| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/02188/И |
| Дугаар | 192/ШШ2025/07096 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/07096
2025 09 11 192/ШШ2025/07096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо******* импорт ХХК-ийн зүүн тал өөрийн байр ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж өөрийн байр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Ривер гарден 304 байр 701 тоотод оршин суух Пантийгийн*******,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй 4014 кмв талбайтай газраас 1056 кмв талбайтай газрын эзэмших эрхийг П.Ганхуягт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сумъяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Иргэн П.Ганхуягийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн******* дүгээр магадлалаар П.Ганхуягийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “Комплекс импорт” ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Ганхуягт бүрдүүлэн өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даапган шийдвэрлэсэн. Ингээд иргэн П.Ганхуягийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/141/2988 дугаартай “Эзэмших эрх шилжүүлэх тухай” албан бичгээр: “гэрчилгээний******* дүгаар, нэгж талбарын******* дүгаарт бүртгэлтэй 4,014 м.кв талбайтай газраас тодотгол хийсэн 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг төлбөр авагч П.Ганхүягийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гарган хариу мэдэгдэхийг мэдэгдье” гээд “Хөх хасагт” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн кадастрын зургийг хавсаргасан болохыг манай компанийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олж мэдлээ. Шүүх иргэн П.Ганхуягт 1,056 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа “Ган энд С трейд” ХХК-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 30 тоот: “Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дүгаар хорооны нутаг дэвсгэрт “Комплекс импорт” ХХК-ийн зүүн талд байрлах тус компаний авто сервис, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглуулахаар олгогдсон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м-ийн 1,056 м.кв тапбайг “Монгол Алтай Индастри” ХХК-д шилжүүлэхийг үүгээр зөвшөөрч байна” гэсэн агуулгатай албан бичигт үндэслэсэн билээ. Манай компанийн одоогийн байдлаар эзэмшиж буй 4,014 м.кв газраас иргэн П.Ганхуягт 1,056 м.кв талбайтай газрыг шилжүүлэх тохиолдолд “Ган энд С трейд” ХХК-ийн тухайн үед буюу 2000 онд газар шилжүүлэх тухай албан бичгийг үйлдэх цаг мөчид эзэмшиж байсан 3,000 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайг салган шилжүүлэх ёстой юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай компанид огт мэдэгдэж, тайлбар авалгүйгээр, хэт нэгталыг баримтлан иргэн П.Ганхуягийн захиалгаар “Хөх хасагт” ХХК-ийн хийсэн кадастрын зургийн дагуу 1,056 м.кв газрыг иргэн П.Ганхуягт шилжүүлсэн тохиолдолд манай компанийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байна. Учир нь “Хөх хасагт” ХХК-ийн иргэн П.Ганхуягийн нэр дээр үйлдсэн кадастрын зураг нь манай компанид Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн талбайгаас оруулахдаа бидний зөвшөөрөлгүйгээр кадастрын зургийг хийсэн байх ба уг зургийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүүль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хүүльд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талүүд дараахь эрхтэй”, мөн зүйлийн 33.1.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажүүлах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах”, 44 дүгээр зүйлийн 44.2.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талүүд /төлөөлөгчид/, бүсад хүн, хүүлийн этгээдийн төлөөллийг дүүдан ирүүлэх”, 44.2.2-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талүүд /төлөөлөгчид/ бүсад хүн, хүүлийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргүүлан авах; нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах” эрхтэй гэж заасныг зөрчин биднээс ямар ч тайлбар, нотлох баримт, тодорхойлолт авалгүйгээр хэт нэг талын эрх ашиг, сонирхлыг дээгүүр тавьж, ямар ч тогтоол шийдвэр гаргалгүйгээр зөвхөн албан бичгээр манай эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхээр хандаж буй нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд дурдсанаас давсан ажиллагааг гүйцэтгэж байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Шүүхийн шийдвэрийн дагуу бидний зүгээс барилгыг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй 4014 кмв талбайтай газраас 1056 кмв талбайтай газрын эзэмших эрхийг П.Ганхуягт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариу тайлбартаа: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шуухийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн******* дугаар магадлалаар нэхэмжлэгч П.Ганхуягийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо,******* импорт компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1.056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож “*******” ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Ганхуягг бүрдүүлэн өгөх, улсын тэмдэгтийн хураамж 210.600 төгрөгийг гаргуулж П.Ганхуягт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тус газраас дээрх шүүхийн шийдвэр биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Ганхуягт бүрдүүлэн өгөх тухай мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4-141/855, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4-141/2386 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо,******* импорт компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч П.Ганхуягийн өмчлөлд шилжүүлэх бүртгэх тухай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1.056 м.кв талбайтай газрыг төлбөр авагч П.Ганхуягийн эзэмшилд шилжүүлэх бүртгэх тухай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлсэн. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мөнхбуян тайлбартаа: “Шүүх энэ газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэхдээ П.Ганхуягийн өмч юм гэдгийг тогтоосон. Ийм учраас энэ хөрөнгийн бүрдэл хэсэг болох газрын П.Ганхуягт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр энэ барилгыг олго дээр нь нэмээд тэр барилгын доор болон эргэн тойрны 1056 м.кв газрыг олго гээд шийдвэрлэчихсэн. Одоо эдний яриад байгаа давхцал болон давхцаагүй гэдэг асуудлыг өмнө нь энэ маргаан явж байхад нэхэмжлэгч тал бол үүн дээр шинжээч томилоод нотлох баримтуудаа гаргаад энэ үндэслэлээр маргах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгээгүй. Шүүхээс бол 1056 м.кв талбай бүхий газрыг Хөх асгатын гадастрын зургыг үнэлээд шүүхээр тогтоочихсон үйл баримт. Шүүхээр тогтоосон үйл баримтыг өнөөдөр шийдвэр гүйцэтгэсэн ажиллагааны тогтоол хууль бус юмаа гэж задлаад дахиад хаашаа юм өөр байдлаар газар өг гэж ингээд шүүхийн шийдвэр гаргуулах боломжгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн******* дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, ******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12/23 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/457 дугаартай хариу мэдэгдэх хуудас, ******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17/23 дугаартай гомдол гаргах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1103 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрэээний хуулбар, кадастрийн зураг, 2023.04.26-ны өдрийн 19/23 дугаартай итгэмжлэл, фото зураг, 2021.03.24-ны өдрийн 25/21 дугаартай албан бичгийн хуулбар, Газар зохион байгуулалтын газрын 2021.03.29-ны өдрийн 02-06/2251 дугаартай албан бичгийн хуулбар, хавсралт 8 хуудас, 2019.05.14-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хуулбар, Ган энд С трэйд ХХК-ийн 200 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №30 дугаартай албан бичгийн хуулбар, Кадастрын зургийн хуулбар, эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01115 дугаар магадлал хуулбар, 2025.09.09-ны 23/25 дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчаас 2023.05.08-ны өдрийн 1-224/247 дугаартай итгэмжлэл, 2022 оны 11 сарын 01-ны өдрийн 102/ГХ2022/01810 дугаартай Гүйцэтгэх хуудасны хуулбар, шүүхийн шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар, 2022 оны 11 сарын 01-ны өдрийн албадан гүйцэтгэх захирамжийн хуулбар, П.Ганхуягийн өргөдөл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2023.01.03-ны хугацаат мэдэгдэлийн хуулбар, зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.11-ны өдрийн 4-141/855 дугаартай албан бичгийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.02-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.02-ны өдрийн 4-141/2386 дугаартай албан бичгийн хуулбар, кадастрын зураг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.02.07-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.09-ны өдрийн дугаартай Эзэмших эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.09-ны өдрийн дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2023.03.09-ны хугацаат мэдэгдэлийн хуулбар, 2023.03.09-ны үзлэг нэгжлэг хийсэн тухай акт, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.03.09-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.14-ны өдрийн 4-141/4814 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.03.29-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, ******* ХХК-ийн 2023.04.10-ны гомдлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/457 дугаартай хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1103 дугаартай албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12/23 дугаартай гомдол гаргах тухай албан бичгийн хуулбар, /ХХ-ийн 46-83 дугаар тал/, 2024.07.23-ны өдрийн 2-141/283 дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс баримт ирүүлээгүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/05227 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 01-05/2480 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Нийслэлийн засаг даргын 2017 оны А/750 дугаар захирамжаар ******* ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын 1681700163 дугаар бүхий газартай холбоотой захирамжийн болон нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримтын хуулбар /хх-186-221/,Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 102/ШЗ2024/14610 дугаартай захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2/2366 дугаартай албан бичгээр 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/25 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй 4014 кмв талбайтай газраас 1056 кмв талбайтай газрын эзэмших эрхийг П.Ганхуягт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалздаг.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаартай шийдвэрээр нэгж талбарын*******, 18638310412168 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 20-р хороонд 4014 мкв газрыг 15 жилийн хугацаатай, Авто сервис, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр нэхэмжлэгч ******* ХХК-д******* дугаартай гэрчилгээ олгосон байна.(хавтаст хэргийн 26, 187 – 190 дахь талд)
3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн******* дугаартай магадлалаар нэхэмжлэгч П.Ганхуягийг Баянгол дүүрэг 5 дугаар хороо******* импорт компанийн зүүн талд орших 432 мкв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 мкв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Ганхуягт бүрдүүлэн өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 47 – 57 дахь талд)
3.3. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 102/ШЗ2022/18175 дугаартай захирамж, 102/ГХ2022/01810 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.(хавтаст хэргийн 46, 58 дахь тал)
3.4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 4-141/855 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай “ албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.02-ны өдрийн 4-141/2386 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгч ******* ХХК-д хүргүүлж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн******* дугаартай магадлалыг биелүүлэх талаар мэдэгдсэн.(хавтаст хэргийн 61, 64 дэх тал)
3.5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай “Эзэмших эрх шилжүүлэх тухай” албан бичгээр гэрчилгээний******* дугаартай, нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй, 4014 мкв талбайтай газраас тодотгол хийсэн 1056 мкв талбайтай газар эзэмших эрхийг төлбөр авагч П.Ганхуягийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гаргахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан.(хавтаст хэргийн 69 дэх тал)
3.6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 4-141/4814 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгээр ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн 2205017520 дугаартай, Баянгол дүүрэг 5 дугаар хороо******* импорт компанийн зүүн талд орших 432 мкв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг П.Ганхуягийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, хуучин гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан. (хавтаст хэргийн 70, 76 дахь талд)
3.7. Зохигчид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн******* дугаартай магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгчид мэдэгсэн эсэхэд маргаангүй, Баянгол дүүрэг 5 дугаар хороо******* импорт компанийн зүүн талд орших 432 мкв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг П.Ганхуягт шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаангүй.
Харин нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй, 4014 мкв талбайтай газраас 1056 мкв талбайтай газар эзэмших эрхийг төлбөр авагч П.Ганхуягт шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд маргаантай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5. “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж заасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаартай шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай “Эзэмших эрх шилжүүлэх тухай” албан бичгээр гэрчилгээний******* дугаартай, нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй, 4014 мкв талбайтай газраас тодотгол хийсэн 1056 мкв талбайтай газар эзэмших эрхийг төлбөр авагч П.Ганхуягийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гаргахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасныг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, 44.2. “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна” , 44.2.11. “төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах”, 44.2.18. “хуульд заасан бусад” гэж тус тус заасан.
Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч П.Ганхуягийг Баянгол дүүрэг 5 дугаар хороо******* импорт компанийн зүүн талд орших 432 мкв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 мкв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Ганхуягт бүрдүүлэн өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж” шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагаа явуулж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн,******* дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын*******, 18638310412168 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 20-р хороонд байрлах 4014 мкв талбайтай газраас үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 1,056 мкв талбайтай газрыг төлбөр авагч П.Ганхуягт шилжүүлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимд нийцсэн байна.
Тодруулбал, “Орчим” гэдэг үгийг Монгол хэлний тайлбар тольд[1] “Ойр тойрон: хотын орчим (хотын ойр тойрон), ойр орчим [хоршоо] (ойр хавь) - Ойр орчмын улс тойром руу морьтой, явган хөтөлж… очив. А.Дашням. Хүрэндэлтийн хүүхэн., ойр орчмын хүмүүс (а. Эргэн тойронд байгаа хүмүүс; б. Хамаатан садан), хил хязгаар орчмын цэрэг (хилийн ойролцоо байрладаг цэргийн ангийн цэрэг) гэж тайлбарласан байх ба үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын эргэн тойрны эзэмшлийн газрын хамруулан, төлбөр төлөгчийн эзэмшлийн 4014 мкв газраас 1,056 мкв талбайтай газрын эзэмших эрхийг төлбөр авагч П.Ганхуягт шилжүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч талын “...Шүүх иргэн П.Ганхуягт 1,056 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа “Ган энд С трейд” ХХК-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 30 тоот: “Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дүгаар сарын 19-ний өдрийн А/160 дүгаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дүгаар хорооны нутаг дэвсгэрт “Комплекс импорт” ХХК-ийн зүүн талд байрлах тус компаний авто сервис, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглуулахаар олгогдсон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м-ийн 1,056 м.кв тапбайг “Монгол Алтай Индастри” ХХК-д шилжүүлэхийг үүгээр зөвшөөрч байна” гэсэн агуулгатай албан бичигт үндэслэсэн”, “манай компанийн одоогийн байдлаар эзэмшиж буй 4,014 м.кв газраас иргэн П.Ганхуягт 1,056 м.кв талбайтай газрыг шилжүүлэх тохиолдолд “Ган энд С трейд” ХХК-ийн тухайн үед буюу 2000 онд газар шилжүүлэх тухай албан бичгийг үйлдэх цаг мөчид эзэмшиж байсан 3,000 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайг салган шилжүүлэх ёстой” гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн******* дугаартай Магадлалд Ган энд С Трэйд ХХК-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг барилгын орчмын 1056 мкв талбайтай газрыг эзэмших эрхтэй гэдгийг тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дүгаар захирамжаар олгосон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м-ийн 1,056 м.кв талбайг нэхэмжлэгчид олгох агуулга огт байхгүй.
7. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй 4014 кмв талбайтай газраас 1056 кмв талбайтай газрын эзэмших эрхийг П.Ганхуягт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын******* дугаарт бүртгэлтэй 4,014 кмв талбайтай газраас 1,056 кмв талбайтай газрын эзэмших эрхийг П.Ганхуягт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР