| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/03861/И |
| Дугаар | 192/ШШ2025/07234 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07234
2025 09 15 192/ШШ2025/07234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, рд:***, *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, **** холбогдох,
31 106 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагч ***,
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 31 106 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... .*** нь өөрийн танил ***т “3 хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү байна, бага сага мөнгө зээлүүлж байгаач ээ, мөнгөний боломжтой болсон үедээ удаахгүй буцаагаад өгье” гээд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд түүний Хаан банкны данс руу нийт 203 удаагийн гүйлгээгээр 32,500,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн байдаг. Энэ төлбөрөөс *** нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1,400,000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Хариуцагч хариу тайлбартаа “гэр бүлийн хүн нь 2010 онд ажлаа хийж байгаад нас барсан” гэдэг тайлбарыг өгдөг. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч Х.*** нь таньдаг, хамт ажилладаг байсан хүн нь нас барсан учраас гэр бүл, үр хүүхдүүдэд нь тус болъё гэж мөнгө төгрөг өгдөг байж байгаад сүүлдээ “байнгын өгөх боломжгүй байна” гэж хэлэхэд *** нь 2021 оноос хойш “зээлье” гээд зээлийн харилцаа үүссэн байдаг. 2019-2020 онуудад Х.*** нь нийт 10,000,000 төгрөгийг ***т өгсөн байдаг. Энэ мөнгийг нэхэж байгаа биш ч гэсэн тухайн үед өөрт нь болон хүүхдүүдэд нь амьдрал ахуйд нь тус болохоор зориулж өгдөг байсан. 2021 оноос хойш зээлсэн мөнгөө мөнгөний хэрэгцээ гараад “буцаагаад авъя” гээд нэхэхэд “миний бие муу байна, эсхүл амиа хорлолоо” зэрэг байдлаар янз бүрийн шалтгаан хэлж, жүжиг тавих байдал гаргаж байсан учраас шүүхээр дамжуулж авъя, би байнгын өгөөд байх ямар ч үүрэггүй байтал надаас зээлье гэж авчхаад авсан мөнгөө өгөхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... 2001 оноос 2005 он хүртэл манай хүн ***а ХХК-д ажиллаж байсан. Бид 2 цуг ажил хийдэг байсан. 2005-2010 он хүртэл Элстэйн уурхайд ажиллаж байгаад нас барсан. Нас барахдаа 2010 оны 5 сарын 22-ны өдөр нас барсан. Тэр өдөр нас барсан гэж хэлээгүй, манай ах дүү нарт ч хэлээгүй. Гэтэл 22-ны өглөө 8 цаг 30 минутад над руу “энэ хүний бие нь тааруу байна. Уурхай явах нь ээ, чи наад контейнероо цоожлоод явъя” гэж хэлсэн. Тэгээд ажил дээр яваад очиход 22-ны өглөө 7 цагт нас барсан байсныг надад 8 цагт зүгээр бие нь муу байна гэж хэлээд 23-ны өглөө очиход өнгөрчихсөн байсан. Ямар нэгэн өвчин, даралт ч гэж хэлдэггүй байсан хүн. Зээлсэн зүйл байхгүй. Манай ханийг нас барахад оршуулгын зардал гэж юм өгөөгүй. Миний ах дүү нараас мөнгө цуглаж ирээд буяны ажлыг нь хийж гаргасан. Дараа нь 3 хүүхдэд нөхөн төлбөр гэж юм өгөөгүй. Бид 2 нэг байгууллагад ажиллаж байсан болохоор би энэ байгууллагатай зарга хийгээгүй. Би нөхөн төлбөр гээд яах вэ, одоо ажлаа хийгээд явж байгаа юм чинь гэсэн. Миний хүү нас биед хүрээд манай байгууллагад үргэлжлүүлж аавынхаа ажлыг хийсэн. Зээл гэж Х.***гаас юу ч авч байгаагүй. “3 хүүхдийг чинь нас биед хүртэл тус дэм болж явна” гэж манай нөхрийн найз Х.*** гэдэг хүн хэлж ярьж байсан. Би энэ хүнээс нэг удаа “манай хүүхэд өлсөж байна, би өвдөж байна, би ядарч байна” гэж хэзээ ч мөнгө авч үзээгүй. Энэ хүн ингэж хүнийг гүтгэж болохгүй. ***а ХХК-ийн усны үйлдвэр нь зарагдсан, машинаа тавих газаргүй болчихлоо гээд ковидоос өмнөх жилүүдэд манай хашаанд бүх ачааны машин тэргээ тавьж байсан. Машин тавиулсны мөнгө гээд над руу мөнгө шилжүүлдэг байсан. Баяр болоход манай хүүхдүүдэд “шинэ жилийн чинь баярын мөнгө шүү” гээд 100-200 төгрөг өгдөг байсан. Түүнээс би мөнгө зээлээд өгөөч, надад туслаад гэж байгаагүй. Нотариатын газар очиход унадаг, ухаан алддаг, бие муу гэж худлаа.Намайг ажилдаа явсан эзгүй байхад хүүхэд дээр ирээд “27 500 000 төгрөг өгнө, авахгүй” гэж *** гэдэг хүүхдэд хэлээд “ээжийгээ надтай Драгон төвийн 7 давхарт нотариатын газар уулзъя” гэж хэлүүлсэн. Би уулзах гээд очтол намайг “***аа байрны урьдчилгаа гээд надаас 30,000,000 төгрөг авсан” гэхэд нь “би яагаад танаас ийм мөнгө авсан юм бэ? Аваагүй, би танаас зээлж ч үзээгүй, би танаас мөнгө гуйж ч үзээгүй” гэсэн. Э.***, ***гэдэг 2 хүүхдийн ажлын хөлсийг миний данс руу хийдэг байсан. Энэ 2 ч байранд ороход 2 байрных нь засвар үйлчилгээ, хог шороо бүх юмыг миний 2 хүүхдээр хийлгэж байсан. “Тэнд тийм ажил гарч байна, машины тос масло солиулах гэж байна*** гэдэг хүүхдийг явуул. *** чиний данс руу тийм мөнгө хийчихсэн” гэдэг байсан. Тэр битгий хэл “хүргэлтээр чам руу хүргэлтээр тийм юм очно, данс руу чинь 100,000 төгрөг хийчихлээ. Чи ажлаасаа гараад явахдаа надад ийм ийм эм тариа авчирч өгөөрэй” гэдэг байсан. Ийм ажлаар л наад мөнгө чинь явж байгаа. Би өөрөө ажлынхаа хажуугаар хүний ууц өвчүү чанаж өгч, захиалгаар давхар ажил хийдэг. Түүнээс би энэ хүнээс мөнгө зээлж үзээгүй, зээл өгөөч гэж гуйж ч үзээгүй. Энэ хүн намайг гүтгэж байна... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 6-42 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 44 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 55-56 дугаар тал
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 57 дугаар тал/
Нас барсаны бүртгэлийн лавлагаа /хэргийн 58 дугаар тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 59 дүгээр тал/
Тодорхойлолт /хэргийн 80-82 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 83-86 дугаар тал/ зэрэг баримтууд
6. Шүүхээс бүрдүүлсэн
***, ***нараас авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 75-79 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ...31 106 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... “3 хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү байна, бага сага мөнгө зээлүүлж байгаач ээ, мөнгөний боломжтой болсон үедээ удаахгүй буцаагаад өгье” гээд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд түүний Хаан банкны данс руу нийт 203 удаагийн гүйлгээгээр 32,500,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... нэг ч удаа мөнгө зээлээч гэж хэлж мөнгө зээлж авч буцааж өгч байсан удаагүй. Манай талийгаач нөхрийн багын найз гээд нөхрийг нас барснаас хойш “3 хүүхдийг чинь нас биед хүртэл тус дэм болж явна” гэж хэлж гэрээр орж гарч ах дүү шиг байж, хүүхдүүдээр машин тэргээ засуулж, эм тариа авахуулах хоол унд захиалах зэргээр мөнгө шилжүүлж илүү гарсан мөнгийг нь буцааж шилжүүлж байсан тохиолдол бий. Түүнээс би мөнгө зээлээд өгөөч, надад туслаач гэж байгаагүй. Х.*** хавар 4 дүгээр сард намайг “хоёулаа сууя, хамт амьдаръя” гэж хэлсэн. Би нас биед хүрсэн хүүхдүүдтэй хүн “үгүй” гэж хэлсний төлөө надаас мөнгө нэхэж ийм асуудал үүсгэж байна. Х.*** өөрөө гэр бүлтэй хүн. Намайг зөвшөөрөөгүйн төлөө намайг чадах гэсэн л атгаг санаа гаргаж байна. Урьд нь надтай хэзээ ч мөнгө төгрөгийн асуудал ярьж байгаагүй. Би энэ хүнээс мөнгө төгрөг зээлж байгаагүй…. гэж үгүйсгэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 5005752290 тоот данснаас 2021 оны 01 сарын 01-ны өдрөөс 2025 оны 04 сарын 07-ны өдрийн хооронд нийт 32 506 000 төгрөгийг хариуцагч ***ийн эзэмшлийн Хаан банкны ***тоот дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-42 дугаар тал/
Хариуцагч нь талийгаач *** хууль ёсны гэр бүл байсан ба *** 2010 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан нь тогтоогдож байна. /хэргийн 58-59 дүгээр тал/
4. Нэхэмжлэгчийн “хариуцагчийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан үйл баримт, дансны хуулга баримтаар зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотолно” гэх тайлбар хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...мөнгө зээлээч туслаач гэж нэг ч удаа санал тавьж мөнгө зээлж байгаагүй. Талийгаач нөхрийн маань багын найз гээд гэр орноор орж гардаг ах дүү шиг байсан, хүүхдүүдэд чинь тусална гэж ярьдаг, машин тэргээ манай хашаанд тавьж байлгасны, засуулсны, хоол унд эм тариа захих, баяр ёслолоор хэрэглэх хэрэглээний мөнгө гээд шилжүүлдэг, илүү гарсныг буцаан шилжүүлдэг байсан... гэх тайлбар, гэрч Э.***ын ...Х.*** ах байнгын манайхаар орж гарч хоол унд идээд явдаг, манайхтай ах дүү шиг дотно харилцаатай байсан. Манай аавтай нэг байгууллагад хамт ажилладаг байсан. Би хажууд нь хамт амьдардаг байсан учраас бүгдийг нь мэднэ. Бичгээр болон амаар мөнгө төгрөг зээлж байсан зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг, гэрч *** ах манай гэрээр байнга орж гардаг, машин тэргээ янзлуулдаг, машины сэлбэг авах, хоол ундны мөнгө 50, 100 аар нь хийдэг байсан. Би ээжээс мөнгө аваад үлдэгдэл мөнгийг нь *** ах өөрөө шилжүүлж авдаг байсан, аавын маань багын найз гээд хүндэлдэг байсан. Манай ээжид мөнгө зээлсэн, буцааж өгөөч гэсэн яриа гарч байгаагүй... гэх мэдүүлэг баримтаар тус тус үгүйсгэгдэж байна. /хэргийн 77-79 дүгээр тал/
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох үүрэгтэй.
6. Хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар нэхэмжлэгч хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бусад баримтаар хангалттай, давхар нотлогдохгүй байна.
7. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэжээ.
8. Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй маргаж байгаа тохиолдолд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр буюу хэлцэл хийсэн гэж үзэх гол нөхцөл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч нэгдсэн тохиролцоо зөвшилцөлд хүрсэн, харилцан үүрэг хүлээж байгаагаа ухамсарлан ойлгосон байх шаардлагатай.
9. Тодруулбал нэхэмжлэгч тал хариуцагчид мөнгө зээлэн авах хэрэгцээ шаардлага байсан эсэх түүнийгээ хэрхэн үг болон үйлдлээр илэрхийлсэн, нэхэмжлэгч хариу ямар үйлдлээр хариуцагчийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсэн байдлыг нотлох юм.
10. “3 хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү байна, бага сага мөнгө зээлүүлж байгаач ээ гэсэн хариуцагчийн амаар илэрхийлсэн хүсэл зоригийг дагуу мөнгө зээлдүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар хариуцагчийн ”..мөнгө зээлээч туслаач гэж нэг ч удаа санал тавьж мөнгө зээлж байгаагүй…” гэх тайлбараар, мөн ...мөнгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн үйл баримт дансны хуулга баримтаар мөнгө зээлдүүлсэн шилжүүлсэн... гэх нэхэмжлэгчийн бодит үйлдлийг хариуцагч ... машин тэргээ засуулж, эм тариа авахуулах хоол унд захиалах зэргээр мөнгө шилжүүлж илүү гарсан мөнгийг нь буцааж шилжүүлж байсан тохиолдол бий... гэх тайлбараар, гэрчийн ... машин тэргээ янзлуулдаг, машины сэлбэг авах, хоол ундны мөнгө 50, 100 аар нь хийдэг байсан. Би ээжээс мөнгө аваад үлдэгдэл мөнгийг нь Х.*** ах өөрөө шилжүүлж авдаг байсан... гэх мэдүүлэг баримтаар тус тус үгүйсгэж, талуудын хүсэл зориг хоорондоо зөрүүтэй, зөвшилцсөн байдал нотлогдохгүй байна.
11. Түүнчлэн нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийн гүйлгээний утга дээр “зээл” гэх утга агуулга илэрхийлэгдэхгүй байх ба анх зээлсэн гэх мөнгийг төлөөгүй байхад олон удаагийн давтамжтай мөнгө шилжүүлж байгаа зорилго ойлгомжгүй, нэхэмжлэгч энэ талаар тайлбарлаагүй.
12. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэжээ.
13. Нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгө бүрийг тухай бүр нь зээлдүүлсэн гэж байгаа бол хэдийгээр хугацааны талаар тохиролцоогүй байх боломжтой боловч түүнийгээ хэзээ хэрхэн шаардаж байсныг баримтаар нотлоогүй.
14. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг үүссэн, хэлцэл хийгдсэн гэх үндэслэл нотлогдохгүй байх учир нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж үзэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 31 106 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
2025.04.21-ний өдрийн нэхэмжлэгчээс ***олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 31 106 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*** нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ