Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2020/00864/И |
Дугаар | 210/МА2020/02413 |
Огноо | 2020-12-21 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2020/02413
2020 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2020/02413 |
Х.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02613 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б-ийн хариуцагч Э групп ХХК-д холбогдуулан гаргасан С.М. ХХК-ийн 40 хувийн хувьцааг Э групп ХХК-аас буцаан олгохыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр С.М. ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б- нь Эгрупп ХХК, түүнийг төлөөлж захиралГ.Б-тэй ХГ/019/05/16 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр С.М. ХХК-ийн 40 хувийн хувьцааг буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг Эгрупп ХХК шилжүүлэн авч, хариуд нь 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцсон. Эгрупп ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.7-д заасны дагуу компанийн холбогдох бичиг баримтад өөрчлөлт орж, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа ажлын 10 хоногийн дотор 100 000 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгчГ.Б- нь 2001 онд үйлдвэрлэгдсэн Си-арм аппаратыг Санцо эмнэлгийн тусгай зөвшөөрлөөр импортлон оруулж ирсэн боловч уг төхөөрөмжийг хадгалуулж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрөө хүлээн авсан. Э групп ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ бодитой хэрэгжээгүй тул талууд хөрөнгө оруулалтын гэрээнээс харилцан татгалзсан бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйлийг талууд харилцан буцаах үүрэгтэй. Эгрупп ХХК-иас С.М. ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан авах хүсэлт гаргахад, тоног төхөөрөмж авахтай холбоотой гарсан зардал болох 35 000 000 төгрөгийг төл гэдэг. Энэ тоног төхөөрөмж өөрийнх нь нэр дээр шилжсэн тохиолдолд тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг бид хариуцах ёсгүй. Иймд хариуцагч Эгрупп ХХК-аас компанийн 40 хувийн хувьцааг буцааж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын гэрээний 3.6-д заасныг зөрчиж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулагчаар удаа дараа шаардуулж байж шинэчилсэн дүрэм болон холбогдох бичиг баримтуудад өөрчлөлт оруулсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг шинээр гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэнГ.Б-т бодитоор шилжүүлж өгөөгүй. Уг хугацаанд Х.Б- нь хөрөнгө оруулалтыг түрүүлж хийх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргасан учир гэрээ байгуулсан өдрөөс эхэлж маркетинг зар сурталчилгааг бэлтгэх, түгээх, бусад ажлыг зохион байгуулсан. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор си-арм төхөөрөмж, принтерийн цаас, дотоод болон олон улсын тээвэр, бэхэлгээ, зуучлалын зардалд 14 198 400 төгрөг, гүйцэтгэх захирлын томилолтын зардал 10 354 800 төгрөгийг хөрөнгө оруулалтаас өгөх, 7 сард багтаан си-арм төхөөрөмжийг оруулж ирэх тогтоолыг баталж ажиллаж ирсэн. Тогтоолын дагуу мөн сарын 08-ны өдөр С.М. ХХК-ийн ХААН банк ХХК дахь данснаас зарлага гаргаж гүйцэтгэх захиралГ.Б- хувьдаа худалдан авсан автомашины төлбөртэй хамт ХААН банк ХХК-ийн гадаад гуйвуулга ашиглан шилжүүлж гаалийн татвар 1 240 000 төгрөг, хадгалалт 33 000 төгрөг, импортын зөвшөөрлийн хураамж 100 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зөөлт 200 000 төгрөг, тог баригч 86 600 төгрөгийг тус тус төлж Санцо эмнэлэгт төхөөрөмжийг байрлуулж ажиллагааг нь мэргэжлийн инженерээр шалгуулан төхөөрөмжийг ямар нэг гэмтэлгүй ашиглахад бэлэн болгосон. Мөн 1 500 000 төгрөгийн үнэ бүхий бээлий, мэс заслын зүү зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг тус тус худалдан авч эмнэлэгт хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч С.М. ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний 4.1.13, 5.2.9-д заасан үүргээ биелүүлэхгүй, санхүүгийн мэдээллийг нуун дарагдуулах замаар хувийн дансаар, тодруулбал нэхэмжлэгч Х.Б-ийн эхнэр н.Дэлгэрзаяагийн хувийн дансаар орлого авч хувийн өр зээлийг төлөх зэрэг үйлдэл гаргаж байсан учир, цаашид ийм байдлаар хамтран ажиллах боломжгүй, хөрөнгө оруулалтаа хийх боломжгүй талаар 5 удаагийн уулзалтаар С.М. ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б-өд сануулсан боловч дахин компанийн орлогоор хувийн зээлээ төлж эмнэлгийн байрны түрээсийг төлөх боломжгүй, үйл ажиллагаа зогсоох эрсдэлд хүргэсэн. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ХГ/019/05/16 тоот хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн С.М. ХХК-ийн 40 хувь буюу нэг бүр нь 1000 үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг нэхэмжлэгч Х.Б-өд буцаан шилжүүлэхийг Эгрупп ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Эфзоне групп ХХК, хувьцаа эзэмшигчГ.Б-өөс 35 766 136 төгрөг гарсан бөгөөд шүүх уг зардлыг хэрхэн шийдэх талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй буцаан өгөх зүйлгүй гэж дүгнэсэн нь буруу болсон.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дах хэсэгт зааснаар Эфзоне групп ХХК, хувьцаа эзэмшигчГ.Б-өөс гаргасан 35 766 136 төгрөгийн зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл талууд анхнаасаа Х.Б- эмчилгээ эрүүл мэндийн талын мэргэжлийн үйл ажиллагаагаа хариуцна. Харин Эфзоне групп ХХК нь маркетинг менежментийн асуудлыг хариуцна гэж тохироод захирлаарГ.Б-ийг томилсон байдаг.
Нэхэмжлэгч Х.Б- нь эхнэр н.Дэлгэрзаяагийн хувийн дансаар орлого авч хувийн өр зээлийг төлөх зэрэг үйлдэл гаргаж байсан учир, цаашид ийм байдлаар хамтран ажиллах боломжгүй, гүйцэд хөрөнгө оруулалтаа хийх боломжгүй талаар 5 удаагийн уулзалтаар С.М. ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б-өд сануулсан боловч дахин компанийн орлогоор хувийн зээлээ төлж эмнэлгийн байрны түрээсийг төлөх боломжгүй, үйл ажиллагаа зогсоох эрсдэлд хүргэж хамтран ажиллах гэрээг биелүүлэх боломжгүй болгосон. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө оруулагчГ.Б- нь энэ гэрээг хийгээгүй 35 766 136 төгрөгийн бодит хохирлоос гадна өөрийн цаг зав, нэр хүнд, сэтгэл санаа зэрэг олон зүйлээр хохирсон.
Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг буруу бодож төлсөн байхад шүүх үүнийг хүлээн авч, хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн.
Хавтаст хэргийн 8 дах талд С.М. ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүрэмд компани нь нийт 10 000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг хувьцаатай байна гэж заасан бөгөөд энэ нь тухайн компани нэрлэсэн хувьцаа бөгөөд бодит хувьцааны үнэ биш юм. Харин компани бодит хувьцааны үнэ нэг бүр нь 2 892 741 төгрөгийн үнэтэй бөгөөд 40 хувь нь 231 419 280 төгрөг байна. Нэхэмжлэгч компани 40 хувийн хувьцааг буцаан авах хүсэлтэй бол бодит үнэд таарсан тэмдэгтийн хураамж болох 1 315 046 төгрөгийг төлөх ёстой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчжээ. Шүүх уг нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Эгрупп ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн С.М. ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талууд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээний дагуу С.М. ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Б- нь компанийн нийт хувьцааны 40 хувийн хувьцаа буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4 ширхэг хувьцааг Эгрупп ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлж улмаар компанийн бичиг баримтад өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн, Эгрупп ХХК-ийн хувьд 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүргээ 24 553 200 төгрөгийн хэмжээнд гүйцэтгэн С.М. ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан гэрээ, С.М. ХХК-ийн ХААН банк дах дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. /хх11-14, 86, 148-149/
Мөн дээрх хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1,221.3, 221.5 дах хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, талууд гэрээндээ хугацаа заагаагүй хэдий ч үйл ажиллагааны зорилгоос үзэхэд урт хугацааны гэрээ гэж үзэхээр байна. Хариуцагч Эгрупп ХХК 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/019/08/15 дугаартай албан бичгээр С.М. ХХК-д гэрээний зөрчлөө 30 хоногийн дотор арилгах, зөрчлийг арилгаагүй тохиолдолд хамтран ажиллах боломжгүй тухай мэдэгдэл хүргүүлжээ. /хх-140/ Улмаар талууд мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тоног төхөөрөмж хүлээлцсэн акт үйлдэн хариуцагч Эгрупп ХХК-ийн оруулсан хөрөнгөөр худалдан авсан Хитачи Ди Эйч Фи-105 Си Экс /HITACHI DHF 105 СХ/ Си арм тоног төхөөрөмжийг тус компанид хүлээлгэн өгсөн байна. /хх-17/ Ингэснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан дуусгавар болсон байх тул гэрээ цуцлагдсантай холбоотой үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасны дагуу шийдвэрлэсэн нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсгийн зохицуулалтад нийцжээ. Энэ талаар зохигчид маргаангүй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Эгрупп ХХК-ийн хувьцаа эзэмшигчГ.Б-өөс гарсан 35 766 136 төгрөгийг буцаан гаргуулсны дараа хувьцааг шилжүүлнэ гэж тайлбарласан бөгөөд уг асуудлаар давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийн баримтаас үзвэл Эгрупп ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу С.М. ХХК-ийн данс руу 24 553 200 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн, уг мөнгөөр Си арм төхөөрөмжийг худалдан авсан болох нь тогтоогджээ. Талуудын гэрээ цуцлагдсантай холбогдуулан тоног төхөөрөмжийг хариуцагч компани С.М. ХХК-аас актаар хүлээж авсан байна.
Анхан шатны шүүх дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч компанийн хувьд гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө нэхэмжлэгчээс буцаан авсан гэж дүгнэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дах хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө гэж заажээ. Энэ хэргийн хувьд С.М. ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б- нь гэрээгээр шилжүүлсэн компанийн 40 хувийн хувьцаа буюу 4 ширхэг хувьцааг хариуцагч Эгрупп ХХК-аас буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчээс хариуцагч компанийн маргаж буй зардлыг гаргуулахаар шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, иргэнГ.Б-ийн дансаар хийгдсэн гүйлгээг хариуцагч Эгрупп ХХК-аас гарсан зайлшгүй зардалд тооцох боломжгүй юм. /хх-108-122/ Иймээс дээрх хуульд заасны дагуу С.М. ХХК-аас хариуцагч Эгрупп ХХК-д гарсан зайлшгүй зардлыг нөхөн гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Уг асуудлаар эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцон холбогдох хуулийг зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн баримтаас үзвэл талууд хөрөнгө оруулалтын гэрээний 2.1.3-т хувьцааны нийт үнийг 100 000 000 төгрөгөөр тодорхойлсон байна. /хх-11/ Нэхэмжлэгч Х.Б- нь нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С.М. ХХК-ийн 40 хувийн хувьцааны үнэ болох 40 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр байхад 4550 төгрөг төлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулаагүй нь алдаатай боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарахгүй юм.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан нэхэмжлэгч Х.Б-өөс 353 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02613 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээж гэсний дараа дутуу төлсөн 353 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж гэсэн нэмэлт, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4550 гэснийг хариуцагчаас 357 950 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ч.ЦЭНД