухайн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндээр хохирч хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хөгжпийн бэрхшээлтэй иргэний бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тус хөдөлмөрийн чадвар алдалтыг нийт 12 сараар буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тогтоосон.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар нь хохирогч М.Над хэвтрийн дэглэм сахихыг зөвлөсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцаараа бие даан босож чадахгүй, тогтмол хүний асаргаанд байгаа нь Иргэний эрүүл мэндийн дэвтрээр нотлогддог.
Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хохирогч М.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Э.Ундраатай “Асрагч ажиллуулах гэрээ” буюу хууль зүйн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан “Хөлсөөр ажиллах гэрээ’-г 06 сарын хугацаатай байгуулсан байдаг.
Гэрээ ёсоор асрагч нь асруулагчийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд 7 хоног бүрийн Бямба, Ням гарагаас бусад гарагт, өдөр бүр 09:00 цагаас 17:00 цаг хүртэл хугацаанд асруулагчийн гэрийг цэвэрлэх. агааржуулах, хоол ундыг нь хийж өгөх, хооллох, эмчийн зааврын дагуу асруулагчид иллэг массаж хийх, асруулагчийг дасгал хөдөлгөөн хийхэд нь тусалж дэмжих, цэвэр агаарт салхилуулах зэрэг ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд нэг өдрийн ажлын хөлс нь 95.000 төгрөг байна.
Хохирогчийн биеийн байдлаас шалтгаалан дээрх гэрээ цаашид сунгагдах боломжтой бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаагаар асаргаанд байх шаардлагатай.
Хохирогчийн ар гэрийн зүгээс асрагчид 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны хөлсөөр ажилласан бүгд 72 өдрийн ажлын хөлсөнд нийт 6.840.000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үлдсэн хугацаа буюу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх бүгд 54 өдрийн ажлын хөлсөнд нийт 5.130.000 төгрөгийг асрагчид төлөх ёстой бөгөөд энэ нь зайлшгүй гарах зардал юм.
Харин хохирогч М.Н нь дээрх 54 ажлын өдрийн ажпын хөлс 5.130.000 төгрөгийг 82 өдрөөр буруу тооцож 7.790.000 төгрөг гэж 2.660.000 төгрөгийг илүү нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвтгөх боломжтой гэж хохирогчийн өмгөөлөгч бид үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг мэргэжлийн байгууллага 12 сараар тогтоож, хохирогчид асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар байхад ямар нэгэн үндэслэл заахгүйгээр дээрх зайлшгүй зардлыг хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Хохирогч М.Нын 2024 оны 09, 10, 11 дүгээр сард аваагүй цалин бүгд 1.980.000 төгрөгийн тухайд:
Хохирогч М.Н нь гадаадын хөрөнгө оруулалттай “Хао Чиндали” ХХК /1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудастай 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэг сарын 660.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр нотлогддог.
Шүүгдэгч Г.Сгийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Нын эрүүл мэндэд зүүн сүүжний тогооны үе дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан тул тухайн өдрөөс хойш хохирогч М.Н нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.
Үүнтэй холбоотойгоор хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 09, 10, 11 дүгээр сарын цалинд нийт 1.980.000 төгрөг /нэг сарын цалин 660.000 төгрөг 3 сар=1.980.000 төгрөг нэхэмжилснийг шүүх ямар нэгэн үндэслэл заалгүйгээр хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Хохирогч М.Нын 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг дуусталх 06 сарын хугацаанд олох ёстой байсан орлого бүгд 19.530.000 төгрөгийн тухайд:
Хохирогч М.Н нь Хятад хэлний мэдлэгтэй бөгөөд БНХАУ-ын Рэнминь их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд 2016 оны 09 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд гадаад харилцааны мэргэжлээр суралцаж бакалаврын боловсрол эзэмшсэн, мөн тус сургуулийнхаа Олон улсын харилцааны магистрын сургалтад хамрагдаж 2023 оны 06 дугаар сард “Олон улсын эрх зүйч”-ийн магистрын зэрэг хамгаалсан юм.
Тийм ч учраас М.Н нь гадаадын хөрөнгө оруулалттай “Хао Чиндали” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ БНХАУ-аас Монгол Улсад ирсэн хятад иргэдэд бичгэн ба аман орчуулга хийх үйлчилгээг төлбөртэй үзүүлж ашиг орлого олдог байсан бөгөөд тэрээр 2024 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бичгэн ба аман орчуулга хийх үйлчилгээ үзүүлж, нийт 26.040.000 төгрөгийн орлого олсон байна.
Тодруулбал М.Н нь дээр дурдсан 08 дугаар сарын хугацаанд нийт 26.040.000 төгрөгийн орлого байх ба нэг сарын дундаж орлого нь 3.255.000 төгрөг болж байгаа бөгөөд тэрээр уг 26.040.000 төгрөгийн орлогоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварын байгууллагад тайлагнасан байна.
Тиймээс хохирогч М.Н нь 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг дуустал 06 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод нийт 19.530.000 төгрөг /нэг сарын олох ёстой байсан орлого 3.255.000 төгрөг 06 сар=19.530.000 төгрөг/ нэхэмжилснийг шүүх ямар нэгэн үндэслэл заалгүйгээр хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эцэст нь тэмдэглэхэд анхан шатны шүүхээс хохирогч М.Наас “Б Б” ХК-д холбогдуулан гаргасан нийт нэхэмжлэлийн шаардлага болох 47.235.056 төгрөгөөс:
-асрагч ажиллуулах гэрээний дагуу хохирогч М.Наас асрагч Э.Ундраад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих ажпын хөлс бүгд 7.790.000 төгрөг,
-хохирогч М.Нын 2024 оны 09, 10, 11 дүгээр сард аваагүй цалин бүгд 1.980.000 төгрөг,
-хохирогч М.Нын 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг дуусталх 06 сарын хугацаанд олох ёстой байсан орлого бүгд 19.530.000 төгрөг буюу нийт 29.300.000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхисныг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал:
-Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн өөрийн өмчлөлийн цахилгаан дугуйны засвар үйлчилгээний хөлс 1.800.000 төгрөг, үнэлгээний хөлс 125.000 төгрөг, цахилгаан дугуйны ачилтын хөлс 80.000 төгрөг, бүгд 2.005.000 төгрөг,
-Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 3.019.839 төгрөг, түүнтэй адилтгах орлого 19.530.000 төгрөг, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах болон эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэх зэрэгт гарсан зайлшгүй бүх зардалд 20.020.217 төгрөг буюу нийт 44.575.056 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хангаж, уг гэм хорын хохирол нийт 44.575.056 төгрөгийг иргэний хариуцагч “Б Б” ХК-иас гаргуулан хохирогч М.Над олгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Гурав. Гомдол гаргагчийн санал, хүсэлт:
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
-4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сгаас хохирогч М.Нын сэтгэцэд учруулсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нийт 5.280.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Над олгосугай” гэж,
-5 дахь заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Б Б” ХК-иас хохирогч М.Нын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 44.575.056 төгрөгийг гаргуулан хохирогч М.Над олгож, иргэний хариуцагч “Б Б” ХК нь өөр учирсан хохирлоо шүүгдэгч Г.Сгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэдийгээр гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд хариуцах ерөнхий зохицуулалттай боловч 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч, тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэм буруутай этгээдийн хэн алинаас нь хохирогч сонголтоор шаардах эрхтэй. “Б Б” ХК зам тээврийн осолд гэм буруутай байх гэм буруугийн асуудал яригдахгүй. Тиймээс бидний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирлоос бусад хохирлыг “Б Б” ХК-иас гаргуулах хүсэлт гаргаж, шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчээс бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж, зарим нэхэмжлэлийг ямар нэгэн үндэслэл заагаагүй хэлэлцэхгүй орхисон. Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хангах үүднээс сэтгэл санааны хохирлоос бусад хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан байгаа. ...” гэв.
Хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн нарын зүгээс шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Учир нь, нийт 47.235.056 төгрөг нэхэмжилсэн боловч аль нэхэмжлэлийн шаардлагыг хангаад хэдэн төгрөгийг хэлэлцэхгүй орхиж байгаа талаараа үндэслэл бүхий тайлбарлаагүй, эргэлзээтэй байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс 23.900.000 төгрөгийг тооцооллын дагуу гаргасан буюу бидний гаргасан дүн байгаа юм. Асаргааны зардал болох 5.130.000 төгрөгийг, 3 сарын цалин хөлс болох 1.980.000 төгрөгийг бүхэлд нь буюу анхан шатны шүүхээс цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй буюу 2024 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлсийг тооцоогүй атлаа 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1, 2 дугаар сарын цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр ямар үндэслэлээр эхний 3 сарын цалин хөлсийг тооцохгүй, ямар үндэслэлээр сүүлийн 3 сарыг тооцоод байгаа нь ойлгомжгүй байгаа. Хохирогчийн олох ёстой байсан орлого 19.530.000 төгрөгийг бүхэлд нь иргэний хариуцагч “Б Б” ХК-иас гаргуулах үндэслэлээр гомдол гаргасан байгаа. ...” гэв.
Хохирогч М.Н тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй гээд шүүгдэгчээс хохирлыг гаргуулахаар заасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.С нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Цэнгэлдэх хотхоны баруун талын замд “Ниссан X Триал” загварын 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно”, 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мопедтой мөргөлдөж зорчигч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч М.Нын “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Хүннү-2222 хороололд очиж өөрийн унаж явж байсан тээврийн хэрэгслийг байрлуулж үлдээгээд зөрүүлээд мопед маркийн цахилгаан дугуйг жолоодож ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр явж байхад хойд зүгээс урд зүг чиглэлтэй явж байсан “Ниссан X Триал” загварын 54-81 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар эргэж байсан. Тэгээд би чигээрээ явж байсан болохоор хажуу талаас шулуун цагаан шугам давж орж ирнэ гэж бодоогүй байж байтал хажуугаас орж ирж мөргөсөн. Тэгээд би тээврийн хэрэгсэлд мөргүүлээд босох гэж оролдсон чинь түнх мултарсан юм шиг мэдрэмж төрөөд буцаад газар суусан. Тэгээд би түргэн болон цагдаа дуудсан. Хэсэг байж байхад түргэн ирээд эмнэлэгт хүргэсэн. ...” /1хх 14-15/ гэсэн мэдзүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12329 дугаартай “...М.Нын биед зүүн сүүжний тогооны үе дайрсан далд хугарал зүүн зовхи, ташаанд цус хуралт, зүүн сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /1хх 38-39/ гэсэн дүгнэлт,
дуудлага лавлагааны хуудас /1хх 2/, зам тээврийн осол тогтоосон акт /1хх 3/, хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-7, 8-9/, Авто тээврийн үндэсний төвийн техник хяналтын үзлэгийнт төвийн дүгнэлт /1хх 43-50/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1хх 52-54/, өвчтөний түүх /1хх 90-98/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1хх 99/, мөрдөгчийн магадалгаа /1хх 110/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ /1хх 197-199/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.С нь ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно”, 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ял ононгдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоохгүй байна.
Хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нар “...Хохирогчийн олох ёстой байсан орлого 19.530.000 төгрөгийг бүхэлд нь иргэний хариуцагч “Б Б” ХК-иас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар 23.215.056 төгрөг гаргуулан хохирогч М.Над хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар олох ёстой байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Хохирогч асаргааны зардал болох 5.130.000 төгрөгийг, 3 сарын цалин хөлс болох 1.980.000 төгрөгийг бүхэлд нь буюу анхан шатны шүүхээс цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй гэх боловч энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжэлэх эрхийг нээллтэй үлдээж шийдвэрлэж, дээрх зардлыг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хохирогчийн олох ёстой байсан орлого 19.530.000 төгрөгийг бүхэлд нь иргэний хариуцагч “Б Б” ХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Б Б” ХХК нь иргэн Г.М, Б.Б нартай Зээлийн гэрээ /1хх 61-66/ байгуулан тухайн автомашиныг Фидуцын гэрээ буюу /үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/ байгуулан /1хх 67-69/ мөнгө зээлдүүлсэн ба /1хх 61-66/ уг автомашины жинхэнэ өмчлөгч биш байна.
Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд тухайн автомашиныг худалдан авахдаа Фидуцийн гэрээ байгуулсан “Б Б” ХК нь бусдын өмнө хүлээх хариуцлагыг өмнөөс үүрэг хүлээх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Нын өмгөөлөгч Ж.Наранбаяр, Э.Оюунтүлхүүр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ