Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

иргэдийн төлөөлөгч Б.Баттулга,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шинжээч М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат,

шүүгдэгч Б.Х түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүгдэгч Б.Б

шүүгдэгч Б.Х Б.Б нарын өмгөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч Б.У түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У Б.Б  Б.Х нарт холбогдох эрүүгийн 2016 2501 3558 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.У /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Б /РД:/,

3. Монгол Улсын иргэн, Б.Х /РД:НБ86070810/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.У Б.Б Б.Х нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Б зодож гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Нарантуул” зах дээр зодоон хийсэн нь үнэн. Болдтулга, Хаш-Эрдэнэ хоёр зодоон хийхэд хамт байсан. Анх зодооныг Цолмонбаяр үүсгэсэн. Тухайн үед би хохирогчийн машин угааж байхдаа татаж унасан камерын бичлэгийг шалгаад өгөөч гэж удаа дараа хэлж байсан. Мөрдөн байцаагч наадах чинь хамаагүй, зодоон өөр газар болсон гэж хэлдэг. Тухайн үед ‘’Нарантуул Зах’’-ын төв үүдэн дээр зодоон болсон. Цолмонбаярыг гэрч болоод яваад байгааг гайхаж байна. Талийгаач миний хажуугаар зөрөхдөө түлэнхий, гэж дуудахаар нь өөрийн эрхгүй очиж цохьсон нь үнэн. Би үүнийгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж хүлээн зөвшөөрдөг гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; Талийгаач анх Ууганбаяртай маргалдсан нь үнэн. Би салгах гэж очоод талийгаачийн зүүн шанаанд нь 2 удаа цохьсон. Өөр ямар нэгэн байдлаар би талийгаачид гар хүрээгүй. Тэгээд би шууд салаад явсан. Мөнхзулын мэдүүлэг дээр талийгаачийг татаж унасан гэж мэдүүлсэн байдаг. Тэр камерын бичлэгийг ерөөсөө гаргаж ирээгүй. Энэ талаар бид нар анхнаасаа хүсэлт гаргасан. Тухайн үед талийгаачийн татаж унадаг камерийн бичлэгийг шалгах боломжтой байхад үүнийг орхигдуулаад явчихсан байдаг. Талийгаач татаж унахдаа аль талаараа яаж унасан нь тогтоогдоогүй байдаг. Камерийн бичлэг гарсан бол шинжээчийн дүгнэлтэнд маш их нөлөөлнө гэж бодож байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би зодооныг эхэлснээс дуусах хүртэл нь салгасан. Хамгийн сүүлд би хохирогчийг салгаж өгөөд байхад цаашаа явчихад яадаг юм бэ гээд зүүн хацарруу нь алгадаад явуулсан. Өөрөөр би нэг ч гар хүрээгүй гэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хэлэх гэсэн юмыг прокуорор хэлчихлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн миний мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Түрүүний шүүх хурлаас унасанаас болсоноос юм уу. Цохилтоос болсон юм уу? Үүнийг тодруул гэсэн шийдвэр гарсан. Би чамархай гэж хүний шанаа юм байна гэж ойлгоод би шанаагаараа хэрэг болсон газар буюу ‘’Нарантуул-Зах’-н’ талбай дээр очоод хавтгай газар шанаагаа хүргэх гээд чадаагүй. Үүнийг тодруулж өгөөчээ гэж мөрдөн байцаагчид хэлж мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ганцаараа 200 грамм архи уусан, тэгээд зах дээр машин угааж байж байгаад 13:30 цагийн үед зах дээр хулгай хийгээд явдаг хүн нөхрийн хажуугаар гарахдаа “Шар бандиа чамайг мэдэхгүй юм байна” гэснээс болж нөхөр маань тэр хүнтэй муудалцаад, тэр хүн хамт явсан 3-н хүнтэй нийлээд манай нөхрийг зодсон, 1 хүн нь намайг цохьсон. Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан, босч ирээд бие сонин болоод гээд 15-16 цагийн үед надад “Би ер нь явлаа” гээд байхаар нь би 5000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан. Тэгээд би хүүгийн араас 19 цагийн үед буудлын өрөөнд очиход нөхөр маань унтаж байснаа босч ирээд нөгөө мөнгө чинь байгаашдээ гээд надад буцаан өгөөд би 2 ширхэг банана авч орсны нэгийг идээд бас нэрс жимс иднэ. Тэгээд байж байгаад дотор муухай оригоод байна гэж босоод жорлонд бөөлжөөд буцаад хэвтсэн. Дараа нь бас орны өмнө бөөлжсөн. Тэгээд бид 20 цаг гээд унтсан. Би хэсэг нам унтсан байсан, шөнө 01-02 цагийн үед сэрэхэд нөхөр цээж нь бөглөрөөд байгаа юм шиг чимээ гаргаад сонин болсон хэвтэж байсан. Би нөхрөө яагаад байна гэхэд юм хариулаагүй эвхрээд байхлаар нь би буудлын эгч дээр түргэн дуудаад өг гэж мэдээгүй, урд нь байнга татаад байдаг болохоор татчихаад байгаан байх гэж бодсон. Гэтэл түргэн тусламж удаагүй ирж эмч үзээд нөхрийг маань нас барсан байна гэсэн..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Би оршуулгын зардал 2,310,000 төгрөг нэхэмжилнэ. Энэ хохирлын баримтыг цуглуулж чадаагүй учир ямар нэг баримт байхгүй юм..” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 41 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Машин олоод ээж, аав хоёр угааж байтал 4 ах ирээд аавд хандаж “чи хэзээнээс эхэлж машин угаадаг болсон бэ” гээд хөөсөн. Тэгтэл аав “2000 оноос хойш угааж байна” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл нөгөө залуу “чи зайл” гээд аавыг цохьсон, гэтэл аав зөрүүлээд мөргөсөн. Тэгээд зодолдож эхэлсэн нөгөө 3-н ах хажуунаас нь орж аавыг бас нийлээд тал талаас нь өшиглөж зодсон, аав газар унаад болъё гээд арай гэж босож ирэхэд нь нүүрэндээ сорвитой нэг ах “ямар овоо мөргөдөг юм бэ” гээд элэг хавь руу нь цохиж унагаасан. Тэгээд ээжийн үснээс зулгааж дугтарч унагаад намайг хөөсөн. Би зугтаасан, тэгтэл хажууд машин угаадаг Зулаа гэдэг эгч “та нар болиоч, нэг хүн рүү гурав дөрвүүлээ дайраад, бас эмэгтэй хүнийг зодохоо боль гээд салгасан” …тэгээд аав босч ирээд машин угаагаад байж байгаад татаж унасан, тэгээд байж байгаад босоод ирсэн..” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 43 дугаар хуудас/,

 Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай зочид буудалд танихгүй эхнэр, нөхөр 2, хүүтэйгээ гурвуулаа байрлаад 10 хонож байгаа...буудалд хэрүүл зодоон хийгээгүй. Нөхөр нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед ганцаараа ирээд өрөөндөө орохоор нь “чи яагаад эхнэр хүүхдээсээ түрүүлээд ирэв” гэсэн чинь “бие өвдөөд, би түрүүлээд ирлээ” гээд өрөөндөө ороод хэвтээд өрөөнөөсөө гараагүй. Тэгээд эхнэр хүүхэд нь 18 цаг болоод ирсэн, тэгээд шөнө үүрээр эхнэр нь “манай нөхөр бие нь тааруу, сонин болчихлоо” гэж хэлэхээр нь 103 дуудсан…” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 47-48 хуудас/, 

Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний машин угааж байсан эгнээнд хүмүүс зодоон хийгээд байхаар нь харахад машин угаадаг Баттогтох, эхнэр Зулаа нар Цоомоо бас хажууд нь хоёр гурван хүмүүс хэрүүл хийгээд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Би тэгээд дахин машин угаахаар цааш явсан. Намайг очиход зодоон болоод дуусчихсан, Баттогтох ах угааж байсан машиныхаа хажуу талд 38 гэсэн нэг жижиг шилтэй архи уучихсан сууж байснаа “миний дүү татах уу” гэхээр нь нэг татчихаад салаад явсан. Юунаас болж хэрүүл зодоон болсон талаар мэдээгүй. Чамтай архи уусан хүмүүстэй зодоон хийсэн гэхээр нь “яагаад зодолдсон юм” гэсэн чинь дуугарахгүй, ууртай байгаа бололтой байхаар нь салаад явсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 49-50 дугаар хуудас/,

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Нарантуул зах дээр ирсэн. Ингээд Нарантуул зах дээр ирээд Нарантуул захын урд хаалганы тэнд зогсож байсан чинь зүс таних Баттогтохыг нүүрэндээ түлэнхий сорвитой намхан бүдүүн залуу заамдчихсан маргалдаад зогсож байсан. Миний сонссоноор бол тэр нүүрэндээ түлэнхий соривтой залуу Баттогтохыг “чи хэзээ ийм болчихсон юм бэ, машин угаагаад хүмүүс ийм  том байхыг мэдэхгүй юм байна” гэж байсан чинь нэг өндөр нуруутай залуу түлэнхий нүүртэй залууг цаашаагаа дагуулаад салгаад аваад явсан. Ингээд Баттогтох эхнэртэйгээ хамт машин угаагаад зогсож байсан чинь барзгар түлэнхий нүүртэй залуу дахин ирж Баттогтохыг шууд хэд хэдэн удаа алгадсан ...цаад талд нь өндөр нуруутай цагаан саарал куртиктэй залуу Баттогтохыг заамдчихсан бас алгадаад “би чамайг өчнөөн өмөөрч байгаа шүү” гээд байсан..” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас/,

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед зогсоол дээрээ машин угаагаад зогсож байтал миний танил Цоомоо гэх залуу над дээр согтуу ирчихээд “ганц шил юм аваад өг” гэхээр нь найзад нь мөнгө алга гэж  хэлсэн. Тэгтэл Цоомоо тэр хавиар явж байснаа Баттогтохыг “хөөш өвгөөн Батаа” гэж тоглоомоор дуудсан чинь Баттогтох уурлаад Цоомоотой хэрэлдтэл хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй 3-н залуу гарч ирсэнээ түлэнхий юм шиг нүүртэй залуу нь Баттогтоход хандан “зах нээгдсэнийг мэдэх үү та нар яадаг болчихсон юм бэ, та нар миний нүүрийг ийм болохоор ингээд байна уу” гэж хэлээд Баттогтохыг нэг удаа цохих шиг болсон...Би машин угааж байсан бөгөөд хүмүүс орлилдоод байхаар нь хартал Цоомоо болон түүний найзууд нь Баттогтох болон түүний эхнэр Мөнхзул нарыг тойроод зогсоод зодож байх шиг байсан..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 52 дугаар хуудас/,

Гэрч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Эхлээд түлэнхий нүүрт Ууганаа маргаж зодолдож эхэлсэн бөгөөд Хашаа, Болдоо нар надтай хамт эхлээд салгаж байсан сүүлдээ Батааг нөгөө гурав маань нийлээд зодоод эхэлсэн юм” ...түлэнхий нүүрт Ууганаатай бол зууралдаад зодолдоод цохилцоод байсан ба Ууганаа 2-3 удаа цохиод үснээс нь зулгаагаад доошоо хараад хоёр удаа өшиглөж байсан тэр үед нь Хашаа бид хоёр салгасан ба дараа нь Хашаа, Батаатай зууралдсан бас цохиод байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 55-56 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1868, №914 дугаартай: “...Талийгаач Б.Баттогтохын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. “...талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” гэсэн дүгнэлтүүд. / 1 хавтас 74 дүгээр хуудас, 2 хавтас 163 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.У Б.Б Б.Х нарыг бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Б зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэх үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул түүнийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 18-ний өдрийн 1868 дугаартай дүгнэлтэд “Талийгаач Б.Б цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /1 хавтас 73-74 дүгээр хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 сарын 1-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 196 дугаартай дүгнэлтэд “Урьд гаргасан шүүх эмнэлэгийн 1868 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд дээрхи гэмтэл Б.Х Б.У Б.Б нарын цохилтуудын аль цохилтоос үүссэнийг ялгаж тогтоох боломжгүй. Дээрхи гавал тархины гэмтэл нь унах үед үүсэх боломжтой. ...Уг гэмтэл нь унах үед учирсан бол толгойн баруун хэсгээр савж унахад үүссэн байх боломжтой. /2 хавтас 9-10 дугаар хуудас хуудас/ гэх дүгнэлт,

Шинжээч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Уг гавал тархины гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Гэхдээ яг аль цохилтоос гэдгийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг / 1 хавтас, хх-109/, “…уг гэмтэл нь унах үед ч үүсч болно. Уналтаас болон цохилтоос үүссэн гэдгийг ялгах боломжгүй.” /1 хавтас 111 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М “…тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан ба босч ирээд “бие сонин болоод байна” гээд 15-16 цагийн үед надад “би ер нь явлаа гээд байхаар нь би 5000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан. ...3 жилийн өмнө хүнд толгой руугаа тоосгоор цохиулсанаас болоод тэрнээс хойш татаж унадаг,толгой нь байнга өвддөг болсон, тухайн үед Цагдаагаар шалгуулаагүй, дараа нь бас 1 жилийн өмнө хүнээр толгой руугаа цохиулж байсан. Эмнэлэгт үзүүлж байгаагүй, архи өгөхгүй болохоор саваад татаад уначихдаг, сард 2-3 удаа татаж унадаг байсан, архи өгчихөөр татах нь зүгээр болчихдог” /хэргийн 36-37/, ”…тэгээд манай нөхөр нөгөө машинаа угаах гэж байснаа “миний бие сонин болоод байна” гэж хэлээд арагшаа толгойгоороо газар савж унаад хэсэг татаж байгаад гайгүй болоод босоод сууснаа “миний бие сонин болоод байна яах вэ “гэхээр нь би “сая угаасан машинаасаа 5000 төгрөг авчихлаа, чи буудалдаа очоод байж бай” гэж хэлээд явуулсан. ...Толгой нь өвдөөд байнга татаж унадаг, орой болохоор жаахан архи уухгүй бол татаж унаад байдаг юм. 3-4 хоногт нэг удаа байнга татдаг …архи уухгүй бол ухаан алдаад уначихдаг байсан. /хэргийн 1 хавтас 38-39/ …зодоон болоод 10-20 минутын дараа талийгаач бид 2 машин угааж байхад талийгаач “миний толгой өвдөөд, эргээд байна, би жаахан сууя гэхээр нь би “тэг тэг би машинаа угаагаад дуусгая” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач хажууд байсан цагаан өнгийн “Тоуоtа Fit” загварын машины баруун талынх нь хойд хаалгыг налж сууж байгаад хаалгыг толгойныхоо ар хэсгээр аяархан мөргөөд зүүн тал руугаа налаад уначихаар нь би очоод “чи яаж байна” гэхэд 1-2 минут орчим болоод “бие сонин болоод байна” гээд босоод ирсэн. Тэгж байж байгаад буудал руугаа явлаа гээд яваад өгсөн …ерөөсөө эмчид үзүүлж байгаагүй, байнга татаж унаад байдаггүй байсан. 2-3 сар болоод татаж унадаг байсан, зодуулахаасаа өмнө татаж унаагүй байсан” /2 хавтас 154-155/,

Насанд хүрээгүй гэрч М.Б “…тэгээд нөгөө 4 хүн хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тэгээд аав босч ирээд машин угаагаад байж байгаад татаж унасан.Тэгээд хэсэг байж байгаад босоод ирсэн. Тэгээд ээж “чи явж бай” гэж хэлээд нэг машин угаасан 5000 төгрөгөө өгөөд аавыг 16 цагийн орчим явуулсан…”/1 хавтас 43-44/, “…тэгтэл аав машин налж сууж байгаад хойшоогоо машин цохиж хажуу тийшээгээ татаж унасан. Тэгэхээр нь ээж бид 2 татаж босгосон. Тэгээд аав буудал руу харьлаа гээд яваад өгсөн …аав машин налж сууж байгаад хойд талаараа машин мөргөөд хажуу талаараа газар унасан …архиа тааруулж уугаад байвал татаж унадаггүй юм…” /2 хавтас 156 дугаар хуудас/,

Гэрч О.Ц “…архи бол байнга хэрэглэдэг. Архи уухгүй бол татаж унадаг юм. /1 хавтас 49-50 дугаар хуудас/,

Гэрч Б.У “…миний мэдэхээр 3-н жилийн өмнөөс татаж унадаг болсон.Өглөө зах дээр ирчихээд л “татах гээд байна” гэж хэлээд архи олж уудаг байсан. Татахаараа хамаг бие нь хөшөөд уначихдаг юм байна лээ. /1 хавтас 52 дугаар хуудас/,

Гэрч Б.Б “…намайг 2016 онд Нарантуул зах дээр явж байхад татаж унасан. Тэгээд 4-5 минут болоод босоод ирсэн. Яагаад татаж унадаг болсныг нь мэдээгүй. Энэ талаараа эмнэлэгт үзүүлж байсан эсэхийг мэдэхгүй байна. /2 хавтас 157-158 дугаар хуудас/,

Дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд амь хохирогч Б.Б нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан хэдий боловч түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь цохилтоос үүдсэн үү, эсхүл уналтаас үүдсэн үү гэдэг нь эргэлзээтэй, хэрэв үхэлд хүргэсэн гэмтэл нь цохилтоос үүдсэн гэж үзвэл цохилтыг чухам хэний, ямар үйлдлээс учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ны бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад талийгаач Б.Б болон шүүгдэгч нар харилцан бие биенээ цохиж байх байдал харагдах боловч чухам хэний үйлдлээр гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй байна. Мөн амь хохирогч нь “3-н жилийн өмнө толгойн хэсэгтээ тоосгоор цохиулж байсан, 1 жилийн өмнө хүнээр толгой руугаа цохиулж байсан унаж татдаг байсан талаар гэрч Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа мэдүүлсэн бөгөөд унаж татдаг байсныг бусад гэрч нар нотолдог, энэ талаараа эмнэлэгт үзүүлж байгаагүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Энхбаяр “хохирогч нь эмнэлэгт үзүүлж байгаагүй, тархины бичлэг хийлгэж байгаагүй гэх тул дахин шинжилгээ хийж ямар учраас татаж унадаг байсан гэдгийг тогтоох боломжгүй, мөн задлан шинжилгээгээр унаж татдаг гэдгийг тогтоох боломжгүй” гэж мэдүүлсэн байна. Иймд дээрхи эргэлзээтэй нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 Иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч Х хувьд маш харамсалтай юм. Шүүгдэгчдийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн санал гаргасан болно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.