| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0100/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 85
2018 оны 5 сарын 03 өдөр 2018/ШЦТ/85 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0100/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батгомбын Бд холбогдох 1839000810078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1960 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 58 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч, радиодист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хорооллын 2-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэгдэн байсан Боржигон овогт Батгомбын Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хорооллын 2-1 тоот хашаанд иргэн Н.Баатарсайханыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Баатарсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “.....2018 оны 01 сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд найз Наранбаатар, Хуяг нарын хамт 1 шил архи хувааж уусан. Бид гурав 18 цагийн үед архиа ууж дуусгаад гэртээ харих замдаа ээжийнхээ дүүгийнхээр орж биеийг нь асууя гэж бодоод очиход гэрт ээжийн дүү Гонгорнамсрай ах, хүргэн ах Б нар байсан. Хүргэн ах Б архи уусан бололтой халамцуу байсан. Бид гурав ярилцаж байгаад би Б ахад хандаж та манай эгчийг их дарамталдаг гэсэн үү, чамайг дахиж тэгэх юм бол өөрөөр ярина шүү гэхэд Б ах гэрээс гарсан. Би араас нь гараад гэр рүүгээ явах гээд машиндаа суух гэхэд Б ах араас гүйж ирээд үгийн зөрөөгүй намайг хутгалах гэхээр нь би гараараа хааж баруун гарын шуугаа нэвт хутгалуулсан. Мөн намайг баруун хөхний доор 1 удаа хутгаар хатгасан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-27 хуудас/
Гэрч Х.Хоролмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....2018 оны 01 сарын 29-ний өдрийн орой 18 цагийн үед намайг ажлаа хийж байхад Баатарсайхан гэх хүн гараа давуугаар боочихсон боолт хийлгүүлэхээр ирсэн. Гарын царвууны шөрмөс нь гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 хуудас/
Гэрч С.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би нөхөр Баатарсайханыг яг хаана, хэнд хутгалуулсан талаар нь тухайн үедээ би мэдээгүй, сүүлд хүргэн ах Б.Бд хутгалуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 хуудас/
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Баатарсайхан руу дөхөөд очиход намайг цохих хөдөлгөөн хийхээр нь би гараараа хаахдаа гар руу нь хутгаа хатгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 хуудас/
2018 оны 3 дугаар сарын 09-ны №119 Шүүх эмнэлгийн
Н.Баатарсайханы биед баруун бугуй, 2 хуруу, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /ХХ-47 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айраг хорооллын 2-1 тоот хашаанд иргэн Н.Баатарсайханыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Баатарсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Хоролмаа, С.Уранчимэг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ны №119 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Баатарсайханы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батгомбын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ