Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

М.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Г-д холбогдох эрүүгийн 2313002800304 дугаартай, 4 хавтастай хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч М.Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч М.Нурасыл нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***************** төрсөн, ** настай, эмэгтэй, ******** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** хүнтэй, *********** хамт *************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай М овогт М.Г-, /РД:***********/.

 

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч М.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар 07-ны өдрийн хооронд "G” гэх фейсбүүк болон “Whats App” цахим хаяг ашиглан өөрийгөө БНКазахстан Улсын Караганды аймгийн 3 дугаар эмнэлэгт хүний зүрх судасны их эмч, Баян-Өлгий аймагт явах гэсэн чинь зардал байхгүй, мөнгө зээлээч, чамтай гэрлэж хамт амьдрах болно гэж өөрийгөө танилцуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч У.О-г хуурч, түүнээс олон удаагийн үйлдлээр банкны *************, ************, ************, ************гэх 4 дансаар дамжуулж нийт 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ тенге буюу 74.100.000 /далан дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөг шилжүүлэн авч залилсан,

2.2. 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “Г” гэх фейсбүүк хаягаар өөрийгөө “БНКазахстан Улсын Астана хотод хүний их эмчээр ажилладаг...” гэж танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч БНКазахстан Улсын иргэн С.Ш-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс 11 удаагийн үйлдлэзр 1,110,000 тенгег хуурч шилжүүлэн авч, хохирогчид 8.524.800 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн,

2.3. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "А" гэх фейсбүүк болон “Whats App” цахим хаяг ашиглан өөрийгөө БНКазахстан Улсын Алмата хотын 3 дугаар эмнэлэгт сувилагч хийдэг гэж худал танилцуулж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар БНКазахстан Улсын иргэн Б.А-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс 16 удаагийн үйлдлээр 4,040,000 тенгег хуурч шилжүүлэн авч, хохирогчид 30,906,000 /гучин сая есөн зуун зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2.4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн 8 дугаар гудамжны 02 тоотод байрлах гэртээ байхдаа хохирогч Х.Х-д “хашаа байшин 13,000,000 төгрөгөөр худалдана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 10,000,000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч Х.Х-д 10,000,000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  9 дүгээр сарын 27-ны  өдрийн 238 дугаар яллах дүгнэлтээр М.Г-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч М овогт М.Г-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Г-д 14,000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан 14,000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-аас 72,150,000 /далан хоёр сая нэгэн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан хохирогч У.О-д, 6,123,220 /зургаан сая нэг зуун хорин гурван мянган хоёр зуун хорин/ төгрөг гаргуулан хохирогч С.Ш-т, 34,551,000 /гучин дөрвөн сая таван зуун тавин нэгэн мянган/ төгрөг гаргуулан хохирогч Б.А-ад олгож, хохирогч Х.Х-д 10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж,

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.О- нь цаашид өөрт учирсан хохирол байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж,

4.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч Б.А-, У.О- нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөерч шүүхийн шийдвэр хууль есны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад: ...шүүгдэгч М.Г-д оногдуулсан 14,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн тогтоолын 7 дугаар заалтад: .. шүүгдэгч М.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, мөн тогтоолын 8 дугаар заалтад: ...шүүгдэгч М.Г- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэсэн байна.

5.3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг М.Г- биелүүлж, харин шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж чадаагүй тохиолдолд шүүх биелэгдсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасанд нийцэхгүй гэж үзэж байна.

5.4. Энэ гэмт хэргийн улмаас бусдад ноцтой, их хэмжээний буюу 123,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан байдаг. Гэтэл шүүхээс шүүгдэгч М.Г-д торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасанд нийцэхгүй гэж үзэж байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/16  дугаартай шийтэгх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.  

 

6. Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Надад торгуулийг ямар хугацаанд төлөх талаар хэлээгүй болохоор торгуулийг төлөөгүй байгаа. Би төрөөд нэг л сар болж байна. Хагалгаанд ороод, ямар нэгэн мөнгө төлөөгүй. Би сар бүр хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмжийн мөнгө авдаг,  халамжийн хугацааг сунгуулж, зээл аваад, хохирлыг төлж өгнө. Х- гэдэг хүний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.  

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Хохирогч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг сонслоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Г-д 14,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.  

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

8.1.Шүүгдэгч  М.Г-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг тал талаас нь явуулсан, нийтдээ 4 удаагийн үйлдлээр 4 хохирогчийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Тухайн хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна.

8.2. Эхний үндэслэл бүхий гомдол дээр тайлбар хэлэхэд шүүгдэгч М.Г-ын холбогдсон хэрэг хэдийгээр олон удаагийн үйлдлээр 4 хохирогчоос нийтдээ 123,000,000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн боловч анхан шатны шүүхээс түүний өмнө нь ял шийтгүүлж байгаагүй гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэдий ч тухайн хэргүүдийг эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүх рүү хэргийг хүргүүлсэн.

8.3. Анхан шатны шүүхээс М.Г- өмнө нь гэмт хэрэгт холбогдоогүй байгаа гэдэг үүднээс тухайн дүгнэлтийг хийсэн гэж үзээд, шийтгэх тогтоолыг хүлээж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн холбогдсон хэрэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, албадлагын арга хэмжээ давхар хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулах асуудлыг шийдсэн, мөн энэхүү хугацаанд Х-гаас бусад хохирогч нарт 113,000,000 гаруй төгрөгийн хохирол төлөхөөр байна. Энэ 3 жилийн хугацаанд хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгана, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлнө гэдэг ял, албадлагын арга хэмжээнээс бүрдсэн эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Иймд хохирогч нарын өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна.

8.4. Анхан шатны шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үүргийг эрүүгийн хариуцлагатай давхар хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно”  4 дэх заалтад “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасан.  Тэгэхээр анхан шатны шүүх энэхүү хугацаанд шүүгдэгч М.Г- хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгах ёстой, эрүүгийн хариуцлагыг давхар биелүүлэх үүрэг хүлээнэ гэдгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэг дээр дурдсан.

8.5. Шүүхээс шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдалд таарч тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэдгийг хохирогч нарын өмгөөлөгч гомдол дээр дурджээ. Улсын яллагчаар энэ хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хорих ял оногдуулах саналыг тавьсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж торгох ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Г- 7 сартай жирэмсэн гэсэн баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Хэдийгээр улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах саналыг гаргасан ч гэсэн шүүгдэгчийн тухайн үед үүссэн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, хувийн байдалтай холбоотой торгох ял оногдуулсан. Шүүх энэрэнгүй ёсны зарчим, шударга ёсны зарчмын үндсэн дээр тухайн хүний хувийн байдал 7 сартай жирэмсэн, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, торгох ял оногдуулсныг улсын яллагч хүлээж авсан. 

8.6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй байна. Нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээгүй байгаа учраас шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан эрүүгийн хариуцлага болон үүргийг биелүүлнэ гэсэн нөхцөл байдлаас эсэргүүцэл бичээгүй. Хохирогч нарын өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна. Анхан шатын шүүх бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогч нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээх тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх М.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч Б.А-, У.О- нарын өмгөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

10. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч М.Г- нь олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр, тухайлбал (1) 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар 07-ны өдрийн хооронд "G” гэх фейсбүүк болон “Whats App” цахим хаяг ашиглан өөрийгөө БНКазахстан Улсын Караганды аймгийн 3 дугаар эмнэлэгт хүний зүрх судасны их эмч, Баян-Өлгий аймагт явах гэсэн чинь зардал байхгүй, мөнгө зээлээч, чамтай гэрлэж хамт амьдрах болно гэж өөрийгөө танилцуулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч У.О-г хуурч, түүнээс олон удаагийн үйлдлээр банкны ************0, ************, ************, ************гэх 4 дансаар дамжуулж нийт 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ тенге буюу 74.100.000 /далан дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөг шилжүүлэн авч залилсан;

(2) 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “Г” гэх фейсбүүк хаягаар өөрийгөө “БНКазахстан Улсын Астана хотод хүний их эмчээр ажилладаг...” гэж танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч БНКазахстан Улсын иргэн С.Ш-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс 11 удаагийн үйлдлэзр 1,110,000 тенгег хуурч шилжүүлэн авч, хохирогчид 8.524.800 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр залилсан;

(3) 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "А" гэх фейсбүүк болон “Whats App” цахим хаяг ашиглан өөрийгөө БНКазахстан Улсын Алмата хотын 3 дугаар эмнэлэгт сувилагч хийдэг гэж худал танилцуулж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар БНКазахстан Улсын иргэн Б.А-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс 16 удаагийн үйлдлээр 4,040,000 тенгег хуурч шилжүүлэн авч, хохирогчид 30,906,000 /гучин сая есөн зуун зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан;

(4) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн 8 дугаар гудамжны 02 тоотод байрлах гэртээ байхдаа хохирогч Х.Х-д “хашаа байшин 13,000,000 төгрөгөөр худалдана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 10,000,000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч Х.Х-д 10,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

11. Тухайлбал, түүний дээрх олон удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, нэр бүхий 4 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлүүд нь:

- Хохирогч Ж.О-гийн тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал/, 

- Хохирогч Ж.О-гийн фейсбүүк цахим сүлжээгээр М.Г-тай чатаар бичсэн мессеж болон түүнд мөнгө шилжүүлсэн болохыг нотлох банкнаас данс эзэмшигчид илгээсэн мэдээллийн талаарх баримт, орчуулгын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187-240 дэх тал/,

- Бүгд Найрамдах Казакстан Улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол банкны ханшаас татаж авсан гэх баримт /2 дахь хавтаст хэргийн 07-11 дэх тал/,

- Хохирогч У.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 244-247 дахь тал/,  

- Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2-4в/4739 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,

- Шүүгдэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн удаа дараагийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 30-31, 198-199 дэх тал/,

- Хаан банканд байрших шүүгдэгч М.Г-ын эзэмшлийн ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

- Төрийн банканд байрших шүүгдэгч М.Г-ын эзэмшлийн 290000530450 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 40-95 дахь тал/,

- Хохирогч У.О-гаас гаргаж өгсөн баримтыг орчуулсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 135-164 дэх тал/,

- Иргэн С.Ш-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,

- Хохирогч С.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

- Хохирогч С.Ш-ын дансны хуулга  /1 дэх хавтаст хэргийн 122-144 дэх тал/,

- М.Г-тай цахимаар харилцсан зурвас, тэдгээрт орчуулга хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 103-118 дахь тал/,

- Монгол банкны https://www.mongolbank,mn/mn/currency-rate сайтаас 2023 оны 06 дугаар сарын 08-аас 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хоорондох валютын ханшийн мэдээллүүд /1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал/,

- Иргэн Б.А-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

- Гэрч Н.Ергалигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

- М.Г-ын гараар бичсэн баримт түүнд орчуулга хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Монгол банкны https://www.mongolbank,mn/mn/currency-rate сайтаас 2023 оны 06 дугаар сарын 20-аас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох валютын ханшийн мэдээллүүд /1 дэх хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.А-аас гаргаж өгсөн баримтууд, түүнд орчуулга хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 18-36, 71-78 дахь тал/,

- Иргэн Х.Х-гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Хохирогч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

- Хаан банканд байрших хохирогч Х.Х-н эзэмшлийн ************ тоот дансны хуулга зэрэг /4 дэх хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

- Хаан банканд байрших шүүгдэгч М.Г-ын эзэмшлийн ************ тоот дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 34-43 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

12. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч 4 иргэнийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчдын мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

13. Шүүгдэгч М.Г- нь хохирогч У.О-, С.Ш- нартай “...цаашид гэрлэж  хамт амьдрах болно...” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч У.О-гаас 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ тенге  буюу 74.100.000 /далан дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийг, хохирогч С.Ш-аас 1.110.000 тенге буюу 8.524.800 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг, хохирогч Б.А-ад  “...өөрийгөө БНКазахстан Улсын Алмата хотын 3 дугаар эмнэлэгт сувилагч хийдэг гэж худал танилцуулж, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 4.040.000 тенге  буюу 30,906,000 /гучин сая есөн зуун зургаан мянга/ төгрөгийг, хохирогч Х.Х-д “хашаа байшин 13,000,000 төгрөгөөр худалдана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 10,000,000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 123,530,002 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, дээрх нэр бүхий 4 иргэний мөнгөн хөрөнгийг  залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

14. Хохирогч У.О-, С.Ш- нарын өмгөөлөгч А.Серикжан  “...энэ гэмт хэргийн улмаас бусдад ноцтой, их хэмжээний буюу 123,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан байдаг. Гэтэл шүүхээс шүүгдэгч М.Г-д торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасанд нийцэхгүй гэж үзэж байна...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэлүүдийг харгалзан үзэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.Г- нь хувийн байдлын хувьд 7 сартай жирэмсэн, 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдалттай болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг сонгож оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзаж үзсэнийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр үгүйсгэх, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь М.Г-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

16. Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Хуульд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдгийг эзэн холбогдогчийн хяналтаас гадуур, урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй байдлаар бий болсон бөгөөд түүний  үйлдэлд тодорхой үр дагавар үүсгэх хэмжээний нөлөөлсөн тохиолдлын шинжтэй үйл явдлыг ойлгоно.

Гэтэл шүүгдэгч  М.Г- нь нийтдээ нэр бүхий 4 хохирогчид 100 гаруй  удаагийн үйлдлээр  өөрийн ухамсарт үйлдлээр, тухайн үйлдэл нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр бусдад 123,530,002 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг “тохиолдлын шинжтэй” нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэх хохирогч У.О-, С.Ш- нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүгдэгчид оногдуулсан торгох ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүйг тэмдэглэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж, М.Г-д мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан торгох ял дээр нэмж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хууль ёсны байх зарчимд нийцсэн бөгөөд хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг шүүгдэгч биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж,  шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

18. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагад нэмж хохирол, хор уршгийг арилгах тухай үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтээр шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг хуульд зааснаар урьдчилан сануулсныг хохирогч У.О-, С.Ш- нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд дурдсанчлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ял дээр нэмж түүнд тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахдаа хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч У.О-, С.Ш- нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч У.О-, С.Ш- нарын өмгөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ