| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00537/И |
| Дугаар | 157/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2025/00485
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ...................................... тоотод оршин суух Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч .................... тоотод оршин суух, А.У холбогдох “гар утасны үлдэгдэл төлбөр 1,900,000 (нэг сая есөн зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Миний бие Д овогтой Б нь лангуунд гар утас борлуулдаг. 2024 оны 10-р сарын 17-ны өдөр хариуцагч надаас 2.5 сая төгрөгийн үнэ бүхий Iphone 15 pro маркын хар өнгийн шинэ 256 гега багтаамжтай гар утсыг урьдчилгаанд өөрийн барьж байсан хуучин redmi 13 маркын гар утсыг 300,000 төгрөгөнд үнэлж өгсөн. Үүний дараа 2025 оны 01 сарын 31-нд 300,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш утсаар нь мөн А.У нэртэй фэйсбүүк хаягаар байнга үлдэгдэл 1,900,000 төгрөгөө төлнө ахаа, дараа сард гэсээр бүтэн 1 жил өнгөрлөө. 2025 оны 2 сарын 20-нд над дээр ирж үлдэгдлээ төлнө гэсэн утгатай гар бичмэл бичиж өгсөн. Үүндээ хэрэв төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гээд явсан. Миний бие хариуцагчаас төлбөрөө гаргуулах гээд ерөөсөө авч чадахгүй өдийг хүрлээ.
Иймд миний бие хариуцагчид зарж борлуулсан rap утасны үлдэгдэл төлбөр болох 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан ирж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч А.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...А.У миний бие 2024 оны 10 сарын 17-ны өдөр Д.Б гэх хүнээс iphone15 pro маркийн гар утас авсан. Рэдми маркийн гар утсаа 300,000 төгрөгөнд үнэлж өгсөн. Үүний дараа 2025 оны 02 сарын 20-нд 300,000 төгрөгийг өгсөн. Одоо нэхэмжилсэн 1,900,000 төгрөгийг 5 хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.У холбогдуулан “гар утасны үлдэгдэл төлбөр 1,900,000 (нэг сая есөн зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч Д.Б хариуцагч А.У нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч А.У нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг, хариуцагч А.У улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б нэхэмжилсэн “гар утасны үлдэгдэл төлбөр 1,900,000 (нэг сая есөн зуун мянган) төгрөгийг хариуцагч А.У нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг, хариуцагч А.У улсын тэмдэгтийн хураамж 22,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ