| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10657/И |
| Дугаар | 192/ШШ2025/09497 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/09497
2025 11 17 192/ШШ2025/09497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө *** тоот хаягт байрлах Ж ББСБ ХХК /рд:****/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Су эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэнг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Жи ББСБ ХХК нь А.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,855,277.9 төгрөг гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэнийхэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын 2024.09.24-ний өдрийн 439/4613 дугаартай албан бичгээр А.С-г эрэн сурвалжлан Дархан-Уул аймгийн шарын голсуманд байрлах Мөнх Оньст ХХК-д жолоочоор ажиллаж байгааг олж тогтоосны дагуу харьяа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс хариуцагч А.Сумъяасүрэнг Дархан-Уул аймгийн шарын гол сумын аль баг, хэд дүгээр байр, хэдэн тоотод оршин суудаг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Адъяасүрэнгийн С эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.С эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
А.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 135/ШЗ2024/06846 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 19 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд А.С эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У /утас:*****/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН