Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0047/З |
Дугаар | 80 |
Огноо | 2020-02-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 80
А.Ө-ын нэхэмжлэлтэй, Эрүүл
мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, хүчингүй болгосныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдээлэхийг хариуцагчид даалгах,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, С.Б,
Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.2, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ө-ын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 646 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ө-ын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалуудыг хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч А.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож,... төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтыг зөрчиж гарсан.
4. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн” төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн Нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалыг Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр шилжүүлэх хуулийн нэг шаардлага болох албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн болох нь тогтоогдоогүй. /Хуулийн тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно./
5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцохоор заасан боловч нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцсон талаарх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч ажилтайгаа үлдэхийн тулд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь яамандаа л ажиллаж байгаа тул удирдлага хоорондын тохиролцсон зүйл байхгүй болно.
6. Төрийн албаны тухай хуулийн 44.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцсоноо бичгээр баталгаажуулсан байхыг шаардсан байх боловч талууд тохиролцож байгаагүй тул бичгээр үйлдэгдсэн баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчин гарсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгохоос татгалзсан шийдвэрүүд нь хуульд үл нийцэж байна. Эерэг нөлөө үзүүлсэн захиргааны акт гэж шүүхүүд үзсэн боловч нэхэмжлэгчийн цалин хангамж нэмэгдээгүй, хүнийг хүсээгүй байхад нь шахалтын үндсэн дээр өөр ажил эрхлүүлж байгаа үйлдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй гэж үзсэн нь илт үндэслэл муутай болсон.
7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон хэсгүүдэд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, С.Батбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хариуцагч буюу Эрүүл мэндийн яамны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой зөрчил бүхий баримт тушаал, танилцуулга, зөрчлийг шалгаж, санал оруулсан нэгжийн даргыг, хамтын олны төлөөлөл зэргээс гэрчээр тайлбар өгүүлэхээс гадна бусад материал, сэлтийг гаргаж, үгүйсгэх байдлаар мэтгэлцэж оролцсон. Тухайн үед анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн зүгээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар ногдуулсан зөрчлүүдийг үгүйсгэсэн ямар нэгэн баримт байхгүй, няцааж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Харин ч анхан шатны шүүх энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт буюу тушаалд дурдсан зөрчлүүдийг маш сайн нягтлан шалгаж, үндэслэл бүхий, шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.
9. Учир нь Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан А.Ө- нь төрийн жинхэнэ албан хаагчийн Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан захирах, захирагдах ёс, хууль дээдлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэсэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн мөрдөх үндэс зарчим, баримтлах ёсыг хэрэгжүүлээгүй гэж тухайн нэгжийн даргын санал болгосны дагуу төрийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасны дагуу ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга буюу ажил олгогч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд уг хуульд заасны дагуу процесс ажиллагаа явуулж, хамтын олны хурлаар хэлэлцүүлэн, зөрчлийн талаар амаар тайлбар авч, хурлын тэмдэглэлд тэмдэглүүлэн, баримтжуулан, сахилгын шийтгэлд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан.
10. Нэхэмжлэгч буюу мэргэжилтэн А.Ө-ын энэхүү гаргасан зөрчилтэй нь холбогдуулан түүнээс тайлбар авч, бусдад нь анхааруулах, энэ төрлийн зөрчил дахин гаргуулахгүй байх үүднээс тухайн үед ажиллаж байсан нэгжийн хамт олны дунд түүний асуудлыг хэлэлцсэн. Энэхүү хамтын олны хурлаар мэргэжилтэн А.Ө- өөрийн гаргасан зөрчилдөө үгүйсгэсэн, няцаасан тайлбар өгөөгүй. Би тэгээгүй, би тушаалын хавсралтыг солиогүй гэх мэт үг, өгүүлбэр хэлээгүй байдаг.
11. Нэхэмжлэгч буюу ЭМЯ-ны мэргэжилтэн А.Ө-ын гаргасан зөрчлийн хувьд Зөрчил-1: “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал” гэсэн сэдвээр Эрүүл мэндийн сайдад танилцуулга, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Халдварт өвчний асуудал мэргэжилтэн, нэхэмжлэгч А.Ө- нь тухайн үед ажилдаа хариуцлагагүй хандаж, санаатайгаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтад заасан "... сайд, Төрийн нарийн бичгийн даргыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах ...” гэсэн Засгийн газартай харилцахад дэмжлэг үзүүлэх яамны бүтцийн нэгжийн хэрэгжүүлэх үүргийг биелүүлэхэд өөрийн шууд харьяалах Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяад хянуулж, танилцуулаагүй, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авалгүй шууд дутуу, тоо баримттай мэдээллийг Эрүүл мэндийн сайдад өгч, энэхүү дутуу, тоо баримттай мэдээллээс болж, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 3 удаа гарч, холбогдох мэдээллийг асуудал хариуцсан газрын даргаас мэдээлэл авч байсан. /Энэ талаар тухайн нэгжийн дарга буюу яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа гэрчилж тайлбар өгсөн.
12. Мэргэжилтэн А.Ө-ын гаргасан зөрчил, үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан "... захирах, захирагдах ёс ..” гэсэн төрийн жинхэнэ алба хаагчийн төрийн албаны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчмыг баримтлаагүй. Архивын Ерөнхий газрын даргын “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийнх 68 дугаар тушаалаар баталсан зааврын 3.5.4-т заасан "... Асуудлыг хянан шийдвэрлэх явцад боловсруулсан баримт бичгийн төсөлд холбогдох хэлтэс, нэгжийн албан тушаалтнаас санал авна ...” гэсэн "... зохион байгуулалтын нэгжийн даргаар хянуулаагүй, зохих журмын дагуу санал, виз аваагүй баримт бичгийг байгууллагын удирдлагад танилцуулахыг хориглоно...” гэснийг ту тус зөрчсөн үйлдэл гаргасан. Түүнээс гадна Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Хөдөлмөрийн дотоод журмын шинэчлэн батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/98 дугаар тушаалын хавсралтаар баталсан журамд заасан тушаалын төсөл, бусад баримт бичгийг боловсруулах, батлуулахад шууд харьяалах нэгжийн даргаар хянуулан, танилцуулах гэсэн журмыг зөрчсөн.
13. Зөрчил-2. Мэргэжилтэн А.Ө- нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болох Халдварт өвчний асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгуулах Эрүүл мэндийн сайдын “Чуулган зохион байгуулах тухай” 2018 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн А/375 дугаар тушаалын хавсралтад энэхүү ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр нарийн бичгийн даргаар ажиллахаар тушаалын төслийг боловсруулах, танилцуулах, хянуулах үед мэргэжилтэн А.Ө- байсан боловч тушаалыг батлуулах, ёсчлох явцад өөрийн нэрийн оронд Халдвар өвчин судлалын үндэсний төвийн СТСА-ны дарга Д.Энхмандах хэрэгжүүлж ажиллуулахаар батлуулсан нь төрийн албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль тогтоомжтой нийцүүлсэн яамны хөдөлмөрийн дотоод журмын 10.8.9-д заасан “... Төрийн нарийн бичгийн дарга, шууд харьяалах нэгжийн даргад танилцуулан батлуулах, тушаал, шийдвэрийг зөвшөөрөлгүй засах ...” гэсэн төрийн албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан.
14. Дээрх зөрчлүүдийг шууд харьяалах нэгжийн дарга буюу Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга тухайн үед баримтжуулан, шалгаж, нөхцөл байдлыг тогтоон, хамтын олны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, зөрчил гаргагч мэргэжилтэн А.Ө-аас тодруулга, тайлбар авч, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, ажилласан тул сахилгын шийтгэл ногдуулах талаар тухайн үед мэдэгдэн, хэлж байсан. /Нийгмийн эрүүл мэндийн газрын хурлын тэмдэглэл-2018.09.03/
15. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагч тал буюу Эрүүл мэндийн яамнаас гаргасан нотлох баримт, гэрчүүдийн тайлбар, зөрчилдөө тодорхой тайлбар өгөөгүй үйлдэл нь зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байхад Давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн хянаж, дүгнэлт хийлгүй үндэслэх хэсэгтээ өнгөц байдлаар, сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн болоод бодит байдалтай нийцэхгүй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
16. Нэхэмжлэгч А.Ө-ын ямар эрх, эрх ашиг сонирхол зөрчигдсөн хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийг хэрэглэсэн шүүх хэрэглэвэл зохих төрийн албан хаагчтай холбоотой хууль зүйн зохицуулалт буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн.
17. Мөн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд тухай үед давж заалдах гомдол хэлэлцэх явцад удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт хамааралгүй асуудлыг хөндсөн асуулт, асууж шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн.
18. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалын 1 дэх заалтын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулан, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.
20. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ө-д “... Засгийн газрын хуралдаанд төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж зөвшөөрөл авалгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг оруулсан, ... сайдын тушаалын хавсралтыг сольж батлуулсан” гэх үндэслэлээр цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан; 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар А.Ө-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эмнэлгийн тусламжийн газрын эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулахаар шилжүүлсэн, нэхэмжлэгч А.Ө-аас “... мэдээллийг урьдчилан хянуулж, баталгаажуулж, зөвшөөрүүлсэн, ... тушаалын хавсралт сольсон зөрчил гаргаагүй, ... хууль зөрчиж шилжүүлсэн” гэх үндэслэлээр маргажээ.
21. Нэг. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтоох”-оор заасан, үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг батлан мөрдүүлсэн, төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцаанд уг журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
22. Уг журмын хоёрын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий 2018 оны Б/346 дугаар тушаалд тодорхойлсон “зөрчил”, түүнд холбогдох буруутай этгээдийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, Нийгмийн эрүүл мэндийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл нь зөрчлийг тогтоосон гэх баримт биш болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
23. Түүнчлэн, захиргааны үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг: 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тодорхойлж, 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт,... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан, А.Ө- нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ямар буруутай болох, түүнээс тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй зэргээс үзвэл нэхэмжлэгчид “сахилгын шийтгэл” ногдуулсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
24. Иймээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... А. Өнөржаргалын ямар эрх, эрх ашиг сонирхол зөрчигдсөн хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
25. Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох”-оор, энэ тохиолдлын хувьд А.Ө-тай “тохиролцсон” гэх үндэслэлээр түүнийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
26. Хэрэгт, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2/2325 дугаартай албан бичиг авагдсан, үүгээр А.Ө-ыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилоход “ашиг сонирхлын зөрчил үүсэх” эсэхийг Авлигатай тэмцэх газарт хянуулж, дүгнэлт гаргуулсан, А.Ө- нь тухайн албан тушаалд томилогдох зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д нийцүүлэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” гаргасан, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
27. Анхан болон давж заалдах шатны шүүх, уг үйл баримтыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “тохиролцсон” гэдэгт хамааруулж тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
28. Нөгөө талаар,Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “албан ажлын зайлшгүй шаардлага” гэдгийг мөн зүйлийн “Тайлбар”-т “... тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” хэмээн тодорхойлсон ба нэхэмжлэгч нь уг нөхцөл байдал үүсээгүй, ийм нөхцөл байдал тогтоогоогүй гэж маргаагүй, маргаан бүхий 2019 оны Б/126 дугаар тушаалын үндэслэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцсэн, иймээс, нэхэмжлэгчийн хяналтын журмаар “...албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн болох нь тогтоогдоогүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
29. Мөн, ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тус яамны бүтцийн Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнийг, Эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “... нэг байгууллагаас нөгөө байгууллагад” хамаарах тул нэхэмжлэгчийн хяналтын гомдлын “... яамандаа ажиллаж байгаа, удирдлага хоорондоо тохиролцсон зүйл байхгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
30. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч А.Ө-ын “магадлалаар хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулах” гэсэн, хариуцагч Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, С.Б нарын “магадлалыг хүчингүй болгуулах” гэх гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 646 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ