Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 99

 

2018 оны 05 сарын 30 өдөр                           2018/ШЦТ/99                               Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0120/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам

Улсын яллагч                                          Т.Баярмаа

Шүүгдэгч                                                Э.Ө нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доо овогт Энхбатын Өсөржаргалд холбогдох 1839002300109 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр баг, Баянбулаг багт оршин суудаг, Хэнтий аймгийн Баянмөнх сумын засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны дарга ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Доо овогт Энхбатын Ө /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхрын нойлын өрөөнөөс иргэн У.Ганганмөрөнгийн гээсэн “Самсунг Галакси Е5” маркийн гар утсыг завшиж У.Ганганмөрөнд 477.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхрын бие засах өрөөнөөс иргэн У.Ганганмөрөнгийн гээсэн “Самсунг Галакси Е5” маркын гар утсыг завшиж 477.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

Хохирогч У.Ганганмөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би 10 цаг 15 минутанд аймгийн засаг даргын тамгын газрын 1 давхрын нойлын өрөөнд бие засах гээд орсон. Нойлын өрөөнд ороод цонхны тавцан дээр самсунг галакси Е5 маркийн гар утсаа тавиад бие засаад гарахдаа гар утсаа мартаад гарсан. Би гар утсаа мартсанаа 20 минутын дараа мэдээд нойлын өрөө болон үйлчлэгч нараас асуухад гар утас хараагүй гэж байсан. Би тамгын газрын даргын өрөөнд орж нойлын өрөөнд орж байгаа иргэдийг камераар шүүж үзэхэд 2 эмэгтэй орж байсан. Нэг эмэгтэй нь Баянмөнх сумын төрийн сангийн төлөөлөгч ажилтай Ө гэдэг эмэгтэй орж байсан.....Тэр хоёр эмэгтэйг сэжиглэж байна...гэх мэдүүлэг.../хх-ийн 13-14 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт.../хх-ийн 20 тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл..../хх-ийн 7 тал/ 

Гэрч Х.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 17 тал/

Яллагдагч Э.Өын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Миний нүдэн дээр өвдөг гарсан учир нойлын өрөө лүү өглөө 10 цагийн орчимд орсон. Би нүүрээ будаад нүдэн дээр юм гарсан тул нүдээ цэвэрлэсэн. Аймгийн захиргааны эмэгтэй нойлын өрөөний цонхны тавцан дээр цагаан өнгийн Самсунг галакси Е5 маркийн гар утас байхаар нь бариад гарсан....захиргааны орон нутаг өмчийн нягтлан бодогчийн өрөөнд орж нотебүүкээ цүнхээ аваад нотебүүк байсан цүнхэн дотор самсунг галакси Е5 маркийн гар утсыг хийгээд аудитын газар дээр баримт бичгээ шалгуулаад орой 20 цагийн орчимд дууссан. Би нотебүүкний цүнхнээс баримт бичиг авах гээд орон нутгийн өмчийн газрын өрөөнд ороход 7, 8 удаа залгасан дуудлага ирсэн байсан. Би тэгэхээр нь буцаагаад цүнхэн дотор хийгээд орхисон... Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Нарантуул захын гар утас засвар дээр очоод Самсунг галакси Е 5 маркийн гар утасны мэдээлэл, цоожийг устгуулсан...” гэх мэдүүлэг...”  /хх-ийн 15, 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Хохирогч У.Ганганмөрөнд 477.700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Э.Ө нь хохирлыг бүрэн барагдуулж гомдол, саналгүй /хх-ийн 49 тал/ гэсэн байх тал шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Доо овогт Энхбатын Өыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 477.700 төгрөгийн үнэлгээтэй Самсунг галакси Е5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ