Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 90

 

2018 оны 5 сарын 09 өдөр                       2018/ШЦТ/90                             Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0099/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Хохирогч Ё.Нямбаяр,

Шүүгдэгч                                                Д.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайнзан овогт Агваанзундуйн Бөд холбогдох 1839001210083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1991 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг Баянмөнхийн 03-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 9 дүгээрш сарын 02-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхнийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Хайнзан овогт Агваанзундуйн Б /РД: /  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Тэмүүжин” цогцолбор сургуулийн хашаанд иргэн Ё.Нямбаяртай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Хохирогч Ё.Нямбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018.03.06-ны өдөр нөхрийн төрсөн өдрийг гэртээ тэмдэглэсэн. Ингээд би 17 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр ороод буцаад гэрийнхээ үүдэнд ирэхэд зүүн талаасаа жижиг суудлын машин ирсэн тэр машинаас Б нэг найзынхаа хамт бууж ирсэн. Тэгэхээр нь би чи яах гэж манайд ирж байгаа юм гэхэд би танайхаар оръё гээд Б найз залуугаа дагуулаад би найз Хэрлэнгээ дагуулж гэртээ орсон. Тэгэхэд манай нөхөр төрсөн өдөр тэмдэглэсэн байсан болохоор нилээн халамцуу байсан, манай нөхөр надад энэ Б яаж яваа юм чи гай болох гээд байгаа шүү гээд Бөд хэлсэн. Тэгээд бид хэд 1 шил архи тойруулаад уусан Тэгээд би гараад явах гэсэн чинь Б хэнтэйгээ алцганах гээд байгаа юм гээд хажуудаа суулгасан. Ингээд архи ууж дуусах үеэр би намайг явчих юм бол Бийг яваад өгчих байх гэж бодоод гэрээсээ гараад зүүн тийшээ явж байтал Б араас ганцаараа гүйж ирсэн. ... гүйцэж ирээд чи хаачих гээд байгаа юм бэ би 1 шил архи авъя тэгээд Энхтүвшин ахаас уучлалт гуйя гэсэн. Хоёулаа урагшаа явъя гээд намайг дагуулаад бага Тэмүүжин сургуулийн баруун хойд хаалгаар орсон. Тэгээд намайг урд явган хүний хаалгаар гарч бай би эхнэр Дорждэрэмтэй уулзаад ирье гэж хэлээд сургууль руу орсон тэгээд намайг 100 метр орчим явж амжаагүй байхад араас Дорждэрэм, Б хоёр ирээд араас татаж газар унагаад энэ миний араас дагаад ирсэн гэж хэлээд намайг баруун бөөрөнд 1 удаа, баруун гуя руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд өндийгөөд босох гэтэл миний баруун нүдний дээд хэсэгт өшиглөж толгойн дух хэсэгт гэмтээж толгойг маань хагалсан. Тэгтэл Дорждэрэм энэ болохоо болилоо түргэн дуудъя гэж хэлж байсан. ... Би Улам-Өхнөхөд зодуулснаас болж духандаа 5 оёдол тавиулсан мөн баруун гуя хэсэгт 2 хэсэг газар хөхөрч няцарсан, баруун гарын бугалга хөхрөлт үүссэн гэсэн.......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 3-5 хуудас/

 

Гэрч У.Дорждэрэмийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....манай нөхөр Б нь хамараас нь цус гарчихсан архи уусан байдалтай согтуу орж ирээд намайг ажлаас гаръя гэхээр нь би дагаад сургуулиас гарсан чинь манай нөхөртэй нэр холбогдоод байдаг Нямбаяр гэх эмэгтэй сургуулийн урд талын жижиг хаалган дээр зогсож байсан. Тэгээд Бтэй нөгөө хүүхэн дээр очиход нөгөө эмэгтэйгийн нүүр нь цус болчихсон зогсож байсан. Тэгсэн Б нөгөө эмэгтэйгээ би чамтай уулздаггүй биздээ чи манай эхнэрт хэлээч гэсэн чинь Нямбаяр гэх эмэгтэй шал согтуу цүнхээ чирчихсэн гичий, янхан минь чи зайлаад өгчих би Бтэй сайхан амьдарна гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь чи намайг энд доромжлоод яахав би өгдөг газар нь өгнө гээд олон юм яриагүй. ... Б согтуу орж ирээд намайг ажлаас дагуулаад гарахад нөгөө эмэгтэй нь урд хаалган дээр цусаа гойжуулсан зогсож байсан. Тэр хоёр надруу ирэхээсээ өмнө хоорондоо зодолдчихоод ирсэн гэсэн ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 хуудас/

 

2018 оны 3 дугаар сарын 13-ны №108 Шүүх эмнэлгийн 

“...Ё.Нямбаярын биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 11 хуудас/

 

Сэжигтэн А.Бийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Нямбаяр ч гэсэн согтуу байсан тэгээд би Нямбаяр дээр очоод би чамд хамаагүй биздээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдаж байгаад нүүр лүү нь алгадсан чинь Нямбаяр очоод өгөхөөр нь би өшиглөсөн нь үнэн. Тэгэхэд нүүрэнд нь шарх үүссэн. Нямбаяртай зууралдаж байхад куртек нь урагдсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Тэмүүжин” цогцолбор сургуулийн хашаанд иргэн Ё.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ё.Нямбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны №108 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Нямбаярын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь куртек урагдсан гэх хохирол болох 100.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                     

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Хайнзан овгийн Агваанзундуйн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Бөөс 100.000 төгрөг гаргуулж хохирогч Ё.Нямбаярт олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ