Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/604

 

 

 

 

 

 

     2025           05             21                         2025/ДШМ/604

                                                                 

                                                 Б.Уод холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Насанбаяр, 

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Насанбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Уод холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 227 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 1 жилийн хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Б.У нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд П.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод уруулын баруун дотор салстад шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Насанбаяр давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/308 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хууль зүйн үндэслэлтэй байх гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна. Нэгдүгээрт, хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Шүүгдэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өөрийн зуслангийн байшин дээр бохирын хоолой хийлгэх ажлыг гэрээ байгуулж хийлгүүлж байсан. Тухайн гэрээний ажил гүйцэтгэгч тал буюу хуулийн этгээдээс төлөөлөн ирсэн этгээд, 2 ажилтантай ирээд “нүх ухсан төлбөрийг одоо өг” гэж шаардаж, “гэрээнд заасан дансаар мөнгийг төлнө” гэх тайлбарыг үл харгалзан маргаан үүсгэсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үгүйсгэх буюу Б.У нь хэрэг учрал гарах үед өөрийн эрүүл мэнд, амь нас, өмчийнхөө халдашгүй дархан байдалд санаа зовсоны үндсэн дээрх зүй бус үйлдэл гаргасан хохирогчтой өөрийн эрүүл мэндийг хамгаалж маргалдсан. Энэ талаарх гэрчийн мэдүүлгийг хавтаст хэрэгт хавсаргасан. Тухайн зүйл, хэсгийг шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэлийн дагуу тогтоогоогүй гэж үзэж байгаа. Тиймээс Б.Уод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ компани анхны ажил үүргийг гүйцэтгээгүй. Өмнө нь ажил гүйцэтгээд гэрээнд заасан хэрэгцээ шаардлага хангасан зүйлээр хангаагүй нийт 22.000.000 төгрөгийн төлбөр тооцоотой ажлыг урьдчилсан байдлаар төлж барагдуулаад бохирын цэвэрлэх байгууламж болон цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усыг шингээх тоног төхөөрөмж нь өвлийн нөхцөлд шаардлага хангаагүй байдлаар хөлдөж, хэрэглэх боломжгүй болсон. Тухайн байгууллагад гомдол гаргаснаар тус байгууллагатай хоорондын нэмэлт гэрээ байгуулахдаа “иргэн Б.Утой ажил үүрэг гүйцэтгэх явцад хувь хүнээр мөнгө дамжуулан олгохгүй” гэсэн данс, төлбөр тооцоо төлөх нөхцөлийнх нь дагуу гэрээ байгуулсан. Бохирын саарал усны хаялга нь манай өөрийн эзэмшил газраас 50 метр зайтай. Тэгээд хүйтэнд ажил хийж гүйцэтгэсэн гэх нөхцөл байдалтайгаар архи уугаад төлбөрөө шууд авч хэрэглэх зорилготой утсаар дуудаж гаргаж ирээд “мөнгөө төлж чадахгүй бол тухайн байгууламжийг буцааж эвдэж сүйтгэнэ, буцааж булна, мөнгөө өгснийхөө дараа дахиад ухуулаарай” гэдэг байдлаар маргаан үүсгэсэн. Би бусдын биед халдаж зодсон зүйл байхгүй. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Гэмт хэрэг шалтгаан нөхцөл нь гэрээний биелэлттэй холбоотой асуудал байдаг. Гэхдээ Б.У нь гэрээний шаардлагаа тавих ёстой байтал тухайн хүний эрүүл мэндэд халдсан үйл баримт хэрэгт авагдсан. Нөгөөтэйгөөр, хохирогчийн мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг уялдаа бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулсан баримт хэрэгт авагдаагүй. Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ба түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Уод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.У нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд П.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод уруулын баруун дотор салстад шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч П.Бын “...Одоо нэмэлтээр 5 ширхэг кольцоо суулгуулах гэж байгаа учраас манай байгууллагаас ажил хийнэ гэсэн зарын дагуу 2 хувь хүнээр тухайн айлын кольцо суулгах нүхийг ухуулсан. Анх манай байгууллага болон тухайн айл хоёр хоорондоо байгууллага кольцоог нь үнэгүй өгөөд тухайн нүхийг ухах зардлыг нь айл нь гаргана гэж тохиролцсон юм байна лээ. Тэгээд тухайн хувь хоёр хүн нь үлдсэн ажил буюу кольцо суулгах ажлыг хийнэ гэтэл тухайн айлын эзэн болох У гэх залуу согтуу гэрээсээ гарч ирээд “би наад нүхэнд чинь чамайг хийгээд булна шүү, чи юун сүртэй юм бэ, мөнгөөр зодож ална шүү” гэх зэргээр над руу дайрч эхэлсэн. Тэгээд миний биед халдаж барьж авч боогоод нүүрэн тус газар хоёр удаа цохиод миний уруулаас цус гараад доошоо суутал У гэх залуу цаашаагаа яваад өгсөн. ...” /1хх 7/,

гэрч Ц.Э “...Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусаад “ажлын хөлсөө авья” гэтэл надтай ажлын аман гэрээ хийж тохиролцсон хүн “манай компани бусад асуудлыг даана, нүх ухсан зардлыг нь энэ айлын эзэн хариуцах юм, би айлын эзэнтэй яриад ажлын хөлсийг чинь аваад өгье” гээд миний хажууд зогсож байгаад утсаа чанга дээр нь тавьж байгаад тухайн айлын эзэн рүү залгаад “гараад ирэх үү, нүхний ажил дуусчихлаа” гэтэл тухайн айлын эзэн утасны цаанаас уурлаж уцаарласан байдалтай “яасан наад нүхэндээ намайг хийж булах гэж байна уу” гэж хэлсэн. Тэгтэл П.Б нь айлын эзэн гэх залууг “чи ямар харьцаагүй залуу вэ” гэж хэлчихээд утсаа салгатал айлын эзэн гарч ирээд П.Б гэх хүнтэй маргалдаад “хөгшин банди минь” гэх зэргээр хэлээд маргалдаад байсан. Тэгээд сүүлдээ “чи намайг мэдэх үү” гээд маргалдаад байсан. Би тухайн үед нүхэнд байж байгаад гараад иртэл П.Б, айлын эзэн гэх хоёр залуу урд урдаасаа тулчихсан бие биенээ түлхээд зогсож байсан, айлын эзэн У гэх залуу нь П.Быг “чи надад гомдолгүй гээд бичиг хийгээд өгчих, би чамайг энэ нүхэнд хийгээд мөнгөөр булж ална шүү” гээд байсан. Яг цохиж зодож байхыг нь би бол хараагүй ямар ч байсан машины урд талд У нь П.Б гэх хүний нүүр лүү нь мангасдаад түлхэж байсан. Удалгүй П.Бын уруулаас нь цус гарчихсан У руу чи уруулыг ийм болгочихлоо гээд газар шүлсээ хаяаад байсан. ...”/1хх 8/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12170 дугаартай “...П.Бын биед баруун доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод уруулын баруун дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 16-17/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад нийцжээ.

            Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Насанбаяр нь “...Б.У нь хэрэг учрал гарах үед өөрийн эрүүл мэнд, амь нас, өмчийнхөө халдашгүй дархан байдалд санаа зовсоны үндсэн дээрх зүй бус үйлдэл гаргасан, хохирогчийн зүй бус үйлдэл байсан тул Б.Уод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.   

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.У нь хохирогч П.Быг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол талаар хохирогч, гэрч нар мэдүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул түүний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд П.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод уруулын баруун дотор салстад шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Мөн, хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгээр шүүгдэгч Б.У нь хохирогч П.Бын эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Уод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Мөн шүүгдэгч Б.Уод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тохирсон төдийгүй, тэрээр урьд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан атлаа дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь түүний засарч хүмүүжээгүй хувийн байдлыг илтгэж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймээс шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Насанбаярын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Насанбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ