| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2413000000346 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 18.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
С.Е-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/134 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч С.Е-т холбогдох эрүүгийн 2413000000346 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч С.Е-, яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, ****************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй М овогт С.Е- /РД:************/.
2. Яллагдагч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллахдаа хамаарал бүхий этгээд болох хадам ах Р.С-ийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр яваагүй гэдгийг мэдсээр байж “Ахмад настан болон хөдөлмөрийн чадварын алдалтын хувь тогтоосон иргэдэд эмчилгээ, үйлчилгээ авахтай холбоотой замын зардлын хөнгөлөлт хүссэн тухайн” материалд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хяналт хийж, 2,000,000 төгрөг олгох зөвшөөрлийг өгч улмаар тухайн мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Р.С-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ************ тоот дансаар авч, өөрөө хувьдаа захиран зарцуулж, Халамжийн санд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч С.Е-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/134 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг удирдлага болгож, С.Е-т холбогдох эрүүгийн 2413000000346 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд “иргэн Р.С- 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр яваагүй гэдгийг мэдсээр байж “Ахмад настан болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд эмчилгээ, үйлчилгээ авахтай холбоотой замын зардлын хөнгөлөлтийг халамжийн сангаас 2,000,000 төгрөгийг хууль бусаар авсан” үйл баримтын хүрээнд дээрх 2,000,000 төгрөгийг гэрч Ж-ийн Р- нь хуурамч баримт бичгийг бүрдүүлж авсан эсэх нөхцөл байдлыг тодруулахаар түүнээс гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж шалгах нь зүйтэй.
4.2. Хавтаст хэргийн 183 дахь талд мөрдөгчөөс гэмт хэргийн хохирол болох 2,000,000 төгрөг төлөгдөөгүй тухай тэмдэглэсэн байх ба тус аймгийн Прокурорын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 291 дугаартай дүгнэлтийн хавсралтын 5 дахь хэсэгт “Нийгмийн халамжийн санд 2,000,000 төгрөгийн хохирлыг яллагдагч төлж барагдуулсан” гэж дурдсан боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.
5. Прокурорын эсэргүүцэлд:
5.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үйл баримтыг сэргээн дүрсэлбэл иргэн Ж.Р- нь хүү Р.С-ийн замын зардлын хөнгөлөлт авахыг хүссэн материалыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сум хариуцсан мэргэжилтэн Н.Манигад өгч, Н.Манига нь тухайн материалыг хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Е-т ажил үүргийн хуваарийн дагуу шилжүүлэн өгөхөд Р.С-ийн бэр эгч буюу ахлах мэргэжилтэн С.Е- нь хөнгөлөлт олгохыг зөвшөөрсөн цохолтыг хийсний дагуу тус газраас иргэн Р.С-ийн эзэмшлийн Хаан банканд байрших ************ тоот данс руу замын зардлын хөнгөлөлт болох 2,000,000 төгрөг орсон нөхцөл байдал тогтоогддог.
5.2. Гэвч Р.С- нь бодит байдал дээр “Аэро Монголиа” ХХК-аар үйлчлүүлэн, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод очиж Улсын гуравдугаар төв эмнэлэгт үйлчлүүлээгүй нь “Аэро Монгол” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/24-654 дугаартай албан бичиг болон түүний хавсралт /хх-ийн 29-30 дахь тал/, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1136 дугаартай албан бичиг /хх-ийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.
5.3. Харин аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Р.С-ийн эзэмшлийн Хаан банканд байрших ************ тоот дансанд шилжүүлсэн замын зардлын хөнгөлөлт болох 2,000,000 төгрөгөөс Ж.О-ийн эзэмшлийн Хаан банканд байрших *********** тоот данс руу 1,400,000 төгрөг, иргэн Ж.У-ийн эзэмшлийн *********** тоот данс руу 800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан тул тухайн халамжийн сангаас орсон мөнгийг хэн хэрхэн захиран зарцуулсан талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт цугларсан иргэн Р.С-ийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32-34 дэх тал/, Р.С-ийн Хаан банканд бүртгэлтэй интернэт банканд SМ-А536Е загварын гар утсаар нэвтэрсэн талаарх IР хаягийн мэдээлэл /хх-ийн 36-41 дэх тал/, иргэн Р.С-ийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42 дахь тал/, яллагдагч С.Е-ийн эзэмшлийн SМ-А536Е загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-51 дэх тал/ болон гэрч Ж.О-ийн “С.Е- надаас мөнгө зээлдэг байсан мөн миний барааг зарж мөнгийг шилжүүлдэг байсан. Уг 1,400,000 төгрөгийг С.Е-ийн над руу шилжүүлэх ёстой мөнгө байсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч С.Е- нь өөрийн ашигладаг Самсунг SМ-А536Е загварын гар утсаар иргэн Р.С-ийн эзэмшлийн интернет банканд сүүлийн 1 жилийн хугацаанд тогтмол нэвтэрч гүйлгээ хийдэг байснаас гадна Халамжийн сангаас шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг өр төлбөртөө өгөх хэлбэрээр захиран зарцуулсан болох нь тогтоогддог.
5.4. Түүнчлэн гэрч Я.С-ны “...Ж.Р-, С.А, Р.С- болон Ж.Р-ийн талийгаач хүү болох Р.С-ны эхнэр /нэрийг нь мэдэхгүй/, мөн уг Р.С-ны хүүхдүүд хамт амьдардаг юм.” гэх мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар Р.С-, У.Р-, яллагдагч С.Е- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс бөгөөд Ж.Р-ийн хувьд тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан болохыг дурдах нь зүйтэй.
5.5. Иймд Ж.Р- нь гэр бүлийн гишүүний хувьд өөрийн сэтгэцийн өвчтэй хүү Р.С-ийн материалыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргэж өгснөөр түүнийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
5.6. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “Нийгмийн халамжийн санд 2,000,000 төгрөгийн хохирлыг яллагдагч төлж барагдуулсан” гэж бичиж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан тул дээрх алдааг шүүх хуралдаанаар зөвтгүүлэх боломжтой гэж үзэж байна.
5.7. Мөн шүүх хуралдааны явцад уг хохирлыг нөхөн төлсөн эсэх асуудлыг хэргийн оролцогч нараас тодруулахын сацуу улсын яллагчийн зүгээс дүгнэлтээрээ алдаагаа зөвтгүүлэх боломжтой байна. Иймд 2025/ШЗ/134 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
6. Яллагдагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. О-, У-т нарт яагаад мөнгө шилжүүлсэн гэдгийг би өөрөө мэдээгүй байсан. Сүүлд дансны хуулгаар мэдсэн, надаас хууль хяналтын байгууллагын зүгээс О-ийг таних уу гэж асуусан. О-ийг танина, бид хоёр сайн найзын холбоотой байсан. Би мөнгийг шилжүүлээгүй. С-ийн асран хамгаалагч нар манай хадам аав, ээж хоёр байна. Тэр хоёр хүн С-ийн мөнгө, төгрөгийн асуудалд намайг оролцуулдаггүй. Миний утсаар С-ийн дансанд хандсан гээд байгаа. Гэхдээ би өөрийн утсаар хадам ахын мөнгийг шилжүүлж байгаагүй.
7. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлах тухай хүсэлт гаргаагүй. Шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг нэмж ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан. Үүнтэй холбоотой бид гомдол гаргаагүй. Тухайн халамжийн санд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байж болзошгүй, бусад оролцогчдыг шалгах нь зүйтэй гэсэн агуулга бичигдсэн байна.
7.2.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад С.Е-ийн өмгөөлөгчийн зүгээс Р- гэдэг хүн урьд нь гэрчээр асуугдсан учраас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцэх ажиллагаанд оролцуулж, нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай тул шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан. Хэргийг прокурорт буцаах тухай ямар нэгэн санал гаргаагүй.
7.3. Мөн О- гэсэн гэрч мэдүүлэг өгсөн. Тухайн хүнээс дансанд орсон мөнгөтэй холбоотой тодруулж асуух шаардлагатай байгаа тул шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийг оролцуулан шийдвэрлүүлэх боломжтой гэж яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс санал гаргаж байгаа.
7.4. Хэрэв прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээж авсан тохиолдолд нэр дурдсан 2 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Яллагдагч талын зүгээс Р- гэдэг хүнийг нэмж хэрэгт татаж өг гэдэг ямар нэгэн санал, хүсэлт байхгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно.
Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.
10. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 4, 5 дахь заалтаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэж Нийгмийн халамжийн сангаас 2,000,000 төгрөг гаргуулах тухай” өргөдлийг хэн гаргасан, тухайн өргөдлийг бүртгэж аваад шийдвэрлэгдэх хүртэлх үйл явцын нотломж, түүнчлэн уг үйл явц болон онгоцны билет, бусад баримт бичгийг бүрдүүлж, холбогдох байгууллагад өргөдлийн хамт хүлээлгэж өгсөн үйл баримтад иргэн Ж.Р-ийн үйлдэл, оролцоог нарийвчлан шалгаж, тодруулах, түүний энэ үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн бодитойгоор шалгах, энэхүү нөхцөл байдал нь яллагдагч С.Е-ийн холбогдсон хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, түүнчлэн яллагдагч С.Е-ийн үйлдэл холбогдолд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэх зэргийг тодруулах, эдгээрт хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцжээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Түүнчлэн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан захирамжийн дээрх үндэслэлийг нарийвчлан тодруулж, дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокуророос яллагдагч С.Е-ийн үйлдэл холбогдолд “...тухайн мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Р.С-ийн эзэмшлийн ХААН банк дахь ... тоот дансаар авч, өөрөө хувьдаа захиран зарцуулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд хэрэгт цугларсан баримтат мэдээллээр нийгмийн халамжийн сангаас Р.С-ийн ХААН банкны ************ дугаартай дансанд 2,000,000 төгрөг олгосны дараах хийгдсэн гүйлгээнүүдийг бүхэлд нь, тухайлбал уг данснаас *********** дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,400,000 төгрөгийг “tompi” гэх гүйлгээний утгаар, *********** дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийг “Erke” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байх бөгөөд эдгээр гүйлгээг хэн, ямар зорилгоор, ямар төлбөрт зориулан шилжүүлсэн талаарх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай.
Тодруулбал, хуульд заасан нотлогдвол зохих бүхий л нөхцөл байдал буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
12. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/134 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК