| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0103/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 87
2018 оны 5 сарын 07 өдөр 2018/ШЦТ/87 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0103/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох 1839000000091 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 07-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Э /РД: СА90021915/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцийн гадаа иргэн М.Бямбажавыг зодож, биед нь хамрын нуруунд зулгаралт, баруун нүд, баруун хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, баруун чихний ард зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Хохирогч М.Бямбажавын: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед “Петровис” шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад Э машинтай ирсэн. Э утсаараа яриулаач гээд нэг дугаар өгөхөөр нь би тэр дугаар руу нь залгасан чинь холбогдоогүй тул Э-д энэ талаар хэлтэл гэнэт уурлаж намайг нүүрэн тус газар цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,
Гэрч Г.Мөнх-Эрдэнийн: “...танидаг ах Э намайг гэрт машинаараа хүргээд өгчих гэсэн. Тэгээд Э ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал би найзтайгаа уулзаад утсаар нь ярья гэж хэлээд “Петровис” шатахуун түгээх станц орсон... буулгаад буцах гэтэл Э ах дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал түгээгч Бямбаа ахыг цохисон байсан. Тухайн үед Бямбаа ахын хамраас цус гарсан. Э ах хажууд нь байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.163 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 тал/ зэрэг болно.
Д.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцийн гадаа иргэн М.Бямбажавыг зодож, биед нь хамрын нуруунд зулгаралт, баруун нүд, баруун хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, баруун чихний ард зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Э-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Д.Э-д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч М.Бямбажав нь Д.Э-тэй сайн дураараа эвлэрсэн, ямар нэг гомдол саналгүй, эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжлэхгүй /хх-ийн 34 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.Э-гбусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчилж буюу 7 дугаар сарын 01-ний дотор 300.000 төгрөгийг, 8 дугаар сарын 01-ний дотор 300.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 01-ний дотор 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА