2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/08844

 

 

 

 

 

 

 

 

2025 11 03 192/ШШ2025/08844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 101 дүгээр хороо, АОС ** дугаар гулмаж, *** тоотод оршин суух хаягтай Б-н овогт Л-йн Г /рд:НК65090917/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.Г, гэрч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982.01.01-ний өдрөөс 1984.06.25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн дэлгэрэх нэгдэлд ажиллаж байсан. Өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт байгууллагаас бичилт хийгээгүйн улмаас ажилласан жил тогтоогдохгүй байна. Гэхдээ цуглуулсан нотлох баримтаараа 1983.05.10-ны өдрөөс 1994.06.25-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025.05.14-ний өдрийн Үндэсний төв архивын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын лавлагаа, Төв аймгийн архивын хэлтсийн тодорхойлолт, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын 1983.06.09-ний өдрийн 40 дугаар тушаал, 1983.12.09-ний 123 дугаар тушаал, 1987.07.04-ний өдрийн 70 дугаар тушаал, 1987.10.13-ны өдрийн 104 дүгээр тогтоол, 1988.01.22-ны өдрийн 08 дугаар тушаал, 1989.11.19-ний өдрийн 98 дугаар тушаал, 1989.12.13-ны өдрийн 104 дүгээр тушаал, 1990.11.14-ний 112 дугаар Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн дэлгэрэх нэгдлийн ерөнхий хорооны даргын тушаал, 1990.12.10-ний өдрийн 123 дугаар тушаал, гэрч Д.Д-н шүүхэд гаргасан өргөдөл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Гнь 1983.05.10-ны өдрөөс 1984.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн дэлгэрэх нэгдэлд уурын зуухны гачигар, туслах ажилтнаар ажиллаж байдлыг тогтоолгох хүсэлт гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Л.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/

4. Л.Ганбаатар 1983.05.10-ны өдрөөс 1984.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн дэлгэрэх нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн зөвлөлийн даргын 1983.06.09-ний өдрийн Ажилд томилох тухай 40 дугаар тушаалд . . . Л.Г-г 5 дугаар сарын 10-наас мал баригчаар ажиллуулсугай. . . гэх тэмдэглэл, 1983.12.09-ний өдрийн 123 дугаар тушаал, 1984.06.25-ны өдрөөс цэргийн албанд татагдсан болох нь Тагнуулын ерөнхйи газрын тусгай архивын лавлагаагаар, гэрч Б.Дашдоржийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 3-29 дүгээр тал/

5. Иймд, нэхэмжлэгч Л.Г-н гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бовогт Л-н Г /рд:******/-ыг 1983.05.10-ны өдрөөс 1984.06.25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн дэлгэрэх нэгдэлд туслах ажилтнаар ажилласан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН