| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03253/И |
| Дугаар | 192/ШШ2025/07569 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07569
2025 09 25 192/ШШ2025/07569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Б /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, А ХХК /РД:**/,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, С ХХК /РД:**/ нарт холбогдох,
63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь өөрийн өнөөдрийг хүртэл бий болгосон эд хөрөнгөөр байр худалдан авахаар хайж байгаад "А" ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" хотхонд байруудыг худалдаж байгаа тухай зарыг цахим сүлжээнээс харж, холбогдсон. Ингээд Ц.Б нь "А" ХХК-тай харилцан тохиролцож, ** тоот, 2 өрөө, 36.97 м.кв, нэгж м.кв-ыг 1 027 860 төгрөг байхаар тохиролцож, нийт 38 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулсан, Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний төлбөр болох 38 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний дагуу 2020 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад орох байсан боловч хугацаа болоход хараахан барилгын ажил дуусаагүй байсан. Ингээд Ц.Б нь удаа дараа тодруулахад "А" ХХК нь ** тоот, 2 өрөө, 36.97 м.кв байрыг ашиглалтад оруулах болоогүй гэх шалтгаанаар удаа дараа хойшлогдсоор байсан. ** тоот, 2 өрөө, 36.97 м.кв орон сууцны ажил удаашралтай байсан тул энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр "А" ХХК-тай холбогдож, өөрийн захиалсан орон сууцыг худалдахаар болоход "Тус байрын зах зээлийн үнэлгээ нэмэгдсэн тул өөр хүн, хуулийн этгээдэд худалдан борлуулах шаардлагагүй. Мөн "А" ХХК нь өөрсдөө буцаан худалдаж авахаар харилцан ярилцаж, ** тоот, 2 өрөө, 36.97 м.кв орон сууцыг зах зээлийн үнэлгээ 72 000 000 төгрөгөөр тохиролцсон. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр "Захиалагчийн хүсэлтийн дагуу талууд хоорондын тохиролцоо" гэх нэртэй актыг үйлдэж гүйцэтгэгч "А" ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 30 000 000 төгрөг, үлдэгдэл 42 000 000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэж харилцан тохиролцсон. Ингээд "А" ХХК-аас Голомт банкны ** тоот данснаас Ц.Б-ийн Хаан банкны ** тоот дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 42 000 000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч өгөлгүй удаа дараа хойшлуулсаар 2023 оны 08 дугаар сарын 21-ний 23/109 дугаартай "А" ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэх актыг Ц.Б-т өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 21-ний 23/109 дугаартай "А" ХХК-аас ирүүлсэн актыг биелэлт хангагдаагүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 25-ны дотор 42 000 000 төгрөгийг төлөхгүй байсан тул дахин холбогдож шийдвэрлэхийг зорьсон. Гэтэл "А" ХХК нь "С" ХХК-ийн "** тоoт 1 өрөө 30,53 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үлдэгдэл 42 000 000 төгрөгийн төлбөрт тооцож Ц.Б-т өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд ** тоот 1 өрөө 30,53 м.кв нь 2024 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч өнөөдрийг хүртэл орохгүй, барилгын ажил зогсонги байдалтай байгаа бөгөөд үлдэгдэл 42 000 000 төгрөгийг буцаан төлөхгүй байна. "А" ХХК, "С" ХХК нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлэхгүй, байр болон төлбөр мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-ний 3.3 дахь хэсэгт алдангийг 0.1 хувиар тооцно гэж заасан. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 592 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нийт 24 864 000 төгрөг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж заасан. Иймээс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-ний дагуу алданги 21 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд "А" ХХК, "С" ХХК нараас 42 000 000 төгрөг, алданги 21 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-т олгож өгнө үү.” гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023.09.14-ны өдрийн 230914/01 дугаар орон сууц захиалгын гэрээ, 2019.08.31-ний өдрийн 190831/01 дугаар орон сууц захиалгын гэрээ, 2023.05.26-ны өдрийн захиалагчийн хүсэлтийн дагуу талууд хоорондын тохиролцоо гэх баримт, барилгын танилцуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А ХХК болон С ХХК нарт холбогдуулан 63 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...А ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 42 000 000 төгрөгийг С ХХК-тай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцсон. С ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлбөрт тооцсон 42 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 21 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. А ХХК болон Ц.Б нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190831/01 дугаартай, орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ** тоот, 36,97 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг гүйцэтгэгч А ХХК нь 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Ц.Б нь 1 м.кв талбайн үнэ 1 027 860 төгрөг, нийт 38 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. .
4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Энэ нь маргааны зүйл болоогүй болно.
4.4. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд хэрэгт авагдсан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Захиалагчийн хүсэлтийн дагуу талуудын хоорондын тохиролцоо” гэх баримтын агуулгаас үзэхэд талууд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190831/01 дугаартай, орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байна.
4.5. Гэрээнээс татгалзсанаар талууд гэрээ байгуулахаас өмнөх анхны байдалдаа очих үр дагавар үүсдэг. Гэвч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Захиалагчийн хүсэлтийн дагуу талуудын хоорондын тохиролцоо” гэх баримтад “...захиалагч нь орон сууцны төлбөрт нийт 38 000 000 төгрөг төлсөн бөгөөд гүйцэтгэгч нэмж 34 00 000 төгрөг нийт 72 000 000 төгрөгийг Ц.Б-ийн дансанд төлнө...” гэжээ.
4.6. Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч тэдний тохиролцоо хуульд нийцсэн байх учиртай. Нэгэнт талууд гэрээнээс татгалзаж байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 205.1-т заасанчлан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл ямар үндэслэлээр гүйцэтгэгч буюу хариуцагч А ХХК нь “34 00 000” төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцоод байгаа нь тодорхойгүй нь дээр, хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
4.7. Иймд хариуцагч А ХХК нь Ц.Б-ээс шилжүүлсэн 38 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-д буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 205.1, 205.7-д заасанд нийцнэ.
4.8. Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч А ХХК нь 30 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул үлдэх 8 000 000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгох үндэстэй байна.
5. Харин нэхэмжлэгчийн хариуцагч С ХХК-тай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 230914/01 дугаартай орон сууц захиалгын гэрээний тухайд нэхэмжлэгч Ц.Б гэрээний дагуу төлбөр төлөөгүй тул гэрээнээс татгалзсанаар харилцан буцаах зүйлгүй гэж дүгнэв.
5.1. Тодруулбал, дээрх гэрээгээр ** тоот, 30,53 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг гүйцэтгэгч С ХХК нь 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Ц.Б 42 000 000 төгрөгийг С ХХК-ийн Голомт банк ** тоот дансанд болон бэлэн мөнгөний кассанд тушаах бөгөөд төлбөрийн баримт, гэрээний хавсралтад ерөнхий нягтлан бодогчоор баталгаажуулалт хийлгүүлнэ гэж тохирсон байна.
5.2. Энэхүү гэрээ нь дээр дүгнэсэнчлэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр. Хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд хариуцагч С ХХК гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй юм.
5.3. Нэхэмжлэгчийн “...А ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 42 000 000 төгрөгийг С ХХК-тай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцсон...” гэх тайлбар үндэслэлгүй.
5.4. С ХХК болон Ц.Б нар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 230914/01 дугаартай орон сууц захиалгын гэрээнд уг тохиролцоог хийгээгүй, гэрээний хавсралтад “А ХХК-тай байгуулсан 190831/01 тоот гэрээний 2023.05.26 өдөр байгуулсан гэрээ цуцлах актын дагуу төлбөрийн үлдэгдэлд энэ байрыг шилжүүлэв” гэх тэмдэглэл үйлдэгдсэн боловч гэрээний 2.7-т заасанчлан баталгаажуулалт хийгдээгүй байна.
5.5. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар С ХХК болон Ц.Б нарын хэн аль нь буцаан шилжүүлэх зүйлгүй болно.
6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. Хэргийн баримтаар хариуцагч А ХХК болон С ХХК нар нь нэхэмжлэгч Ц.Б-ийн өмнө хамтран хүлээсэн үүрэгтэй этгээдүүд гэх үндэслэл тогтоогдоогүй.
7. Түүнчлэн, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох анз шаардах эрхгүй болно.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч А ХХК-иас 8 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
10. Шүүх, хариуцагч нарт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.09.19-ний өдөр утсаар мэдэгдсэн хэдий ч хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 8 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ