Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01391

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01391

 

 

Кэш энд мани ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00961 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Кэш энд мани ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Баттулгад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 4 485 526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Кэш энд мани ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнджав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Баттулга нь 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Кэш энд мани ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл, зээлийн хүү, алдангийг төлөөгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, 96-93 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болно. Зээлийн хугацаа дуусахад Д.Баттулга нь үндсэн зээлийн төлбөрт 3 046 902 төгрөг, зээлийн хүүд 297 431 төгрөг, алдангид 1 127 354 төгрөгийг тус тус төлөөгүй ба зээлээ төлөхгүй болохоор гэрт нь очсон, шуудан явуулсан зардалд 13 840 төгрөг гарсан болно. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 3 639 760 төгрөг төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Мөн манай компани нь зөвхөн үндсэн зээлийн үүргийг шаардаж байгаа ба фидуцын гэрээний үүргийг шаардаагүй болно. Иймд хариуцагчаас 4 485 526 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь анх 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгийг зээлж аваад 5 124 000 төгрөг болгон буцааж төлөх ёстой байсан. Эхний 4 сар хүү төлөөд дараагийн 4 сард үндсэн зээлээсээ хасахаар тохиролцсон. Үндсэн зээлээсээ төлөх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд 3 780 000 төгрөг төлж, үлдсэн зээлээс 900 000 төгрөг дутуу, хүү алдангийн хамт төлөх ёстой төлбөрөөс 1 300 000 төгрөг дутуу төлсөн байгаа. Иргэний хуулийн алдангийн талаарх зохицуулалтыг үндэслэн манай талаас алдангид 800 000 төгрөг нэмээд нийт 2 225 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Д.Баттулгаас 2 320 425 төгрөгийг гаргуулан Кэш энд мани ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 165 101 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттулгаас 52 076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кэш энд мани ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451-452.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний алданги тооцох тухай тохиролцоо нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Харин зээлийн гэрээний үлдэх хэсэг нь гэрээний зорилтыг хангаж байх тул алдангиас бусад тохиролцоо нь хүчин төгөлдөр байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-286, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлд тус тус үндэслэн байгуулсан ба энэ хуулийн зохицуулалт нь өөрөө Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасантай хамааралгүй байхад хуулийг гуйвуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 116.2, 116.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргийг тус тус хүлээхээр байх тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 4 485 526 төгрөгөөс хэрэгсэхгүй болсон 2 165 101 төгрөгийг хариуцагч Д.Баттулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Кэш энд мани ХХК нь хариуцагч Д.Баттулгад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 4 485 526 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 2 320 425 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Кэш энд мани ХХК-иас хариуцагч Д.Баттулгад 4 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Баттулга 3 639 760 төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Талууд гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгч Кэш энд мани ХХК нь хариуцагч Д.Баттулгаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хэргийн 6 дугаар талд нэхэмжлэгч Кэш энд мани ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан, уг гэрчилгээнд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн хэсэгт зээл олгох бусад үйлчилгээ ломбард эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Гэрээний 2.5-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр, хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлбөр хийх өдрийн дараагийн өдрөөс эхлэн нийт төлөх ёстой зээл, хүүгийн нийлбэр дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно. Хэрэв гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрийн дараагийн өдрөөс зээлийн төлбөр барагдуулах өдөр хүртэл үндсэн зээлийн нийт үлдэгдлийн дүнгээс 0,5 хувиар алдангийг тооцож авна гэж, мөн гэрээний 3.2.4-т зээлдэгч нь энэ гэрээний ерөнхий ерөнхий хугацаа болон хавсралт 1-д заасан хэсэгчилсэн хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлбөр хийх өдрийн дараагийн өдрөөс эхлэн нийт төлөх ёстой зээл, хүүгийн нийлбэр дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөх гэж тус тус тохиролцсон байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Хариуцагч Д.Баттулга үндсэн зээлийн үндсэн үүрэгт 4 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 920 000 төгрөг /4 000 000*6/100= 240 000*8=1 920 000/, нийт 5 920 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 3 639 760 төгрөгийг буцаан төлсөн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд тухайн гэрээг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Цэнджав өөрөө баталсан байх тул хуулиар тогтоосон алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас доогуур хэмжээгээр тогтоожээ.

 

Дээрх стандарт нөхцөл бүхий гэрээнд алдангийг хоёр өөр байдлаар буюу зээлийн хүүгийн нийлбэр дүнгээс, мөн үндсэн зээлийн нийт үлдэгдлээс тооцохоор заасан байгаагаас үзэхэд алдангийг тооцох нөхцөл тодорхой бус болсон байна.

 

Талууд 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг тохиролцсон байна. Уг гэрээгээр гэрээний үүрэг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд гэрээний үүргийг гүйцэтгэхийг мэдэгдсэнээр үүргийн гүйцэтгэлд хөдлөх эд хөрөнгийг гаргуулан авах боломжтой.

 

Эдгээр нотлох баримтыг харгалзан хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг бууруулах боломжтой тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 2 320 425 төгрөг хүртэл алдангийн хэмжээг анхан шатны шүүх бууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00961 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 гэснийг ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Кэш энд мани ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

                                                   Ц.ИЧИНХОРЛОО