Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 91

 

2018 оны 5 сарын 14 өдөр                       2018/ШЦТ/91                               Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0101/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Я.Сансар,

Хохирогч Т.Баярмаа,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Иргэний нэхэмжлэгч Т.Батхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,

Шүүгдэгч                                                А.Б нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавд овогт Алтангэрэлийн Бд холбогдох 1839001570076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд  1961 оны 07 дугаар сарын 30-нд төрсөн, 57 настай,  эмэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 8-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Тавд овогт Алтангэрэлийн Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч  А.Б нь 2018  оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын засмал зам дээр 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркын суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Ниссан тида” маркийн 30-86 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус автомашинд зорчиж явсан иргэн Т.Баярмаа, Д.Түмэнбаяр нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түмэнбаяр манай нөхөр. Манай хүн 2018.03-01-ний өдөр охинтойгоо ажилдаа явахдаа өөрийн машинтайгаа осолд ороод одоо Улаанбаатар хотод ухаангүй мэдүүлэг өгөх боломжгүй тул би нөхрийнхөө хууль ёсны төлөөлөгчөөр орж байгаа юм. ... Манай охин улаан загалмайн хороонд нягтлан хийдэг манай нөхөр 1 дүгээр цэцэрлэгт нярав хийдэг. Тэгээд тэр хоёр 2018.03.01-ний өглөө 08 цагийн үед өөрийн 30-86 ХЭА улсын дугаартай машинтайгаа ажилдаа явж байгаад осолд орсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 хуудас/

 

Хохирогч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.03.01-ний өглөө 08 цаг 05 минутын үед аав Түмэнбаяр бид хоёр ажилдаа явах гээд бид хоёр Малчдын хорооноос аавын 30-86 ХЭА улсын дугаартай тида маркын автомашинтай гэрээсээ гарцгаасан. Тэгээд бид хоёр төв рүү орох гээд “Жаст ойл” шатахуун түгээх станц дөхөөд ирж байхад өөдөөс нэг машин ирж яваа харагдсан. Тэгээд би зөрөөд өнгөрөх гэж байгаа юм байлгүй гээд бодтол нөгөө машин гэнэт эргэх дохио ч өгөхгүй шууд аав бид хоёрын явж байсан замын эгнээ рүү зүүн гар талруугаа эргээд миний сууж явсан талаас мөргөсөн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/

Гэрч Э.Бүрэнтэгшийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үүрээр 05 цагийн үед ... Хэнтий аймгаас хүн миний машин дээр Онгон сум руу түлээний мод ачуулна гэхээр нь би нөгөө хүнээ хүлээгээд “Жаст” колонкийн хойд талд замаа чөлөөлөөд зогсож байсан юм. Тэгсэн миний машины араас юм мөргөх чимээ гараад машин зогсож байсан газраасаа хөдлөхөөр нь би машинаас буугаад харахад миний машины ард хоёр машин мөргөлдөөд нэг машин нь миний машины араас хамар копуд хэсгээрээ чихэгдээд орчихсон байсан. Гэгээтэй байсан болохоор аваарын гэрлээ унтраачихсан байсан ... Миний машины эд анги эвдрээгүй зүгээр, хүн хүлээгээд замаа чөлөөлөөд зогсож байсан. ... Гаум маркийн машин нь зүүн гар талруугаа эргэх гэж байгаад цаанаас Тида маркийн машин ирээд хоорондоо мөргөлдсөн байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/

Гэрч Э.Ганхөлөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...ах Э.Бүрэнтэгш нь Хино Рэнжер /Hino Ranger/ маркийн 00-41 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ “Жаст ойл” ШТС-ийн харалдаа колонк руу орох, гарах гарцны дунд замаа чөлөөлөөд урагшаа Сүхбаатар явдаг чигтээ хараад зогсож байсан ... Манай туслах жолооч машин мөргөлдчихлөө гэхээр нь бид буугаад хартал 2 машин мөргөлдсөн байдалтай зогсож байсан ... “Ниссан Тида” маркийн автомашины жолооч нь үрүүлэндээ хавчигдсан байсныг хараад түргэн тусламж руу залгаж хэлээд хаалгыг нь онгойлгон машинаас гаргасан. “Ниссан Тида” маркийн машин нь ах Э.Бүрэнтэгшийн Хино Рэнжер /Hino Ranger/ маркийн 00-41 СҮА улсын дугаартай машины баруун хойд хэсгийн араас нь маш хүчтэй мөргөсөн байдалтай шургаж орсон байсан ... Нөгөө машин нь Тоёота раум маркийн машин байсан. Хойшоо Улаанбаатар явдаг чигтэй явж байсан байх, жолоочийн эсрэг талын хамар нь чихэгдсэн “Жаст ойл” ШТС руу харсан байдалтай байсан дотор нь сууж явж байсан хүмүүс нь гайгүй байсан байх жолооч нь машинаасаа гараад зогсож байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 хуудас/

Гэрч А.Эрдэнэзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө “Жаст ойл” ШТС-д түгээгчийн ажлаа хүлээлцэх байсан учир хадам ээж А.Бгийн 56-45 ХЭҮ улсын дугаартай мөнгөлөг саарал ангийн Раум маркийн автомашинаар ... “Жаст ойл” шатахуун түгээх станц дөхөж ирсэн, машин явж байхад намайг машины зүүн гар талын салхины шил буюу цонхоор харахдаа СҮА дугаартай том оврын ачааны ачаатай машин яг манай колонкын 2 гарцны хооронд замын баруун талд урагшаа хараад зогсож байсан ... Тэгээд юу болсныг би мэдээгүй, нэг мэдэхэд хадам ээж маань баруун гар талын хойд хаалгыг буюу миний сууж байсан хэсгээр машиныхаа хаалгыг онгойлгоод миний охин бууж чадах нь уу гээд асуусан. Тэгээд би машинаас буусан. Хадам ээжийн машиныг ирж мөргөөд нөгөө замын баруун талд зогсож байсан ачааны машины араас очиж мөргөөд зогссон цагаан машинаас хүмүүс гаргаж байх шиг байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ослын газарт ирсэн учир Д.Түмэнбаяр ах, охин нь бид гурав түргэний машинд суугаад хөдлөх гэж байхад хадам ээж А.Б би хамт явъя гээд бүгд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-35 хуудас/

Яллагдагч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд ач Хүслэнг цэцэрлэгч хүргэж өгөнгөө бэр  Эрдэнэзулыг ажилд нь хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркийн автомашинтай гэрээсээ гарсан юм. Тэгээд шууд Хүслэг 1 дүгээр цэцэрлэгт хүргэж өгчихөөд бэр Эрдэнэзулыг ажилд нь хүргэж өгөхөөр 1 дүгээр цэцэрлэгээс гараад “Жаст-Ойл” шатахуун түгээх станц руу яюсан. Тэгээд “Жаст-Ойл”-ын хойд талд харалдаа ирээд шатхуун түгээх станцын баруун талаасаа ямар нэгэн машин харагдаагүй тэгээд  зүүн гар талруугаа эргээд эсрэг урсгалынхаа замын гол хэсэгт “Жаст-Ойл”-ын уулзвар луу эргэх үйлдэл хийж байхад баруун талаасаа ирж явсан машин намайг тойрох гэж байсанаа миний машины зүүн гар талын урд талаас мөргөөд замын урд зогсож байсан том машины  араас мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 111-112 хуудас/

 Хэнтий аймгийн замын цагдаагийн тасгийн, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад С.Пүрэвээгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 100-101 хуудас/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн №121, 122 дугаартай /ХХ-ийн 41-42, 74-р хуудас/

Д.Түмэнбаярын биед гавал ясны зүүн талын суурийн хөндийд дээд хананаас этмойд хөндийн дээд хана, зүүн ухархайн дотор хана, зүүн хоншоорын хөндийнд урд хана, ухархайн дээд ирмэг, ухархайн дотор дээд хана, зүүн духны хөндий дайран дух ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тархины 3,4-р ховдол, тархины харвалт, зүүн дух, баруун дагз, зулайн тархины эдхийн цусархаг няцрал, духанд зулгаралт, зүүн дух, зулай, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Т.Баярмаагийн биед баруун атгаал, богтос ясны ил хугарал, баруун дал эгэмний холбоосын тасрал, нүүр, шанаа, дух тохойнд шарх, бауун хөмсөгт зулгаралт, нүүр, 2 нүд, шанаа, дух, баруун өвдөг, гуяанд цус хуралт, хамар, 2 нүд, цээж нуруу, баруун тохойнд зөөлөн эдийн нярал гэмт тогтоогдлоо. 

Дээрх гэмтлүүд нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /ХХ-ийн 6-12 хуудас/

зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч А.Б нь 2018  оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын засмал зам дээр 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркын суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ... өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Ниссан тида” маркийн 30-86 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус автомашинд зорчиж явсан иргэн Т.Баярмаа, Д.Түмэнбаяр нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018.03.01-ний өглөө 08 цаг 05 минутын үед аав Түмэнбаяр бид хоёр ажилдаа явах гээд Малчдын хорооноос аавын 30-86 ХЭА улсын дугаартай тида маркын автомашинтай гэрээсээ... төв рүү орох гээд “Жаст ойл” шатахуун түгээх станц дөхөөд ирж байхад өөдөөс нэг машин ирж яваа харагдсан. Тэгээд би зөрөөд өнгөрөх гэж байгаа юм байлгүй гээд бодтол нөгөө машин гэнэт эргэх дохио ч өгөхгүй шууд аав бид хоёрын явж байсан замын эгнээ рүү зүүн гар талруугаа эргээд миний сууж явсан талаас мөргөсөн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/, яллагдагч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн “.... Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ны өглөө... өөрийн эзэмшлийн 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркийн автомашинтай... “Жаст-Ойл”-ын хойд талд харалдаа ирээд... зүүн гар талруугаа эргээд эсрэг урсгалынхаа замын гол хэсэгт “Жаст-Ойл”-ын уулзвар луу эргэх үйлдэл хийж байхад баруун талаасаа ирж явсан машин намайг тойрох гэж байснаа миний машины зүүн гар талын урд талаас мөргөөд замын урд зогсож байсан том машины  араас мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 111-112 хуудас/, гэрч Э.Бүрэнтэгш, Э.Ганхөлөг, Эрдэнэзул нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн №121, №122, дугаартай  дүгнэлт, Хэнтий аймгийн замын цагдаагийн тасгийн, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад С.Пүрэвээгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 100-101 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-12 хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баярмаа, Д.Түмэнбаяр нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Баярмаа эмчилгээний болон бусад зардалд 2.098.430 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Б төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх тул зөвшөөрлийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин уг хохирлоос 2.000.000 төгрөгийг барагдуулсан нь шүүхийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2018 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд хохирогч Т.Баярмаагийн 5954329091 дугаарын дансанд мөнгө тушаасан баримтуудаар тогтоогдож байх тул үлдэх 98.430 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх, хохирогч Д.Түмэнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг нь эмчилгээний болон бусад зардалд 3.372.428 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 2.299.739 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна. Бусад зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч  Т.Батхүү нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1.848.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт байгаа баримтаар чухам ямар хэмжээний хохирол учирсан нь бүрэн тогтоогдоогүй, нотлох баримт хангалтгүй байх тул мөн холбогдох нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлт хэлсэн боловч хэзээ, хэнд, хэрхэн төлөхөө тодорхой дурдаагүй, шүүх хуралдаан дээр өөрийгөө төлбөр төлөх боломжгүй болохоо удаа дараа илэрхийлснээс үзэхэд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Тавд овогт Алтангэрэлийн Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Бг 9 сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгаас 98.430 төгрөг гаргуулж хохирогч Т.Баярмаад 2.299.739 төгрөг гаргуулж хохирогч Д.Түмэнбаярт тус тус олгож хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч Т.Батхүү бусад хохирол зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Бд буцаан олгож, жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагад хүргүүлсүгэй. 

 

6.  Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ