Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Д.Уянга,

хохирогч Э.Б

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч А.Содхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 1806 0547 01322 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кебаб түргэн хоолны газарт Э.Б маргалдан, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоолны газар хоол идэх гээд сууж байхад хажуу талд хүмүүс чанга яриад байхаар нь би чимээгүй бай гэж хэлтэл намайг зодсон. Миний гар тухайн үеэс болоод хугарсан одоо битүү гэмтэлтэй байгаа гэв.

Хохирогч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 6 дугаар сарын 17-18 шилжих шөнө би найзуудын хамт хоол идэж сууж байтал энэ ах чимээгүй бай гэхээр нь эхлээд уучлаарай гэж хэлсэн. Тэгээд дараа нь чимээгүй бай гэхээр нь манай найз уурлаад намайг цохиод авсан. Би тухайн үед тэр ахад би авто осолд орж байсан. Миний нүүр ясгүй шүү гэж хэлж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Маргааш нь энэ ах миний гар хугарсан байна. Цагдаа нар хугалсан та нар харсан биз дээ гээд байсан. Би маш их гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс хоол идэхээр гараад Кебаб КПС ч билүү тиймэрхүү нэртэй түргэн хоолны газар ороод дүү Мөнх-оргилын хамт хоол захиалчихаад сууж байсан чинь хажуугийн ширээнд сууж байсан 3 залуу нилээн чанга яриад байхаар нь “та нар жаахан дуугаа аяар болгочихооч тухтай хоол идчихье” гэж хэлсэн. Тэгтэл нэг бүдүүн залуу босож ирээд “чам шиг хөгшин 3 нөхрийг газар дээр нь алах чадвартай “гэхээр нь муудалцах шаардлага байхгүй ээ гэж хэлэхэд тэр залуу янз янзын юм яриад байсан. Миний хажууд явсан дүү муудалцээд байхаар нь би суулгаад уг хоолны газрын хүмүүст камераа асаагаад цагдаагаа дуудаарай, юу ч болж магадгүй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр ширээнээс цаана сууж байсан залуу босож ирээд миний нүүрлүү цохих гэхээр нь би бултаад босоод тэр залуугийн хоолойноос боогоод газар унагаагаад газар духаар нь мөргүүлсэн. Газар унасан байхад бид 2 ноцолдсон, хэн хэнийхээ дээр доор орсон асуудал байгаа. Би боочихсон байхад тэр залуу доороос гараараа нүүрлүү цохиж байсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би газарт унасан байхад нь хоолойноос нь боогоод босгоогүй. Хоолны газрын хүмүүс цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа ирсэн. Эг хоолны газраас бүндийг аваад гарсан, намайг Цагдаагийн машинд суу гэхээр нь би суухгүй гэхэд дуудлагаар ирсэн офицер, цагдаа 2 зэрэг 2 талаас миний 2 гарыг мушгингуут миний баруун талын гар эвгүй болохоор нь би мушгиатай чигээрээ өвдөглөөд газар унасан. Би тухайн үед гар эвгүй болчихлоо тавьчих гэхэд тавиагүй, тэр чигээр нь гавлачихсан. Тэгээд Цагдаагийн машинд суугаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн найз Ижилмөрөн болон түүний эхнэр Баярмаа нарын хамт Халдвартын ойролцоо байрлах Кебаб түргэн хоолны газарт 02 цаг өнгөрч байхад зууш идээд сууж байсан. Би өөрийнхөө хүүхдийн тухай яриад жаахан чанга инээсэн, тэгтэл хажуугийн ширээнд сууж байсан 2 залуугийн хөгшин ах нь “пизданууд минь, аажуухан байгаач, яасан чанга инээдэг юм бэ гэхээр нь би гараараа даллаад “уучлаарай ахаа” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө ах хажуугийнхаа залууд чанга дуугаар “шоронд эд нар шиг пиздакуудыг хэн гэдгийг мэдэх үү, банди гэдэг” гэж хэлсэн. Би босоод гарья гээд тооцоогоо хийж байсан чинь манай найз Ижилмөрөн нөгөө 2-ийн сууж байсан ширээн дээр очоод “манай найз та нараас уучлал гуйлаа шүү дээ, яагаад бид нарыг доромжилоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь арай залуухан залуу нь салаавч өгөөд “чи хаанахын пизда вэ” гээд босоод ирсэн. Манай найз “би өөрөө хаанахынх юм бэ” гэж асуусан. Тэгсэн чинь тэр залуу “бид нар Төв аймгийн шоронгийн атманууд байна, та нар яахын” гээд маргаан үүссэн. Би очоод Ижилмөрөнг хойшоо түлхээд нөгөө босоод ирчихсэн 2 хүнийг түлхсэн. Тэр үед Ижилмөрөнгийн эхнэр Баярмаа цагдаа дууд гэж хэлсэн …тэгсэн тэр хөгшин ах нь намайг цохиж авах гээд далайхад нь би бултахад хий ширээ рүү зүүн гараараа цохиж аваад намайг барихаар нь би өөдөөс нь барилцаад авсан. Намайг боож унагаагаад миний дэр дарж сууж байгаад миний нүүрэн дээр гараараа цохиод байсан. Би өөдөөс нь ноцолдох нь буруу юм байна гэж бодоод 2 гараа сул тавьсан, “би аваарт ороод нүүр нүдний гэмтэлтэй учраас би нүүрэндээ маш олон хадаастай шүү, өөрөө өөртөө битгий гай удаарай гэж анхааруулж хэлж байсан. Тэгтэл тэр намайг зодож байгаа ах “чи 50 хүрч байгаа хүнд зодуулж байна ш дээ, та нар шорон цагдаагаар алингаар нь явсан ч намайг барахгүй шүү” гээд нүүрэн дээр цохиод байсан.Сүүлдээ би доошо хараад хэвтчихсэн чинь миний өмдний тэлээнээс өргөж байгаад нүүрээр газар плитан дээр саваад байсан. Нилээн том биетэй бяртай хүн байна лээ. Би тэр хүний биел онт гар хүрээгүй. Би тухайн үед 1 лааз пиво уучихсан байсан, би эрүүл байсан. Би томографийн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан, шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Үүнийгээ хэргийн материалд хавсаргалаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Г.Ижилмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуугийн ширээний 2 ах “эд нар чимээгүй болчихдоггүй юм байх даа” гээд бид 3-ийг доромжилсон утгатай үг хоорондоо ярьж инээлдээд байсан. Тэгэхээр нь би тэр 2 хүн дээр очоод “яагаад ингэж доромжлоод байгаа юм вэ, та нарыг аяархан бол гэхээр чинь бид нар чимээгүй ярьлаа” гэж хэлсэн. Тэр 2 хүний арай залуухан нь надад “чи хэнтэй, юу ярьж байгаагаа мэдэж байна уу, манай энэ ах Төв аймгийн шоронгийн том атаман, та нарыг гөлөг болгоно” гэх мэтээр дайраад босож ирэх гээд байсан. Тэр үед цагдаа дуудахаар болоод үйлчлэгч нарыг цагдаа дууд гэж хэлсэн. Энэ үед маргаан хүчтэй өрнөсөн. Би эхнэрээ дуудаад Баатархүүг аваад гарах гэсэн чинь тэр 2 залуу ардаас босож ирээд маргалдаад байхаар нь цагдаа дуудсан ирж байгаа, цагдаа ирэхээр учраа ольё гээд байж байсан. Гэнэт нөгөө хөгшин ах Баатархүүг барьж аваад эргээд харахад Баатархүүг ширээн дээр хүчтэй унагааж байсан. Нөгөө залуу намайг цохих гээд байхаар нь гарнаас нь бариад зогсож байсан. Баатархүүг тэр хөгшин ах нилээн цохисон, газарт унагаасан. Баатархүү бол ямар нээн байдлаар тэр хүний биед гар хүрч эсэргүүцэл үзүүлээгүй. Баатархүү тухайн үед “би зодолдож эсэргүүцэл үзүүлэхгүй ээ ахаа, та намайг ямрыг мэдэхгүй байна, цагдаа ирэхээр учраа ольё” гэж байсан. Тухайн үед Б дух хавдсан, хүзүү нь улайчихсан байдалтай байсан. Баатархүү урьд нь осолд орж байсан учраас зодоон бол огт хийхгүй юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн  дүгнэлтэд “Б биед тархи доргилт, дух зүүн шанаа, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.Б биед зүүн хацар хоншоор, 2 нүдний ухархайн доод хана, хамрын ясны хуучин хугарал, хамрын таслийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэжээ /хэргийн 14 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кебаб түргэн хоолны газарт Э.Б маргалдан, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хэргийн 13, 16 дугаар хуудсуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчээс 128.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.