Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0945

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О*******ийн Б******* 

Ч*******ы П******* 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар олгосон газрыг мэдээллийн санд бүртгээгүйг нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б*******, Ч.П*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******, гуравдагч этгээд П.Э*******, өмгөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б*******, Ч.П******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн бүх хэлтэс, тасгийн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал шийдвэрлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхэд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас хийгдсэн “Ерөнхий төлөвлөгөөтэй” газарт иргэний ахуйн хэрэгцээний зориулалтаар дүүргийн нийт ажилчдад болон Газрын албанд ажил үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар 〖250м〗^2 талбай бүхий газрыг гэрээ, гэрчилгээ газрын байршлын схем зургийг олгосон юм.

Уг газрын кадастрын зургийг ажилтан бүр өөрсдөө мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэн мэдээллийн санд оруулах ёстой. Гэтэл Нийслэлийн Газрын албанаас дүүргийн газрын албыг мэдээллийн санд зураг оруулах эрхийг түр хаасан байснаар зураг оруулах ажиллагаа хойшлогдсон. Энэ бүгдийг тухайн үед Хан-Уул дүүргийн газрын албанд ажиллаж байгаад газар авсан бүх ажилтнууд мэдэж байсан ба өөрсдөө ч оруулж чадахгүй байсан. Түүнээс хойш бид удаа дараа хамт газар авсан хүмүүсээс газрын мэдээлэлд зургаа оруулах талаар Дүүргийн газрын албандаа ажиллаж байгаа Энхсайхан, Отгонбямба, Мөнхбаатар нараас зураг хэзээ оруулах, та нар яах гэж байна гэдэг мэдээллийг байнга асууж сураглаж байсан. Тэр үед Энхсайхан “Мэдэхгүй Болороо эгчээ, Яаж шийдэхийг хүлээгээд л байж байна” гэдэг хариулт өгч байсан. Мөн Э, Мэндсайхан нар ч Нийслэлээс зураг оруулахгүй байна гэж хэлж байсан. 

2013 онд хариуцсан байцаагч Мөнхбаатар дээр очиж асуухад “Болороо эгчээ би мэдэхгүй ш дээ. Энхсайхан бүх зургийг мэдээллийн санд оруулах гээд мэргэжлийн байгууллагаар бүгдийнх нь зургийг хийлгээд байсан шүү дээ. Таньд хэлээгүй юм уу” гэсэн. Энхсайханаас очоод асуухаар “мэдэхгүй би газраа шилжүүлчихсэн” гэж хэлсэн. 

Бид өөрсдөө дотроо ажилладаг бэрхшээл зөрчлийг мэддэг ойлгодог үүднээс хүлээгээд л байлаа. 2013 онд 16-р хороог хариуцсан мэргэжилтэн Алтанхундага дээр очиход “Та нарын авсан газрын араар автозам хийгдэнэ, бас урд талын аж ахуй нэгж байгууллага нь хашаагаа урагш татаж өгөхгүй байна, зураг оруулах гэхээр давхцал үүсээд байгаа гэхдээ энэ асуудал шийдэгдэх байх, та нар зургаа тусад нь хийлгэчихгүй юу” гэж хэлсний дагуу 2013 оны 04 дүгээр сард Онгихайрхан гэх кадастрын зургийн байгууллагаар зургаа хийлгэн очиход дүүргийн газрын алба шинэ байранд ороод сүлжээ тасарсан гээд байж байсан. 

... Гэтэл иргэн П.Э******* гэгчид 2014 оны 11 сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар бидний газартай давхцуулан газар олгосон байна. Бид 2015 оны 10 дугаар сард өөр өөрсдийн хүн хүчээ гаргаад очиж хашаагаа барьж байтал П.Э******* хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж төрийн албаны хүний ёс зүйгүй харьцаагаар харьцан экскавотарын шанагаар цохичих гээд, дагуулан ирсэн хүмүүс нь зэрлэг балмад үг хэллэгээр биднийг доромжлон ажил хийлгэх аргагүй болгосон тул бид ажлаа орхисон. Биднийг ажлаа орхисны дараа өдөр П.Э******* том нүх ухсан.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжаар 2014 оны А/993 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн  байна.  Иймд, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Газрын албанд холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар олгосон газрыг газрын мэдээллийн санд бүртгээгүйг хууль бус болохыг тогтоолгож бүртгэхийг даалгуулах гэж тодруулж байна” гэв. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Газрын албанд ажиллаж байсан нийгмийн асуудлыг шийдсэн захирамж нь хүчин төгөлдөр байгаа юм. Тийм болохоор бид нар энэ газрыг эзэмших эрхтэй гэж бодож байгаа. Давхардуулсан явдлыг шүүх нотлох баримтаар хүчин төгөлдөр байлгаж өгөх байх гэж бодож байна. П.Э*******ад өгсөн асуудал нь төрийн байгууллага хууль зөрчөөд олгосон асуудал юм. Бид нар давхацсан гэдгийг мэдээд 2015  онд мэдээд шүүхэд мэргэжлийн байгууллагад хандсан. 

Хан-Уул дүүргийн 2008 оны 399 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэгт маргаан үүсгээгүй. Байхгүй байгаа учраас түүнийг хүчин төгөлдөр акт гэж үзнэ. Харин П.Э*******ад давхцуулж олгосон байгаа А/993 дугаар захирамжаар 2120 м.кв болж нэмэгдүүлсэн захирамжууд болон түүний зориулалтыг өөрчилж А/54 дүгээр захирамж гарсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дугаар 2 бүхий актыг маргаан бүхий актад тодорхойлоод түүний холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа  “... Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “40000 орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны цогцолбор барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төрийн захиргааны 60 албан хаагч нарт газар эзэмшүүлсэн байна. Энэхүү нэр бүхий 60 газар эзэмшигч дунд иргэн О.Б*******, Ч.П*******, Д.Э, П.Э******* нар тус бүр 250 м.кв газрыг эзэмшжээ.

Иргэн П.Э*******ад тус захирамжийг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байх ба иргэн П.Э******* болон Д.Э нарын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар захирамжаар иргэн П.Э*******ад 500 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Иргэн П.Э******* нь 2014 оны 04 дүгээр сард газар эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил газартаа нийтийн орон сууц барих шаардлагатай байх тул талбайн хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар иргэн П.Э*******ад 2120 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.

Иргэн О.Б*******, Ч.П******* нарын тухайд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502, 2014 оны А/993 дугаар захирамжаар иргэн П.Э*******ад газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, газар эзэмшигч ашиглагчийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бүр өмнө нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2005 оноос хойш албажуулсан. Үүнээс өмнө схем зургаар явдаг байсан. 2005 оноос хойш бүгдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр мэдээллийн санд бүртгэсэн. Тэгэхээр үүнийг үгүйсгэж болохгүй байх гэж бодож байна. Хан-Уул дүүрэг газрын маргаантай асуудлаас болоод үүнийг шилжүүлсэн захирамж нэгдүгээрт харагдахгүй байгаа. Хэрэв шилжүүлсэн бол захирамжаар шилжүүлэх ёстой. Мөн байршил өөрчилж шилжүүлсэн бол захирамж гарах ёстой. 

Хан-Уул дүүргийн зураг оруулсан, оруулаагүй дээр шүүх дүгнэлтээ хийж, тэндээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр байх эсэх нь шийдэгдэх байх. Барилгын асуудал дээр иргэн П.Э*******ын газар дээр давхцаагүй болохоор нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй тул зөвхөн давхцаж байгаа хэсгийг ярих нь зүйтэй болов уу” гэв. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...О.Б*******, Ч.П******* нарт дүүргийн Засаг даргын 2008 оны 399 тоот захирамжаар олгогдсон газар нь хүчин төгөлдөр, тухайн үеийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд мэдээллийн санд бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Д.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Иргэн О.Б*******, Ч.П******* нарын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 399 тоот Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 250 м.кв талбайгаар 15 жилийн хугацаатай Амины орон сууцны зориулалтаар олгогдсон газрын шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд газрын мэдээллийн санд 2008-2013 онуудад ерөнхий төлөвлөгөөтэй газруудад дүүргийн газрын албанаас мэдээллийн сангийн зураг оруулахыг түр зогсоож байсан мөн “С” ХХК-ийн газрын зөрчлийн улмаас тухайн зөрчил арилгах хүртэл хэсэгт зураг оруулахыг түр зогсоож байсан. Нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжилсэн асуудал шүүхээр шийдвэрлэсний дагуу мэдээллийн санд бүртгүүлэх болно” гэв. 

Гуравдагч этгээд П.Э******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд миний хувьд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Засаг даргын Тамгын газар давхардуулж олгосон гэж үзэхгүй байна. Учир нь: Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын газар барилгажилтын зөвлөлийн 22 гишүүний бүрэлдэхүүнтэй хурлаар хэлэлцүүлж уг газарт үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар газрын хэмжээг нэмэгдүүлж олгох зөвшөөрөл олгосон болно. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын уг зөвлөлд зөвлөлийн дарга нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч дарга, Зөвлөлийн орлогч дарга нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын захиргаа хууль хяналтын асуудал хариуцсан орлогч дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын захиргаа санхүүгийн хэлтсийн дарга, барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, газар эзэмшил, ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга, хот байгуулалт газрын кадастрын мэдээллийн хэлтсийн дарга, хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны дарга, барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд бүтцийн хэлтсийн дарга, төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга, архитектур дизайны хэлтсийн  дарга, хуулийн хэлтсийн дарга, үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга, газар чөлөөлөх хэлтсийн дарга, барилга хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, газар ззэмшил ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн зэрэг 22 хариуцлагатай албан тушаалтнууд багтдаг байна. Уг газарт дээрх албан тушаалтнууд өөр өөрсдийн чиглэлийн хууль тогтоомж, журмын дагуу газрын давхцал байгаа эсэх, нэмэлтээр олгож болох эсэх, галаар судлан хэлэлцэж шийдвэр гаргасан байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболорын гаргасан үндэслэлгүй дүгнэлтийг нотлох баримт болгож иргэн миний хууль ёсоор эзэмшиж байгаа газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэмэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй  байна. Нэхэмжлэгч Ч.П*******, О.Б******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Б*******, Ч.П******* нар нь шүүхэд анх “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/993 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар олгосон газрыг мэдээллийн санд бүртгээгүйг нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” гэж нэмэгдүүлжээ. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг “Нийслэлийн Засаг даргын А/993, А/54 дүгээр захирамжуудын П.Э*******ад холбогдох хэсгээс Кадастрын зургаар давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

Хан-Уул дүүргийн дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “40000 орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны цогцолбор барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Хан-уул дүүргийн төрийн захиргааны 60 албан хаагчдад тус бүр 250 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар нэхэмжлэгч О.Б*******, Ч.П*******, гуравдагч этгээд П.Э******* болон Д.Э нарт тус бүр 250 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/55 тоот захирамжаар иргэн Д.Эөөс 250 м.кв газрыг П.Э*******ад шилжүүлж иргэн П.Э*******ад 500 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Иргэн П.Э******* нь 2014 оны 04 дүгээр сард газар эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар П.Э*******ын “АОС-ны зориулалт”-аар 500мкв газар эзэмших эрхийг баталгаажуулж, мөн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар иргэн П.Э*******ын эзэмшил газрын хэмжээг 2120 м.кв болгон нэмэгдүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар тухайн газрын зориулалтыг “Үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалт өөрчилжээ. 

1/ Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993, 2015 оны А/54 дүгээр захирамжийн Д.Э*******ад холбогдох хэсгээс нэхэмжлэгч нарын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Гуравдагч этгээд Д.Э*******ын эзэмшиж буй газрын байршил мөн зориулалтыг өөрчилсөн тухайд талууд маргахгүй байх тул Д.Эийн П.Э*******ад шилжүүлсэн 250 мкв газар нь хаана байрлаж байсанд болон Д.Э*******ын 500мкв газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжийн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 Харин нэхэмжлэгч нар, тэдний өмгөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар иргэн Д.Э*******ын газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч нарт олгосон газартай давхцуулж олгосон, мөн Хан-уул дүүргийн Газрын алба нь хүчин төгөлдөр захирамж бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэж маргажээ. 

Иргэн Д.Э*******ын нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжаар баталгаажсан 500 мкв газар нь нэхэмжлэгч нарын газартай давхцаагүй болох нь гуравдагч этгээдийн “анх олгогдсон газарт үйлчилгээтэй орон сууцны барилга баригдсан байгаа” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан сансрын зураг, үзлэг хийсэн баримт-аар тус тус тогтоогдож байх бөгөөд талууд энэ тухайд мөн маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар иргэн Д.Э*******ын эзэмшиж байсан 500мкв газрын хэмжээг нэмэгдүүлж 2120 мкв болгон, 2015 оны А/54 дүгээр захирамжаар иргэн Д.Э*******ын эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөн эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулж тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан нь газрыг эзэмших харилцаанд шударга ёсыг хангаж, иргэдийн тэгш байдлыг харгалзах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг шалгах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай. 

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар иргэн Д.Э*******ын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ бусдад өмнө нь эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй нь буруу байна. 

Нийслэлийн Засаг дарга нь ерөнхий төлөвлөгөөтэй газрын асуудлыг дүүргийн Засаг даргаас санал авахгүйгээр шийдвэрлэх эрхтэй тухайд хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нийслэлийн Засаг даргаас дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан газрыг эзэмшүүлэх нь хариуцагч нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах боловч нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь цаг хугацааны хувьд /2008 оны 399/ гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлж олгохоос /2014 оны А/993/ өмнө үүссэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй. 

Иймд хариуцагчийн дээрх эрх нь цаг хугацааны хувьд өмнө үүссэн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул газрын харилцаанд шударга ёсны зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна. 

Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нар нь газрын кадастрын зургаа мэдээллийн санд оруулаагүй нь тэдний буруу. Нийслэлийн Засаг дарга буюу дээд шатны албан тушаалтны шийдвэртэй, барилгын суурь ухагдсан газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргаж байх байх боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжийг хүчингүй болгосон ямар нэг шийдвэр гараагүй, түүнчлэн кадастрын зураг үйлдэх, мэдээллийн санд бүртгүүлэх нь нэхэмжлэгч нарын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй ба зургийг газрын мэдээллийн санд бүртгэхээс татгалзаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Нөгөө талаас, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар иргэн О.Б*******, Ч.П*******, П.Э******* нарт тус бүр 250 мкв газар эзэмшүүлэх үед газрын кадастрын зураг хийгдээгүй бөгөөд хүн тус бүрт баталгаат хэмжээ тогтоосон акт/цаашид схем зураг гэх/ үйлдэж газрын хувийн хэрэгт хавсаргасан байх бөгөөд уг актаар О.Б*******ийн эзэмшил газар нь 55, Ч.П*******гийн газар 57, П.Э*******ын газар 23 дугаартай олгогдож байсан байна. 

Дээрх байдлыг дүгнэн үзвэл, нийслэлийн Засаг дарга нь нэг захирамжаар буюу газар эзэмших эрх зэрэг үүссэн иргэдийн дундаас иргэн П.Э*******ын 500мкв газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжид үндэслэн гарсан А/55 дугаар захирамж болон анх олгогдсон схем зургийн дагуу хийгдсэн кадастрын зурагт үндэслэн баталгаажуулсан, улмаар Д.Э*******ын газрын хэмжээг нэмэгдүүлсэн байх тул тэгш байдлын зарчимд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Гуравдагч этгээдээс “уг баталгаат хэмжээ тогтоосон актын хууль зүйн чадалтай, газрын байршлыг тогтоох зураг биш, нэхэмжлэгч нарын газар миний эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг нотлохгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжаар өөрт нь олгогдсон гэх газар нь уг актаар баталгаажсан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Кадастрын зураг үйлдэгддэггүй байх үед баталгаат хэмжээ тогтоосон актаар газрын байршлыг тогтоодог байсан. Энэ нь кадастрын зураг хийх үндэслэл болдог” хэмээн тайлбарлаж байх тул үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нийслэлийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий А/54 дүгээр захирамж нь гуравдагч этгээд П.Э*******ад газрыг эзэмшүүлсэн бус, газрын зориулалтыг өөрчилсөн байх ба хууль бус А/993 дугаар захирамжид үндэслэж гарсан байх тул уг захирамжийн П.Э*******ад холбогдох хэсгээс нэхэмжлэгч нарын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2/ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар олгосон газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан тухайд: 

Нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг 2008-2013 онуудад газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/1622 тоот албан бичигт “... ерөнхий төлөвлөгөөтэй газарт зураг оруулахыг дүүргээс хязгаарлаж байсан” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч О.Б*******ээс  “Д.Эийн газар нь Ч.П******* бид хоёрын газрын хооронд 56 дугаартай байрлаж байсан ба Д.Э газраа П.Э*******ад шилжүүлсэн гэсэн тул би газрын кадастрын зургаа Д.Эийн газар байрлаж 56 дугаартай схем зургийн дагуу шилжүүлж хийлгэсэн” гэсэн тайлбарлаж байх боловч, 

- Д.Э нь эзэмшиж байсан 250 мкв газраа гуравдагч этгээд Д.Э*******ад шилжүүлсэн,

- П.Э******* нь Д.Эөөс шилжүүлж авсан болон өөрийн эзэмшлийн газар дээрээ 38м  х 14м хэмжээтэй барилга барьсан, 

- гэрч Ч.Мөнхбаатарын “Миний газар 58 дугаартай олгогдсон. Ч.П*******гийнх 57, Д.Эийнх 56, О.Б*******ийнх 55 гэсэн дугаартай” гэж мэдүүлсэн,

- Гуравдагч этгээд П.Э*******ын “Миний газар урд байсан боловч “С” ХХК нь хашаагаа эзэмшил газраасаа томруулж барьсан байснаас давхцал үүсэж, хойшоо эзэнгүй байрлалд шилжүүлсэн” гэсэн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч О.Б*******, Ч.П******* нарын газрын кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Мөн хариуцагч Хан-уул дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/1753 тоот албан бичигт "...О.Б*******, Ч.П******* нарт дүүргийн Засаг даргын 2008 оны 399 тоот захирамжаар олгогдсон газар нь хүчин төгөлдөр, ...мэдээллийн санд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна" гэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б*******, Ч.П******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн П.Э*******ад холбогдох хэсгийн О.Б*******, Ч.П******* нарын газартай кадастрын зургаар давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б*******, Ч.П******* нарын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 тоот захирамжаар олгосон газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрснийг баталсугай.

3. Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100, Хан-Уул дүүргийн газрын албанаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б*******т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.МӨНХЗУЛ