| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/07676/И |
| Дугаар | 192/ШШ2025/09786 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/09786
2025 11 24 ..../ШШ2025/09786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................, ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, .. тоот хаягт оршин суух .... О......... овогт Б....... Б............ /рд:.................../
Хариуцагч: .......... дүүрэг, .... дугаар хороо, ............., .... дугаар байр ..... тоот хаягт оршин суух, ... овогт Д..........ы Э............ /РД:.............../
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э......., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М...........
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б............ нь нөхөр Д.Б...........тэй 2018.06.14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас хүү Б.Б.......... ..........-ны өдөр төрсөн. Нөхөр Д.Б........... нь ......-ны өдөр өвчний улмаас нас барсан. Д.Б........... нь нас барахаас өмнө Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ....................... хотхон /.............../, ............. өргөн чөлөө, .... дугаар байр, .... тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцыг өмчилж байсан. Миний бие болон хүү Б.......... нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өв залгамжлагчид болох бөгөөд Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ....... хотхон /....../, ........ өргөн чөлөө, .... дугаар байр, ..... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг хуульд заасан журмын дагуу өвлөх эрхтэй гэж үзэж байна. Гэтэл талийгаачийн төрсөн дүү болох Э............ нь талийгаачийг нас барснаас хойш дээрх орон сууцанд амьдарч, зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээний түүхийг өөрчилж нэрийг шилжүүлсэн учир миний бие өвлөх эрхийн гэрчилгээгээ өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон шилжилт хөдөлгөөнийг тодруулж, нэхэмжлэгч Б.Б............ болон хүү Б.Б.......... нарыг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох мөн Д.Б...........ийн өмчлөлийн орон сууцыг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.......... овогтой Э............ нь Т........ овогт С.........г төрсөн үлдсэн ганц охин. Иргэн Б.Б............гийн нэхэмжилсэн байрны хууль ёсны ганц өмчлөгч хуулийн дагуу Т.С.............. ээжийгээ нас барсны дараа буюу 2025.09.15-нд өв нээлгэх эрх 1 жилийн дараа нээгдэж ямарч маргаангүй болох нь нотлогдож 1-р өмчлөгчөөр хууль ёсны дагуу өмчилсөн. Тухайн үед өв хөрөнгийн лавлагаагаар тухай байр нь Түдэв овогтой Д.......... ааваас нь Т.С.......... рүү шилжсэн хууль ёсны нэг өмчлөгчтэй байснаас Д.Э............ өөрийн нэр дээр болгосон. Нэхэмжлэгч Б.Б............ нь төрсөн ах Д.Б...........ийн эхнэр боловч одоогоос 2-3 жил хамтран амьдраагүй байдаг. Ах Б.Б............ явсны дараа 2024.04.28-нд нас барсан. Нэхэмжлэгч Б.Б............гийн нэхэмжлээд байгаа байрыг Д.Э............ийн аав Д.......... 2011 онд зээлээр авч өөрөө 2017 онд нас барах хүртлээ зээлээ төлж байсан. Нас барсны дараа ээж Т.С.......... үргэлжлүүлэн төлж барагдуулсан байдаг. Тухайн байр нь Т.Д.........., Т.С.......... 2-ын нэр дээр л байсан. Тиймээс тухайн иргэн Б.Б............д өв булаацалдах, хувь хүртэх ямар ч хууль зүйн заалт байхгүй. Эрх байхгүй. Ах нь 2024.04.28-нд нас барсан, түүний дараа ээж сэтгэл санаагаар унаж биеийн байдал дордож 2024.09.14-нд 5 сарын дараа нас барсан. Ээж нь нас барснаас хойш ээжийнхээ үлдсэн 80-90 сая төгрөгийн өрийг төлж барагдуулж байгаа тул эвлэрэн хэлэлцэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрхийн улсын бүртгэлийн Ү-..................... дугаар бүхий, Улаанбаатар хот, .............. дүүрэг, ... дугаар хороо, ....................... хотхон /.............../, ............. өргөн чөлөө, .... дугаар байр, .... тоот хаягт байрлах 31 м.кв орон сууцны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмгөөллийн үйлчилгээний гэрээ, итгэмжлэл,
4. Хариуцагчаас хариу тайлбар, өвлөх эрхийн гэрчилгээ, түүнд хамаарах баримтууд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б............ нь хариуцагч Д.Э............т холбогдуулан орон сууц өвлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардаж, үндэслэлийг орон сууцны өмчлөгч талийгаач нөхөр Д.Б........... байсан тул өвлөгчөөр эхнэр Б.Б............ болон хүү Б.Б.......... нарыг тогтоолгоно гэжээ.
2. Хариуцагч Д.Э............ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг эцэг Т.Д.......... өмчлөлд байсан орон сууц эх Т.С..........д өвлөгдөөд, дараа нь Д.Э............т өвлөгдсөн гэжээ.
3. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-..................... дугаар бүхий, Улаанбаатар хот, .............. дүүрэг, .. дугаар хороо, ....................... хотхон /.............../, ............. өргөн чөлөө, .... дугаар байр, .... тоот хаягт байрлах 31 м.кв орон сууц /цаашид маргаан бүхий орон сууц гэх/-ыг Д.Э............ 2025.09.15-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр Т.С..........гаас өвлөн авч, 2025.09.17-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгджээ. /хэргийн 33, 53-56 дугаар тал/
3.2. Т.С.......... 2024.09.16-ны өдөр нас барсан ба түүний охин Д.Э............ байна. /хэргийн 53-54 дүгээр тал/
3.3. Маргаан бүхий орон сууцыг Т.С.......... нь 2022.01.19-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхөр Т.Д..........аас өвлөн авч, 2022.01.19-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хэргийн 58-60 дугаар тал/
3.4. Т.Д.......... 2017.12.31-ний өдөр нас барсан ба түүний эхнэр Т.С.......... байна. /хэргийн 57 дугаар тал/
3.5. Т.Д..........аас маргаан бүхий орон сууцыг өвийн журмаар шилжүүлэхэд хүү Д.Б..........., охин Д.Э............ нар өв хүлээн авах хүсэлтийг 2022.01.19-ний өдөр гаргасан байна. /хэргийн 65 дугаар тал/
3.6. Д.Б........... 2024.05.01-ний өдөр нас барсан ба түүний эхнэр Б.Б............, хүү Б.Б.......... нар байна.
4. Талуудын тайлбар, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өвлөгч болох нь маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар заажээ.
6. Хэргийн тохиолдолд маргаан бүхий орон сууц анх Т.Д..........ы өмчлөлд байсан ба тэрээр 2017.12.31-ний өдөр нас барахад Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж зааснаар түүний 2 хүүхэд Д.Б..........., Д.Э............ нар өв хүлээн авахаас татгалзаж, орон сууцыг Т.Д..........ы эхнэр Т.С.......... өвлөн авчээ.
7. Т.С.......... 2024.09.16-ны өдөр нас барахад түүний охин Д.Э............ орон сууцыг өвлөн авсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нийцжээ.
Эх Т.С..........г нас барахаас өмнө хүү Д.Б........... нас барсан тул эхийн хөрөнгийг өвлөх асуудал яригдах боломжгүй юм.
8. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-..................... дугаар бүхий, Улаанбаатар хот, ........... дүүрэг, .... дугаар хороо, ....................... хотхон /.............../, ............. өргөн чөлөө, .... дугаар байр, .... тоот хаягт байрлах 31 м.кв орон сууцны хууль ёсны өвлөгч Д.Э............ мөн байх тул нэхэмжлэгч Б.Б............гаас хариуцагч Д.Э............т холбогдох өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
9. Хариуцагч 2025.10.28-ны өдөр нэхэмжлэгчээс 70,660,000 төгрөг гаргуулах агуулгатай бичгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн тайлбар хэмээсэн болохыг дурдав. /хэргийн 24 дүгээр тал/
10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахтай холбоотой хуулийн зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б............гаас хариуцагч Д.Э............т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-..................... дугаар бүхий, Улаанбаатар хот, .......... дүүрэг, ... дугаар хороо, ....................... хотхон /.............../, ............. өргөн чөлөө, .... дугаар байр, .... тоот хаягт байрлах 31 м.кв орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 355,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН