Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/18

 

                                                                                            Г.Н-т холбогдох эрүүгийн

                                                                                                      хэргийн талаар

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                     О.Б

          Шүүгдэгч                                                                      Г.Н

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                              Б.А

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                          М.Д /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/31 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.Н-т холбогдох 2523000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сум ..... багийн ..... .... хэсэг 2-7 тоотод  оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт ....-ын Н /регистрийн дугаар ............/

Шүүгдэгч Г.Н нь Завхан аймгийн ..... сумын ..... багт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг 30 минутад Завхан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Д нь батлагдсан томилгооны дагуу үүргээ гүйцэтгэж байхад нь ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа цагдаагийн албан хаагчид овог нэрээ хэлэхээс татгалзаж, маргалдаж улмаар цагдаагийн албан хаагчийг машинд суу гэж биед нь халдаж хувцсыг нь урж хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..... овогт ....-ын Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 252300000016 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Н-ыг цагаатгаж, Г.Н-т 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Н нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Прокурор О.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Цагаатгах тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Шүүх цагаатгах тогтоолд "... Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д заасан тохиолдлуудад бичиг баримтыг шүүхийн зөвшөөрөлгүй түр хураан авна гэж заасан бөгөөд хураан авсан шалтгаанаа хэлэлгүйгээр Г.Н-ын жолоочийн үнэмлэхийг үндэслэлгүйгээр хураан авсныг цагдаагийн албан хаагч хуульд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна. Учир нь цагдаагийн албан хаагч М.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг 30 минутын орчимд Цагдаагийн газрын даргын баталсан хуваарь, томилгооны дагуу үүрэг гүйцэтгэн явахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.2-т стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бурэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон" гэж заасны дагуу Г.Н-г зогсоож "Би чамайг зогсоож байна, гэрлээ асаагаагүй явж байхаар чинь яасан бол гээд зогсоож байна" гэж зогсоосон шалтгаанаа тайлбарласан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.9-д "хуульд заасан журмын дагуу тээврийн хэрэгслийг түр зогсоосон бол тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүний жолоодох эрхийн үнэмлэх, зөвшөөрлийг шалгах", мөн зүйлийн 25.3 дахь хэсэгт "... Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа хүний бичиг баримтыг шалгахдаа нэгээс хоёр алхмын зайтай зогсоож, ажиллагааг дуустал түүнийг гарын алгаа ил харагдахаар байрлуулж, тухайн газраас явахыг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагад очиж шалгуулах шаардлага тавьж болно" гэсэн Цагдаагийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний хүрээнд хууль ёсны шаардлага тавихад яллагдагч Г.Н бичиг баримтыг шалгах явцад цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, доромжилж ёс бус үг хэллэгээр доромжилж байгаа нь хэрэгт авагдсан энгэрийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Шүүхийн цагаатгах тогтоолд "ямар шалтгаанаар бичиг баримт хурааж авснаа хэлээгүй, М.Д-г хуульд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Цагдаагийн албан хаагч М.Д нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөнд гэрэлгүй оролцсон жолоочийг шалгах, шалтгааныг тодруулах зорилгоор хууль ёсны шаардлага тавихад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн үйлдлийг эсэргүүцэж, доромжилсон зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахдаа "намайг доромжилсон болохоор бичиг баримтыг чинь хурааж авч байна" гэж тайлбарлаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт "Хүний бичиг баримтыг шалгасан цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа шаардлагатай бол дараах ажиллагааг явуулна, мөн зүйлийн 25.5.7 дахь хэсэгт "гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх", 25.5.8 дахь хэсэгт "зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй, эсхүл хүний бичиг баримтыг шалгах болсон бусад үндэслэлийг тухайн газарт шалгаж тогтоох боломжгүй бол цагдаагийн байгууллагад хүргэх" гэж хуульд заасан үндэслэлээр бичиг баримтыг түр хураан авсныг яллагдагч Г.Н эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчтай зүй бус харьцаж, маргаж, машинаасаа бууж ирж, "хувцсаа тайлчих, ийшлэх үү..... машинд суучих" гэх үйлдэл гаргаж, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдан хувцаснаас нь татаж, чангааж, урж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн атал шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл зөрчлийн шинжтэй буюу Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон" зөрчлийг шалгуулах гээд бичиг баримтыг хураах явцад цагдаагийн албан хаагчийн биед халдаж, хувцаснаас нь татаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хувцсыг нь урснаараа зөрчлөөс эрүүжиж, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хууль бус Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Гэмт хэргийг зөвхөн үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлох нь учир дутагдалтай бөгөөд, түүний заавал байх нэг шинж бол нийгэмд аюултай байх шинж юм. Аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гол шаардлага бол тэдгээр нь нийгэмд аюултай, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн, нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хохирол учруулсан, эсхүл тийм хор уршиг учрах бодит боломж бий болгосон байх явдал юм. Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж нь хууль сахиулагчдын өдөр тутмын үүрэг гүйцэтгэхэд нь саад учруулах замаар нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах явдал юм. Үүнийг задлан тайлбарлавал, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдгийн хувьд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Тэд өдөр тутмын үүрэг гүйцэтгэхдээ нийгмийн ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан болон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдтэй шууд харилцаанд орж, хууль зөрчих явдлыг таслан зогсоох ажлынхаа явцад, зөрчил гаргасан болон гэмт хэрэг уйлдсэн этгээдүүдийн зүгээс гаргах эсэргүүцэлтэй нүүр тулж, хэл амаар доромжлуулах, халдлагад өртөх, гэмтэж, бэртэх асуудал тугээмэл тохиолдохоос гадна, бүр цаашлаад амь насаа алдах явдал гардаг нь энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг тодорхойлж байна. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь гэмт этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тухайлбал "Албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдах хүчирхийллийн аливаа идэвхтэй үйлдэл хийснийг ойлгоно. "Хууль сахиулагчийн эрүүл мэндэд халдах" гэдэгт хууль сахиулагчийг зодох, хоолойг боох, түлхэх, хувцсыг нь урах, тусгай хэрэгслийг булаах, устгах, хорт бодис, араатан амьтан, хэрэг хариуцах чадваргүй хүн ашиглах зэрэг хууль сахиулагч руу шууд чиглэсэн аливаа үйлдлээр илэрч болох бөгөөд тухайн тохиолдолд биед нь халдаж, хувцаснаас нь татаж, хүч хэрэглэн эсэргүүцсэнээс хууль сахиулагчийн хувцас урагдсан байна. Г.Н нь цагдаагийн албан хаагчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичиг баримтыг хураан авсан үйлдлийн улмаас "чи хувцсаа тайлчих, хоёулаа ийшлэх үү. одоо тайлчих, одоо суучих пизда минь, чи одоо суучих, ийшээ суучих" гэх мэтчилэн үг хэллэгийг хэлж цагдаатай зууралдаж байгаа үйлдэл нь энгэрийн камерын бичлэгт бичигдсэн, мөн Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Ч.Н-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЗАВ0125/004 дугаартай "Шинжлэгдэж буй цагдаа хүрэмд шинэ урагдал үүссэн байх ба уг гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдал гэмтэл байна" гэсэн дүгнэлтээр Г.Н-ыг цагдаагийн албан хаагч М.Д-ийн биед халдаж албаны дүрэмт хувцаснаас нь татаж чангааж албаны дүрэмт хувцасны сугийг урсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Шүүхийн цагаатгах тогтоолд "шүүгдэгч Г.Н-ыг цагдаагийн албан хаагчийн гадуур хувцаснаас татаж урсан үйлдлийг М.Д-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн гэж үзэхгүй... Шүүгдэгч Г.Н-ын үйлдэлд цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх шинж байхгүй байна. Мөн Г.Н цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж байгаа нь тогтоогдож байгаа боловч хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх байдал нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг "хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол..." гэж хэлбэрийн шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн этгээд албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн "эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан" үйлдэл хийх материаллаг шинжтэй гэмт хэрэг байхаар үндэслэлгүй дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. 2. Шүүхийн цагаатгах тогтоолд "Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс зөв ялган зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан тайлбарт "хүч хэрэглэх гэж бие мах бодийн хүчирхийлэл үйлдэхэд чиглэсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ" гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд бие махбодын хүчирхийлэл гэсэн ойлголтыг хуний амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан эсхүл гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдлийг хийж эсэргүүцэхийг ойлгохоор байна Дээрх тайлбаруудаас дүгнэхэд хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хуний амь нас эруул мэндэд гэм хор учруулсан эсхул гэм хор учруулахаар чиглэсэн аливаа уйлдлийг хэлэхээр байна гэж дурдсан байна. Гэвч "Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс зев ялган зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан тайлбарт 2002 оны Эруугийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.2-т зааснаар "Нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелуулж буй цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж танхайрах үйлдлийг албаны болон иргэний үүргийн хувьд хориглон зогсоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн шаардлагыг үл ойшоох, биелуулэхгүй байх, тэдгээрийн эсрэг бие махбодын, эсхүл сэтгэл санааны аливаа хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно. "Эсэргүүцэх нь хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх хэлбэрийн алинаар нь ч илэрхийлэгдэх бөгөөд энэ үед эсэргүүцлийн ямар ч үйлдэл хийгдсэн байж болно" гэж тодорхой тайлбарласныг дүгнэхэд Г.Н нь цагдаагийн албан хаагч М.Д-г "хувцсаа тайлчих, хоёулаа ийшлэх үү, машинд суучих" гэж хувцсыг нь татаж, чангааж эсэргүүцэл илэрхийлж урсан идэвхтэй үйлдэл байна гэж үзэхээр байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" үндэслэлээр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/31 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцоно, мөн хохирогч М.Д-г оролцуулах саналтай байна гэжээ.

3. Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: …Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 31 тоот цагаатгах тогтоолтой хэрэгт прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан дараах тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, хэргийн бодит байдалтай харьцуулан, яллах талын нотлох баримтыг няцаасан дүгнэлтийг Эрүүгийн хууль, Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөв хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий цагаатгах тогтоол гаргасан. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцээгүй иргэний Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн хувийн өмчлөлийн жолооны үнэмлэхийг ямар нэгэн шалтгаангүйгээр хураан авсны дараа бичиг баримтаа авах зорилгоор араас нь татахад хувцас нь оёдлоороо урагдсан үйлдлийг санаатай биед нь халдсан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Дүрс бичлэгт авагдсан: Цагдаагийн алба хаагчийн иргэнтэйгээ харьцаж буй харьцаа болох... Яасан ... Заавал зогсоохоор яадаг юм. Хардсаныг зогсоодог юм уу? Чи Завханыхантайгаа ингэж харьцдаг юм уу аан, Чи зүгээр байгаарай чи, Чи буугаад ирээ хөөш, би чамтай муухай харьцсан бол шал өөр шүү... Яадаг юм. Чи ... өглөө ирээд уулз гэх мэт иргэн хүнд хүндэтгэлгүй хандсан нь хэрүүл маргаан үүсэх нөхцөл байдлыг бий болгосон нь: Цагдаагийн албаны тухай хуулийн 22.1-т Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хамгаалах үүрэгтэй. 22.2. Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж байгааг тайлбарлаж өгөх үүрэгтэй, 22.4. Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно. 22.5. Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон уг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгуй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж хуульчилсан байхад ямар нэгэн үндэслэл бүхий шаардлагыг хэлэхгүй шууд бичиг баримтыг нь хураан авч явсан нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2-т Цагдаагийн байгууллагын нэр хунд, олон нийтийн итгэл нь алба хаагч нэр бүрээс шууд шалтгаална гэдгийг байнга анхаарч, албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ, 2.2.1-т Албан хаагч нь хүндлэл төрүүлэхүйц байдлыг эрхэмлэж байх, 2.3.3-т Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусадтай зөв боловсон эелдэг, хүлээцтэй, тэвчээртэй, ажил хэрэгч, зарчимч хандах бөгөөд... өөрийн байр суурийг бусдад тулгах, сүрдүүлэх, чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, бусдыг үл тоомсорлох... гэх мэт аливаа зохисгүй уйлдэл гаргахгүй байх, 2.4.1-т... Иргэдийн итгэлд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байж, зан харилцаа, ёс суртахууны хувьд өндөр төлөвшилтэй байх, 2.4.2-т Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудалд нухацтай хандаж, өөртөө өндөр шаардлага тавьж, эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх... гэсэн ёс зүйн хэм хэмжээг баримтлалгүй ямар нэгэн үндэслэл хэлэлгүй хураан авсан хууль бус үйлдэл гаргасны дараа иргэн хүн бичиг баримтаа авах зорилгоор хувцаснаас нь татсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн үндсэн (цохисон, зодсон, биед нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр халдсан) шинжийг хангаагүй юм. Дүрс бичлэгт: ...иргэн хүн:.. чи миний жолооны үнэмлэхийг ямар зөрчил гаргасан гэж хурааж авч байгаа юм, зөрчил байгаа бол арга хэмжээгээ аваад торгочих гэхэд цагдаагийн албан хаагч нь: арга хэмжээгээ авахуул за юу, ойлгосон уу, за юу за юу.... би чамайг юун дээр торгох юм, чи зөрчилгүй байхад би юун дээр торгох юм аан ... гэх мэт замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй иргэнтэй зүй бус харьцаж үндэслэлгүйгээр иргэний бичиг баримтыг хураан авсан хууль бус үйлдэлтэй холбоотой бичиг баримтаа авах гэсэн иргэний үйлдэл юм. Иймд анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4. Прокурор О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн цагаатгах тогтоолд прокурорын эсэргүүцэл бичсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж Г.Н-т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоолын үндэслэл нь Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн 1 дэх заалтад цагдаагийн албан хаагч М.Д нь Г.Н-ын жолооны үнэмлэхийг хураан авч, маргааш өглөө гэх хүнтэй уулзаарай гэж хэлээд М.Д-ийн хувцасны гадна талаас татаж урсан нөхцөл байдал нь хохирогч М.Д-ийн мэдүүлэг, гэрч М камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, криминалистикийн ахлах шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүхийн цагаатгах тогтоолд үндэслэл болгож тайлбарлаж бичсэн байгаа. Цагдаагийн албан хаагч М.Д нь Цагдаагийн албаны тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр бичиг баримтыг хураан авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. М.Д тухайн өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу үүрэгт гүйцэтгэж байсан. Г.Н-ыг гэрлээ асаагаагүй явж байхаар нь яасан юм бол гээд зогсоож байна гэдэг нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр, ямар үндэслэлээр зогсоож байгаагаа хэлсэн байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 25.1 дугаар зүйлийн 25.1.9 дэх хэсэгт заасан Г.Н-ын бичиг баримтыг шалгаж хууль ёсны шаардлага тавьж байх явцад Г.Н нь Цагдаагийн албан хаагч руу чи намайг хардаад байна уу? гэж ёс бус хэллэгээр доромжилж эхэлсэн. Улмаар цагдаагийн албан хаагч М.Д нь Г.Н-ын бичиг баримтыг хураан авч, намайг доромжилж байгаа болохоор бичиг баримтыг хураан авч байна, маргааш Цагдаагийн газар ирж бичиг баримтаа аваарай гэж хэлсэн болох нь камерын бичлэгт авагдсан бичлэгээр тогтоогдож байгаа. М.Д-г Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр хууль ёсны шаардлага зөв тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад, ямар үндэслэлээр бичиг баримтыг хураан авсан, хууль ёсны шаардлага тавиагүй байна гэх цагаатгах тогтоол нь үндэслэлгүй тайлбарлаж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Г.Н нь цагдаагийн албан хаагч М.Д-ийн биед халдсан идэвхтэй үйлдэл байхгүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Цагаатгах тогтоолд тайлбарлаж байгаагаар Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тайлбарт хүч хэрэглэх гэж бие махбодын хүчирхийлэлд үйлдэхэд чиглэсэн идэвхтэй үйлдэл байна гэж заасныг ишлэл болгож цагдаагийн албан хаагчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулахад чиглэсэн идэвхтэй үйлдэл байхгүй байна гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хууль сахиулагчийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Гэтэл албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдгийг зөвхөн бие махбодод нь халдсан ноцтой үйлдэл байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэг нь гүйцэтгэж буй албан үүрэг ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдах хүчирхийллийн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно гэж хуульд заасан. Хууль сахиулагчийн эрүүл мэндэд халдах, хувцсыг нь урах, тусгай  хэрэгслийг булаах, устгах, хорт бодис араатан амьтан хэрэг хариуцах чадваргүй хүн ашиглах зэрэг хууль сахиулагч руу шууд чиглэсэн аливаа үйлдлээр илэрч болох бөгөөд тухайн тохиолдолд биед нь халдаж, хувцаснаас нь татаж хүч хэрэглэж эсэргүүцсэнээс хууль сахиулагчийн хувцас урагдсан байгаа нь криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Цагдаагийн албан хаагчийн хувцсыг урж байгаа идэвхтэй үйлдлийн улмаас М.Д-ийн дүрэмт хувцас урагдсан нөхцөл байдал нь криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож буй чанарыг хөрвүүлж, шинэ урагдсан ба уг гэмтлүүд нь татаж чангаах үйлдлээр гэмтэл үүссэн байна гэж дүгнэлт гарсан. Г.Н нь чи хувцсаа тайлчих хоёулаа ийшлэх үү одоо тайлчих, одоо суучих пизда минь, ийшээ суучих гэж хувцаснаас нь чангааж байгаа үйлдэл нь шалтгаант холбоотой байна. Гэтэл цагаатгах тогтоолд Г.Н нь цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэсэн шинж байхгүй гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэхэд саад болохгүй гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон гэж зааж өгсөн бөгөөд биед халдахгүй шинжтэй байхад энэ хэргийн тухайд хувцаснаас татаж хоёулаа үзье гэж хувцсанд нь гэмтэл учирч байгаа нь идэвхтэй үйлдэл байна гэж үзэж байна. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн тухайд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж хуульчилж өгсөн боловч шүүхийн цагаатгах тогтоолд Г.Н нь цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж байгаа нь тогтоогдож байгаа боловч М.Д-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд түүний амь насанд хохирол учруулах болохуйц үйлдэл хийсэн байна гэж үзэхгүй байна гэж тайлбарласан нь энэ гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна гэх мэтээр хуулийг буруу тайлбарлаж байна. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд Г.Н нь хохирогч М.Д-ийн албаны дүрэмт хувцсыг урсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч албаны дүрэмт хувцас ураад байгаа үйлдлийг Зөрчлийн тухай  хууль юм уу?, Эрүүгийн хуульд зааснаар тайлбарлаагүй орхигдуулсан нөхцөл байдал харагдаж байна. Эцэст нь хэлэхэд Завхан аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор албаны дүрэмт хувцасны баруун сугыг урсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байгаа. Нэг шүүхийн шүүгч нар нь 2 адил хэргийг 2 өөрөөр тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим зөрчигдсөн  гэж үзэж байгаа бөгөөд хууль бүх хүнд эрх тэгш үйлчилдэг байх нь зүйтэй гэж үзэж байна. Нэг хэргийг нь гэм буруутайд тооцож, нөгөөг нь цагаатгаж байгаа нөхцөл байдал нь цаашид хууль хэрэглээнд практик тогтооход төвөгтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. 

5. Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр өдөр эмнэлгийн ажилтай явж байгаад машины цонх цантаад, цагдаагийн наад талд очоод машиныхаа цонхны цанг арилгаад, эмнэлэг рүү явах яаралтай ажилтай байсан. Намайг цагдаа дохиж зогсоогоод, амрыг эрье, бичиг баримтаа шалгуулна уу?, гэхэд нь би бичиг баримтаа үзүүлж ямар ч зөрчил гараагүй шууд бүрэн шалгуулсан. Муудалцах зүйл нь юунаас болсон гэхээр би М.Д-д бичиг баримтаа гаргаж өгчхөөд, үнэмлэхээ гаргаад өг гэхээр нь миний жолооны үнэмлэх машины урд талын хавтсанд доогуур орсон байсан болохоор, тухайн үед яарч явсан болохоор, залуу хүний томоогүй зангаар муухай ааш гаргаснаа бол хүлээн зөвшөөрч байна. М.Д-д регистрийн дугаараа хэлээд, бичиг баримтаа гэж хэлэнгүүт нь, би бичигт баримт байдаггүй ээ, наад барьж байгаа багажаар чинь шалгачихдаг биз дээ гэж хэлсэн. М.Д чиний бичиг баримт чинь мөн ч юм уу?, биш ч юм уу? гэж хэлсэн. Миний уур хүрээд, намайг архи уусан гэж хардаад байгаа юм уу? гээд наргиан байдлаар хэлсэн. Ингэж хэлсэн чинь М.Д бид хоёрын дунд маргаан үүссэн. Би тухайн үед хараалын үг хэлснээ хүлээн зөвшөөрч  байна. Нэлээн хэрүүл болоод чи наад бичиг баримтаа авбал ав аа гээд хэлсэн чинь М.Д намайг машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Би тухайн үед уурласан байсан учраас намайг зөрчил гаргасан бол торгоод явуулчих аа би жоохон яараад байна гэж хэлсэн. М.Д би чамайг торгох үндэслэл байхгүй байна. Чамайг би яах гэж торгох юм гэсэн. Тухайн үед хэрвээ чи намайг согтуу гэж хардаад байгаа бол цагдаа дээр очиж багажаар үлээе, чи машин барьчих гэсэн тийм л зүйл болсон. Миний тухайд М.Д-г харааж муухайгаар хэлснээ бол хүлээн зөвшөөрч байгаа гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс тухайн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдал прокурорын эсэргүүцэлд байхгүй зүйл яригдаж байна. Хавтаст хэрэгт холбоогүй, өөр шүүгдэгчид холбоотой хэргийг холбогдуулж ярьж байна. Тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаарч хэрэг шийдвэрлэгдэх ёстой. Үүнтэй адилхан гэдэг байдлаар үзэх боломжгүй. Хоёр өөр шүүгчийн шийдсэн асуудал. Прокурорын эсэргүүцэлд байгаагүй өнцгөөс тайлбарлаж байна. Хоёрдугаарт, үндсэн эсэргүүцлийн агуулга дээр цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагад албан үүрэгтэй нь холбогдуулж гэсэн 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байгаа. Манай зүгээс нэгэнт холбогдуулсан шаардлага байсан уу?, үгүй юу?, мөн албан үүрэгтэй нь холбогдолтой байна уу?, үгүй юу?, гэдэг асуудал яригдсан. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ... Зөрчлийн тухай хуулиар бүрэн шийдвэрлэх боломжтой байна. Эрүүгийн гэмт хэрэг байхгүй тул тухайн хувцсыг татсан ганцхан үйлдэл байгаа. Энэ хүч хэрэглэсэн асуудал байна уу?, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байна уу? гэдгийг анхан шатны шүүх шийдсэн. Цагдаагийн албан хаагчийн хувцсыг нь татаад оёдлоороо урагдсан бол эрүүгийн хэрэг үүсгээд гэмт хэрэг гээд яваад байвал, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж байгаа асуудал үүснэ. Тэгэхээр идэвхтэй үйлдэл байх ёстой, энэ хүн өөрөө цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндэд нь хохирол учруулахаар заналхийлэх гэсэн нөхцөлөөр идэвхтэй үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй. Г.Н-ын үйлдэл нь өөрөө, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хувийн бичиг баримтаа цагдаагийн албан хаагчаас авах гээд байгаа үйлдэл юм. Би зөрчил гаргаагүй байна, зөрчил гаргасан бол торгуулъя, яараад явж байна, бичиг баримтаа авъя гэсэн л асуудал. Цаашаа бичиг баримтыг нь аваад явангуут нь ардаас нь бичиг баримтаа авахын тулд маргаад хувцаснаас нь татсан байгаа. Энэ хүнийг зодъё гэдэг байдлаар асуудал гаргаагүй. Бичиг баримтыг нь яагаад авч явсан бэ?, гэдэг асуудал яригдсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийнх нь тээврийн хэрэгсэл, паспорт нь тухайн хүний өмч байгаа. Ямар үед хүний бичиг баримтыг хураах ёстой вэ?, энэ талаар камерын бичлэгээр хангалтай нотлогдож байгаа. Би чамайг ямар үндэслэлээр торгох вэ?, зөрчил гаргаагүй байхад торгох боломжгүй гэж хэлсэн  байгаа. Зөрчил гаргаагүй байгаа хүний бичиг баримтыг яагаад хурааж авдаг нь сонин байна. Хууль ёсны шаардлага мөн юм уу?, албан үүрэгтэй нь холбогдуулж анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Прокурор буруу байдлаар эсэргүүцлээ тайлбарлаж байна. Яагаад бичиг баримтыг хурааж авсан нь тодорхойгүй байгаа. Ямар үед бичиг баримт авах талаар хуульд заасан. Хууль ёсны албан үүрэг байна уу? гэдгийг шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан жолооч нартай найрсаг харьцах ёстой гэж заасан байдаг. Энэ хүн зөрчил гаргасан тохиолдол байхын бол бичиг баримтыг нь хураан авч, дахин шалгуулах асуудал яригдана. Ганцхан хувцас урсан асуудлыг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Цагдаагийн албан хаагч нь албаны үүргийг эрхэмлэн дээдэлж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусадтай зөв боловсон эелдэг, хүлээцтэй тэвчээртэй, ажил хэрэгч зарчимч хандах, өөрийн байр суурийг бусдад тулгахгүй байх гэсэн хуульд заасан эрхтэй байгаа. Мөн иргэдийн итгэлд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргахгүй байж, зан харьцаа, ёс суртахууны хувьд төлөвшилтэй байх гэсэн шаардлагыг тавьж үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ дээр чи, Завхан аймгийн бүх хүмүүстэй ингэж харьцдаг юм уу?, заах гээд байгаа юм уу? гэх байдлаар Цагдаагийн албан хаагчийн харилцааны доголдолтой асуудал харагдаж байна. Өөрт нь таалагдаагүй гээд бичиг баримтыг нь хурааж авах эрх байхгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Хохирогч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр томилгоотой хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл шүүхийн шийдвэрийн замын уулзвар руу гэрэлгүй орж ирсэн. Гэрэлгүй тээврийн хэрэгсэл хүрээд ирэхээр нь зогсоосон. Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг зогсоож, таны машин зүгээр үү, яасан бэ?, гэж асуусан. Гэтэл яасан, чи намайг согтуу гэж бодоо юу?, гэж шууд над руу дайрсан. Би согтуу хүн болгоныг шалгахгүй, таны тухайд тээврийн хэрэгсэл гэрэлгүй болоод зогсоод байхаар нь таныг шалгаж байна гэж хэлсэн. Г.Н чи намайг хэл амаар доромжлоод байна уу? гэдэг байдлаар бид хоёрын хоорондын маргаан үүссэн гэв.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Н нь Завхан аймгийн ...... сумын ...... багт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг 30 минутад Завхан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Д нь батлагдсан томилгооны дагуу үүргээ гүйцэтгэж байхад нь ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа цагдаагийн албан хаагчид овог нэрээ хэлэхээс татгалзаж, маргалдаж улмаар цагдаагийн албан хаагчийг машинд суу гэж биед нь халдаж хувцсыг нь урж, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар, Үүнд:

хохирогч М.Д-ийн “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагаас шөнийн 01 цагийн хооронд Завхан аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт а/ч Б.С-ын хамт байнгын постын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 20 цаг 30 минутын үед Завхан аймгийн .... сум ..... багийн нутаг дэвсгэр жижиг тойргийн баруун талд тээврийн хэрэгслийг шалгаж байхад Шүүхийн шийдвэрийн хойд талын асфальтан замаас мөнгөлөг өнгийн ..... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэлгүй явж байснаа замдаа зогсоод 2-3 минут болоод машиныхаа гэрлээ асаагаад миний зогсож байсан газарт ирэхээр нь түүнийг дохиж зогсоосон. Уг тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр хүн байхгүй жолооч нь ганцаараа явж байсан. Би тээврийн хэрэгслийг зогсооход жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөхөөр нь хcover багажаар жолоочийн регистрийн дугаарыг өөрөөс нь асууж шалгах гэхэд наанаасаа харчих, хараад таньдаггүй юм уу гээд регистрийн дугаараа хэлсэн боловч тухайн үед регистрийн дугаар нь алдаа заагаад байсан. Тэгэхээр нь жолооны үнэмлэхийг нь аваад шалгасан. Тэгтэл жолооч гэх залуу нь намайг пизда минь гээд хараагаад эхэлсэн. Тэгэхээр нь жолоочийг машинаасаа буугаад ир гэсэн. Тэгтэл жолооч машинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжлоод хувцсаа тайлчих эсвэл машинд суучих хоёулаа ийшээ холхон гараад үзье гээд байхаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг нь хурааж аваад маргааш өглөө хошууч А гэж хүнтэй ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгтэл намайг дахин дахин хараагаад машинд суучих пизда минь эр хүн юм бол холхон очоод үзье гээд миний гадуур хувцасны баруун талаас татаад албаны гадуур хувцасны таних тэмдгийг оёдлоор нь ханзалсан. Би түүнийг тавьчих тэрний дараа учраа олъё гэхэд жолооч гэх залуу хувцсаа тайлахаар нь би жижүүр рүү станцаар холбогдоод болсон явдлын талаар танилцуулсан. Тэгтэл эргүүлийн цагдаа нар ирсэн. ...Жолооч Г.Н гэх хүн намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн жолоочид чамайг гэрлээ унтраагаад зогсоод байхаар чинь шалгалаа гэж хэлсэн. Үүнээс болж надтай маргалдаж эхэлсэн..." гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.М-ны “... 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагаас шөнийн 02 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг ахлах ахлагч Г-ийн хамт албаны ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл орой 21 цагийн үед ..... багийн нутаг дэвсгэрт төв гудамжинд үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс станцаар .... багийн нутаг дэвсгэр болох жижиг тойрог дээр яаралтай яваад очоорой гэхээр нь бид хоёр тэр дор нь жижиг тойрог дээр очсон. Очихоос өмнө жижиг тойрог дээр ямар асуудал болж байгааг мэдэж байсан. Цагдаа зохицуулагч, ахлагч М.Д станцаар зогсоосон жолооч шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжлоод хувцас урсан гэж танилцуулж байсан. Бид хоёр очиход ахлагч М.Д ..... өнгийн .... маркийн машины урд зогссон байдалтай харин түүнтэй маргалдсан гэх жолооч нь машин дотроо сууж байсан. Д-аас юу болсон талаар асуухад энэ жолооч намайг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд байна гэж хэлсэн. Тэгээд Г бид хоёр жолооч дээр нь очоод түүнээс юу болсон талаар асуухад жолооч нь би эмнэлгийн асуудалтай, эмнэлэг орох ажилтай явж байсан юмаа, тэгээд цагдаатай маргалдсан, цагдаад регистрийн дугаараа хэлсэн боловч цагдаа намайг хүний регистрийн дугаар ашиглаад байна уу гэсэн зүйл яриад түүнээс болоод бид хоёр маргалдаад би цагдааг пизда гээд янз бүрээр хэлсэн. Би пизда гэж хэлсэн нь үнэн гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь та хоёр энд маргалдаад яах вэ одоо цагдаагийн газар очно өнөөдрийн ёс журмын эргүүлтэй уулзаж асуудлыг шийдье гэхэд тэгье тэгье гээд цагдаад дээр ирцгээсэн. Би цагдаагийн газар дээр ирээд тухайн өдрийн ёс журмын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Г-т хүлээлгэж өгөөд гудамж талбайдаа үүрэг гүйцэтгэхээр явсан. ...Намайг очиход цагдаагийн дэд ахлагч М.Д-ийн гадуур өвлийн хүрмийн баруун суга хэсгээрээ урагдаж ханзарсан байсан..." гэсэн мэдүүлгээр,

Тухайн үед болсон үйл баримтыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “Цагдаа амрыг эрье. Цагдаагийн зохицуулагч ахлагч М.Д.

Жолооч: Яасан тэнд зогсохоор хардаад байна уу хэ хэхэх.

Цагдаа: Яасан.

Жолооч: Зогссон болохоор хардаад байгаа юм уу? Уусан гэж.

Цагдаа: Заавал зогсоохоор яадаг юм. Хардсныг зогсоодог юм уу?

Жолооч: Чи хардаад л зогсоож байна  ш дээ гялалзаарай би яараад байна би хүнтэй утсаар ярьсан.

Цагдаа: Чи зөв боловсон харьцаарай.

Жолооч: Чи өөрөө хар би архи уугаагүй....

Жолооч: Пизда минь битгий онгироотоорой, онигоотой пизда байна ш дээ.

Цагдаа: Пизда миздаа ч гэх шиг зөв харьцаарай айн би чамтай муухай харьцсан бол шал өөр шүү.

Жолооч: Чи шалгаж болж байна уу би яараад байна.

Цагдаа:  Чи наашаа буугаад ирээ, буугаад ирээ хөөш бууж ирээд уулздаа наашаа буугаад ир бууж ирээд уулзчих,

Жолооч: би яараад байна пизда минь би эмнэлгийн ажилтай явж байна яах гээд байгаа юм бэ гээд жолооч машинаасаа бууж ирэв.

Цагдаа: маргааш бичиг баримтаа аваарай.

Жолооч: Чи өгөөдөх пизда минь би яахаараа бичиг баримтаа хураалгадаг юм бэ чи яахаараа авдаг юм бэ пизда минь чи зөрчлөө шалгаач...

Цагдаа: Бичиг баримтаа маргааш хошууч А гэж хүнээс аваарай.

Жолооч: пизда минь алцайсан муу хар арчаагүй муу хар чи яах гээд байгаа юм бэ? Айн

Цагдаа: Яадаг юм.

Жолооч: Чи хувцсаа тайлчих хоёулаа ийшлэх үү? айн

Цагдаа: Чи харин өглөө ирээд уулз

Жолооч: Чи ийшээ суугаадах би ямар зөрчил гаргасан юм бэ? Наашаа суугаад гээд цагдаатай зууралдав

Цагдаа: Тавь

Жолооч: Ямар зөрчил гаргасан юм бэ? Ийшээ суугаадах гэж байна.

Цагдаа: тавь гэж байгаагаар эхний 5 минутын бичлэг дуусав

Хоёрдахь 20250114-205621-000001А гэсэн бичлэгийг тодруулахад

Жолооч: Хөөе би чамд ямар зөрчил гаргасан юм бэ?

Цагдаа: Чи байж бай  энийгээ тавьж бай

Жолооч: Би ямар зөрчил гаргасан юм бэ? Айн бүсээ зүүлээ, ийшээ орж ирлээ чи зогсоолоо болоо юм биш үү.

Цагдаа: Цагдаагийн албан станцаар жижүүртэй холбогдож оройн эргүүлийг нааш нь явуулаадахаач ёс журамтай энд нэг хүн хэл амаар доромжлоод хамаг хувцас ураад хаячихлаа...” гэсэн хэсгээр,          

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, Н.Н-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЗАВ0125/004 дугаартай “Шинжлэгдэж буй цагдаа хүрэмд урагдал гэмтэл үүссэн байна. Шинжлэгдэж буй цагдаа өвлийн хүрэмд шинэ урагдал үүссэн байх ба уг гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдал гэмтэл байна.” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэжээ.

  1. Эрх зүйн дүгнэлт давж заалдах гомдлын талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, цагаатгагдсан этгээд нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан, тухайн мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Прокурор эсэргүүцэлдээ: ...шүүхийн  цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

Анхан шатны шүүх нь Г.Н-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зөрчөөгүй бөгөөд, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг ...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж томьёолжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхэд хохирогч М.Д нь Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлүүдийг зөрчиж, цагаатгагдсан этгээд Г.Н-ыг Цагдаагийн албаны тухай хуульд заасан ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй, баримт бичгийг хураах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад баримт бичгийг нь хураан авч, авсан шалтгаанаа хэлээгүй нь, цагдаагийн албан хаагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан байна.

Хүч хэрэглэх гэдгийг бие махбодын хүчирхийлэл үйлдэхэд чиглэсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно гэж, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдлийг хийж эсэргүүцэхийг хэлнэ гэж Эрүүгийн хуулийн Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зохицуулсан байна. Цагаатгагдсан этгээдийн үйлдэлд цагдаагийн албан хаагчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулахад чиглэсэн биеийн хүчний идэвхтэй шинж байхгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Харин анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээдийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шалган шийдвэрлэхэд шүүхийн энэ тогтоол саад болохгүйг дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн цагаатгагдсан этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/31 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Б-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                                                     

                                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

                                                               ШҮҮГЧИД                                                    Ч.ЭНХТӨР

                                                                                                                                    Б.НАМХАЙДОРЖ