Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 020/2014/0325/З |
Дугаар | 221/МА2018/0271 |
Огноо | 2018-05-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2018/0271
2018 оны 5 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2018/0271 | Улаанбаатар хот |
Ц.С нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.С, В.Б, А.Снарын өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, өмгөөлөгч Н.Баярсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С, гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.С, Т.М, В.Б, А.Снарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.4, Барилгын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.24, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа Л.Б-ын хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах гэж тодорхойлсон. Шүүхээс 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж гэж бичгээр гаргасан шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн бичжээ. Шүүх нэхэмжлэгч нарын тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг засч, түүнд өөрчлөлт оруулж шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч бид нэхэмжлэлийн шаардлагаа хууль зөрчиж барьсан барилгын хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг даалгах гэж тодорхойлоогүй юм. Шүүх “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шинжээч нар бичгээр дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлээгүй учраас шинжээчийн зардлын асуудал яригдахгүй гэж тайлбарласан. Гэтэл ямар учраас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шинжээч нарын ажлын хөлс 725.400 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч бид шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж ойлгож байгаа учраас Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөлөөс томилогдсон шинжээч нарын ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг шүүгч танилцуулахдаа Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөлийн шинжээч нарын ажлын хөлс болох 1 сая төгрөгийг хэргийн оролцогч нарт хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж байна гэж тайлбарласан. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шинжээч нарын ажлын хөлс болох 725.400 төгрөгийн асуудал яригдаагүй. Шүүгчийн амаар гаргасан шийдвэр, бичгээр гаргасан шийдвэрүүд нь өөр, өөр байна. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ёстой гэж үзэж байна. Гуравдагч этгээд Л.Б-ын барьсан барилга хууль зөрчиж барьсан барилга учраас Барилгын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй норм, дүрэм, стандартыг зөрчсөн. Энэхүү хууль зөрчиж барьсан барилгаас болж нэхэмжлэгч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуульд зааснаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож чадаагүй, шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллагад хандаагүй. Харин мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын тавьж байгаа албан шаардлага нь гуравдагч этгээд Л.Б-дболомж олгосон, нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн бодит байдалд нийцээгүй акт гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч бидний Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Газартай холбоотой асуудал нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй гэдгийг бид мэдэж байна. Гэхдээ иргэн Л.Б нь хууль зөрчиж тухайн газрыг эзэмшиж байгаа талаар нотлох баримтыг үндэслэн шүүхээс дүгнэлт хийх ёстой гэж үзсэн. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийж чадсангүй. Харин ч нэхэмжлэгч нарыг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Гуравдагч этгээд Л.Б тухайн газраа илүү хэмжээтэйгээр эзэмшдэг, цэвэр усны шугам дээр барилга барьсан зэрэг олон ноцтой асуудал байгаа юм. Энэхүү зөрчлүүдийг арилаагүй байхад нь нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч байх тул гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М давж заалдах гомдолдоо: Р.Т би иргэн Л.Боос Ү-2205023593 тоот 480 м.кв барилгыг худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Хэдийгээр 770 тоот шийдвэрт Р.Т миний өмчлөлийн барилгыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй болохыг дүгнэн шийдвэрлэсэн боловч нийслэлийн Засаг даргад буулгахыг даалган шийдвэрлэсэн Л.Б-ын өмчлөлийн барилга нь зүүн хойд талаараа Р.Т миний өмчлөлийн барилгатай салах боломжгүй залгаа баригдсан барилга юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн үзлэг зэргээр тогтоогддог. Л.Б-ын өмчлөлийн барилгын хойд хэсгийг буулгахыг нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн нь Р.Т миний өмчлөгчийн эрхэд халдсан гэж үзэж байна.
128/ШШ2017/0770 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Л.Б-ын өмчлөлийн барилгыг буулгахыг даалган шийдвэрлэхдээ “... 10Б байрны хойд хэсэгт хамаарч байгаагаар ойлговол зохино” гэжээ. Энэхүү ойлгомжгүй шийдвэрээс шалтгаалаад Р.Т миний өмчлөлийн барилгад хохирол үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэг болох Т.М нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохоо огт нотлоогүй байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхийг шалгуулах хүсэлтийг хуралдаан дээр гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэлэлцээгүй юм.
Иймд гомдлын шаардлагыг ханган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах гомдолдоо: Л.Б миний бие нь 1999 оноос хойш Баянгол дүүргийн 8-р хорооны нутагт байрлах маргаан бүхий 2500 м.кв газрын хууль ёсны шударга эзэмшигч байсаар ирсэн нь хэрэгт авагдсан Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр тодорхой нотлогдоно. Тухайн үед буюу 2002 онд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, иргэн Л.Б миний газар эзэмших эрхийг шинэ хуульд нийцүүлэн баталгаажуулж, Баянгол дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/191 тоот шийдвэрээр нэгж талбарын 21/5128 дугаар бүхий 2500 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэхүү хугацаанд Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэний хуулийн хүрээнд газрын төлөв байдлыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, 2006 онд тухайн газартаа 189/06 /Ус сувгийн удирдах газар/ тоот, 229 тоот /Улаанбаатар дулааны сүлжээ ХК/, 975/206 /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК/ техникийн нөхцөлүүдийг тус тус батлуулсан.
Л.Б би газар эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1998 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг” гэж заасны хүрээнд 2004-2005 оны хооронд газрын зориулалтын дагуу барилга барихаар төлөвлөж техникийн нөхцөлүүдээ гаргуулсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Түүнчлэн би өөрийн шударгаар, хууль ёсоор эзэмшиж буй Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 2500 м.кв газар дээрээ 2004-2005 онд зохих зөвшөөрлийн дагуу тухайн үеийн Барилгын тухай хуулийн хүрээнд барилга бариулсан. Энэ нь 2005 онд гарсан Ү-2205022332 тоот 1368 м.кв талбайтай Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ, Ү-2205023593 тоот 480 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдоно.
Л.Б би бээр 1368 м.кв талбай бүхий Ү-2205022332 тоот үл хөдлөх хөрөнгөдөө зөвхөн засан сайжруулалт хийсэн. Хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад даалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь иргэн Л.Б миний үл хөдлөх хөрөнгийн талаар Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу Улсын ерөнхий байцаагчид хандан ямар нэг хүсэлт гаргаагүй байдаг ба Улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шүүхээс гаргасан шийдвэр байхгүй байхад иргэн Л.Б миний хууль ёсоор өмчилж буй өмчийн эрхэд халдах шийдвэр гаргасан нь Үндсэн хуулиар олгосон өмчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын ердийн орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар болон нэхэмжлэгч нар нь одоог хүртэл өөрсдийн орон сууцаа зориулалтын дагуу ашиглаж байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдсоор байтал ердийн нөхцөлд амьдрах эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь хууль бус байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “орон сууцны барилгын нар тусах зүүн, урд, баруун зүгийн цонхонд тусах нарны тусгалын нэг өдрийн үргэлжлэх хугацааг тооцдог бөгөөд хойд зүгийг тооцдоггүй” болохыг тодорхой заасан. Нэхэмжлэгч нар нь хойд зүг рүү харсан цонхтой орон сууцанд амьдардаг болох нь тогтоогдсоор байтал Л.Б миний өмчлөлийн барилгыг буулгахыг даалган шийдвэрлэсэн. Л.Б би барилгыг өндөрлөөгүй болох нь тогтоогддог ба 2005 оноос хойш нэмж өндөр болгоогүй барилга нь нэхэмжлэгч нарын эрх, ашгийг ямар нэгэн байдлаар хөндөх боломжгүй нөхцөл байдал байгааг дүгнээгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Орон сууцанд шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч нэхэмжлэгч нарын орон сууцанд үзлэг хийсэн байдаг. Гэхдээ энэ талаар гуравдагч этгээдүүдэд танилцуулаагүй ба үзлэгт байлцуулаагүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй. Миний өмчлөлийн барилгыг буулгахыг даалган шийдвэрлэхдээ “...10Б байрны хойд хэсэгт хамаарч байгаагаар ойлговол зохино” гэжээ.
Аливаа шүүхийн шийдвэр болон захиргааны акт нь биелэгдэх боломжтой, ойлгомжтой байх ёстой үндсэн шаардлагыг хангах учиртай. Чухам аль хэсгийг ямар хэмжээгээр буулгах, ийнхүү буулгаснаар чухам аль хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байгаа болон хойд хэсэг гэсэн нь чухам аль хэсгийг ямар хэмжээгээр буулгах, ийнхүү буулгаснаар нэхэмжлэгч нар нь орон сууцаа зориулалтын дагуу ашиглах боломжтой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх харьяаллын бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хамаарах маргаан биш болох нь дээр дурдагдсан нөхцөл байдлуудаар тогтоогдсон атал энэ талаар дүгнэлтгүйгээр Л.Б миний өмчийн эрхэд халдаж, хязгаарлахыг нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь иргэний журмаар маргах, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй болохыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлан маргасан боловч шүүх энэ талаар дүгнээгүй.
Иймд гомдлын шаардлагыг ханган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.С, Т.М, В.Б, А.Снарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотойгоор шүүхийн зардлыг хариуцагч нараас гаргуулах, шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг тогтоосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нараас “иргэн Л.Б нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10б байрны ар талын далан дээр ... 3 давхар барилга барьснаас болж оршин суугч бидний амьдарч буй ... орон сууцнуудын ар талын цонхны нарны гэрлийг хааснаас амьдрах нөхцөлгүй болгож байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.
1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барьсан барилгыг буулгахыг даалгуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Сээс Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10Б байрны цонх, үзэгдэх орчныг хааж иргэн Л.Б барилга барьж буй талаар гомдол гаргасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” 02-07-94/160 тоот актаар ажлын зураг төсөлгүй, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн зөрчлийг арилгах хүртэл барилгын ажлыг түр зогсоожээ. Улмаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-94/304 дүгээр албан шаардлагаар гуравдагч этгээд Л.Б-д зөвшөөрөлгүй барьж буй барилгадаа “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, ажлын зураг төсөл боловсруулж батлуулах” арга хэмжээ авахыг шаардсан байна. Гэтэл тухайн үед үйлчилж байсан Барилгын тухай хуулийн /2008 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.1-д “... барилга угсралтын ажил ... эрхэлсэн иргэнийг ... торгож, зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгах ...” эрх хэмжээ барилгын техникийн улсын байцаагчид олгогдсон байхад улсын байцаагч нар нь хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд хуульд заасан зохих хариуцлагыг цаг тухайд тооцоогүй нь нэхэмжлэгч нарын эрхийг улам дордуулан зөрчигдөхөд хүргэсэн хууль бус эс үйлдэхүй байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “... гуравдагч этгээд Л.Б нь эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдсон” гэж дүгнэсэн боловч “улсын байцаагч нь барилгын ажил зөвшөөрөлгүй хийгдэж байгаа тохиолдолд “түр зогсоох” хуулийн зохицуулалтын хүрээнд “түр зогсоох акт” гаргасан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нарын Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шүүхээс томилогдсон шинжээч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэгт холбогдуулан дүгнэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасны дагуу шинжээчийн зардлыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
2. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгуулах” шаардлагын тухайд:
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” бүрэн эрхийг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Гуравдагч этгээд Л.Б нь эрхийн улсын бүртгэлийн 1368 м.кв талбай бүхий гараж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205022332 дугаар бүхий барилгадаа зөвшөөрөлгүй өргөтгөл хийж, барилгын ажлын зураггүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулалгүйгээр 3 давхар 95х11 метр нийт 3135 м.кв талбай бүхий барилга барьсан нь шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Гуравдагч этгээд Л.Б нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10б байрны 3 давхрын 18 тоот, 4 давхрын 26 тоот, 5 давхрын 34 тоот, 6 давхрын 42 тоот орон сууцнуудын арын цонхон талыг хааж, холбогдох зөвшөөрөлгүйгээр дээрх барилгыг барьсан нь эдгээр иргэдийн Үндсэн хуульд заасан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн байна. Учир нь Хот төлөвлөлтийн тухай, Барилгын тухай хууль тэдгээрт үндэслэсэн барилгын норм, дүрэм зэргээр шинээр баригдах барилгад тавигдах шаардлага, нөхцлийг нарийвчлан зохицуулж, тогтоох замаар зэргэлдээ орших барилгад нөлөөлөх, тэдгээрийг эзэмшигч, ашиглагч нарын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хамгаалдаг.
Шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарын тусгалын ээвэрлэлтийн хангамж” БНбД 23-04-07-д орон сууцны барилгын нар тусах зүүн, урд, баруун зүгийн цонхонд тусах нарны тусгалын нэг өдрийн үргэлжлэх хугацааг тооцдог бөгөөд хойд зүгийг тооцдоггүй” гэсэн боловч нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны хойд талын цонх нь тус орон сууцны байгалийн гэрэл үздэг ганц цонх байгаа тохиолдолд уг цонхыг хааж барилга барьсан нь нэхэмжлэгч нарын эрхийн зөрчлийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой үйл баримт байна.
Мөн дээрх дүгнэлтээр гуравдагч этгээд Л.Б нь “... 2012 оноос 95х6.85 м хэмжээтэй хуучин барилгыг урагш нь буюу барилгын өргөнийг 4.15 м сунгаж, 95.0х11.0 м хэмжээтэй болгож барьсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн төдийгүй шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нарын өмчилж буй орон сууцанд өдрийн цагт ердийн байгалийн гэрэл нэвтэрдэггүй, харанхуй орчинд амьдарч байгаа нь тогтоогдсон, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” нөхцөлийг хангаагүй, 14.1.1-д заасан зураг төслийн дагуу баригдаагүй гуравдагч этгээдийн барилгын 10Б байрны хойд хэсэгт харгалзах хэсгийг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нараас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө[1] Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг даалгах” шаардлага гаргахдаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны хойшоо харсан цонхыг хааж барилга барьсан нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэсэн үндэслэлээр уг барилгын нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй хэсгийг буулгах агуулгаар маргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрчилсөн гэж үзэхгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журмыг тогтоосон заалт шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн сэргээхийг заах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 122/ШШ2017/0770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.4, 26 дугаар зүйлийн 26.1.1, Барилгын тухай хуулийн /2016/ 7 дугаар зүйлийн 7.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоогоогүй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүй барьсан уг барилгын 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан “иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахдаа нэхэмжлэгч Ц.С, Т.М, В.Б, А.Снарын өмчлөлийн 3 давхрын 18 тоот, 4 давхрын 26 тоот, 5 давхрын 34 тоот, 6 давхрын 42 тоот орон сууцнуудын хойд зүг рүү харсан цонхонд харгалзах, үзэгдэх орчныг хязгаарласан хэсгийг буулгах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэж нэмж,
тогтоох хэсгийн “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 1,725,400 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 862,700 төгрөгийг тус бүр гаргуулан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т 725,400 төгрөг, Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд 1,000,000 төгрөг тус тус олгуулсугай” гэж өөрчлөн”, тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг хасч, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа 70200 төгрөгийг буцаан олгож, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Хэргийн 3 дугаар хавтас, 96-р тал