| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1070/Э |
| Дугаар | 1108 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч О.Багшбаяр,
хохирогч Б.Ууганбаяр,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М д холбогдох эрүүгийн 1806 0446 41240 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.М , /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Өрөм дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Ууганбаяртай маргалдан улмаар толгой тус газар руу цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дэлгүүрт маргалдсан. Би эд нарыг орж ирэхээс өмнө гаднаас орж ирсэн. Тэгээд араас орж ирээд архи зээлээч гэсэн. Зээлэхгүй гэж хэлэхэд гар утсаа тавьчихъя гэж хэлсэн. Би “ломбард биш, ломбарданд очиж гар утсаа тавьчихаад, архиа ав” гэж хэлсэн. Тэгэхэд удаа дараа надаас нэг нэгээрээ ирж гуйсан. Сүүлдээ дэлгүүр дотор маргалдсан. Дүү маань арын өрөөнд тариа хийлгэж байгаад гарч ирээд хохирогч болон найзуудад нь тайлбарлаад дэлгүүрээс гаргасан. Би дэлгүүрийн гадаа үүдэнд машинаа асаалттай тавьчихсан байсан. Буцаад машинаа холдуулах санаатай гарсан чинь “чи ганцаараа дэлгүүртэй нь юм уу, чамайг байнга ийм явахыг чинь харна, ална” гэж заналхийлсэн. Би “ямар ч байсан чиний юмыг гуйж ажиллуулаагүй” гэж хэлсэн. Тэгэхэд намайг барьж авч зодсон. Нилээн зодуулж байгаад би босч ирээд харилцан зодолдсон гэв.
Хохирогч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагт хоёр найзтайгаа 0.5 литрийн архи уусан. Манай найз халцан байсан. Тэгээд намайг чи таньдаг юм чинь ороод ганц юм зээлээд өгчихөөч гэсэн. Би нэг найзтайгаа хамт дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт хохирогчийн ах нь байсан. Ахаас нь “архи зээлээч” гэж гуйсан. Ах нь үгүй гэсэн. Шүүгдэгч араас нь ломбард яриад гараад ирсэн. Дэлгүүрээс гараад хэрэлдээд байж байтал ах нь манай Сүрэн гэдэг найзыг боосон. Би ахад нь “та болиоч” гээд салгаад эргээд хартал галын хор шиг улаан юмаар шүүгдэгч намайг толгой руу цохисон. Би ухаан алдаж унасан. Босоод иртэл нил цус болчихсон байсан болохоор би шууд цагдаа дуудсан. Би нээх согтуу байгаагүй. Шүүгдэгч Г.Мөнх-Учралаас би 100 төгрөг ч аваагүй, эм тарианы мөнгийг би өөрөөсөө гаргасан. Гарсан төлбөрөө нэхэмжилж байна, өөр хүсэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 15-ны өдөр 23 цаг 10 минутын орчим би гэр рүүгээ орох гэж явахад дэлгүүрийн гадна цагаан Портер дээр 3 залуу тамхи татаад байж байсан. Дэлгүүртээ ороод байж байтал ардаас тэр 3 залуу орж ирээд “бид нар жаахан уучихсан юм,1 архи зээлчихээ ,маргааш мөнгийг нь өгье” гэж хэлэхээр нь би өгөхгүй зээлэхгүй гэж хэлсэн. Намайг “архи зээлээр өгөхгүй” гэж хэлэхэд “чи ганцаараа дэлгүүр ажиллуулдаг юм уу, дэлгүүрийн чинь цонхыг хагална, чамайг маргаашнаас олигтой ажиллахыг чинь харнаа” гээд хэл амаар доромжилсон. Үүдэнд гараад ирэхэд нөгөө залуучууд зогсож байсан. Тэгээд явах гэсэн чинь намайг янз янзаар хэлээд алнаа гэсэн. Ардаас нэг нь дал руу алгадсан, тэгэхээр нь би эргэж хараад “яаж байнаа” гэсэн чинь өндөр Ууганбаяр нь “чи муу хулгайч, энэ чигээрээ байхыг чинь харнаа” гээд маргаж байхад манай ах Мөнгөнхуяг дэлгүүрээс гараад ирсэн. Ахтай зөрөхдөө нэг нь мөрлөсөн юмуу хаашаа юм тэгээд ах тэрнийг бариад авсан. Өндөр Ууганбаяр нь намайг барьж аваад гараараа миний нүүр, цээж, толгой руу цохисон. Тэр үед одоо өргөдөл гаргаад байгаа залуу хажуугаар орж ирээд толгой руу баахан өшиглөсөн. Ах ирээд татаж салгаж, би босоод харилцан зодолдоод цаашаа явсан түр намжаад хохирогч цаашаа хайж явсаар байж тоосгоны хагархай олж ирээд над руу далайгаад шидэх гэхэд найз нь дундуур нь орж салгаж аваад тоосгыг цааш нь хаясан. Би машин руугаа явж байхад ардаас хохирогч жийхээр нь би машин онгойлгосон чинь шалан дээр байсан дохионы пуужингаар толгойн тус газар нь савтал цохичихсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-23 дугаар хуудас/,
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 15-ны өдөр 23:00 цагийн үед Сүрэн, Оюунбаатар нарын хамт ажлаа тараад Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрөм нэртэй дэлгүүр рүү Сүрэнгийн хамт ороход 30 гаран насны зүс таних эрэгтэй хүн байсан, тэгээд би “утсаа барьцаанд тавиад ганц юм зээлье” гэтэл үгүй гэсэн арын өрөөнөөс дүү нь гээд залуу гарч ирээд “өгөхгүй, манайх ямар ломбард уу” гэсэн. Дүү нь гээд эмэгтэй гарч ирээд мөн “өгөхгүй” гэсэн. Дэлгүүрээс ах нь гарч ирээд Сүрэнг араас нь боосон, тэгтэл бид нартай маргалдаж байсан залуу миний толгой руу галын хороор цохисон, би цагдаа дуудсан. Дахиад ах нь гэх залуу Сүрэнг боогоод байхаар нь би салгах гээд “ахаа боль” гээд араас нь татсан, мөн Оюунбаатар салгах гээд оролдсон. Би тухайн залууг цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-6, 26 дугаар хуудас/,
Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 15-ны орой 23:00 цагийн үед хамт ажилладаг Ууганбаяр, Сүрэн нарын хамт нэг шил архи уучихаад халуураад 69 сургуулийн баруун талд байдаг Өрөм нэртэй хүнсний дэлгүүрээс “гар утсаа барьцаанд тавиад 1 шил архи авъя” гэсэн чинь өгөхгүй гэж уурлаад манайх ломбард биш гэсэн. Тэгээд Сүрэн, Ууганбаяр хоёрыг гарахад араас нь маргалдаад байсан худалдагч нь гарсан, би араас нь уг дэлгүүрийн ахтай гарсан чинь дэлгүүрийн үүдэнд Сүрэн худалдагч залуу хоёр унасан. Сүрэн дээр гарсан байдалтай байсныг надтай хамт гардаг хүн Сүрэнг дээрээс нь татаад толгой руу нь олон удаа гараараа цохисон. Би салгах гэсэн чинь эргэж хараад надтай заамдалцаад нүүрэнд нэг удаа цохисон. Энэ үед дэлгүүрээс нэг эмэгтэй гарч ирээд бид хоёрыг салгасан. Ууганбаяр цаанаас дэлгүүрийн худалдагч толгой хагалчлаа гэсэн, толгойноос нь цус гарсан байсан. Бид гурав дэлгүүрийн хүмүүст гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹6351 дүгнэлтэд “Б.У биед духны зүүн дээд үстэй хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, зулгаралт, зүүн жавжинд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/,
Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Өрөм дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Ууганбаяртай маргалдан улмаар толгой тус газар руу цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Г.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хохирогч Б.У нь 2018.06.05-ны өдөр Амин хүслэн форм ХХК-с 40.000 төгрөгийн, 2018.06.15-ны өдөр мөн Амин хүслэн форм ХХК-с 106.700 төгрөгийн, 2018.05.17-ны өдрийн Аж Богд эмийн сангаас 97.600 төгрөгийн эд зүйл худалдаж авсан гэх зарлагын баримтуудыг ирүүлсэн боловч ямар эмчийн жороор эм худалдаж авсан нь нотлох баримтгүй, өвчний түүхэнд эмч эдгээр эм хэрэглэлийг хэрэглэх шаардлагатай болохыг нотлох тэмдэглэсэн зүйл байхгүй, НӨАТ төлсөн баримт буюу худалдаж авсан болохыг нотлох баримт байхгүй, угаалгын газар ажилладаг болохыг нотолсон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, ажилд орсон тушаал, цалин авсан баримт зэрэг нотлох баримтууд байхгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтаар хохирол гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.