| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2513000000058 |
| Дугаар | 2025/ДШМ/22 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/22
М.Д-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Д-т холбогдох эрүүгийн 2513000000058 дугаартай, 1 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ************* ажилтай, ам бүл ** хүнтэй, ******* хамт ********************* багт бүртгэлтэй, ******************багт түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Х.Д-, /РД:**********/.
2. Х.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Бүркит/ багт байрлах гэртээ хохирогч Т.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хавдартай, дээд уруулын зүүн талын шархтай, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, хүзүү хоолойны урд хэсэгт цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр яллах дүгнэлтээр Х.Д-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Ш овогт Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол :анаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.
5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:
5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, мөн хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” бол гэж тус тус заасан.
5.2. Гэтэл шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, тодруулбал уг зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь:” хэсэгт шүүгдэгч Х.Д-т оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд заасан хугацаанаас их хугацаа тогтоож, прокурорын саналын хүрээнд ял оногдуулахгүй байх үндэслэлээ тусгаагүй байна.
5.3. Хуулийн зохицуулалтыг авч үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан байтал тухайн хэсгийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс их хугацаа буюу 5 жил гэж торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг шийдвэртээ тусгасан нь хуулийн шаардлага хангахгүй байна. Шүүхийн дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...хууль ноцтой зөрчсөн.” үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичиж, шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзлээ.
5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолд тусгасан торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.
ТОДОРХОЙЛОХ нь:
6. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Шүүгдэгч Х.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Бүркит/ багт байрлах гэртээ хохирогч Т.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, баруун хацарт хавдартай, цус хуралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хавдартай, дээд уруулын зүүн талын шархтай, хамрын нуруунд хавдартай, цус хуралттай, хүзүү хоолойны урд хэсэгт цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хөтөлбөргүй тогтоогджээ.
8. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Х.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
10. Шүүгдэгч Х.Д-ийн дээр хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Х.Д-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
11. Дээд шатны прокуророос “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байтал тухайн хэсгийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс их хугацаа буюу 5 жил гэж торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг шийдвэртээ тусгасан нь хуулийн шаардлага хангахгүй байна, торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар...” эсэргүүцэл гаргажээ.
12. Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч С.Алтай нар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргаснаар прокуророос 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарч, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ прокуророос түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг “5 жил”-ийн хугацаанд гэж шийтгэх тогтоолд тусган техникийн шинжтэй алдаа гаргаж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийцээгүй байна.
13. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “5 жилийн” гэснийг “5 сарын” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “5 жилийн” гэснийг “5 сарын” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ШҮҮГЧ Д.КӨБЕШ