| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2424001060005 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
Д.М-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Б.Ч /цахимаар/
Шүүгдэгч Д.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Д.М-д холбогдох 2424001060005 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн …… сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн …… сумын ….. багт байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ….. овогт Д-ийн М, /регистрийн дугаар ……………/
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн ……. сумын ….. багийн …..-ний "….." гэх газарт бусдын эзэмшлийн малыг нууцаар, бэлчээрт байсан хонин сүргээс хохирогч П.М-ын 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий "эвэртэй хар халзан зүсмийн урд өрөөсөн хөл нь хар төлгийг" өөрийн эзэмшлийн хонь биш гэдгийг мэдсээр байж хулгайлж, иргэн Р.Б-т өгөхөөр хөлийг нь хүлж ….. улсын дугаартай …… маркийн тээврийн хэрэгсэлд ачуулсан үйлдлийг санаатай хийсэн боловч, Д.М-ын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хохирогч П.М түүний үйлдлийг таслан зогсоож, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч …. овогт Д-ийн М-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн ….. сумын ….. багийн нутаг дэвсгэрээс хүндэтгэн үзэх буюу төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг зайлшгүй авахаас бусад шалтгаанаар гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн ….. сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.М нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тэмдэглэж шийдвэрлэжээ.
2. Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Д.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн ….. сумын …… багийн нутаг дэвсгэрээс хүндэтгэн үзэх шалтгаан буюу төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг зайлшгүй авахаас бусад шалтгаанаар гадагш зорчихгүй байхаар тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ" гэж, Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно" гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "Нэгж" гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж тус тус хуульчилсан байна. Зорчих эрх хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, төрийн болон бусад зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгждэг билээ. Монгол Улсын Дээд шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэл журмын тухайд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд уг ялыг оногдуулахдаа оршин суух сум, нэг эсхүл хэд хэдэн дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэр, мөн эдгээрийн аль тохирох нэгжийг хамруулан тогтоож байхаар хууль хэрэглээний жишиг тогтоосон байдаг. Шүүгдэгч Д.М нь Завхан аймгийн …. сумын …. багт байнга оршин суух хаягтай боловч тэрээр жилийн дөрвөн улирлын турш мал аж ахуй эрхлэн хөдөлмөрлөж аж төрдөг бөгөөд тухайн баг нь сумынхаа И, Х, У зэрэг багуудтай хил залгадаг. Иймд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг малчин хүний отор нүүдэл хийх, мал маллах, хадлан тэжээл авах, өвлийн бэлтгэх хангах, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, хөдөлмөрлөх эрх зэргийг харгалзан шүүгдэгчийн зорчих эрхийг хүрээг Завхан аймгийн …….. сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
3. Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сум дахь сум дундын анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Үүнийг өмгөөлөгч болон шүүгдэгч нар дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн ....... сумын ........ багийн нутаг дэвсгэрээс хүндэтгэн үзэх шалтгаангүй буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас зайлшгүй тохиолдлоос бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн ..... сумын ....... багаас гадагш гарахгүй байхаар тогтоосон. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суухаас өөрөөр явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээр тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг 1-5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэх гэж зорчих эрх хязгаарлах ялыг хуульчилсан. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт.. Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан нэгж гэдэг нь аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэж тус, тус хуульчилсан байгаа. Зорчих эрх хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засаж хүмүүжүүлэх, төрийн болон бусад зайлшгүй тусламж үйлчилгээг авах, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах хэлбэрээр хэрэгждэг. Улсын Дээд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэл, журмыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд уг ялыг оногдуулахдаа оршин суух сум эсхүл хэд, хэдэн дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн тэдгээрт аль тохирох нэгжийг хамтад нь нэг болон хэд, хэдэн нэгжээр хамруулан тогтоохоор хуульчилсан байгаа. Шүүгдэгч Д.М нь Завхан аймгийн ..... сумын ..... багт байнга оршин суудаг байгаа. Шүүгдэгч Д.М нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэж амьдардаг. Мал маллахдаа отор нүүдэл хийх, хадлан тэжээлээ хангах, гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх зэрэг хөдөлмөрийн нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн ..... сумаас гарахгүй байхаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
4. Шүүгдэгч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
5. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхээс Д.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт заасан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүх хууль ёсны, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг өргөтгөж Завхан аймгийн ..... сумын хэмжээнд гарахгүй байхаар тогтоох саналыг гаргаж байна. Энэ нь Завхан аймгийн ........ сумын бүх багууд орж байна гэж ойлголоо. Тэгэхээр тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь 2015 онд тухайн хууль санаачлагч Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан эрхийг сэргээлгэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхойлсон. Мөн хорих ялын биечлэн эдлэх ялыг бууруулж, ялын үр нөлөөтэй байх зорилтыг хангахгүйгээс ялыг гэрийн хорионд байлгах ял дээр нэмэх үндэслэлээр хангах явдлыг тухайн хуулийн төсөлд оруулсан. Тодруулбал, гэрийн хорионд байлгах ялыг 01-05 сарын хугацаагаар оногдуулахаар зааж, тодорхой хүн, хэсэг бүлэг хүн тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр ял эдлүүлэх ялын хэрэгжилтэд электрон гавын тусламжтайгаар цахим хяналт тавих, шүүхээс хүлээсэн үүрэг, хориг хязгаарлалтыг зөрчвөл, уг ялын нэг хоногийг хорих ялаар дүйцүүлэн солих зохицуулалтыг тусгайлан гаргасан. Гэрийн хорионд байлгах ялын тухайд гэрийн хорио гэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял болгохоор зааж өгсөн байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялыг бууруулах үүднээс тухайн хүнийг шүүхээс тогтоосон байршил, цахим гавын тусламжтайгаар ямар нэгэн байдлаар нийгмийн харилцаанд оролцох асуудлыг тодорхой хэмжээгээр, бусад газруудад зорчин явахыг тодорхой байршлаар тусгасан ял гэж ойлгож байгаа. Шүүгдэгч Д.М-ын тухайд өөрийн оршин суугаа хаяг нь Завхан аймгийн ........ сумын .......... багийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй байдаг. Харин тухайн ........ багийн нутаг дэвсгэрт ял эдлүүлэх нь өмгөөлөгчийн зүгээс нийгэмших, төрийн үйлчилгээг авах зэрэг байдлууд нь хязгаарлагдаж байна гэж үзэж гомдол гаргасан гэж ойлголоо. Тэгэхээр Д.М-ын зорчих эрх хязгаарлах ялыг тогтоохдоо Завхан аймгийн .......... сумын төв болон ......... багийн нутаг дэвсгэрт зорчих байдлаар эдлүүлэх боломжтой. Харин Завхан аймгийн .......... сум гээд нэг багаар нь буюу бусад багуудад зорчин явах эрхийг нь түдгэлзүүлээд, тэдгээрт ямар нэгэн байдлаар хүрээ, хязгаар тогтоохгүйгээр, харин сумын төв рүү орж ирээд төрийн үйлчилгээг авах боломжтой байдлаар нь тогтоогоод, Завхан аймгийн .......... сумын ......... багийн нутаг дэвсгэрт тогтоох боломжтой байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Д.М-ын тухайд Завхан аймгийн ......... сумын ......... багт бүртгэлтэй байдаг. Тэндээ оршин сууж байнгын мал аж ахуй эрхэлдэг болох нь тогтоогдсон учраас аль сүлжээтэй газар нь нутаглаад 06 сарын хугацааг шүүхээс тогтоосон зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх боломжтой гэж үзэж байна. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ийш, тийш явах тохиолдолд эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаад, прокурорын зөвшөөрлөөр байршлыг өөрчлөх боломжтой гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн …… сумын ……. багийн ………. "…………" гэх газарт бусдын эзэмшлийн малыг нууцаар, бэлчээрт байсан хонин сүргээс хохирогч П.М-ын 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий "эвэртэй хар халзан зүсмийн урд өрөөсөн хөл нь хар төлгийг" өөрийн эзэмшлийн хонь биш гэдгийг мэдсээр байж хулгайлж, иргэн Р.Б-т өгөхөөр хөлийг нь хүлж ……… улсын дугаартай ……. маркийн тээврийн хэрэгсэлд ачуулсан үйлдлийг санаатай хийсэн боловч, Д.М-ын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хохирогч П.М түүний үйлдлийг таслан зогсоож, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар, Үүнд:
хохирогч П.М-ын “... Манайх Д.М гэх айлтай хамт .... багийн нутаг ...... гэх газарт худ ураг хүмүүс учир хамт намаржсан юм. Тэгээд хонио 2 хоногоор ээлжилж хардаг байсан чинь 2024 оны 09 дүгээр сарын эхээр юм яг өдрөө санахгүй байна би мотоциклоор усанд яваад гэр лүүгээ буцаж явахад 19 цаг л өнгөрч байсан байх яг мотоциклийн гэрэл тавьж байхад манайтай хамт байдаг М хонио гэр лүүгээ тууж явж байхад нь хонины тэндээс нэг машины гэрэл асаад сумын төв чиглэлд яваад өгсөн. Тэгээд би очоод хонио гэгээтэй хотлуулахад яадаг юм, энэ юун машин яваад өгөв гэж асуусан чинь нээх онцын юм яриагүй манай ахын хүүхэд Ж ирчхээд явлаа л гэж хэлээд л өнгөрсөн. Тэгсэн чинь харин 2024 оны 09 дүгээр сарын 15-нд 16-17 орчим цагийн хооронд нэг харсан чинь ..... тэнд хонины хажууд машин ирсэн хойд хаалга нь онгорхой харагдаж байхаар нь мотоциклтойгоо яваад очиход М-ын нагац ахын нь хүүхэд Р.Б 2 залуутай жижиг машинтай ирсэн М тэр 4 нэг улаан зүсмийн эр ямаа барьж аваад байж байсан. Тэгээд би гэнэт хардаад суудлынхаа дунд руугаа хийчихээр нь би багааж руугаа хийхгүй яасан юм гэ гэж хэлсэн чинь харин шил толь хагарчихна гэхээр нь хойд хаалгыг нь онгойлгосон чинь миний эвэртэй хар халзан зүсмийн урд өрөөсөн хөл нь хар төлгийг хөлийг нь уяад хийсэн байхаар нь та нар юу болж байна гэж М-тай муудалцаад байж байсан чинь тэр 1 залуу нь хөлийн уяаг тайлаад тавьчихсан. Тэгээд нөгөө машин хөдлөхөөр нь би Б-аас нь энэ хонийг М өгсөн юм уу гэсэн чинь харин тэгсэн гэж хэлчхээд нөгөө ямаагаа аваад яваад өгсөн. Тэгээд би 2024 оны 09 дүгээр сарын 16-нд маргааш нь хонио тоолсон чинь 2 хонь, 2 ямаа дутсан. Тэгээд би бодохдоо өмнө нь бүрэнхий болж байхад хонины дэргэд очоод намайг араас ус авч явж байгаад очиход яваад өгсөн машинд бас хонь, ямаа өгсөн юм биш биз дээ гэж бодоод тухайн үед нь танай цагдаагийн байгууллагад мэдэгдээд тэгээд харин нэг нутаг усны, хамт айл намаржиж байгаа нэгнээ дэмий ч юм уу гэж бодоод учир зүйгээ олчих байх гэж бодож байсан чинь харин манай дүү П.Э прокурорт өргөдөл гаргасан юм байна...2024 оны 08 сарын 13-нд зуслангаасаа намаржаандаа нүүхдээ хонио тоолоход хонь-180, хурга-31, ямаа-103, ишиг-12 бүрэн байсан. Тэгээд М-тай айл бууж хонио ээлжилж хариулж байгаад дээрх зүйл болохоор нь 09 сарын 16-нд тоолоход хониноос 2, ямаанаас 2 дутсан. Би энэ зун 2 ямаа 2 хонь идшиндээ хэрэглэсэн. Байхгүй болсон хонь, ямаа зэргийг ёстой нас, зүс мэдэхгүй байна. Хэзээ ч яаж алга болсныг мэдэхгүй юм. Өмнө нь бүрэнхий болж байхад хонины дэргэд очоод намайг араас нь ус авч авч яваад очиход машины гэрэл сумын төв чиглэлд яваад өгсөнд хонь, ямаа өгөөд явуулсан юм биш биз дээ л гэж хардах юм. Тэрнээс нүдээр үзэж харсан зүйл байхгүй л дээ... Манай хонь ямаа зөв чих догол, буруу чих хайчин шоргоолж имтэй нуруун дээгүүрээ хөндлөн хөх будаг, доод талд нь шар өнгийн оохортой. Харин хонь, ямааны им мэдэхгүй. Олон ясны уулзвар дээр нь ганц улаан будагтай. М-ын хонь манай хонь хоёр тийм содон будгаар тэмдэглэсэн учир андуурах боломжгүй...Саарал өнгийн машин харагдсан улсын дугаар нь .... байсан санагдаж байна. Буруу ч байж магадгүй. Тэр Б-тай хамт явсан нэг залуу л унаж явсан... Тэр дутсан 2 хонь, 2 ямааг яг нүд үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Харин нөгөө хар халзан төлгийг би тэгж очиж мэдээгүй бол байхгүй хүнд өгөөд л явуулчих байсан. Тэгээд надаас уучлалт ч хүсчихгүй байж байгаад сая 11 дүгээр сарын 01-нд манай 2 салаад нүүцгээсэн. Тэр 2 хонь, 2 ямааг М-ыг авч байхыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй, ямар насны хонь ямаа болох талаар оноохгүй тул үнэлж мэдэхгүй байна. Хохирол гээд байх ч юу байхав ер нь хонь дунджаар 200.000, ямаа 100.000 төгрөг орчим л үнэлгээтэй байгаа байх... Анхнаасаа буруу зүйл хийчхээд эв зүйлгээ ч олчихгүй зөв юм хийсэн хүн шиг дуугарахгүй байгаад л гомдолтой байна. Тэрнээс худ ураг хүмүүс өөр нээх гомдол санал, нэхэмжлэх зүйл юу байхав...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,
Хохирогч П.М-ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн “...Тэгэхээр нь би М-д хандаад энд яагаад миний төлөг байгаа юм бэ? Яах гэж миний төлгийг барьж аваад ийшээ хийж байгаа юм бэ? гээд хөлийг нь боосон төлгөө буулгаад газарт тавьсан. Тэгтэл би мэдэхгүй наад хэд чинь өөр хүнээс аваад ирсэн байх гэхээр нь тэр 3 залуугаас та нар энэ хонийг хаанаас авсан бэ? гэж лавлаж асуухад М өгсөн ш дээ гэж хэлсэн. Тэгтэл нэг залуу нь миний буулгаж тавьсан хонины хөлийг нь тайлаад явуулсан...М андуураагүй. Хэрэв андуурсан бол тухайн үедээ андуурсан байна л гэж хэлэх байсан байх. Би түүнээс яагаад миний хонийг хийсэн бэ гэхэд би мэдэхгүй, наад хэл чинь өөр хүнээс хонь авна гэж байсан. Тэр нь юм байгаа биз гээд буруугаа хүлээхгүй, худлаа яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/
гэрч Ч.Н-ийн “... Яг өдрөө сайн санахгүй байна. Манай найз Б хамаатны айлаасаа хонь, ямаа 2 авах гэсэн юм гялс давхиж очоод аваад ирье хөлс мөнгийг чинь өгье гэхээр нь ёстой .... гэсэн байхаа тэр газар луу Б, Б бид 3 миний саарал өнгийн .... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж очсон чинь хамаатны нь хүн гээд нэг залуу хонины хажуудаа байж байсан. Тэгээд Б эндээс явахдаа мөнгө төгрөгийг нь өгчихсөн юм гэж ярьж байсан болохоор хонин дээр нь очоод 1 хонь барьж аваад арын хаалгаа сөхөж багааж руугаа хөлийг нь хүлж хийгээд, ямааг нь барьж аваад байж байхад нэг мотоцикльтой танихгүй хүн ирсэн. Тэгээд юу хийж байгаа хүмүүс вэ гэж асуухаар нь Б авлагандаа энэ хамаатныхаа хүнээс хонь, ямаа 2 авах гэж ирсэн юм гэж хэлээд барьсан ямаагаа хөлийг нь хүлэх гэж байсан чинь энэ юун хонь машиндаа хийсэн юм гэхээр нь Б энэ хонь хариулж байгаа хүнээс авч байгаа юм гэсэн гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм энэ чинь манай хонь байна та нар хулгай хийлээ гэхээр нь ёстой тийм зүйл байхгүй гэж хэлээд тэгээд нөгөө хонийг нь машинаас буулгаж тавиад ямааг нь асуусан чинь наад ямаа чинь манай ямаа биш гэхээр нь нөгөө ямааг нь ачиж аваад сумын төв явсан... Тухайн үед нөгөө хонь өгч байгаа хүн, тэр хонины эзэн тэгээд бид 3 бүгд л байсан. Тэгсэн нөгөө мотоциклтой ирсэн хүн хонь хариулж явсан хүнийг хулгай хийж хонь хүнд өгч явуулах гэж байна гэж уурлахад эд нар л барьж авсан хонь гэж урдаас нь хэлсэн. Тэгэхээр нь би, чи одоо юу яриад байгаа юм бид нар чамайг тэр хонийг бариад ав гэхээр нь л барьж авсан биз дээ гэж хэлээд нөгөө хонийг нь машинаас буулгаад тавьсан. Ямааг нь тэр мотоциклтой хүнээс нөгөө ямааг нь асуусан чинь наад ямаа чинь өөрийнх нь ямаа гэж хэлж байсан...Эвэртэй хар толгойтой л төлөг байсан. Имийг нь ёстой анзаараагүй, нуруун дээгүүрээ хөх билүү будагтай байсан байхаа яг сайн санахгүй байна. Ямаа нь улаан өнгийн эвэртэй ямаа л байсан им энэ тэрийг нь мэдэхгүй. Бид 4 тэнд хонийг нь бөөгнүүлээд тэр хонь хариулж явсан хүн заахаар нь Б хонь барьж аваад би тэр улаан ямааг нь барьж авсан. Б жаахан дүлий болохоор хонио авъя гэж тэнэгтэхээр нь тухайн үед тэр хүмүүсийн дэргэд би Б-ыг энэ чинь хулгайн хонь өгөх гэж байна гэж уурлаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/,
гэрч С.Б-ийн “...Яг өдрөө санахгүй байна. Манай найз Б хамаатны айл М буюу М-аас авлагадаа хонь авах гэж байгаа юм гэхээр нь би машинд нь суугаад Б, Н бид 3 явж очоод гэрээр нь орсон чинь М байхгүй байхаар нь хонин дээр нь оройхон 5-6 цагийн л үед байх яваад очиход М 1 хар толгойтой төлөг зааж өгөхөөр нь тэрийг нь би барьж аваад тэгээд Н-ийн машины багааж руу нь хөлийг нь боож хийгээд дахиад 1 ямаа барьж авах гээд бид 4 хонь бөөгнүүлж байхад М гээд зүс таних хүн мотоциклтой ирэхэд М энэ хүмүүст хонь өгөх юм гэж хэлээд улаан хүрэн зүсмийн эр ямааr барьж аваад байж байхад нөгөө мотоциклтой ирсэн М машины араар тойрч харчхаад машины багааж онгойлгоод манай хонийг барьж хийсэн байна гээд М рүү уурлаад тэгээд М урдаас нь андуураад барьсан байна гэж хэлээд тэгээд л Н бид 2 хулгайн хонь байсан байна гэж хэлж нөгөө хонийг нь машинаас буулгаж тавиад нөгөө барьж авсан ямаагаа аваад л сумын төв рүү явсан...Эвэртэй хар толгойтой л төлөг байсан. Имийг нь ёстой мэдэхгүй, нуруун дээгүүрээ хөх билүү шар билүү будагтай байсан санагдаж байна яг сайн санахгүй байна. Ямаа нь улаан хүрэн өнгийн эвэртэй эр ямаа л байсан им энэ тэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
гэрч Р.Б-ын “...Би урьд өмнө тухайн хүмүүстэй мал махны ямар нэгэн наймаа хийж байгаагүй. Харин 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д.М гэх хүнээс урьд нь мал авах байсан авлагадаа нэг тооны хонь авахаар ..... сумын төвөөc ..... сумын .... багийн нутаг дэвсгэр ..... гэх нэртэй газар луу Б, Н гэх 2 найзтайгаа Н-ийн ..... маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Д.М-ын гэрт очиход Д.М хониндоо явсан гэртээ байгаагүй. Тэгээд хонины бэлчээр дээр нь Д.М-тай таараад надад хониноосоо нэг тооны хонь бариад зогсож байсан чинь П.М мотоциклтой ирээд М-ын надад өгөх гэж байсан хонийг энэ хонь манай хонь байна аа. Манай тэмдэгтэй хонь байна гэхэд М манай тэмдэгтэй ижилхэн тэмдэгтэй байсан юм байна би өөрийнхөө хоньтой андуурсан юм байна гээд надад өгөх гэж барьсан хонио буцаагаад тавьчихсан. Тэгээд Д.М надад идшинд хэрэглэчих олигтой хонь байхгүй байна гээд надад нэг тооны хүрэн зүсмийн соёолон эр ямаа надад өгсөн. Тэгээд идэшнийхээ ямааг аваад би гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 56-57-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус, тус нотлогдон тогтоогдож байна.
2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан, тухайн мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мал хулгайлах гэмт хэргийн завдалт гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг учирсан байдал, хохиролд тохирсон байна.
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо ...бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг, малчин хүний отор нүүдэл хийх, мал маллах, хадлан тэжээл авах, өвлийн бэлтгэл хангах, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, хөдөлмөрлөх эрх зэргийг харгалзан шүүгдэгчийн зорчих эрхийн хүрээг Завхан аймгийн ..... сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.М нь хохирогч П.М-д мэдэгдэлгүй, сэм авахад чиглэсэн, бусдын өмчийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, үнэ төлбөргүй авахад чиглэсэн идэвхтэй санаатай үйлдэл хийжээ. Тухайн шүүгдэгчийн үйлдэл өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрч чадаагүй бөгөөд, хохирогч П.М ирж хонио таньж авснаар мал хулгайлах гэмт хэрэг бүрэн төгсөж чадаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогч П.М, гэрч Ч.Н, С.Б, Р.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч, тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримталсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа хэдий ч, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.М-ын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг, малчин хүний отор нүүдэл хийх, мал маллах, хадлан тэжээл авах, өвлийн бэлтгэл хангах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Завхан аймгийн ....... сумын .......... багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосныг өөрчилж, Завхан аймгийн ............ сумын нутаг дэвсгэрээс гадагш 6 сарын хугацаанд гарахгүй байхаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Г нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.АРИУНБАЯР