| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2423000000138 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
Ч.А-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.С
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ч.А-д холбогдох 2423000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн …… сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн …. сумын “…..” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн …… сумын ….. багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ….. овогт ….-ын А, регистрийн дугаар /………../
Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн ….. сумын …. багийн “….” гэх газарт байх өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.Ц-ын өмчлөлийн зөв талын чих оно имтэй, зөв талын гуяны дээрээ ширээтэй дормон дээр нь жижиг нар, саран тамгатай, сартай хүрэн зүсмийн 2 настай адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй болохыг мэдсээр байж, орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн эзэмшилдээ байлган улмаар 2024 оны 08 дугаар сард иргэн У.Г-д худалдан борлуулж, өөрийн өмчийн адил захиран, зарцуулж түүнд 800.000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..... овогт -ын А-д холбогдох хэргийг Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 1,651,635 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д олгож, шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
2. Дээд шатны прокурор Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “… Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх нь Ч.А-д холбогдох хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, шүүгдэгч Ч.А-ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Шүүх прокуророос шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө, улсын яллагч нь яллах дүгнэлтдээ шүүгдэгчийн холбогдсон хэргийг "2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн …. сумын ….. багийн "……" гэх газарт байх өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.Ц-ын өмчлөлийн зөв талын чих оно имтэй, зөв талын гуяны дээр ширээтэй дормон дээр жижиг нар, саран тамгатай, сартай хүрэн зүсмийн 2 настай адууг ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй болохыг мэдсээр байж орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, өөрийн эзэмшилдээ байлган улмаар 2024 оны 08 дугаар сард иргэн У.Г-д худалдан борлуулж өөрийн өмчийн адил захиран, зарцуулж түүнд 800.000 (найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан" буюу шүүгдэгчийн Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн өмчлөлийн адуунд нийлсэн адууг худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт …гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтална" гэж тус тус заасан ба Мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинж болох хулгайлах гэсэн ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан..." гэж тодорхойлсон. Энэ зүйлд заасан хулгайлах гэсэн ойлголтод Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн эзэмшилдээ байлган улмаар худалдсан гэх шинжийг хамааруулаагүй байна. Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарахгүй шинж болох Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй алдуул малыг бусдад худалдсан гэх шинжээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч, хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах идэвхтэй үйлдлээр илэрдэг бол... алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй эзэнгүйдсэн байгаа малыг ойлгоно. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малын эзнийг олох алхам хийгээгүй, эс үйлдэхүйгээр бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатайгаар завшсан шууд санаатай үйлдлээр илэрнэ. Алдуул малын эзнийг олох идэвхтэй үйлдэл хийх гэдэг нь Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт "алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй" гэж заасан үүргээ биелүүлэх явдал юм. Энэ хэргийн тухайд 2023 оны 10 дугаар сард Ч.А нь өөрийн адуутай нийлсэн Д.Ц-ын 1 тооны адууг 2024 оны 08 дугаар сард энэхүү нөхцөл байдлыг ашиглан Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй, бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж У.Г-д 600,000 төгрөгөөр худалдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна гэж тайлбарлан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 45 минутад хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд бус, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ. Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, шүүгдэгч Ч.А-ийн "... 2023 оны өвөл манай адуу …. сумын ….. багийн нутаг "…." гэх нэртэй эзэнгүй бэлчээрт байсан, би 2023 оны 10 дугаар сарын дундуур тухайн газар адуугаа бүртгэх гээд очсон чинь манай адуунд сартай хүрэн зүсмийн багавтар адуу нийлчихсэн харагдаж байсан. Тэгээд өвөл ганц хоёр удаа адуугаа эргэж тойрч очиход тухайн адуу манай адуунд байж л байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард адуугаа дэллэх гээд адуунуудаа хашаанд шахсан чинь зөв талын гуяны дээр ширээтэй дормон дээр нар саран тамгатай, зөв талын чихэн дээр оно имтэй сартай хүрэн зүсмийн адуу байсан. Тэгээд би адуунуудаа дэллэчхээд бүгдийг нь гаргаад явуулсан. Тэрнээс хойш адуун дээрээ нэг их очиж чадалгүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын дунд хэсэгт манай сумын У.Г гэдэг хүн адуу худалдаж авна гэхээр нь хөдөө адуу руугаа яваад нөгөө сартай хүрэн үрээг ганцааранг нь тууж авч ирээд У.Г-д зарж борлуулсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа хөдөө явж байгаад гэртээ ирсэн чинь манай ах Д над руу залгаад У.Г-д зарсан адуу чинь Ц-ын адуу юм биш үү эзэн нь таниад байна гэхээр нь би урдаас нь хэний адуу гэдгийг нь бол би сайн мэдэхгүй 2023 оны 10 дугаар сард манай адуунд нийлчихсэн байсан эзэн нь олдохгүй болохоор нь би зарчихсан юм гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг,
гэрч Д.А-ийн... Би хавар, яг хэзээ байсныг мэдэхгүй байна. Хүргэн А адуугаа дэллэх гээд тууж ирээд манай өвөлжөөний хашаанд хашсан. Тэгээд хүргэн адуугаа дэллэх үед хашаанд байсан адуунууд хашаа дээгүүр харайгаад байсан болохоор ээж гарч ирээд харж байгаа ч гэхээр нь би хашааны гадна зогсоод адуунуудыг нь харж байсан чинь адууны дунд арай өөр зүсмийн тамга нь ондоо нэг адуу байсан.Тэгэхээр нь би хүргэнээс энэ юун адуу вэ? гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна, өнгөрсөн жил намар адуугаа нэг эргэж ирэхэд адуунд нийлсэн байсан, хэний адуу гэдгийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тэгж тэр сартай хүрэн үрээг нийлсэн байсныг мэдсэн. Тухайн үед тэдний адуунд өөр айлын адуу байгаагүй. Тухайн адуу Ч.А-ийн адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг,
гэрч Х.Б-ийн"... Би өнгөрсөн жил буюу 2023 оны 10 дугаар сард адуунд явж байхад А-ийн адуугаар ороход тэдний адуунд сартай хүрэн зүсмийн ширээтэй дормон дээрээ нар, сар тамгатай адуу байсан. Дараа нь А-тэй ярилцаж байхад манай адуунд нэг үрээ нийлсэн байна гэж ярьсан. Тухайн үед адууны эзнийг мэдэхгүй болохоор яг хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Тухайн адуу А-ийн адуунд өвөлжөөд, хаваржаад, зуссан. Тухайн адуу нь Ч.А-ийн адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн байсан. Өөр ямар нэгэн адуу байгаагүй. Тухайн адууг хэн нэгнээс худалдаж аваагүй өөрөө гүйж ирсэн адуу..." гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Д.Ц-ын 1 тооны адуу ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр Завхан аймгийн …. сумын ….. багийн "….." гэх газар бэлчээрлэж байсан Ч.А-ийн адуунд 2025 оны 10 дугаар сард нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Ч.А нь өөрийн адуунд нийлсэн хохирогч Д.Ц-ын 1 тооны адууг эзэнд нь хэлэлгүй өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан байдал нь тогтоогдож байгаа бөгөөд хэний мал болохыг асууж сураглалгүйгээр, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж прокуророос үзсэн болно. Мөн энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг адууны талаар Ч.А нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар "...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй" болно. Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолд зааснаар "... Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Н.Э өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан "алдуул малыг завшсан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг /1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсныг /махалж борлуулсан/ хоёр шатны шүүх бусдын малыг хулгайлах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болсон..." гэж тайлбарласнаас үзэхэд: Анхан шатны шүүх нь 2023 оны 10 дугаар сард Ч.А нь өөрийн адуутай нийлсэн Д.Ц-ын 1 тооны адууг 2024 оны 08 дугаар сард энэхүү нөхцөл байдлыг ашиглан Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг урьдчилан мэдсэн нөхцөл байдлыг үндэслэл болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
3. Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийг хэрэглэсэнтэй холбоотой Дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Мал хулгайлах гэмт хэрэг гэж яагаад зүйлчилсэн бэ? гэхээр Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаартай тогтоолд тайлбарласан. Иргэний хуульд алдуул мал олсон этгээд нь нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлсэн үү, эс биелүүлсэн үү гэдэг дээр тодорхой тайлбар хийсэн байдаг. Үүнд, Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсний дараа өөрийн сүрэгт нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, алдуул малыг завшсан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч, тэрээр хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлсэн нь тодорхойгүй, үхрийг өөрийн өмчийн адил хууль бусаар шунахай сэдлээр захиран зарцуулж, махалж борлуулсан нь 2 шатны шүүх хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны болсон байна гэдэг тайлбарыг Улсын Дээд шүүхээс хийсэн байдаг. Дээрх гаргасан тайлбар нь бүх шатны шүүх дээр практик хэрэглээ болоод явж байгаа. Энэ практик тогтсонтой холбоотой улсын яллагчийн зүгээс дээрх үүргийг биелүүлсэн үү, биелүүлээгүй юу гэдэг асуудал дээр нэг мөр тогтоосон байгаа. Иймд анхан шатны шүүх нь 2023 оны 10 дугаар сард Ч.А-ийн өөрийн адуутай нийлсэн Д.Ц-ын 1 тооны адууг өөрийн нөхцөл байдлыг ашиглан Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэлгүй, алдуул малыг бусдыг өмчлөлд байгааг урьдчилан мэдсэн нөхцөл байдлыг нь үндэслээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Ч.А гэдэг хүний идэвхтэй үйлдлээр уг адуу нь Ч.А-ийн мал сүрэгт нийлээгүй байгаа. Ч.А-ийн адуун сүрэгт ирсэн байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлд зааснаар зүйлчлэхээр прокурор эсэргүүцэл бичсэн байна. Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Яагаад гэхээр, хулгайн гэмт хэрэг гэж үзэхээр, тухайн адууг хулгайлах ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй байна. Хулгайн гэмт хэрэг идэвхтэй үйлдэл хийгдэж байж, хулгайн гэмт хэргээр зүйлчлэх үндэслэл болно гэж хуульд заасан. Тийм учраас Ч.А-ийн захиран зарцуулахыг завдсан хүрэн зүсмийн адуу нь сүрэгт нийлэхээс өмнө Ч.А-ийн идэвхтэй үйлдэл байхгүй байна. Тэгэхээр идэвхтэй үйлдэл нь тогтоогдохгүй байгаа учраас, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, тухайн эд хөрөнгө нь өөрөө шилжилт хөдөлгөөн хийхдээ Ч.А-ийн үйлдлээр адуунд ирээгүй. Хулгайн гэмт хэрэгт бол ямар нэгэн этгээдийн өөрийн үүрэг, оролцоо тогтоогдож байж гэм буруугийн асуудлыг тогтоох ёстой. Завших гэмт хэрэгт тухайн адуу нь Ч.А-ийн адуунд ирсэн гэдгийг гэрчүүд болон бусад хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Ч.А-ийг идэвхтэй үйлдэл хийсэн гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор үхэр сүрэгт нь үхэр нийлсэн байхад зүйлчилсэн талаар прокурор жишээ татан ярьж байна. Тухайн хэргийн нөхцөл байдал нь өөр байсан, үнэхээр алдуул мал болох нь тогтоогдсон уу, тогтоогдоогүй юм уу? гэдгийг мэдэхгүй байна. Тийм учраас өнөөдрийн хэргийн нөхцөл байдалд дүйцүүлж, адил нэг хүний үйлдэл мэтээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Хэргийн бодит нөхцөл байдал нь ямар байх талаар Эрүүгийн хуульд заасан шударга зарчимд нийцүүлж асуудлыг шийдвэрлэх ёстой. Тийм учраас прокурорын яллах дүгнэлт нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хүний хийгээгүй үйлдлийг, хийсэн мэтээр ял шийтгэл оногдуулах боломж байхгүй. ...Эрүүгийн хуульд зааснаар тухайн иргэн үүргээ биелүүлсэн үү, биелүүлээгүй юу? талаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүний 4 үндсэн шинжийн нэг нь Иргэний хуулиа биелүүлээгүй бол хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн, хуулийн объектив талын нөхцөл байдал байхгүй байна. Иргэнийхээ үүргийг биелээгүй гэдэг нь тухай гэмт хэргийн объектив талын нөхцөл байдал болохгүй учраас, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Хоёрдугаарт, тухайн адууг 08 сар хугацаанд харахаас өмнө, хохирогч өөрөө ямар нэгэн хэлбэрээр адуугаа хулгайд алдсан талаар тухайн орон нутгийн байгууллага, Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Адилхан байдлаар нэг нь мэдэгдээгүй, нөгөө нь бүртгүүлээгүй энэ хоёр хэлбэр нь ижилхэн иргэний үүргийн асуудал юм. Тэгэхээр нэг тал нь малаа алдсан талаар нь иргэний үүргийг хариуцуулахгүй, орхигдуулаад байна. Нөгөөд нь хариуцлага тооцоод байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш эрхийн нөхцөл байдал хангагдахгүй байна. Хэрвээ хууль, тэгш үйлчилдэг бол хохирогчийн адуугаа алдсан талаарх асуудлыг ярилцах ёстой. Прокурорын эсэргүүцэл нь хэт нэг талыг барьж бичигдсэн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
5. Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн зүйлчлэлийн хувьд тайлбарлахад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан ...алдуул мал олсон этгээд нь орон нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлгах буюу орон нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр Ч.А-ийн тухайд адуу нийлснээс хойш 08 сарын хугацаанд орон нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Ингэхээр зүйлчлэлийн тухайд алдуул мал буюу тухайн адуунд нийлсэн мал гэж зүйлчлэх нь үндэслэлгүй юм. Тийм учраас анхан шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч сая ярьж байна, Ч.А-ийн идэвхтэй үйлдэл байна уу? гэж, хүний адуу өөрийн мал сүрэгт нь нийлсэн гэдгийг мэдсээр байж, бусдад зарж байгаа үйлдэл нь идэвхтэй үйлдэл байна. Миний тухайд мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн …. сумын …. багийн “…..” гэх газарт байх өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нь нийлсэн иргэн Д.Ц-ын өмчлөлийн зөв талын чих оно имтэй, зөв талын гуяны дээр ширээтэй дормон дээр жижиг нар, саран тамгатай, сартай хүрэн зүсмийн 2 настай адууг өөрийн эзэмшилдээ байлган, 2024 оны 08 дугаар сард У.Г-д 800.000 төгрөгөөр худалдсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар, Үүнд:
шүүгдэгч Ч.А-ийн “... 2023 оны өвөл манай адуу …. сумын …. багийн нутаг …. гэх нэртэй эзэнгүй бэлчээрт байсан ... би 2023 оны 10 дугаар сарын дундуур тухайн газар адуугаа бүртгэх гээд очсон чинь манай адуунд сартай хүрэн зүсмийн багавтар адуу нийлчихсэн харагдаж байсан. Тэгээд өвөл ганц хоёр удаа адуугаа эргэж тойрч очиход тухайн адуу манай адуунд байж л байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард адуугаа дэллэх гээд адуунуудаа хашаанд шахсан чинь зөв талын гуяны дээр ширээтэй дормон дээр нар саран тамгатай, зөв талын чихэн дээр оно имтэй сартай хүрэн зүсмийн адуу байсан. Тэгээд би адуунуудаа дэллэчхээд бүгдийг нь гаргаад явуулсан. Тэгээд тэрнээс хойш адуун дээрээ нэг их очиж чадалгүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын дунд хэсэгт манай сумын У.Г гэдэг хүн адуу худалдаж авна гэхээр нь хөдөө адуу руугаа яваад нөгөө сартай хүрэн үрээг ганцааранг нь тууж авч ирээд У.Г-д зарж борлуулсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа хөдөө явж байгаад гэртээ ирсэн чинь манай ах Д над руу залгаад У.Г-д зарсан адуу чинь Ц-ын адуу юм биш үү эзэн нь таниад байна гэхээр нь би урдаас нь хэний адуу гэдгийг нь бол би сайн мэдэхгүй 2023 оны 10 дугаар сард манай адуунд нийлчихсэн байсан эзэн нь олдохгүй болохоор нь би зарчихсан юм гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.А-ийн “...Би энэ оны хавар яг хэзээ байсныг мэдэхгүй байна. Хүргэн А адуугаа дэллэх гээд тууж ирээд манай өвөлжөөний хашаанд хашсан. Тэгээд хүргэн адуугаа дэллэх үед хашаанд байсан адуунууд хашаа дээгүүр харайгаад байсан болохоор ээж гарч ирээд харж байгаа ч гэхээр нь би хашааны гадна зогсоод адуунуудыг нь харж байсан чинь адууны дунд арай өөр зүсмийн тамга нь ондоо нэг адуу байсан тэгэхээр нь би хүргэнээс энэ юун адуу вэ? гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна өнгөрсөн жил намар адуугаа нэг эргэж ирэхэд адуунд нийлсэн байсан хэний адуу гэдгийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тэгж тэр сартай хүрэн үрээг нийлсэн байсныг мэдсэн. Тухайн үед тэдний адуунд өөр айлын адуу байгаагүй. Тухайн адуу Ч.А-ийн адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Х.Б-ийн “...Би өнгөрсөн жил буюу 2023 оны 10 дугаар сард адуунд явж байхад А-ийн адуугаар ороход тэдний адуунд сартай хүрэн зүсмийн ширээтэй дормон дээрээ нар, сар тамгатай адуу байсан. Дараа нь А-тэй ярилцаж байхад манай адуунд нэг үрээ нийлсэн байна гэж ярьсан. Тухайн үед адууны эзнийг мэдэхгүй болохоор яг хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Тухайн адуу А-ийн адуунд өвөлжөөд, хаваржаад, зуссан. Тухайн адуу нь Ч.А-ийн адуунд ирэхдээ ганцаараа гүйж ирсэн байсан. Өөр ямар нэгэн адуу байгаагүй. Тухайн адууг хэн нэгнээс худалдаж аваагүй өөрөө гүйж ирсэн адуу...” гэсэн мэдүүлгээр,
гэрч У.Г-ийн ”… А гэх залуу над руу ... утсаар залгаад адуу авч байгаа юу? адуу аваачиж өгнө гэж ярьсан тэгээд 2024 оны 08 сард …. сумын төв дээр намайг эзгүй байх үеэр "Дормон дээр нар, саран тамгатай, шүдлэн насны, дэлтэй, хүрэн зүсмийн үрээ" манай гэрийн хашаанд уяж орхиод явсан байсан. Тухайн үед А нь адуунд гарал үүслийн гэрчилгээ аваагүй байсан. Тэгээд маргааш нь Ц гэх хүн ирээд миний адуу байна чамд миний адууг хэн авчирч өгөв гэхээр нь би А манай хашаанд уяж орхиод явсан байсан талаар хэлсэн. Тэр адууг нь хот руу авч явалгүй хашаандаа үлдээгээд А-д нөгөө адуугаа аваарай гэж хэлсэн, А ч ирээд нөгөө хүрэн үрээгээ аваад явсан байсан... Би тухайн адууг 600,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон” гэсэн мэдүүлгээр,
хохирогч Д.Ц-ын “...Би ….. сумаас өөрийн эзэмшлийн 3 азарга буюу 72 тооны адууг 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрийн орчимд яг тухайн өдрөө сайн санахгүй Завхан аймгийн …. сумын ….. багийн …. гэх газарт иргэн М / М/ гэж дууддаг хүнд тууж хүргэж тоолж хүлээлгэж өгсөн юм....Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд манай адуунаас 4 тооны адуу алга болсон байсан...Тэгтэл энэ намар буюу 2024 оны 08 дугаар сарын эхээр манай суманд адуу авч байсан У.Г гэдэг залууд миний алдсан 4 тооны адууны 1 тооны адууг манай сумын …. багийн иргэн -ын А гэдэг залуу авч ирж агтанд өгсөн байсан. Манай охин Б.Ж намайг та адуу өгсөн юм уу таны тамгатай адууг агтанд өгсөн байна гэсэн. ...Би маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын эхээр л байсан яг тухайн өдрөөс санахгүй юм, агт авч байсан газарт очиж үзсэн чинь миний алдсан 4 тооны адууны нэг нь байсан. Би агт авч байсан У.Г гэдэг залуугаас энэ адууг хэн гэж хүн авч ирж өгсөн талаар асуухад Ч.А гэдэг залууг авч ирж өгсөн гэж хэлсэн. Миний алдсан адуу тухайн үед буюу 2023 оны 08 сард сартай хүрэн зүсмийн зөв талын чих оно имтэй, зөв талын гуян дээр ширээтэй дормоны дээр жижиг нар, саран тамгатай 2 настай адуу буюу эр даага байсан. Одоо 2024 онд 3 настай буюу шүдлэн үрээ байх ёстой. Миний өөрийн адуу байсан болохоор тамга, зүсээр нь адуугаа таньсан. Би өөрийн алдсан гэх 1 тооны адууг 800,000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн хүргэн хүүхдүүдийн хамт Завхан аймгийн …. сум, …. сум, …. сумдын нутгаар хайж явсан. Надад адуугаа хайж сураглаж хүмүүстэй уулзаж захиж явахад тээврийн хэрэгсэлд бензин шатахуунд 1 сая төгрөгийн хохирол учирсан. Манай адуу тухайн үед …. сумын …. багийн нутаг ….. гэх газруудаар нутаглаж бэлчээрлэдэг байсан. Манай адууг тухайн үед харж байсан Д.М гэдэг залуу байнгын хариулгатай харж байсан. Миний адуу урд өмнө нь салж айлын адуу дагаж явж байгаагүй. Миний яг унаган адуу...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.Ж-ын "... Манай ээж ..... суманд байсан адуунаас 4 тооны адуу алга болсон гэж ярьж байсан. Би нутгийн хүмүүсээс сураад л байсан сураг нь гараагүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын сүүлээр усанд явж байхад манай суманд адуу авч байсан хүний адуун дунд манай адууны им, тамга нь яг адилхан адуу байсан. Би ээж рүү яриад ороод ирээч гэсэн чинь ээж орой орж ирээд мал авч байсан адуун дунд үзэх гэсэн чинь харанхуй болчхоод юм харагдахгүй болохоор нь маргааш өглөө нь сумын төвийн баруун захад хашаанд хашсан байсан адуун дунд ээж очоод үзэхэд манай адуу мөн байна гээд тэр адууг ачуулаагүй. Тэгээд энэ адууг хэн өгсөн бэ гэхэд мал авч байсан Г гэх залуу энэ адууг Ч.А өгсөн гэж хэлсэн. Бид нар энэ манай адууг яагаад зарсан юм бэ? гэхэд эхлээд манай найз өгсөн гэж байснаа сүүлдээ болохоор адуунд маань ирээд нийлсэн өвөлжөөд, хаваржаад, зуссан юм. Эзэн нь гээд хүн ирэхгүй болохоор нь адуу худалдаж авч байна гэхээр нь зарсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.М-ын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний “...Би Д.Ц гэх хүний төрсөн дүү бид 2 нэг айлын хүргэчүүд байгаа юм. Садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Би Ц-ын адууг 2021 оны 09 сараас эхлэн маллаж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн. Адууг нь хүлээлгэн өгөхдөө тоог нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Өөрөө ирээд тоолж аваад явсан. 2022 оны зун азарга хасаад зөв талын гуяндаа дөлтэй ширээтэй дормон тамгатай хар даага, хээр шүдлэн үрээ 2 алдсан тэрийг Ц өөрөө мэдэж байгаа. Намайг адууг нь хариулж маллаж байхад ямар нэгэн адуу алга болоогүй...” гэсэн мэдүүлгээр,
У.Г-д Ч.А-ийн худалдсан 1 тооны адууг Д.Ц өөрийн адуу мөн байна гэж таньсан тухай тэмдэглэсэн 2024 оны 10 дугаар сарны 31-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр,
Ч.А-ийн адуу завшсан үйлдлийн улмаас Д.Ц-д 800,000 төгрөгийн хохирол учирсан нь “….” ХХК-ний шинжээч Ж.О-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-24/21 дугаартай “…сартай хүрэн үрээ -нийт үнэ 800,000 ...төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэсэн дүгнэлтээр тус, тус нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан, тухайн мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг, харин тухайн мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд бусдын эзэмшилд шилжин ирсэн тохиолдолд завших гэмт хэргийн шинжийг агуулна гэж тодорхойлжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ ...шүүхийн шийдвэр үндэслэлгүй, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд бус, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн тул тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.
Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төсөөтэй боловч, хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдана.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах идэвхтэй үйлдлээр илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдгаараа онцлог юм.
Алдуул мал гэдэг нь хэн нэгэн этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг уснаасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй, мэдэгдэхгүй, эзэнгүй байгаа малыг ойлгоно. Түүнчлэн алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшин дассан бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малын эзнийг олох алхам хийгээгүй, эс үйлдэхүйгээр бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатайгаар завшсан шууд санаатай үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч Ч.А-ийн үйлдэл нь бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ч.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...алдуул мал завших гэмт хэргээр зүйлчилж, шүүгдэгч Ч.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.А-д шүүхээс оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд нь тохирсон бөгөөд ял хүнддээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Н.Б-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ