Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00482

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00482

 

 

 

Ч.О Л.С,, Д.Сэ, Б.Ө- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00155 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.О Л.С,, Д.Сэ, Б.Ө- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нью капитал констракшн ХХК-д холбогдох

Орон сууц захиалгын гэрээний 1.4, 3.4-д заасны дагуу гэрээний дагуу үүргийн гүйцэтгүүлэхийг хангуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны хэсэгт хамаарах зам талбайн тохижилтыг хийлгэх, 1 дүгээр байрны гадна цахилгааны түр холболтыг найдвартай эх үүсвэрт холбуулах, Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны цахилгааны кабелыг 48 айлын цахилгааны хэрэгцээг бүрэн хангах, стандартад нийцсэн хүчин чадалтай цахилгааны кабелаар солиулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.О Л.С,, Д.Сэ, Б.Ө- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДарханУул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны 00, 00, 00, 00 тоотын оршин суугчид Л.С,, Д.Сэ, Б.Ө-, Ч.Оюунчимэг нар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13/1,8 тоотод байрлах Ньютранс өгөөмөр ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны 00, 00, 00, 00 тоотыг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн оршин сууж байна. Орон сууц захиалгын гэрээний 1.4-д заасны дагуу орон сууцны стандартын шаардлага /цахилгаан, сантехник, вакум цонх, паркетан шал, ханын цаас, ванн, суултуур, угаалтуур, хамгаалалтын төмөр хаалга, домофон систем/-д нийцсэн байна мөн гэрээний 3.4-д заасны дагуу шаардлагатай /инженерийн шугам сүлжээ/ дулаан, цахилгаан, цэвэр бохир усан хангамж гэх мэт хийж гүйцэтгэх ба угсарсан тоног төхөөрөмжиндөө туршилт тохируулга хийж найдвартай ажиллагааг хангана гэж тус тус заасан. Бид уг гэрээний дагуу төлбөр тооцоог бүрэн барагдуулсан боловч гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс манай байрны оршин суугчид бид цахилгаанаа түр холболтоор хажуугийн Ерөө өгөөж гурилын үйлдвэрээс цахилгааны эх үүсвэрээ авч байсныг 2017 онд мэдсэн. Одоо гурилын үйлдвэрийн зүгээс манай байрны цахилгааныг таслах явдал байнга гардаг бөгөөд ДСЦТС ХК-д хандахад танайх техникийн нөхцөлийн дагуу холболт хийгдээгүй цахилгааны эх үүсвэргүй учир энэ асуудлыг манай байгууллага хариуцахгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн. Бид Ньютранс өгөөмөр ХХК-д энэ талаар мэдэгдэхэд өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй болно. Энэ хугацаанд Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хандсан болно. Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 07 албан тоот бичгээр Ньютранс өгөөмөр ХХК нь техникийн нөхцөлийн дагуу холболт хийгээгүй учир айл, өрх бүртэй гэрээ хийх боломжгүй учир та бүхэн шүүхэд хандан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн. Нью капитал констракшн ХХК хуучин нэрээр Нью транс капитал ХХК Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны цахилгааны эх үүсвэрийг түр холболтоор Өгөөж гурил ХХК-ийн цахилгааны эх үүсвэрт холбохдоо тус байрны нийт 48 айлын цахилгааны хэрэгцээг хангаж чадахгүй хүчин чадал бага кабел утсаар холбосон мөн цахилгааны кабел ил гарсан байдалтай байх бөгөөд хүчин чадал багаас шалтгаалан цахилгааны кабелд 8 удаа гэмтэл гарч 8 удаа муфт /сэлбэн засварлах/ тавьж холбосон бөгөөд энэ байдлаараа цаашид байрны 48 айл тог цахилгаангүй, гал түймрийн аюул гарч оршин суугчдын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдалтай байх тул оршин суугчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1.4-д заасны дагуу орон сууц стандартын шаардлага хангасан цахилгаан, сантехник, вакум цонх, паркетин шал, ханын цаас, ванн, суултуур, угаалтуур, хамгаалалтын төмөр хаалга, домфон систем/-д нийцсэн байна мөн гэрээний 3.4-д заасны дагуу цэвэр, бохир усан хангамж гэх мэт хийж гүйцэтгэх ба угсарсан тоног төхөөрөмждөө туршилт тохируулга хийж найдвартай ажиллагааг хангана гэж тус тус заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 48 айлын хэрэгцээг бүрэн хангах, стандартад нийцсэн хүчин чадалтай кабелаар солиулах гэж нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Нью капитал констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ньютранс өгөөмөр ХХК нь Өсөх урам ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт 6 давхар, 240 айлын 5 блок орон сууцны хороолол барихаар тохиролцож 50/50 хувийн хөрөнгө оруулалтыг гаргаж Будда хотхон барихаар тохиролцсон. Үүний дагуу эхний 1 блок орон сууцыг ашиглалтад оруулах явцад Өсөх урам ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2017/02817 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ захирамжаар 240 айлын орон сууцны барилгатай холбоотой ажлыг Өсөх урам ХХК цаашид дангаараа 100 хувь хариуцаж, мөн барилгыг бариулж дуусгахаар, цаашид хамтран ажиллах гэрээтэй болон Будда хотхонтой холбоотой аливаа асуудлаар нэхэмжлэл, гомдол нэхэмжлэл гарсан бол Өсөх урам ХХК нь хариуцахаар эвлэрсэн. Мөн Будда хотхоны гадна зам талбай, асфальт хийх ажлыг Өсөх урам ХХК бүрэн хариуцаж дуусгахаар гэрээнд заасан. Иймд манай компани хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35 дугаар зүйлийн 35.3, Иргэний хуулийн 254 дүгээр зүлйийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О Л.С,, Д.Сэ, Б.Ө- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нью капитал констракшн ХХК-д холбогдох Орон сууц захиалгын гэрээний 1.4, 3.4 д заасны дагуу гэрээний дагуу үүргийнгүйцэтгүүлэхийг хангуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны хэсэгт хамаарах зам талбайн тохижилтыг хийлгэх, 1 дүгээр байрны гадна цахилгааны түр холболтыг найдвартай эх үүсвэрт холбуулах, Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны цахилгааны кабелыг 48 айлын цахилгааны хэрэгцээг бүрэн хангах, стандартад нийцсэн хүчин чадалтай цахилгааны кабелаар солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод оруулж, илүү төлсөн 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Тунбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулах үед нэхэмжлэгч нар нь "Нью транс Өгөөмөр" ХХК-тай /Нью капитал констракшн ХХК болж өөрчлөгдсөн/ байгуулсан бөгөөд гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг тус "Нью капитал констракшн" ХХК-аас шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь гэрээ байгуулах үед ямар нэгэн байдлаар гуравдагч этгээд оролцоогүй бөгөөд хариуцагчийн гаргасан хариу тайлбарт дурдагдах "Өсөх урам" ХХК-тай ямар нэгэн харилцаанд ороогүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан "Өсөх урам" ХХК, "Нью капитал констракшн" ХХК-уудын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2017/02817 дугаар захирамжаар эвлэрсэн талаарх баримт нь энэхүү хэрэгтэй хамааралгүй бөгөөд "Орон сууц захиалгын гэрээ" байгуулагдсанаас хойш гарсан хэрэг явдал юм. "Будда таун" хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад техникийн нөхцөлийн дагуу холболтыг хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэтч нар болох тус хотхоны оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргаантай харилцааны оролцогчийг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Нью транс өгөөмөр ХХК-д холбогдуулж ДарханУул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхоны 1 дүгээр байрны хэсэгт хамаарах зам талбайн тохижилтыг хийлгэх, 1 дүгээр байрны гадна цахилгааны түр холболтыг найдвартай эх үүсвэрт холбуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Будда хотхоны 1 дүгээр байрны цахилгааны кабелыг 48 айлын цахилгааны хэрэгцээг бүрэн хангах стандартад нийцсэн хүчин чадалтай цахилгааны кабелаар солиулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Нью транс өгөөмөр ХХК-д холбогдуулж 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч Нью транс өгөөмөр ХХК-ийн оноосон нэрийг Нью капитал констракшн ХХК болгож 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрчилсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, УБЕГ-ын улсын бүртгэлийн нэгдсэн архивын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдсон байхад хариуцагчийг солих эсэх асуудлыг хөндөөгүй, зохигчдын энэ талаарх саналыг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Шүүх иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг өөрчлөөгүй, хариуцагчийг солих ажиллагаа хийгээгүй атлаа хариуцагч Нью капитал констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэлийг буюу нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаагүй шаардлагыг шийдвэрлэсэн, өөрөө санаачилгаараа /нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй/ хариуцагчийг тодорхойлох зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт тус тус заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах арга хэмжээ авах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тунбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ