2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06855

 

 

 

 

 

 

 

 

   2025             09              04                                            192/ШШ2025/06855

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-112/3, Бимэкс холдингийн байранд байрлах Бимэкс ХХК /РД:2020505/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Гавьж 1 дүгээр гудамж, 39 тоотод оршин суух, ******* ургийн овогт*******гийн******* /РД:ЦГ67041803/-д холбогдох,

 

20,339,392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинтөгс, хариуцагч С.Мөнхцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бимэкс” ХХК нь хариуцагч С.Мөнхцацралд холбогдуулан  20,339,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.Мөнхцацрал нь манай компанитай 2024.01.01-ний өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж бараа бүтээгдэхүүнийг худалдан авч өөрийн ажиллуулдаг ‘fruit stoге” гэх дэлгүүртээ худалдан борлуулдаг байсан. Тэрээр 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 17,201,468 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг манай компаниас худалдан авсан бөгөөд үүнээс мөн 3,641,873 төгрөгийг төлсөн, мөн 2,223,665 төгрөг төлсөн, 202,980 төгрөгийн бараа буцаасан байна. Ийнхүү худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 11 132 950 төгрөгийг төлөөгүй болно. “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний 4.1-т зааснаар тооцоо нийлсэнээс буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 303 хоногийн хугацаандалдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 50 хувиар буюу 5,566,475 төгрөгөөр тооцохоор байна. Иймд С.Мөнхцацралаас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 11,132,950 төгрөг, алданги 5,566,475 төгрөг, нийт 16,699,425 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхцацрал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Бимекс” ХХК-тай гэрээ байгуулсан. Манай лангуун дээрээс бараа авч явсан байсан. Зургийг даруулаагүй, гарын үсэг зуруулаагүй үүнийг тодруулах хэрэгтэй. Алдангыг хүлээн зөвшөөрөхгүй. Бимэкс ХХК-тай нөхөр Н.Баярмагнай гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс 2025.04.23-ны өдрийн 231/01 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдэлийн баталгаа, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчийн буцаалт баримт, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтыг ирүүлсэн.

 

            Хариуцагчаас фото зураг ирүүлсэн.

 

            Шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/32723 дугаартай захирамжаар зарлагын баримтууд, харилцагчийн буцаалтын баримтуудыг гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Бимэкс ХХК нь хариуцагч С.Мөнхцацралд холбогдуулан 20,339,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 11,132,950 төгрөг, алданги 5,566,475 төгрөг, нийт 16,699,425 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч С.Мөнхцацрал нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж татгалзжээ. 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

            3.1. Нэхэмжлэгч Бимэкс ХХК нь Fruit store -ийн Н.Баярмагнайтай 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг  борлуулах, барааны үнийг нийлүүлэгч талд төлөхөөр тохиролцсон байна. (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

3.2. 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ныг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ тооцоо нийлж үзэхэд хариуцагч С.Мөнхцацрал нь нэхэмжлэгч Бимэкс ХХК-д 5,221,207 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй гарсан байна.(хавтаст хэргийн 8 дахь тал)

 

3.3. Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 17,201,468 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухайд маргаангүй.

 

Харин 16,699,425 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй эсэхэд маргаантай.

 

4. Нэхэмжлэгч Бимэкс ХХК нь Fruit store -ийн Н.Баярмагнайтай 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан, гэрээний нэг тал нь Н.Баярмагнай байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч Бимэкс ХХК болон хариуцагч С.Мөнхцацрал нарын хооронд худалдах, худалдан авах гэрээнийй харилцаа үүсээгүй байна.

 

Н.Баярмагнайн гэрээгээр хүлээсэн үүргийг хууль болон гэрээний дагуу хариуцагч С.Мөнхцацрал нь шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 196 дугаар зүйлийн 196.1 “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” 196.1.1. “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж туё тус заасан байх ба хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талаас нийт 17,201,468 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан, барааны үнийн зарим хэсгийг төлсөн гэж тайлбарлаж байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талаас нийт 17,201,468 төгрөгийн барааг хариуцагч С.Мөнхцацралд хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нь барааны үнийг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийг баталгаа гэх баримтуудаар тооцоо нийлсэн тухайд талууд маргаангүй байх ба 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар зохигчид 13,559,595 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд тооцоо нийлснээс хойш 2025 оны 02 сарын 18-ны өдөр 2,223,000 төгрөг төлсөн, 155,780 төгрөгийг бараа, 47,200 төгрөгийг барааг нэхэмжлэгчид буцаан өгсөн байх тул хариуцагч нь 10,233,950 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулагдаагүй тул талууд анз төлөхөөр тохиролцоогүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнхцацралаас 10,233,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бимэкс ХХК-д олгож, үлдэх 6,465,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэргийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 173,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнхцацралаас 10,233,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бимэкс ХХК-д олгож, үлдэх 6,465,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,647 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхцацралаас 173,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бимэкс ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР