| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/08185/И |
| Дугаар | 192/ШШ2025/07723 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/07723
2025 09 30 192/ШШ2025/07723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүү*** дугаар хороо, *** хороолол, ****тоот хаягт оршин суух, Бу овогт Б-н Б /рд:***/
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө,*** тоот хаягт байрлах, Ерөнхий боловсролын Н сургууль ХХК /рд:****5/
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 222,000,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохирол 1,773,235,646 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хариуцагчийн төлөөлөгч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Сэрүүлэг их сургууль НҮТББ-ын өмч байх үед буюу 2020.12.25-ны өдөр бид Ерөнхий боловсролын Н сургууль" ХХК-тай Баянгол дүүргийн ***дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, ***хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-****дугаартай сургалтын зориулалттай байрыг түрээслэх Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ /цаашид "Гэрээ гэх/-г байгуулсан юм. Удалгүй Сэрүүлэг их сургууль НҮТББ-ыг Монгол Улсын Боловсролын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн дахин шинэчлэл хийх хүрээнд нэр болон хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн 2021.6.4-ны өдрийн А/205 дугаартай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Номера дээд сургууль боловсролын сургалтын байгууллага болсон юм. Улмаар Номера дээд сургууль" БСБ-ын үйл ажиллагааг зогсоосон тул байгууллагын эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б-н өмчлөлд хуулийн дагуу шилжүүлсэн юм. Хэдийгээр Гэрээний түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн боловч гэрээгээр хүлээх эрх, үүрэг өөрчлөгдөөгүй тул иргэн Б.Б- гэрээний асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болохыг зориуд тэмдэглэж байна. Түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн тул гэрээнд түрээслүүлэгчийн мэдээллийн өөрчлөлтийг гэрээнд оруулахыг санал болгосон боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа юм. Гэрээний 3.2 дах заалт зааснаар түрээслэгч сар бүрийн 10-ны өдрийн дотор түрээсийн төлбөр 60,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. Хариуцагч 2024 оны 4 дүгээр сар хүртэл түрээсийн үндсэн төлбөр 244,052,705 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 58,758,974 төгрөг нийт 302,811,680 төгрөгийг төлөөгүй тул би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх 2024.06.11-ний өдөр хэлэлцээд 102/ШШ2024/03047 дугаартай шийдвэрээр 302,811,680 төгрөгийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн юм. "Ерөнхий боловсролын Н сургууль" ХХК шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024.08.26-ны өдөр хэлэлцээд 210/MA2024/01655 дугаартай магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хариуцагчид Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарчээ. Энэ бүх хугацаанд "Ерөнхий боловсролын Номт наран сургууль" ХХК нь миний байрыг ашигласаар байсан бөгөөд 2024.06.14-ны өдрөөр тасалбар болгож албан ёсоор байрыг чөлөөлж нүүн гарсан юм. Бидний өмнөх нэхэмжлэлд ороогүй хугацаа буюу 2024.04.01-нээс 2024.6.14-ний өдрийг хүртэл түрээсийн үндсэн төлбөр 148,000,000 төгрөг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 74,000,000 төгрөг нийт 222,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байсан хугацааны түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ талуудын байгуулсан түрээсийн гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэлээс өөр шалтгаанаар гэрээ цуцлах мэдэгдэл өгч гэрээг цуцалсан, манай талаас шалтгаалан гэрээг цуцлаагүй учир алдангийг зөвшөөрөхгүй. Түрээслүүлэгч гэрээнд нэмэлт оруулах санал нь гэрээний хугацааны хувьд 6 сарын дараа гэрээг дуусгавар болгох санал өгөөд гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан. Танайх хичээлийн жил дуусах хүртэл шинэчилж түрээсийн гэрээ байгуул хэрэв түрээсийн гэрээ байгуулахгүй бол гэрээгээ цуцална манай байрыг чөлөөлж өг гэдэг гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр санал гаргаснаар маргаан үүссэн байдаг. Мөн манайх анх гэрээг байгуулахдаа барьцаанд 60,000,000 төгрөгийг төлсөн ба үүнийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцуулах ёстой гэж үзэж байна гэв.
3. Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий боловсролын номт наран сургууль ХХК нь 2020.12.25-ны өдрөөс эхлэн Сэрүүлэг их сургууль НҮТББ /хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэрээ өөрчлөн Номэра дээд сургууль холбоо" БСБ болсон/, /РД:9133321/-тай УБ хот, БГД, **-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, **В тоот хаягт байрлах Ү-220502022 дугаартай 4320 м.кв бүхий сургалтын зориулалттай байрыг 2021.02.01-2026.06.01-ны өдрийг дуустал 5 жил 4 сарын хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулан, Улсын бүртгэлд бүртгүүлэн, тус байрыг засварлан сэргээж, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулж байсан ба түрээсийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарыг дуустал бүрэн төлж барагдуулж ирсэн. Гэтэл "Номэра дээд сургууль холбоо" БСБ нь 2024.01.24-ний өдрийн 05 тоот албан мэдэгдлээр түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн эцсийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр гэрээнд өөрчлөлт оруулж тус дээд сургуулийн захирал Б.Батхүү /УХ90073138/-гийн хувь данс руу түрээсийн төлбөр шилжүүлэх тухай, мөн 2024.02.08-ны өдрийн 14 тоот албан мэдэгдлээр эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн шалтгаанаар түрээсийн гэрээг 2024.06.30-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн үйлчилгээг зогсооно хэмээн мэдэгдсэн. "Номэра дээд сургууль холбоо" БСБ нь түрээсэлсэн цагаасаа эхлэн түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг зарах заруудыг тогтмол явуулж (unegui.mn, remax.mn гэх мэт...), сургалтын үйл ажиллагаа явагдаж байхад гадны хүмүүсийг дагуулан сургуулийн байрыг шууд үзүүлэн бичлэг хийлгэх, худалдан авах тохиолдолд энэ сургуулийг гаргана хэмээн танилцуулах зэргээр бизнесийн ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж түрээсийн гэрээний 7.3-т "Талууд нь гэрээний хугацаанд нөгөө талын нэр хүндэд харшлах, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл учруулах аливаа үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх үүргийг харилцан хүлээнэ" хэмээн заасныг зөрчиж байсныг энд дурдах нь зүйтэй. "Номэра дээд сургууль холбоо" БСБ нь манай сургуульд урьдчилан мэдэгдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн эцсийн өмчлөгчийг өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлд бүртгэлтэй хүчин төгөлдөр "Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ"-ний 2-р зүйлийн 2.1-т заасан түрээсийн гэрээний хугацааг үл харгалзан гэрээний 12-р зүйл /гэрээ цуцлах/-д заагаагүй үндэслэлээр түрээсийн гэрээг богино хугацаатай байгуулах тухай шийдвэр нь сургуулийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагааг доголдуулж эхэлсэн ба гарч болох эрсдэлийг багасгах зорилгоор 2024.03.30-ны өдрөөр сургуулиа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарган "Суралцагчийн гэрээ-ний нөгөө тал болох нийт суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нарт Номэра дээд сургууль холбоо" БСБ-ын шийдвэрүүд, үүсээд буй нөхцөл байдлын талаар нэгдсэн хурал хийн танилцуулахад эцэг эх, асран хамгаалагч нар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч зарим хэсэг нь сургуулийн хийж буй санаатай үйлдэл хэмээн буруутган телевиз, мэдээллийн сайтуудыг дуудан жагсах, зарим нь хүчин төгөлдөр түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад сургууль нүүх ёсгүй, тухайн хичээлийн жилийг түрээсийн байранд дуусгах, цаашид хуулийн үйлчилгээ авч 2026.06.01 хүртэл тус байранд хичээллэх ёстой гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн хэдий ч Номэра дээд сургууль холбоо" БСБ-ын өөрийн давуу талаа ашиглан, хүчээр тулгаж буй шийдвэрт дийлдэн бид аргагүй эрхэнд 2024.06.15-ны өдөр Номэра дээд сургууль холбоо" БСБ-д түрээсийн байрыг хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн нь түрээсийн гэрээний хугацаа /2021.02.01-2026.06.01/-нд Номт наран сургууль тохируулан бүхий л үйл ажиллагаагаа хичээлийн 3 жилээр /2023-2024, 2024-2025, 2025-2026/ төлөвлөн гаргаж, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартай "Суралцагчийн гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл Номэра дээд сургууль холбоо" БСБ-ын урьдчилан мэдэгдээгүй, харилцан зөвшилцөж, эрсдэл тооцоолон төлөвлөх боломж олголгүйгээр түрээсийн гэрээг шууд зөрчсөн гэнэтийн шийдвэрээс болж сургуулийн үйл ажиллагаа доголдон санхүүгийн алдагдал хүлээхийн зэрэгцээ сургуулийн нийт багш ажилчид, суралцагчид, Тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын эрх ашиг зөрчигдсөн. Түрээслэгч талын гэрээний үүргээ зөрчсөнөөс болж манай байгууллагад нийт 1,773.235,646 төгрөгийн бодит хохирол учраад байна. Үүнд Нэг. 2024 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд буюу мэдэгдэл хүлээн авч, эцэг эхчүүдэд танилцуулснаас хойш 29 суралцагч шууд шилжиж сургалтын төлбөрийн буцаалт 68,895,646 төгрөгийг эцэг эхчүүд рүү шилжүүлж алдагдал хүлээсэн.
Хоёр. 2023-2024 онд суралцаж байсан 540 суралцагчаас 300 суралцагч буюу 55% нь шилжилт хөдөлгөөн хийсэн ба 2024-2025 оны хичээлийн жилийн гэрээ сунгалтаас сургуулийн байрны асуудлаас үүдэн 143 суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ өргөдөл гарган шилжүүлснээр нийт 986,700,000 төгрөгийн бодит алдагдал хүлээсэн. Үүнд: 2-р ангиас шилжсэн 14 сурагчийн 96,600,000 төгрөг, 3-р ангийн шилжсэн 17 сурагчийн 117,300,000 төгрөг, 4-р ангийн 15 сурагчийн 103,500,000 төгрөг, 5-р ангийн 15 сурагчийн 103,500,000 төгрөг, 6-р ангийн 17 сурагчийн 117,300,000 төгрөг, 7-р ангийн 15 сурагчийн 103,500,000 төгрөг, 8-р ангийн 18 сурагчийн 124,200,000 төгрөг, 9-р ангийн 4 сурагчийн 27,600,000 төгрөг, 10-р ангийн 19 сурагчийн 131,100,000 төгрөг, 11-р ангийн 9 сурагчийн 62,100,000 төгрөг, шилжсэн сурагчдын тоо 143 ба нийт 986,700,000 төгрөгийн хохирол учирсан.
Гурав. 2024-2025 оны хичээлийн жилд 1-12-р ангид шинээр элсэлт авах боломжгүйд хүрснээс үүдэн зөвхөн 1-р ангийн 4 бүлэгт 100 суралцагчийн элсэлт авах боломж хаагдан 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 6,900,000 төгрөгөөр тооцвол нийт 690,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.
Дөрөв. Сургууль нүүлгэх ажилд 7,640,000 төгрөгийн авто тээврийн зардал гаргасан.
Тав. Өмгөөллийн үйлчилгээний гэрээний хөлс 20,000,000 төгрөгийн зардал гарч байгаа.
Олон нийтийн сүлжээнд маш олон бодит бус мэдээллүүд тархан, өнгөрсөн 8 жилийн хугацаанд босгосон сургуулийн үнэлж баршгүй нэр хүндийг унагаан, харилцагчдын итгэлийг сулруулан, төлөвлөсөн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох, зээл, татвар бусад үйл ажиллагааны зардлыг төлж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрсэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалт гүйцэтгэгч үүрэг зөрчсөн буруутай тохиолдолд гэрээний нөгөө тал нь Иргэний хуулийн 227 нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг зөрчигдсөн байхыг тусгайлан шаарддаг. Үүрэг дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан. Нэгэнт гэрээний нэг тал буруугүй бол нөгөө тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг шаардах эрхгүй. Иймд хариуцагч Б.Батхүүгээс 1,773.235,646 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэний ерөнхий боловсролын сурч боловсрох эрхийг төрөөс үнэ төлбөргүй олгодог. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болох ба энэ үндэслэлээр иргэн Н.Номин нь Ерөнхий боловсролын Номт наран сургуулийг байгуулан ажиллуулжээ. Боловсролын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт зааснаар Номт наран сургуулийн үүсгэн байгуулагч нь боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалтын барилга байгууламжаар хангах асуудлыг хариуцдаг. Номт наран сургууль нь энэ асуудлыг Сэрүүлэг их сургууль НҮТББ-ын өмч байсан /сүүлд нэр болон хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн Номера дээд сургууль болсон/ сургуулийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205020211 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22Б хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх хэлбэрээр гэрээний үндсэн дээр хэрэгжүүлсэн. Үүгээр талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, түрээслүүлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг боловсролын үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээслүүлсэн, түрээслэгч Номт наран сургууль түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирсон байна.
Талуудын хооронд 2020.12.25-ны өдөр байгуулсан 01 тоот түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2. дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэг хүлээсэн, энэ үүргээ 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 4 дүгээр cap хүртэлх хугацаанд биелүүлээгүй нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.11-ний өдрийн 102/ШШ2024/03047 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01655 дугаартай магадлалаар нэгэнт тогтоогдсон үйл баримт болно.
Түрээсийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь Номера дээд сургуулийн үйл ажиллагаа шинэчлэн зохион байгуулагдаж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар түрээслэгч Номт сургуульд 2024.01.24-ний өдрийн 05 тоот Мэдэгдэх хуудас-аар мэдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ. Энэхүү саналд түрээслэгч хариу ирүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 14 тоот Мэдэгдэх хуудас-аар хугацаанаас өмнө гэрээ цуцлах талаар гэрээний 2 дугаар 2.2-т зааснаар 3 сарын /90 хоног/ өмнө мэдэгдсэн.
Түрээслэгчээс 2024.02.21-ний өдрийн 01/12 тоот Мэдэгдэх хуудас-аар хариу ирүүлсэн бөгөөд гэрээний 12 дугаар зүйлд заасан гэрээ цуцлах үндэслэлд эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд гэсэн үндэслэл байхгүй, гэрээний 2.1 -т заасан тодорхой хугацаа болон 7.3-т заасан үүргээ зөрчиж сургуулийн үйл ажиллагаа, нэр хүнд, нийт багш ажилчид, суралцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж санхүүгийн томоохон эрсдэлийг учруулсан гэжээ. Түрээслүүлэгчийн зүгээс өмчлөгч өөрчлөгдсөнөөр гэрээ цуцлах саналыг гаргаагүй, харин гэрээнд өөрчлөлт оруулах мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, түрээслэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээ цуцлах саналыг гэрээний 2.2-т заасан хугацаа тогтоож мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, гэрээний 2.1-т заасан хугацаанаас өмнө буюу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар гэрээг цуцлах, нөгөө талаас, гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д заасан түрээслэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу энэ хуулийн 294.2.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн төлбөр үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, түүнчлэн 2024 оны 4-6 сарын хугацааны төлбөрийг төлөөгүй тул түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болсон.
Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцлах хугацааг 3 сараар тогтоосон нь Иргэний хуулийн 294.3-т заасан гэрээг цуцлах хугацаа гурван cap байх хуулийн шаардлагатай нийцсэн болно. Түрээслэгч нь 7.3-т заасан үүргээ зөрчиж сургуулийн үйл ажиллагаа, нэр хүнд, нийт багш ажилчид, суралцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж санхүүгийн томоохон эрсдэлийг учруулсан гэжээ. Тухайн хариуг ирүүлсэн хугацаанд буюу 2024.02.21-ний өдрийн байдлаар түрээслүүлэгчийн зүгээс сургуулийн боловсрол олгох, суралцах үйл ажиллагааг тасалдуулах, зогсоох зэргээр саад учруулсан, сургуулийн нэр хүнд, багш ажилтан, суралцагчийн эрх ашгийг зөрчсөн, улмаар хохирол учруулсан, санхүүгийн эрсдэлд оруулж хохироосон зэрэг ямар ч ажиллагаа явуулаагүй байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд зааснаар Номт наран сургууль нь суралцагчид боловсрол олгох, суралцагч ерөнхий эрдэмд суралцах үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан, түрээслүүлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу түүний буруугаас гэрээ цуцлах нөхцөл үүсээгүй болно. Ерөнхий боловсролын Номт наран сургуулийн 2024.03.28-ны өдрийн 01/33 тоот мэдэгдэлд ...түрээсийн төлбөр төлөхгүй байх, учирч буй хохирлоо барагдуулах... хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд шалтгаан нь гэрээ цуцлах үндэслэлд хамаарна. Түрээсийн төлбөрийг төлөхгүй байгаа нь түрээслэгч гэрээгээ зөрчсөн үйлдэл болохоос гадна гэрээгээ зөрчсөнийг шүүх нэгэнт тогтоосон байдаг. Харин Ерөнхий боловсролын Номт наран сургууль нь 2024.03.31-ний дотор сургуулиа нүүлгэн шилжүүлж гэрээ цуцлахаа мэдэгджээ.
Ерөнхий боловсролын Номт наран сургууль урьд нь Яармагт барилга худалдан авах гэж байгаа, танай түрээсийн байрнаас нүүнэ гэж мэдэгдэж байсан юм. Улмаар 2024.05.06-ны өдөр Найдан арвижих сан ХХК-тай /регистр 7020025/ Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармаг, Наадамчдын зам, Номин макро худалдааны төвийн зүүн талын объектын худалдан авсан байсан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2- т зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилдэг. Ерөнхий боловсролын Номт наран сургууль нь манай түрээсийн байранд 2023-2024 оны хичээлийн жилийг бүрэн явуулж дуусган, 2024.06.15-ны өдөр байрыг суллаж актаар хүлээлгэн өгч нүүсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хичээлийн жил хуульд зааснаар дуусаж нүүсэн, 2024-2025 оны хичээлийн жил нь өөрийнх нь байранд эхэлсэн байдаг. Үүнээс дүгнэвэл, түрээслүүлэгчийн гэрээ цуцлах саналыг түрээслэгч хүлээн авч гэрээ цуцалж байгаагаа мэдэгдсэн, нөгөө талаас, сургууль өөрийн байртай болж нүүсэн нь түрээсийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон байна.
Хохирлын тухайд:
-Номт наран сургууль нь суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр ерөнхий боловсролыг төлбөртэй олгож, түүгээр санхүүждэг боловсролын байгууллага. Суралцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн, сургууль хуульд зааснаар боловсрол олгох үүрэггэй. Тухайн хичээлийн жилд суралцагч өөр сургуульд шилжиж суралцах тохиолдолд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно. Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хооронд байгуулах суралцагчийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.7.8 дахь хэсэгт суралцагч сургуулиас шилжих тохиолдолд гэрээ цуцлах, 7 дугаар зүйлийн 7.2-т суралцагч сургуулиас шилжсэн тохиолдолд сургалтын төлбөрийн суралцсан хугацаанаас хамааран хувиар тооцож буцааж олгохоор тохирсон байдаг.
Харин гэрээний 7.3-т суралцагч хүмүүжил, ёс зүйн ноцтой алдаа гарган сургуулиас чөлөөлөгдсөн тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан байна. Суралцагч өөрийн оршин суугаа газар, сургуулийн үйл ажиллагаа явуулах хаяг байршлаас шалтгаалж Н д сурах эсэх нь түүний эрхийн асуудал.
Нөгөө талаас, 2023-2024 оны хичээлийн жилийг Н сургууль нь манай байранд явуулж дуусгасан бөгөөд хичээлийн жилийн хугацаанд 29 сурагч шилжиж, 68,895,646 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь Түрээсийн гэрээ цуцалсан үйл баримттай шалтгаант холбоогүй гэж үзнэ.
Түүнчлэн 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж байсан 540 сурагчаас 300 сурагч буюу 55 хувь нь шилжилт хөдөлгөөн хийсэн гэх шалтгаанаар, Номт наран сургууль 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байрыг суллаж актаар хүлээлгэн өгч нүүсэн, 2024-2025 оны хичээлийн жил нь түрээсийн буюу манай үл хөдлөх хөрөнгөд явагдаагүй бөгөөд худалдан авсан байрандаа буюу Хан-Уул дүүрэг, Яармагт үйл ажиллагаа явуулсан. Энэ тохиолдолд 143 суралцагч тухайн байршилд очиж суралцах боломжгүй болж шилжсэнээр 986,700,000 төгрөгийг буцаан олгосон нь Номт наран сургуулийн гэрээгээр хүлээсэн үүрэг байна.
Нөгөөтээгүүр, 2024-2025 оны хичээлийн жилд 1 -р ангийн 4 бүлэгт 100 суралцагчийн элсэлт авах боломжгүй болж сургалтын төлбөр 690,000,000 төгрөгөөр хохирсон гэх үйл баримт нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй болно. Боловсролын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд суралцагчийн тоо заадаггүй болно. Түрээсийн гэрээ цуцлагдсан тул түрээслэгч Номт наран сургууль байрыг чөлөөлөх үүрэгтэй. Нөгөө талаас, Номт наран сургууль нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан, нүүх нь тодорхой болсон тул зардлаа өөрөө хариуцна.
Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т гэрээг зөрчсөний улмаас маргаан үүсэж хууль зүйн туслалцаа авсан бол гэм буруутай тал нь өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцахаар тусгасан. Гэрээ цуцалсан нь түрээслэгчийн буруутай үйлдлээс болсон нь шүүхийн шийдвэр, түрээсийн төлбөрөө төлөөгүй байгаа үйл баримтаар тогтоогдож байгаа. Түрээслүүлэгч гэм буруутай нь баримтаар тогтоогдоогүй болно. Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Өмгөөллийн хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг түрээслүүлэгч хариуцах хууль зүйн үндэслэлгүй.
Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэл 1,773,235,646 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзэж байна.
5. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Батхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.11-ний өдрийн 102/ШШ2024/03047 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал 2024.08.26-ны өдрийн 210/МА2024/01655 дугаар магадлал, 2020.12.25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, 2024.01.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай, Ү-2205020211 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.01.15-ны өдрийн Гэрээ, хэлцэлтэй холбоотой эрх, үүргийг шилжүүлэх тухай, 2021.06.04-ний өдрийн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, 2024.10.21-ний өдрийн итгэмжлэл,
6. Хариуцагч талаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага,2024.04.17-ны өдрийн 04/53 дугаар итгэмжлэл, 2025.02.10-ны өдрийн гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /79-139 хуу/, эмнэлгийн магадлагаа, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, хариу тайлбар, 2025.03.07-ны өдрийн итгэмжлэл, 2025.06.16-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, 2021.09.08-ны өдрийн 0003866 дугаар сургалт эрхлэх гэрчилгээ, 2016.10.21-ний өдрийн 000210742 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2021.12.252-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, 2024.02.08-ны өдрийн Номэра институтийн мэдэгдэл, Номт наран сургуулиас шилжиж байгаа сурагчдын сургалтын төлбөрийн буцаалт, 2023.05.23, 2023.04.28, 2023.05.10, 2023.04.29, 2023.03.04, 2023.04.03, 2023.05.19, 2023.05.01, 2023.05.02, 2023.08.21, 2023.04.21, 2023.04.28, 2023.05.09, 2023.10.23, 2024.04.26, 2023.04.24, 2024.05.02, 204.05.30, 2024.05.20, өдрийн Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хооронд байгуулах суралцагчийн гэрээ, 2022.08.15-ны өдрийн суралцагч Н.Хулан, 2023.05.05-ний өдрийн суралцагч Б.Билигт-Од, 2023.03.24-ний өдрийн Э.Ананд, 2023.05.10-ний өдрийн Ш.Эринбилэг, 2023.04.24-ний өдрийн Х.Бүвэйбаатар, 2023.05.29-ний өдрийн Ж.Есөн-Эрдэнэ, 2023.05.09-ний өдрийн П.Цэнгэл, 2023.04.28-ны өдрийн Б.Тогтуун, 2024.04.24-ний өдрийн Б.Мөнхсүлд, 2023.05.10-ний өдрийн Д.Энхсүлд, 2023.04.15-ны өдрийн П.Ивээлт, 2023.05.11-ний өдрийн Х.Хөхцэгд, 2023.05.26-ны өдрийн Б.Ариунмишээл, 2022.08.30-ний өдрийн М.Номинхүү, 2022.05.03-ны өдрийн Б.Дарьэхжав, 2022.05.09-ний өдрийн М.Бүжинлхам, 2022.04.30-ний өдрийн О.Хүслэн, 2022.08.03-ны өдрийн А.Түвшин-Очир, 2022.04.30-ний өдрийн А.Амин-Эрдэнэ, 2022.06.03-ны өдрийн Э.Тэмүүлэн, 2022.05.11-ний өдрийн Н.Хулан, 2022.08.08-ны өдрийн А.Эгшиглэн, 2022.05.03-ны өдрийн М.Эрхэс, 2022.05.09-ний өдрийн Н.Маргад, 2022.05.03-ны өдрийн Б.Анужин, 2022.052.03-ны өдрийн А.Эрхэс, 2022.05.058-ны өдрийн П.Ган-Эрдэнэ, 2022.08.22-ны өдрийн О.Төгөлдөр, 2022.05.03-ны өдрийн Э.Тэмүүжин, 2022.08.30-ний өдрийн суралцагч Д.Бүжинлхам, 2023.03.04-ний өдрийн суралцагч Н.Алтаннаран, 2023.03.24-ний өдрийн Э.Гэгээлэн, 2022.05.03-ны өдрийн суралцагч Д.Алтжин, 2022.05.07-ны өдрийн Б.Нинжин, 2022.04.30-ний өдрийн Б.Хангай, 2022.05.09-ний өдрийн суралцагч М.Энх-Уянга, 2022.05.05-ны өдрийн суралцагч Б.Чинболд, 2022.08.29-ний өдрийн Ц.Тэргэл, 2022.05.11-ний өдрийн Ч.Төрмөнх, 2022.05.03-ны өдрийн М.Гэгээ, 2022.08.20-ний өдрийн Г.Эрдэнэбилэг, 2022.08.30-ний өдрийн Б.Мөнхтулга, 2022.05.28-ны өдрийн С.Цогтбилиг, 2022.09.26-ний өдрийн Б.Ананд, 2022.05.03-ны өдрийн суралцагч Д.Даваа-Эрдэнэ, 2022.08.25-ны өдрийн суралцагч А.Чинхүслэн, 2022.05.09-ний өдрийн суралцагч Г.Ананд, 2022.09.19-ний өдрийн Г.Эрдэнэбилэг, 2022.05.28-ны өдрийн суралцагч Г.Оюундэлгэр, 2022.08.29-ний өдрийн суралцагч Б.Гэгээнхүсэл, 2022.08.26-ны өдрийн суралцагч Б.Есүй, 2022.08.24-ний өдрийн суралцагч Ш.Учирлан, 2022.08.18-ны өдрийн суралцагч Ж.Түмэнхаст, 2022.12.20-ний өдрийн Н.Төгөлдөр, 2023.09.04-ний өдрийн суралцагч А.Тэмүүлэн, 2023.04.25-ны өдрийн суралцагч Б.Болд-Эрдэнэ, 2022.05.03-ны өдрийн суралцагч А.Гурвантамир, 2023.05.02-ны өдрийн суралцагч Ц.Мишээл, 2022.08.22-ны өдрийн суралцагч Б.Амин-Эрдэнэ, 2022.05.04-ний өдрийн М.Намухатай, 2022.09.06-ны өдрийн суралцагч Э.Азжаргал, 2022.08.30-ний өдрийн суралцагч Д.Цогжавхлан, 2023.09.18-ны өдрийн суралцагч Г.Ерөөлт, 2022.05.30-ны өдрийн суралцагч А.Дөлгөөнтөгс, 2023.08.24-ний өдрийн Э.Гал, 2022.08.30-ний өдрийн Н.Хүслэн, 2022.05.30-ний өдрийн суралцагч Г.Ураншагай, 2022.09.15-ны өдрийн суралцагч О.Азбилэг, 2022.05.28-ны өдрийн суралцагч Ц.Энх-Анужин, 2022.05.03-ны өдрийн суралцагч Г.Ганцэлмүүн, 2022.05.03-ны өдрийн суралцагч Д.Цэлмэг, 2023.08.31-ний өдрийн М.Энэрэл, 2023.05.11-ний өдрийн суралцагч М.Мандуул, 2022.05.04-ний өдрийн суралцагч Э.Ганжин, 2022.08.22-ны өдрийн суралцагч О.Ундрах, 2022.08.15-ны өдрийн суралцагч Х.Тэргэл, 2023.05.03-ны өдрийн суралцагч М.Анужин, 2022.08.27-ны өдрийн суралцагч Г.Есүгэн, 2022.08.24-ний өдрийн суралцагч Ш.Энгүүнбилэг, 2023.06.085-ны өдрийн суралцагч Э.Хойлдэй, 2022.08.30-ний өдрийн суралцагч Г.Чингүн, 2022.08.29-ний өдрийн суралцагч ЭА.Нандингэрэл, 2023.08.15-ны өдрийн суралцагч Г.Ану-Үжин, 2023.05.12-ны өдрийн суралцагч Б.Хажидсүрэн, 2022.05.04-ний өдрийн суралцагч Б.Үйлстөгөлдөр, 2023.008.25-ны өдрийн суралцагч Б.Энхзаяа, 2022.096.10-ний өдрийн суралцагч Ж.Аниржин, 2022.05.30-ний өдрийн суралцагч Г.Эрхшагай нартай тус тус байгуулсан Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хооронд байгуулсан суралцагчийн гэрээ, шилжүүлгийн мэдээллүүд, 2024.03.25-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг хавсаргажээ
7. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт, Ерөнхий боловсролын Номт наран сургууль ХХК-ийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургуульд суралцагчдын тоон мэдээлэл, Ерөнхий боловсролын Номт наран сургууль ХХК-ийн татварын тайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 222,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг 2024.04.01-ний өдрөөс 2024.06.14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 148,000,000 төгрөг, алданги 74,000,000 алданги гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлээс 88,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх 134,000,000 төгрөгөөс татгалзаж, үндэслэлийг түрээсийн төлбөрөөс барьцаа-д шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг хасаж тооцуулна, гэрээнд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийт 1,773,235,646 төгрөг шаардаж, үндэслэлийг 5 жилийн хугацаагаар байгуулсан түрээсийн гэрээг түрээслүүлэгч үндэслэлгүйгээр цуцалснаас нэгдүгээрт, 2024 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд 29 суралцагч сургуулиас шилжиж сургалтын төлбөрийн буцаалтад 68,895,646 төгрөг төлсөн, хоёрдугаарт, 2024-2025 оны хичээлийн жилд 143 суралцагч шилжсэнээр 986,700,000 төгрөгийн бодит алдагдал хүлээсэн, гуравдугаарт, 2024-2025 оны хичээлийн жилд 1-р ангийн 100 суралцагчийн элсэлт авах боломжгүй болж, нийт 690,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн, дөрөвдүгээрт, сургууль нүүлгэхэд 7,640,000 төгрөгийн зардал гарсан, тавдугаарт, өмгөөллийн үйлчилгээнд 20,000,000 төгрөгийн зардал гарсан гэжээ.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг хариуцагч гэрээний үүрэг зөрсний улмаас нэхэмжлэгч гэрээг цуцалсан, учирсан хохиролд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэл шалтгаалаагүй, нэгэнт гэрээ цуцлагдсан учир нүүх зардлаа өөрсдөө хариуцна, мөн талуудын байгуулсан гэрээнд талууд гэрээг зөрчсөнтэй холбоотой зардлаа өөрсдөө хариуцахаар тусгасан гэжээ.
4. Б.Б-с Н сургууль ХХК-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 244,052,705 төгрөг, алданги 58,758,974 төгрөг, нийт 302,811,680 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.11-ны өдрийн 102/ШШ2024/03047 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 210/МА2024/01655 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 44-48 дугаар тал/
5. Дээрх шүүхийн шийдвэрээр дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
5.1. Сэрүүлэг их сургууль НҮТББ нь Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-тай 2020.12.25-ны өдөр 01 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр Сэрүүлэг их сургууль НҮТББ өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22Б хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020211 дугаартай, 4,320 м.кв талбай бүхий 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад 2021.02.01-ний өдрөөс 2026.06.01-ний өдрийг хүртэл 5 жил 4 сарын хугацаатай ашиглуулах, Ерөнхий боловсролын Номт наран сургууль ХХК 2021.02.01-ний өдрөөс 2021.09.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 180,000,000 төгрөгөөр, 2021.09.01-ний өдрөөс 2026.06.01-ний өдөр хүртэл сарын 60,000,000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 10-ны өдрийн дотор түрээслүүлэгчид шилжүүлэхээр харилцан тохирчээ. /1-р хх-ийн 10-13 дугаар тал/
5.2. Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021.06.04-ний өдрийн А/205 дугаар тушаалаар Сэрүүлэг дээд сургууль-ийн нэрийг Номэра дээд сургууль гэж өөрчилжээ. /1-р хх-ийн 17 дугаар тал/
5.3. Номэра дээд сургууль БСБ-ын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024.01.15-ны өдрийн У/01 дугаар шийдвэрээр түрээсийн зүйл болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22Б хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020211 дугаартай, 4,320 м.кв талбай бүхий 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Баасанцогтын Батхүүд шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2024.01.26-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө Б.Б-н өмчлөлд бүртгэгдэж, 001178995 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Мөн өдрийн У/03 тоот Номэра дээд сургуулийн гүйцэтгэх захирлын тушаалаар маргаан бүхий Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний эрх, үүрэг болон бусад гэрээ хэлцлийн эрх үүргүүдийг Б.Б-д шилжүүлсэн байна. /1-р хх-ийн 14-16 дугаар тал/
5.4. Түрээслүүлэгч Номэра дээд сургууль БСБ-аас түрээслэгч Ерөнхий боловсролын Номт наран сургууль ХХК-д түрээсийн төлбөрөө төлөхийг, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу алданги тооцох талаар мэдэгдэж, түрээсийн зүйлийн эцсийн өмчлөгч өөрчлөгдсөний улмаас гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн болон түрээсийн төлбөрийг эцсийн өмчлөгч Б.Батхүүд шилжүүлэх талаар 2024.01.24-ний өдрийн 05 тоот албан бичгээр мэдэгджээ. /1-р ХХ-ийн 44-46 дугаар тал/
5.5. Мөн түрээслүүлэгчээс 2024.02.08-ны өдрийн 14 тоот албан бичгээр түрээслэгчид 2024.06.30-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээний үйлчлэлийг зогсоож, мөн өдрөөс эхлэн шинэ гэрээ байгуулах болсон талаар мэдэгдэж, шинэ гэрээний хавсралтыг хүргүүлэв гэжээ. Харин уг мэдэгдлийн хариуд түрээслэгч Ерөнхий боловсролын Номт наран сургууль ХХК-аас 2024.02.21-ний өдрийн 01/12 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухайгаа, 2024.03.31-ний дотор сургуулиа нүүлгэх болсныг мэдэгджээ. /2-р хх-ийн 9-10 дугаар тал/
6. Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Ерөнхий боловсролын Номт наран сургууль ХХК-ийн 2024.03.28-ны өдрийн 01/33 тоот албан бичгээр түрээслүүлэгч 2024.06.30-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн үйлчилгээг зогсооно гэж мэдэгдсэнээс үүдэн хохирол учирч байгаа талаар дурджээ. /2-р хх-ийн 11-14 дүгээр тал/
6.2. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа төлбөр 60,000,000 төгрөгийг 2021.09.10-ны дотор төлөхөөр Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 3.3-т тусгасан, ийнхүү барьцаа төлбөрийг шилжүүлсэн болох нь 2021.09.09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2021.09.10-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 196-197 дугаар тал/
7. Зохигчид гэрээ байгуулсан, түрээслүүлэгч талын нэр өөрчлөгдсөн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн, нэхэмжлэгч талаас 2024.01.24-ний өдрийн 05 тоот, 2024.02.08-ны өдрийн 14 тоот албан бичгийг хариуцагч талд, хариуцагч тал 2024.02.21-ний өдрийн 01/12 тоот, 2024.03.28-ны өдрийн 01/33 тоот албан бичгийг нэхэмжлэгч талд тус тус өгсөн, хариуцагч тал 2024.04.01-ний өдрөөс 2024.06.14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 148,000,000 төгрөг төлөөгүй, гэрээний барьцаа-д 60,000,000 байхаар тохирсон, хариуцагч тал 2024.06.15-ны өдөр түрээсийн зүйлийг суллан өгсөн үйл баримтад талууд маргаагүй байна.
8. Харин талууд гэрээ цуцлах эрх, нөхцөл, журмын талаар маргаж, гэрээ цуцалснаас үүдэн гарах хохирол шаардах эрхтэй эсэх талаар өөр байр суурьтай байна.
9. Талууд 2020.12.25-ны өдрийн 01 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний агуулга, оролцогч, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
10. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Батхүүд түрээслүүлэгчийн бүх эрх, үүрэг шилжсэн тул гэрээний үүрэг шаардах эрхтэй.
11. Гэрээг дуусгавар болгох эрх, үндэслэл, журмын талаар
11.1. Түрээслүүлэгч тал түрээслэгчийг 2024 оны 1 дүгээр сарын төлбөрийг 2024.01.24-ний өдрийн байдлаар төлөөгүй, түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд оруулах өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан бөгөөд 2024.06.30-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгохыг 2024.02.08-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 болон гэрээний 12.6-д заасантай нийцнэ гэжээ.
11.2. Түрээслэгч тал нь түрээслүүлэгч гэрээний 12 дугаар зүйлд Түрээслэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, мөнгөний ханш, инфляцын өсөлт, өөрчлөгдсөний улмаас түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчлөх саналыг нэг тал нь гаргасан боловч нөгөө тал нь хүлээн аваагүй бол, түрээслэгч нь түрээслүүлэгчийн шийдвэрийг зөрчиж байрыг бусдад дамжуулан давхар түрээсэлсэн, гэмт хэрэг, хэв журмын зөрчил удаа дараа гаргасан, хууль тогтоомж, дотоод журам зөрчсөн бол түрээслүүлэгч нь дангаара түрээсийн гэрээг цуцлах ба гэрээг цуцалсан тохиолдолд түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй. гэж заасан нөхцөлд хамаарахгүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь гэрээг зөрчсөн үйлдэл гэжээ.
11.3. Түрээсийн гэрээг 5 жил 4 сарын хугацаатай байгуулсан нь талууд уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхгүй гэсэн ойлголт биш юм. Гагцхүү гэрээний эрх чөлөөний зарчим, гэрээг үл өөрчлөх, үл цуцлах зарчмын дагуу гэрээг талууд тохиролцох замаар цуцлахыг, эсвэл хуульд заасан журмыг баримтлахыг хуулиар тогтоож өгсөн.
11.4. Түрээслэгч тал 2024.01.24-ний өдрийн байдлаар 2024 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр төлөх хугацааг 14 хоног хэтрүүлсэн, түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулаагүйг түрээслэгчийн буруутай буюу үүрэг зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй.
Талуудын байгуулсан гэрээний 12 дугаар зүйлд түрээслэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь гэрээ цуцлах үндэслэлд хамаарахаар оруулсан боловч ямар тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзэхийг тохироогүй байна.
Түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлснийг ноцтой зөрчил гэж үзвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх, уг хугацаанд үр дүн гараагүй байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай.
Мөн түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулаагүйг үүргийн зөрчил гэж үзвэл мөн дээрх урьдчилсан нөхцөл хангагдахыг шаардана.
Түрээслүүлэгчийн 2024.01.24-ний өдрийн 05 тоот албан бичгээр түрээсийн төлбөрөө төлөхийг, гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн болохыг, 2024.02.08-ны өдрийн 14 тоот албан бичгээр 2024.06.30-ны өдрөөр гэрээний үйлчлэлийг дуусгавар болгохыг мэдэгдсэнээс үзэхэд төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхгүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх ба энэ нь талуудын үүрэгт хамаарахгүй харилцаа юм.
11.6. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ., 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана. гэж зохицуулснаас үзэхэд гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, энэ тохиолдолд хугацааг нөгөө тал тогтоох, уг журмыг зөрчвөл гэрээнээс татгалзах эрхээ алдах зэргээр гэрээнээс татгалзах дарааллыг тогтоосон.
Хэргийн тохиолдолд түрээслүүлэгч тал 2024.02.08-ны өдрийн 14 тоот албан бичгээр хариуцагч талд гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэнийг хариуцагч тал 2024.02.21-ний өдрийн 01/12 тоот албан бичгээр 2024.03.31-ний дотор сургуулиа нүүлгэх тухай хариу мэдэгдсэн нь гэрээг цуцлах хугацааг санал гаргаагүй тал тогтоосон гэж үзнэ.
11.7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж зааснаар дамжин 294 дүгээр зүйлийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. гэж заасан нь түрээсийн гэрээний хувьд талуудын гэрээг цуцлах тусгай зохицуулалт юм.
Энэ заалт нь нэгдүгээр гэрээг цуцлах үндэслэлийн талаар, хоёрдугаарт хугацааны талаар зохицуулжээ. Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөлд хамаарах үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөх, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг үндэслэлээс бусад шалтгаанаар буюу тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй үндэслэлээр гэрээг цуцалж болох юм. Уг үндэслэлээр гэрээг цуцалж байгаа бол санал гаргагч тал мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа гэрээг цуцлахаар зохицуулжээ. Энэ нь түрээслэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх бэлдэх хугацаа өгсөн, түүний эрх ашгийг хамгаалж буй явдал юм.
Талуудын байгуулсан гэрээний 12.6-д гэрээ цуцлах санаачилга гаргагч нь нөгөө талдаа 3 сараас доошгүй хоногийн өмнө үндэслэл шалтгаанаа бичгээр мэдэгдэнэ гэж заасан нь Иргэний хуулийн дээрх зохицуулалттай адил агуулгатай байна.
11.8. Иймээс түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талаас санал гарган гэрээг цуцалсан үндэслэл, журам, хугацаа нь хууль болоод талуудын байгуулсан гэрээнд нийцжээ.
12. Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлын тухай
12.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардагын үндэслэлд гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь үүрэг зөрчсөн гэж үзэж, учирсан хохирлыг төлүүлнэ гэжээ.
12.2. Түрээслүүлэгч талаас гэрээг цуцалсан нь хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн гэж өмнө дүгнэсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар үүргийн зөрчлийн улмаас хохирол шаардах эрх түрээслэгчид байхгүй.
12.3. Нэгэнт түрээслүүлэгч гэрээний үүргийн зөрчил гаргаагүй гэж үзэх тул түрээслэгчид учирсан хохирлыг сөрөг нэхэмжлэлд дурдсан дарааллаар нэгбүрчлэн тооцох шаардлагагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхээр заасан ба түрээслэгч хохирол шаардах эрхгүй нөхцөлд хохирол учирсан эсэхийг үнэлэх ач холбогдолгүй.
13. Дэнчингийн талаар
13.1. Түрээслэгч буюу хариуцагч 2024.04.01-ний өдрөөс 2024.06.14-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 148,000,000 төгрөг төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, харин уг үнийн дүнгээс гэрээний 3.3-т заасан барьцаа болгож өгсөн 60,000,000 төгрөгийг хасаж тооцуулна гэжээ.
13.2. Талуудын байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 3.3-т Түрээслэгч үл хөдлөх хөрөнгийн барьцаа төлбөр болгож нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний буюу 60,000,000 төгрөгийг 2021.09.10-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн Хаан банкны 50375500999 харилцах дансанд төгрөгөөр шилжүүлнэ. гэж заасан ба түрээслэгч 2021.09.09, 2021.09.10-ны өдөр нийт 110,000,000 төгрөг шилжүүлсэн нь өмнөх сарын түрээсийн төлбөртэй хамтатган шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
13.3. Талууд гэрээндээ хөрөнгийн барьцаа гэж тодорхойлсон боловч энэ нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлд заасан дэнчин байна. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ., 233.2-т Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө., 233.3-т Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно. гэж зааснаар дэнчинд 60,000,000 төгрөг өгсөн ба түрээслэгч хариуцлага хүлээхээр бол дэнчин авсан этгээдэд үлдээх юм.
13.4. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөрөөс өөр хариуцлага, тухайлбал түрээсийн зүйлд гэмтэл учруулсантай холбоотой засварлах зардал зэргийг шаардаагүй тул дэнчинд авсан 60,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн хариуцлагаас хасах тооцох нь зүйтэй. Тодруулбал, түрээсийн төлбөр 148,000,000 төгрөгөөс дэнчинд авсан 60,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 88,000,000 төгрөгийн хариуцлага түрээслэгчид ногдоно.
14. Алдангийн талаар
14.1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба түрээслүүлэгч энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангид 74,000,000 төгрөг шаарджээ.
14.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээний 7.9-д Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй буюу дутуу төлсөн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоног тутам 0,5 хувийн алданги тооцно. гэж заасан нь хуулийн дээрх шаардлага хангасан гэж үзнэ.
14.3. Гүйцэтгээгүй үүрэг 88,000,000 төгрөгийг төлөх хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2024.12.02-ны өдөр хүртэл тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн хэмжээнээс хэтрэх тул 50 хувиар хязгаарлаж, 44,000,000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
15. Дээрх дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-аас түрээсийн төлбөр 88,000,000 төгрөг, алданги 44,000,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, үлдэх 90,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ерөнхий боловсролын Нсургууль ХХК-аас нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан гаргасан 1,773,235 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
16. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,268,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 9,025,528 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 817,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар үйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-аас 132,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-аас нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан гаргасан 1,773,235 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,268,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 9,025,528 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 817,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН